Зиг Заг, Доктор авто сүлжээ компанийн хувьд харьцангуй олон жилийн түүхтэй компани. Та уг компанийн үүсгэн байгуулагч нь уу, эсвэл?
Доктор авто сүлжээ ХХК-ийн түүх 1999 оноос эхэлдэг. Харин Зиг Заг компани маань 1998 онд суудлын бүрээсний үйлдвэрлэлээс эхэлсэн, үүсгэн байгуулагч хөрөнгө оруулагч нь Д.Зоригоо гэж хүн бий. Би тэр үед 10 дугаар ангийн сурагч байлаа. Өвөл, зуны амралт, амралтын өдрүүдэд Зиг Заг суудлын бүрээсний үйлдвэрт бүрээс суурилуулах ажил хийдэг байсан. Оюутан байхдаа суудлын бүрээс суурилуулна, дэлгүүрийн хаалгач, борлуулагч хийнэ. 2003 онд их сургуулиа бизнесийн удирдлагын менежер мэргэжлээр төгсөөд Зиг Заг ХХК-даа борлуулагч буюу худалдааны зөвлөхөөр албан ёсоор ажилд орсон. Өнөөдрийн Доктор авто сүлжээ ХХК, түүний толгой компани болох Зиг Заг ХХК-ийн түүхэн цаг хугацаа, мөч бүхэнд хамт байж, 20 дахь жилдээ ажиллаж байна.
Бид автомашин дахь амьдралыг аз жаргалтай болгох, автомашин хөлөглөгч жолооч, зорчигчдыг сэтгэл тайван, автомашиндаа аюулгүй зорчих бололцоог хангахыг зорьдог. Тиймээс эзэмшсэн мэргэжил, хуримтлуулсан туршлагаараа компанийнхаа төдийгүй автын салбарын бодлогыг тодорхойлоход оролцож, хэрэглэгчдээ баярлуулан, бизнес маань өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байдаг.
Та өөрийгөө эксперт гэж тодорхойлох уу? Эксперт гэж хэнийг хэлэх вэ?
Миний бодлоор, нэг салбартаа найм ба түүнээс дээш жил ажиллаж, тодорхой туршлага хуримтлуулж, асуудлаа мэддэг болсон хүнийг эксперт гэж хэлнэ. Мэдлэг, ур чадвар, туршлага, тууштай байдал нь эксперт буюу шинжээч, мэргэжилтэн гэж хүлээн зөвшөөрөгдөж, үзэл бодол, байр сууриа илэрхийлэх, үнэлгээ дүгнэлт өгөх хэмжээнд хүргэнэ.
Тэгвэл эксперт, инфлүүнсер хоёрын гол ялгааг та юу гэж боддог вэ?
Эксперт буюу шинжээч нь хамтран ажиллаж байгаа багаа ухаалаг шийдвэр гаргахад тусалж, оновчтой стратеги боловсруулдаг. Тэд бол сургагч, хурдасгагч, сэтгэгчид юм. Инфлүүнсер буюу нөлөөлөгч нь олон нийтийг өөртөө татах, дагуулах, нөлөөлөх ур чадвартай хүмүүс байдаг. Тэднийг олон нийт анхаарч сонсдог, дагадаг тул бизнесийн салбарын хувьд зорилтот хэрэглэгчдэд аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай мэдээллийг шуурхай хүргэж чаддаг.
Нэг салбараар дагнаж, нэг байгууллага удирдах нь танд хангалттай юу?
Зөвхөн нэг хүний, нэг аж ахуйн нэгжийн шийдэж чадах асуудал гэж байна. 100 компани нийлж, салбараа хөгжүүлж чадна. Тэр компаниуд нийлээд ч шийдэж чадахгүй асуудал гэж бас байна. Энэ ч үүднээс бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ажиллаж, асуудалд зөв үнэлгээ дүгнэлт өгч, оновчтой шийдэл гаргахад оролцох нь зүйтэй юм байна гэж бодох болсон. Аль болох олон залуу хүн, гэр бүлд туслахыг хүсэж байна.
