УИХ-ын чуулганы /2025.09.18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асуулаа.УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: Монгол Улсын төсөв монгол хүний амьдралын чанарыг сайжруулж дээшлүүлэхэд л чиглэх ёстой.Манай ЗГ хүний хөгжлийг хамгийн том мега төсөл хэмээн зарласанЕрөнхий сайд хүний хөгжлийн үндэс суурь нь өөрөө эрүүл мэнд, боловсролын асуудал гээд. Төсөвт тавигдсан зардлуудыг харахад энэ чиглэлээр хэдэн хэдэн зүйлийг тодруулах шаардлага байна. Нэгдүгээрт, ЭМДС өр төлбөрөөсөө хэзээ гарч, хэвийн хэвийн үйл ажиллагаа явуулдаг болох вэ? Өнөөдөр ЭМД-ын сангаас болоод даатгалаар хөнгөлөлттэй үйлчилгээ авах ямар ч боломжгүй, оочер дараалал үүсчихсэн, маш олон шат дамжлага дамждаг болчихсон, хувийн эмнэлгүүд бараадсан ийм л нөхцөл байдалтай байна. Энэ өр төлбөрийн асуудлыг хэзээ эцэслэн дуусгаж, эмнэлгүүд нь гадна талдаа өр төлбөргүй, даатгалын сангаасаа бүрэн санхүүждэг энэ тогтолцоо нь яг хэдэн сараас эхэлж хэрэгжих вэ? 2026 оны төсөв дээр бүрэн туссан уу?Хоёдугаарт, Орон нутагт сургуулийн хүрэлцээ Улаанбаатар шиг биш ээ гэж өчигдөр төсвийн хүрээ ярьж байхад сайд хэлсэн. Уучлаарай, тийм биш. Өнөөдөр Улаанбаатар хотын сургуулийн хүрэлцээгүй, нэг ангид 60, 70-аараа сууж байгаа нөхцөл Эрдэнэт хотод ч байна. Эрдэнэтийн хүүхдүүдийг стандартын дагуу сургуульд сургадаг болоход, суулгадаг болоход дахин 8 сургууль хэрэгтэй. Гэтэл төлөвлөсөн төсвийг нь харахаар эхэлчихсэн байгаа 2 сургуулийн санхүүжилтийг нь зогсоочихсон байх юм. Рашаант болон Говил багт байх ёстой 250 хүүхдийн 2 сургууль төсөв нь байхгүй үргэлжилж чадахгүй болсон. Шинэ юм гуйгаагүй шүү дээ, ядаж хуучин ажлаа дуусгаж өгөөч. Энэ яагаад хасагдсан юм бэ? Нэг тодорхой хариулт авмаар байна. Олон жил үргэлжилж байгаа хөрөнгө оруулалтын ажлууд, 8, 9 жил болж байгаа ажлууд, 10 жил болж байгаа ажил ч байна. Эрүүл мэндийн салбар, боловсролын салбар 2-ыг л би хүний хөгжлийн хувьд онцолж байгаагийн хувьд авч үзсэн. Энэ 2 салбар дээр үргэлжлээд байгаа, энэ олон жилийн хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа хэчнээн ажлууд байгаа вэ? Үүнийг эрэмбэлж гаргасан уу? Төсөл нь зогсчихсон хэчнээн ажил, хэчнээн компанитай холбоотой хэдэн тэрбумын асуудал байгаа юм.Мөн төрийн албан хаагчийн 36 сарын тэтгэмжийг он дамжуулна гэдэг томьёолол орж ирсэн. Хүнийх нь тоог он дамжуулах гээд байна уу авах ёстой төсөв мөнгийг нь хувааж тавих гээд байна уу?Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулав.
