“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө
Улаанбаатар хотод мэргэжлийн хяналтын байгууллагын улсын ахлах байцаагчдын гаргасан дүгнэлтэд үндэслэн газар хөдлөлтөд тэсвэргүй 672, НМХГ-ын шийдвэрээр ашиглахыг хориглосон 385, иргэд оршин суугчдын саналын дагуу дахин төлөвлөн барилгажуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан 178 барилга бий. Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны төсөл 2014 оноос хойш хэрэгжиж байгаа ч үр дүн муутай, зарим төслүүд зогссон, иргэд хохирсон асуудлууд нийгэмд шүүмжлэл дагуулсан сэдэв болоод буй.
Гэвч эдгээр барилгыг буулгаж, шинэ бүтээн байгуулалт болгох ажил гацаад байгаа нь нэг талаараа чадамжгүй цаасны компаниудад төсөл хэрэгжүүлэх эрх олгосонтой холбоотой. Нөгөө талаараа иргэд өөр хоорондоо санал нэгдэж чаддаггүй, төрийн байгууллагуудын уялдаагүй байдал зэргээс улбаалж байна. Санхүүгийн болон ажиллах хүн хүч дутмаг, техник тоног төхөөрөмж муутай, менежмент буюу зохион байгуулалт асуудалтай, хэн нэгэн даргын танил тал нөхдөд төсөл хэрэгжүүлэх эрх олгодог. Эргээд энэ ажил нь гацаж, иргэд л хохирдог.
Амьдрах байраа хүлээж буй иргэн гадаа хоног төөрүүлэх үеэр амь эрсэдвэл энэ хариуцлагыг хэн хүлээх вэ? Өнгөрсөн 5 жилийн хугацаанд амьдрах байраа хүлээх зуураа бурхан болсон 7 хүн бий. Хотын даргын хамтаар үүнтэй холбоотой асуудлаар 100 гаруй хүнтэй уулзахад мөн олон тооны хүн нас барсан тухай ярьж байна. Амь насаа алдах шалтгаанд гэр оронгүй, шинэ байртай болох итгэл найдвараа алдсан зэрэг сэтгэл санааны дарамт нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.
Иргэд хохирч буй тохиолдлуудад төр тодорхой эрх, хэм хэмжээнийхээ хүрээнд оролцож төрийн менежментээр зохицуулах шаардлага үүсдэг. Иймд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийг НИТХ-ын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184-р тогтоолоор
Газар чөлөөлж менежмент хийх,
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барилгажуулах,
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах,
НОСК-с түр шилжүүлэн суурьших орон сууцыг шилжүүлэн авч менежмент хийх гэсэн 4 чиг үүргийн хүрээнд байгуулсан юм.
Хугацаандаа ашиглалтанд орохгүй удаж иргэдийг хохироож байгаа асуудал олон давтамжтай, удаан хугацааны турш үргэлжилж байгаа учраас үүнд хяналт тавих чиг үүрэгтэйгээр буюу товчхондоо, төрийн оролцоог нэмэгдүүлж, иргэдийг эрсдлээс сэргийлж, менежмент хийхээр бид ажиллаж байна. Эхний ээлжинд Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан байршлуудаас бид ажлаа эхлэн явуулж байна. Мөн хороо, дүүргээс болон иргэдээс ирсэн саналын дагуу судалгаа хийж, нөхцөл байдалтай танилцах, гарц шийдлийг ярилцах, зөвлөгөө мэдээллээр хангах ажлуудыг ч тасралтгүй зохион байгуулсаар байгаа. Одоогоор 6 дүүргийн 34 байршилд ашиглалтын шаардлага хангахгүй 13 багц төсөл дээр менежмент хийхээр ажиллаж байна.
Манай байгууллагын үйл ажиллагааны чиг үүргийн хүрээнд түр суурьшуулах орон сууцны тухайд манай компанийн нэр дээр 3 байршлын 386 айлын орон сууц шилжин ирсэн. Тухайн орон сууцнуудад ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны төсөлд хамрагдаж байраа чөлөөлсөн болон гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа чөлөөлсөн иргэд байршиж байна.
Түр суурьшуулах зориулалттай орон сууцанд тухайн төслийн хүрээнд төслийг хэрэгжүүлэгч компани, өмчлөгч буюу эзэмшигч, төр гэсэн 3 талт гэрээг хийсэн иргэд тодорхой хугацаанд байрлах юм. Нөгөөтэйгүүр төрийн оролцоогүйгээр иргэн болон хэрэгжүүлэгч компани хоёрын хооронд хийсэн 2 талт гэрээнд төрийн зүгээс түр суурьшуулах орон сууцаар хангах боломжгүй байдаг тул иргэд анхаарах нь зүйтэй.
Хуулийн хүрээнд энэ үйл явц хэрхэн зохицуулагддаг вэ гэхээр Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны А/126 дугаар тушаалаар “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам” батлагдсан байдаг. Энэхүү журам нь Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиудын хүрээнд хэрэгжиж буй бөгөөд хэрэгжүүлэгч газар, агентлагууд мөрдлөг болгон явдаг.
Журманд шинэчлэл оруулах тал дээр энэ жил ажлын хэсэг байгуулагдсан. Улмаар холбогдох яам, хэрэгжүүлэгч агентлагуудаас санал авч байгаа. Манай компанийн зүгээс ч тус журмын төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны зохион байгуулалт, сонгон шалгаруулалт болон орон сууцны барилгыг чөлөөлөх, буулгахтай холбоотой тодорхой заалтуудад өөрчлөлт оруулахаар саналаа өгсөн. Энэ санал Нийслэлийн Орон сууцны бодлогын газарт нэгтгэгдэж хууль санаачлагч, ажлын хэсэгт очих юм.