Залуучуудад туслах гэдгийг тэдний тархийг цэнэглэхэд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй гэж ойлголоо. Таны зөвлөгөө, тусламжтайгаар амжилтад хүрсэн бодит жишээнээс хуваалцаач?
Жил болгон ЕБС-иудад хувь хүний хөгжил, мэргэжил сонголтын тухай харин их дээд сургуулийн оюутан дүү нартаа ажлын байранд шаардагдах ур чадвар, үнэ цэнийн зэрэг сэдвээр илтгэл тавьж, ярилцлага хийдэг. Менежмент, борлуулалт маркетингийн чиглэлээр туршлагаа хуваалцдаг “Management club: Бизнес хүрээлэн” фэйсбүүк групптэй. Энэ группийн гишүүд хувиараа бизнес эрхлэгч, гарааны бизнес эрхлэгчид маань бас их ханддаг.
Энэ бүхнийг яаж амжуулж байна? Таны дадал хэвшил, амьдралын хэмнэл?
Манай залуучууд, миний үеийнхэн бусадтай танилцаж харилцахдаа харьцангүй нээлттэй ч зөвлөгөө, тус дэм авсан ажил нь хэр үр дүнтэй байсан аа илэрхийлэхдээ дутмаг санагдсан.
Ажлын гараагаа эхэлснээс хойш 20 гаруй жилийн хугацаанд хувь хүний хувьд ч тэр, бизнесийн талбар ч тэр гаргасан таны онцлох амжилт гэвэл?
Би хувьдаа албан тушаал карьерын өсөлт, санхүү, эдийн засгийн үр дүнг амжилт гэж тодорхойлмооргүй байна. Гол нь компанийхаа амжилт, уналт, сорилт бүрт хамт байж, өөрийн хариуцсан ажлыг гүйцэтгэл өндөр, цаг хугацаанд нь хийх, менежментийн шийдвэр гаргалтад оролцож ирлээ. Гурван оёдлын машинтай эхэлсэн автомашины суудлын бүрээсний оёдлын цехээс жолооч бүхэн харьцангуй сайн мэддэг, үйлчилгээ болон бараа бүтээгдэхүүнд нь сэтгэл дүүрэн үйлчлүүлэгчтэй бизнес болон өргөжин тэлж байгаад баяртай байдаг.
Цаашид юунд зорьж тэмүүлж байна?
Ойрын хугацаанд үндсэн ажлын хувьд 2024 он гэхэд Доктор авто сүлжээний салбаруудыг аймаг бүрд байгуулж хувьцаат компани болох төлөвлөгөөтэй. Монголын авто үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүний хувиар, ТББ-ынхаа үйл ажиллагааг сайжруулах, автын салбарын аж ахуйн нэгжүүдтэй хамтран мэдээллийн нэгдсэн бааз үүсгэх, жолооч нарт хэрэгтэй шар ном болон аппликэйшн хийх, авто экспо зохион байгуулах зорилго байна.
Хувь хүнийхээ хувьд мэдлэг, боловсролоо дээшлүүлэхээр докторантурт сурч байна. Ажил, амьдралын гараагаа эхлэхээр шамдаж буй сурагч дүү нартаа, залуусдаа мэргэжлээ зөв сонгоход туслах, хувиараа бизнес эрхлэгчиддээ менежмент, борлуулалтад нь хувийн туршлагаа хуваалцаж дэмжиж туслан, хөрөнгө оруулна.
Танд гурван хэрэглэгч байна гэж харлаа. Нэгд, Доктор авто сүлжээ ХХК-ийг зорин ирж буй автомашинтай хэрэглэгч хоёрд, танаас зөвлөгөө, дэмжлэг авдаг залуучууд, гуравд автын салбар, олон нийт. Энэ гурван хэрэглэгчдээ хандаж юу хэлэх вэ?