УИХ-ын чуулганы /2025.09.18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд үг хэллээ.УИХ-ын гишүүн ЖО.Саранчулуун:Нэгдүгээрт, нийгмийн эрүүл мэнд уг нь бол зардал хэмнэх ёстой. Ийм төрлийн үйл ажиллагаа хэдий чинээ урьдчилан сэргийлнэ төдий чинээ эмнэлэг барих зардал багасах ёстой. Эрүүл мэндийн салбарын зардлаа харахаар нийгмийн эрүүл мэндийн зардал нь маш бага мөртөө эмнэлэг барих зардал нь нэмэгдээд байгаа. Эхлээд өвдчих, ирэхээр нь бид эмчилье гэдэг буруу харсан гурвалжин мэт тогтолцоотой байж болохгүй.Өнгөрсөн жил бид ААНОАТ-ын хөнгөлөлт нэг хувь гээд ярьчхаад байгаа. Гэтэл үүнийг ААНБ болон жинхэнээсээ нийгмийн хариуцлага хийдэг төрийн бус байгууллагууд яаж авч тэр харилцаанд орох тухай асуудал нь цэгцгүй зохицуулалтгүй хэвээр байна. Төрөөс өөрсдөө хийх ёстой ажлуудынхаа заримыг нь улсын төсөвт суулгаагүй орхисноо үүнийгээ нийгмийн хариуцлага гэж нэрлээд та нар энэ дээр дэмжлэг үзүүлнэ үү гэдэг ийм юмыг нийгмийн хариуцлага гэж яриад байх юм. Манай улс нийгмийн хариуцлагын үзэл баримтлал байхгүй, ТББ-ынхаа тухай хуульдаа гар хүрээгүй, түүнийгээ сэглэсээр байгаад 20 гаруй жил болчихсон. Тэгэхээр хувийн орлогын албан татварын хөнгөлөлт гэдэг дээр жинхэнэ нийгмийн хариуцлага хийж байгаа төрийн бус байгууллагууд, жижиг төрийн бус байгууллагууд шалгуурыг нь хангахгүй, баримталж байгаа дүрэм журамд нь нийцэхгүй ийм төсвийн төсөөлөлтэй, ийм төсөв байгаад байгаа гэсэн үг. Гуравдугаарт, дахиад нэг юм хэлмээр байгаа нь яах вэ? Энэ номон дээр олон нийтийн хэлэлцүүлэг хийнэ гэдэг гарчигтай байснаа веб сайтад байршуулсан нь санал ирээгүй гэдэг ийм өгүүлбэртэй байсан. Маш сайн санаж байна. Энэ жилийн хувьд авууштай зүйл нь 8400 гаруй хүнээс санал авсан юм байна. Гэхдээ санал өгсөн хүн нь хэд байсан юм, ТББ нь хэд байсан юм, саналын чансаа гэдэг юм уу ангилал дээрээ дутагдалтай ажилласаар л байгаа. Нэгэнт боож баглачихсан төсөв дээр санал өгсөн нь яг хэр хөдөлсөн юм бол доо. Тийм учраас зун би хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ба улсын төсөв хэлэлцүүлэг хийж байж өнөөдөр зарим төсөв яригдаж байгаа гэсэн үг. Эцэст нь Энэ нэг том зузаан ном харагдаад байгаа биз. Гэтэл яг задлаад харахаар яамны үйл ажиллагааны шалгуур буюу хавсралт нэг дээр байгаа зүйл заалтууд маш товчхон байгаа. 13-хан ажил төлөвлөчхөөд түүнийг нь харахад хэцүү, бусад дэлгэрэнгүй улсын нууц гэдэг шиг харуулахгүй, мэдүүлэхгүй байгаа. Энэ дээр чинь яаж саналаа өгөх юм бэ? Үйл ажиллагааны шалгуур дээр жишээлбэл. Яаж хэмжих юм бэ? Тэгэхээр дахиад л ил тод байдал, хүртээмжтэй байдлыг шаардаж байна аа.
УИХ-ын чуулганы /2025.09.18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд үг хэллээ.УИХ-ын гишүүн П.Батчимэг:Монгол Улсын ирэх жилүүдийн макро эдийн засгийн нөхцөл байдал төсвийн бодлогын талаар энэ намрын чуулган нээгдээд 2 өдөр ярилцлаа. Намрын чуулган эхэлсэн өдрөөс эхлээд манай намын завсарлага авсан гол шалтгаан нь хөгжлийн дунд хугацааны бодлого буюу Монгол Улсын ирэх 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж батлаагүй байхад дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл. Тэр хүрээнд төсвийн орлого зарлага тэнцлийн талаар 2, 3 жилийн төлөвлөгөөг ярьж эхэлж байгаа нь зарчмын хувьд буруу гэж үзэж байгаа юм. Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн 4.1.6-д Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл энэ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хөгжлийн зорилтот хөтөлбөрт нийцүүлсэн улс, салбар хооронд болон бүс орон нутгийн уялдааг хангасан зорилго, зорилт, хүрэх үр дүн, нөөцөд суурилан боловсруулсан төсөл арга хэмжээг агуулсан улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр тоон болон чанарын шалгуур үзүүлэлт бүхий дунд хугацааны нэгдсэн төлөвлөлтийн баримт бичгийг гээд заачихсан байгаа. Би нэг юман дээр их гайхаад байгаа юм. Ирэх жилүүдийн энэ хөгжлийн бодлого чиглэл стратеги ярьж байгаа тодорхойлоогүй байж, төсөв санхүү хөрөнгө