Зөвлөгөө өгдөг, харилцан туршлага, мэдээлэл солилцдог залуучууддаа хандахад, тууштай, зоримог, сэтгэл зүрхтэй байгаарай.
Доктор авто сүлжээний үйлчлүүлэгчдэдээ хандаж хэлэхэд, бид танд өөриймсөг сэтгэлээр амласанаа төгс хийж өгөхийн төлөө хичээж ажиллана. Харин жолооч та өөрөө автомашины талаарх мэдлэг, мэдээллээ сайжруулаарай гэдэг хүсэлт байна.
Харин олон нийтдээ хандаж бидэнд дор бүрнээ хийх хангалттай ажил бий, өмнөх ажлаа л сайн төвлөрч хийвэл бүх хүн, бүх салбар хөгжинө гэж бодож явдгаа хуваалцъя.
Бизнес, менежментийн чиглэлээр компанидаа оруулсан таны гол өөрчлөлт юу байв?
Зиг Заг, Доктор авто сүлжээ компанийн өнгөрсөн цаг хугацааг гурван үед хуваан харж болно. 1998-2011 он оршин тогнох үе, 2012-2019 он өөрчлөлт шинэчлэлтийн үе 2020 оноос хойш тэлэлтийн он жилүүд байлаа. Ямар ч бизнесийн байгууллага эхэн үедээ санхүү, хөрөнгө оруулалт, хүний нөөц, борлуулалт маркетинг, мэдээллийн технологи гэсэн үндсэн чиг үүргийн талбарт олон сорилттой тулгардаг. Бид энэ үеээ ажилтан, удирдлага хоорондын нээлттэй харилцаа, зөв засаглал, нэгдмэл зорилгоор даван туулсан.
Бид өнөөдөр Улаанбаатар хот, орон нутагт 9 салбартай. Жилдээ 550,000 гаруй жолоочид үйлчилж, дэлхийн шилдэг 100 гаруй брэндийн 4,000 давсан бараа бүтээгдэхүүн хэрэглэгчддээ санал болгож байна. Түүнээс гадна хөдөлгүүр, кроп, цахилгаан электроник, тоормос зэрэг автын төрөлжсөн үйлчилгээ үзүүлж тээврийн хяналтын үзлэг буюу улсын оношилгоо хийдэг.
Франчайз салбаруудыг байгуулах бизнесийн загвар, зах зээлийн тэлэлт нь хэр оновчтой санагдаж байна. Төлөвлөсөн хугацаанд бодит үр дүнд хүрэх боломж хэр байна?
2017 оноос менежментийн томоохон өөрчлөлтүүд хийсэн. Тухайлбал, маркетингийн албаа чөлөөт буюу орон тооны бус (freelancer) системд шилжүүлснээр илүү бүтээлч, үр ашигтай хэлбэрт шилжсэн. Харин худалдааны зөвлөх, механик инженерүүдийн цалинг цагийн системд шилжүүлж, мэдлэг, ур чадвараараа шалгарсан ажилчдынхаа нэг цагийн ажлын хөлсийг 10,000-30,000 төгрөгөөр үнэлж, 7 хоног тутам олгодог болсон. Өөрөөр хэлбэл, манай багийн залуус үйлчлүүлэгчийнхээ асуудлыг шийдвэрлэхийн төлөө бүтээмжтэй сайн ажиллаж чадвал БНСУ-д ажилласантай тэнцэх хэмжээний цалин авдаг байх боломжийг бүрдүүлсэн.
Одоогоор орон нутаг дахь Доктор авто сүлжээний салбар Эрдэнэт, Дархан хот, Дорноговь аймгийн Замын-Үүд, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байгуулагдаад байна. Энэ жил орон нутагт дахин зургаан салбар шинээр нээнэ. Мөн Казакстан улсад Доктор авто сүлжээний гадаад дахь салбарыг нээнэ. Одоо тус улсад Зиг Заг суудлын бүрээсний хоёр үйлдвэр 3 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Монгол залуучууд өөрсдийн бүтээсэн брэндээ дотоод, гадаадад зах зээлд амжилттай нэвтрүүлж, франчайз бизнес болгохын төлөө ажиллаж байгаадаа урам зориг дүүрэн байдаг.
Аймгуудаас бидэнд маш олон санал ирсэн. Хамгийн гол нь Доктор гэх энэ брэнд, франчайз эрхээ эзэмшүүлэхдээ бид хэнтэй хамтрах вэ? гэдгээ зөв сонгох асуудал. Эхний үзүүлэлт бол энэ бизнесийг хийх чин хүсэл эрмэлзэлтэй хэн бүхэнд манай үүд хаалга нээлттэй. Энэ бизнесийг багадаа 15 жил тогтвортой авч явах, автын салбарыг ойлгодог, гэр бүлээрээ хувийн бизнес хийх хүсэлтэй хувь хүн, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж байна.
Тэгвэл авто супермаркетын менежмент, хүний нөөц, маркетингийн бодлогоороо ялгарсан, Монголдоо 20 гаруй жил энэ бизнесийг эрхэлсэн туршлагатай компаниас энэ бүхнийг яаж хийх арга аргачлалыг шууд нэвтрүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэн шийдээд манай франчайз эрхийг аваад одоо маш амжилттай ажиллаж байна. Харин Замын-Үүд салбарын франчайз эзэмшигчид маань өөрсдийн тогтвортой бизнестэй. Нэмээд авто үйлчилгээний бизнес рүү орсон.
Франчайз салбар байгуулах нь хэнд ч нээлттэй гэж ярилаа. Хөрөнгө оруулалтын зардал нь нэг тэрбум орчим төгрөг. Ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийж, энэ чиглэлийн бизнес эрхлэх нь ашигтай гэж үү?
Автомашингүй өрх гэж үгүй. Ямар ч тохиолдолд ажил, гэр рүүгээ явах, үр хүүхдээ сургууль, цэцэрлэг рүү нь хүргэж өгөхөөс эхлээд автомашины хэрэгцээ маш их. Сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал маш эрчимтэй хөгжиж байна. Иргэд жилдээ нэг удаа аялдаг байсан бол 2-3 удаа аялдаг болсон. 6 дугаар сард найз нөхдөөрөө, 7 дугаар сард гэр бүлээрээ, 8 дугаар сард хүсэл сонирхлоороо нэгдсэн бүлгээрээ аялдаг байх жишээтэй. Ийнхүү дотоодын аялал жуулчлал хөгжихийн хэрээр автомашин, түүнийг дагасан худалдаа, үйлчилгээний эрэлт нэмэгдэж байна.
Нийт 360 м2 талбайтай дэлгүүр, үйлчилгээний объект шүү дээ. Үүнд, гурван машинд зэрэг үйлчлэх сервис хэсэг, 160м2 дэлгүүр, автомашины оношилгоо засвар, техник үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж, программ хангамжийн зардал, бараа, бүтээгдэхүүний дүүргэлт, боловсон хүчнийг сургах, бизнес менежментийн хөтөлбөр гээд бүгд орсон.
Үүний дараа, нэмэлт санхүүжилтээ банкны эх үүсвэрээр шийдэх боломжтой. 2-5 жилийн хугацаанд франчайз эзэмшигч анхны хөрөнгө оруулалтаа нөхнө.
Танай компанийн хувьд автын үйлчилгээ дотроо төрөлжсөн байна. Ингэж ажиллах нь тухайн салбарынхаа онцлогийг илүү мэдрэх, мэргэших, хөл дээрээ бат зогсох, эргээд харахад, бүтээсэн үнэ цэн өндөр мэт санагдаж байна. Энэ тухайд?