оруулалт энэ талаар урьдчилан яриад хуваарилаад сууж байгаа нь гайхал төрүүлж байна. Хэрвээ хувийн хэвшилд та бүхэн өөрсдөө ажиллаж байсан бол хэзээ ч ийм зүйл хийхгүй байх гэж би бодож байна. Иймд нэг бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуульдаа өөрчлөлт оруулах ёстой. Ингэж байж хөгжлийн төлөвлөлт энэ чиглэлгүйгээр төсвийн хүрээгээ баталж байж сурцгаах хэрэгтэй байна. Эхлээд ЗГ-ын өргөн мэдүүлсэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцсэний дараа ирэх 2026 оны төсвийн төслийг ярих байтал 2 өдөр энэ төслийг л холиод л хэлэлцээд эхэлсэн. Ийм зарчмаа зөрчөөд явж байгааг энэ байдал бол илтгэж байгаа юм. Энэ талаар Дэгийн тухай хуулиар нэгмөсөн зохицуулахгүй бол ерөөсөө болохгүй нь. Засгийн газар, Ерөнхий сайд, Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нар ирэх жилийн төсвийн төслөө боловсруулаад УИХ-д орж ирж танилцуулж байна. Гэтэл төсвийн төсөл нь тэтгэвэр нэмэх 6,% НӨАТ, буцаан олголт 2-5% гэснээс өөр онцгой зүйл харагдахгүй байна. Эдгээр нэмэгдлүүд нэг хүнд 100 мянган төгрөг ч хүрэхгүй, инфляцад идэгдээд ямар ч үр дүнгүй болох нь харагдаж байгаа юм.Үүнийгээ их том зүйл, шинэчлэлт, реформ, эхлэл гэж яриад байж болохгүй. Татварын цогц реформ, нийгмийн болон ЭМД-ын тэтгэвэр, тэтгэмжийн шинэчлэл бодлогууд хаана байгаа юм. Сүүлийн 8 жилийн хугацаанд энэ олон зүйлийг хийчих хугацаа зөндөө л байсан. Энэ хугацаанд та нарын яриад байгаа гоё,гоё үгтэй уриа лоозон мөрөөдлийн үлгэрийг Монголын ард түмэн дийлэхгүй. Эхнээсээ ядуурах нь ядуураад, бүр ядуураад өвчин зовлонд баригдаад үхдэг нь үхээд дуусаж байна. Хэзээ энэ бүхэн чинь эхлэх юм бэ сайд нар аа. УИХ-ын эрхэм гишүүд ээ хэн хариуцлага хүлээх юм бэ?
УИХ-ын чуулганы /2025.09.18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд үг хэллээ.УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Эдийн засаг, нийгмийнхээ үндсэн үзүүлэлтүүдийн бодит боломж хуулиар тусгайлан зохицуулсан. Өнөөдөр уялдаа хязгаарууддаа багтааж төсвийн хүрээний мэдэгдлээ боловсруулж орж ирсэн байна. Тиймээс энэ төсвийн хүрээний мэдэгдэлдээ тулгуурлаж төсвөө боловсруулж байгаа. Энэ талаасаа их цаг авч байна л даа. Тэгэхээр төсвийн хүрээний мэдэгдлийг хангах хүрээнд анхаармаар зүйлс бий. Гишүүд тал бүрээс нь нэлээн нухацтай ярилаа. Олон сайхан санаа өчигдөр гарсан. Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах том төслүүд, бүтээн байгуулалтын ажлуудаа бид өрнүүлж байгаа. Гадаад улс орнуудтай харилцаа хамтын ажиллагааны хүрээнд тодорхой төслүүд дээрээ хөрөнгө санхүү татаж байгаа. Зээлийнхээ ашиглалтыг бид сайжруулах ёстой. Жишээ нь, Газрын тос боловсруулах үйлдвэр 2027 оны 1 дүгээр улиралд багтааж ашиглалтад оруулахаар зорьж байгаа. 1,7 тэрбум долларын зээл ашиглалт байгаа ч одоогийн байдлаар 30 орчим хувийн ашиглалттай гэж ингэж урьдчилсан тооцоо гардаг. Тэгэхээр үлдэгдлийг нь 2026 онд ахиу ашиглах ёстой. Тэгж байж үйлдвэр төлөвлөгдсөн хугацаандаа ашиглалтад орох ёстой. Үүнийг дагаад тодорхой төсвийн тэнцлийн зөрөө буюу алдагдал гарч байгаа. Би үүнийг зөв гэж ойлгож байгаа. Энэ төсвийн алдагдал агуулга, бүтцээр гарч ирж байна гэдгийг илүү харж ирээдүйд энэ улс оронд хөгжлийг дэмжих нэмүү өртөг төсөвт төвлөрөх орлогынх нь бааз суурийг өргөтгөхөд чиглэсэн. Аль болох өртөг хямдтай эх үүсвэрүүдийг татаж дайчлах, түүнийгээ бүрэн богино хугацаанд ашиглах асуудал руугаа анхаарлаа төвлөрүүлж ажиллах ёстой. Тийм учраас би энэ талаас нь харж энэ төсвийн хүрээний мэдэгдлийг тооцоо судалгааг нь хэлэлцүүлгүүдийн түвшинд дахиж нэг анхаарч хянаж үзээд дэмжих нь зүйтэй.Хоёрдугаарт, эдийн засгийг төрөлжүүлэх, олон тулгууртай болгох тухай их ярьцгааж байгаа. Бид боловсруулах, аж үйлдвэрийнхээ хувьсгалын чиглэлийг ахиу явуулмаар байна аа. Ингэхийн тулд тооцоо судалгаануудаа нэлээд нарийсгамаар байна. Бидний барьж буй бодлого дэндүү бодлогын чиглэл дээрээ тулгуурлагдчихаад ажлын баримт бичиг талаа орхигдуулаад байна уу даа гэж бодогддог.