Үүнтэй санал нэг байна. Бидний хувьд автомашины дагалдах бараа бүтээгдэхүүн, сэлбэг эд ангийн худалдаа болон үйлчилгээ гэдэг бизнесийн цар хүрээн дотроо үйл ажиллагаа явуулж байна. Мөн жолооч, зорчигчдыг автомашины талаар мэдлэг, мэдээллээр хангахын тулд Гийнгоо радио-100.5 медиа сувагтай. Мөн Зарулем сэтгүүлээр автомашины тухай зөвлөгөө, мэдээлэл өгч байна.
Салбар хөгжинө гэдэг бол эцсийн дүндээ хэрэглэгч хөгжиж байгаа хэрэг. Зах зээлийн шударга өрсөлдөөний дүнд бүтээгдэхүүний чанар сайжирч, үнэ бууран хэрэглэгчид илүү олон боломж, сонголтууд бий болж байна.
Жишээ нь зар сурталчилгаа явуулахын хэрээр маркетингийн агентлагуудын үйл ажиллагаа эрчимжиж байна. Энэ мэтчилэн бид аливаа зүйлийг илүү олон талаас нь харж, бизнест оролцогч талууд буюу тухайн компани, тэдгээрийн өрсөлдөгчид, нийгэм, хэрэглэгч, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал.
Авто үйлчилгээ эрхлэгчид хоорондоо хэр өрсөлддөг вэ?
Шинэ, хуучин автомашины худалдаа буюу дилер, авто салон, авто угаалга, кузов засвар, тос тосолгоо, сэлбэг эд ангийн худалдаа эрхлэгч компаниудын өрсөлдөөн харьцангүй их. Авто сервис, авто аксесуарын худалдаа буюу Доктор авто сүлжээ компанитай ижил төстэй үйлчилгээ эрхэлдэг компаниудын хувьд өрсөлдөөн тийм ч их биш.
ӨРХ БОЛГОН АВТЫН САЛБАРЫН ОРОЛЦОГЧИД
Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн хувд энэ ажил, үйлчилгээг үзүүлж байх явцад ажиглагдсан салбарын асуудлууд гэвэл?
Жолооч жилд нэг удаа 22,000 төгрөг төлөөд, 40 гаруй техникийн үзүүлэлтээр автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгуулдаг. Ингэж шалгуулаад аль нэг үзүүлэлтээрээ тэнцэхгүй бол засвар, үйлчилгээ хийлгэх нь зүйтэй. Хэрэв үгүй бол холын замд тоормос, аюулгүйн бүс, ослын дэр ажиллахгүй байх зэрэг эрсдэл үүсэх магадлалтай. Тиймээс энэ бол миний өөрийн болон гэр бүлийн, зорчигчдын аюулгүй байдлын үүднээс хэрэгжүүлж буй үзлэг гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хувийн автомашинтай болох хүсэлтэй иргэдийн санхүүгийн боломжид тааруулан гаалийн татвар бага төлж импортоор оруулж ирсэн машинаа бага үнээр хурдан борлуулахын тулд насжилт өндөр, 300,000 км-ээс дээш гүйлттэй хуучин автомашин Монголд ихээр орж ирдэг. Жилд дундажаар 50,000 суудлын автомашин импортлодог. Автомашин өөрөө хуучин байх тусмаа эд ангиуд нь суларсан, солих шаардлагатай болсон байдаг. Тиймээс насжилт өндөр буюу он хуучин автомашин унаж яваа бол хугацаат үйлчилгээнүүдээ тогтмол хийлгээд үзлэг оношилгоог тухай бүрт нь хийж явах нь эрсдэлгүй.
Өнөөдөр улсын үзлэгийг төр, хувийн хэвшил зэрэг хийж байна. Цаашид мэргэжлийн үйлчилгээг мэргэжлийн байгууллага, холбоонд хариуцуулах нь зүйтэй гэж Монголын авто үйлчилгээ эрхлэгчдийн холбоо үздэг. Ингэснээр танил тал, мөнгө төгрөг өгснөөрөө тэнцүүлдэг гэх байдал арилна. Хувийн хэвшилд уг ажил, үйлчилгээг бүрэн шилжүүлснээр дуудлагын төв ажиллуулж, хэрэглэгч урьдчилан цаг авч, үзлэг оношилгоондоо орох цаашлаад албан журмын даатгалын хохирлын нөхөн олговроо аваад олон газраар сэлбэг хайж цаг хугацаа алдахгүйгээр баталгаатай газраас нэг дор чанартай, шуурхай үйлчилгээ авах боломж бүрдэнэ.
Энэ тухай болон салбарт тулгамдсан өөр асуудлаар танай холбоо төр засагт хандах, дуу хоолойгоо хүргэж байна уу?
Хувийн компаниуд улсын үзлэг хийдэг болох нь бидний нэн тэргүүний байр суурь, зорилго биш. Бидэнд шийдвэрлэх шаардлагатай хангалттай олон асуудал бий. Авто үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн мөрдөх стандарт, дүрэм, норм нормативыг амьдралд нийцүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, автын хог хаягдлыг шийдэх, хэрэглэгчдийн автомашины талаар мэдлэг мэдээллийг дээшлүүлэх нь эхний ээлжинд чухалд тооцогдоно.
Төр стандарт мөрдүүлнэ гээд хувиараа дугуй засварын үйлчилгээ үзүүлж буй Энхбаатар гэж залуугийн амьжиргааг тасалж болохгүй. Чөлөөт зах зээлийн хуулиар хэн баталгаатай, хэн шуурхай, хэн найрсагаар хэрэглэгчиддээ үйлчилж менежмент сайн байна тэр байгууллага, тэр бизнес аяндаа хөгжиж тэлнэ. Тэглээ гээд стандарт мөрдүүлэхгүй гэсэн үг биш. Гол нь бодит амьдралд нийцүүлэх хэрэгтэй. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яаманд байр сууриа илэрхийлэхэд нааштай хүлээн авч байна.
Авто замын чанар бол авто машинтай хүн бүрийн тулгамдсан асуудал. Хонхорхой, энхэл тонхол замд авто машины явах эд ангид эвдрэл, гэмтэл үүсдэг. Угтаа бол шинээр орж ирсэн, өмнө нь тухайн улсдаа явж байсан авто машиныг багадаа таван жил эдэлсний дараа доод ангиа солиулдаг бол чанарын шаардлага хангаагүй замаар хоёр жил яваад л аль нэг доод эд ангиа солиулах хэрэгтэй болдог. Энэ нь эргээд хэрэглэгчийг санхүүгийн хүндрэлд оруулж байна. Ямар ч хүн худалдаж авсан авто машинаа аль болох удаан унахыг хичээдэг. Тиймээс авто замын чанар, авто машины засвар үйлчилгээг сайжруулах зэргээр автын салбарын асуудлыг томоор харж, шийдэх асуудал олон байна.
Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллуулахад хүндрэлтэй байгаа талаараа тодруулаач?
Манай салбарт мэргэжилтэй боловсон хүчин дутмаг байна. ШУТИС-ийн Механик, тээврийн сургуульд автын инженер, дотоод шаталтын хөдөлгүүр гэсэн үндсэн хоёрхон мэргэжлээр инженер бэлдэж байна. Гэтэл зах зээлд цахилгаан систем, электроник, кузов засварын мэргэжлийн боловсон хүчиний хэрэгцээ өндөр. Их дээд сургууль төгсөн залуучууд цалин сайтай гэдэг утгаараа уул уурхайн салбарт ажиллах сонирхол их байна.
Нөгөө талаас мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах нь зүйтэй. Энэ чиглэлийн богино хугацааны сургалт зохион байгуулдаг аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах хэрэгтэй.