УИХ-ын чуулганы /2025.09.17/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд дараах асуултыг Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралаас асуулаа.1. Засгийн газрын өсөлтийн таамаглалтай холбоотойгоор 2026-2028 онд эдийн засаг 6–6.5 хувиар тогтвортой өснө гэж тооцож буй нь хэт өөдрөг төсөөлөл байж болзошгүй харагдаж байна. Уул уурхайн төслүүдийн гадаад зах зээл болон геополитикийн нөхцөл байдалтай холбоотой эрсдэлийг хангалттай олон талаас нь тооцсон эсэх.2. Түүхий эдийн үнийн савлагааны нөлөөлөлтэй холбоотойгоор төсвийн орлогын томоохон хэсгийг бүрдүүлж байна. Ийм нөхцөлд уул уурхайн бүтээгдэхүүний үнийн огцом савлагааг харгалзан үзэж, бага үнэ болон багц хэмжээний хувилбаруудыг тооцсон стресст тест хийсэн эсэх тодорхойгүй байна. Энэ талаар тодруулж өгнө үү. Хэрэв ийм тооцоо хийгдээгүй бол төсвийн орлогын төлөвлөлтийг эмзэг байдалд хүргэх эрсдэлтэй гэж харж байна.3. Зардлын бүтэц болон хязгаарлалтын асуудлын хүрээнд урсгал зардлыг ДНБ-ий 24 хувийн түвшинд хүргэсэн байгаа хэдий ч төсвийн үр ашгийг дээшлүүлэх, институц хоорондын үр дүнтэй хуваарилалтыг хангах тодорхой зохицуулалтын механизм дутмаг байгаагаар харагдаж байна. Энэ хүрээнд тандалтын задаргаа тодорхой бус байгаа тул уг асуудлаар тайлбар, тодруулга өгнө үү.4. Өрийн удирдлагын сорилттой холбогдуулан 2026 онд ДНБ-ий 50 хувь, 2027 оноос 45 хувийн түвшинд барина гэж төлөвлөсөн байна. Гэвч нуугдмал өр, төрийн өмчит компанийн баталгаа болон концессын эрсдэл зэрэг хүчин зүйлс бүрэн тусгагдаагүй байх магадлалтай харагдаж байна. Энэ талаар тодруулга өгнө үү.5. Хөрөнгө оруулалтын эрэмбэ тогтоох аргачлалын хүрээнд энэхүү төсвийн төсөлд туссан 9.6 их наяд төгрөгийн хүрээнд 1200 гаруй хөрөнгө оруулалтын саналд олон улсын жишиг шалгууруудыг хэрхэн баримталсан талаар тодруулж өгнө үү. Хэрэв өрийн тогтвортой байдлын шалгуур бүрэн хэрэглэгдэхгүй бол төсвийн хөрөнгө үр ашиггүй хуваарилагдах эрсдэл үүсэж болзошгүй байна.6. Нийгмийн халамжийн тогтолцооны хүрээнд халамжийн зардлыг ДНБ-ий 2.5 хувиас 2.2 хувь хүртэл буурна гэж тооцжээ. Гэвч бүтцийн шинэчлэл хийхгүйгээр зөвхөн хэлбэрийн түвшинд хязгаарлагдвал, бодит агуулга руу гүнзгий ороогүй тохиолдолд энэ нь түр хугацааны аргацаасан байдалд хүргэж болзошгүй байна. Энэ талаар тодруулга өгнө үү.7. Иргэдийн ил тод байдал, олон нийтийн оролцоог хангах зорилгоор олон хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэд болон хувийн хэвшлээс санал авсан гэж байгаа боловч энэ нь харьцангуй хязгаарлагдмал хүрээнд явагдсан байж болзошгүй гэсэн хардлага байна. Үүнээс гадна иргэдийн дунд шийдвэрлэх шаардлагатай олон санал, асуудлууд үлдсээр байна. Энэ талаар тодруулга өгнө үү.8. Төсвийн эрэмбэ тогтооход Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцсэн шалгуур боловсруулан хэрэглэсэн эсэх талаар тодруулж өгнө үү.