• logo
  • search

П.Батчимэг:

Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг хуулиар нарийвчлан зохицуулна

2025.09.08
3 мин унших
Батчимэг Пүрэв

2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй шинэ парламент хууль, эрх зүйн шинэчлэлийн “Гурван төгөлдөршил” бодлого хэрэгжүүлэхээр зорьж буй. Энэ хүрээнд хууль тогтоомжийг хүн төвтэй, тодорхой, ойлгомжтой болгож, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн зохицуулалтыг тодорхой хуулиудад тусгахаар УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд ажиллаж байна.

 

Үүний нэг нь миний ахлан ажиллаж буй замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг юм. Манай улсад шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгсэл болох цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтерийн хэрэглээ сүүлийн 5 жилд эрс нэмэгдэж, энэ хугацаанд нийт 584 осол гэмтэл бүртгэгджээ. Тухайлбал, сүүлийн 2 жилд энэ төрлийн тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтэл 4-5 дахин өссөн статистик мэдээ бий. 

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

 

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн хүрээнд цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтер тээврийн хэрэгслийн ангилал, тээврийн хэрэгслийг жолоодох насны хязгаар тодорхой биш, тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага байхгүй, цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтер жолоодон замын хөдөлгөөнд оролцогчийн үүрэг, хариуцлага зохицуулалтгүй байгаа. Мөн нийтэд цахилгаан скүүтер түрээсийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх зүйн орчин байхгүй. Эдгээр асуудлууд нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдсан асуудал болсон. 

 

Иймд төрөөс иргэнийхээ амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг хангах, хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах “хууль зүйн баталгааг” бий болгох үндсэн үүргийн хүрээнд ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу боловсрууллаа. Улмаар энэхүү хуулийн төсөл дээр иргэд, олон нийтээс саналыг УИХ-ын тамгын газрын d.parliament.mn сайтаар авч, өнгөрсөн хаврын чуулганы хугацаанд энэхүү хуулийн төслийг нэр бүхий гишүүдийн хамт УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.

 

Дээр дурдсанчлан цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтер гэх шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгсэлтэй холбоотой харилцаа манай улсын хувьд хууль, эрх зүйн зохицуулалтгүй, шинэ тутам үүссэн харилцаа. Иймд хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах судалгааны хүрээнд Их Британи, ХБНГУ, Дани, Испани, Ирланд, Эстони, Болгар, Хорват Казахстан зэрэг бусад улсын эрх зүйн зохицуулалтыг дэлгэрүүлэн судалж, зарим шинэлэг зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгасан юм.

 Ийм тээврийн хэрэгсэлтэй холбоотой бусад улсын эрх зүйн шинэлэг зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгаж, ажиллалаа.

 

Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах асуудлуудыг зохицуулахаар тусгасан.

Үүнд:

    • “Цахилгаан скүүтер”, ”Цахилгаан дугуй”, ”Хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл” гэсэн тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлж, эдгээр тээврийн хэрэгслийг жолоодох насны хязгаар, тээврийн хэрэгслийн техникийн дээд хурд, тээврийн хэрэгсэл зорчихыг зөвшөөрсөн зам;

    • Цахилгаан скүүтер, цахилгаан дугуй жолоодон замын хөдөлгөөнд оролцогч жолоочийн үүрэг, жолоочид хориглох зүйлс;

    • Цахилгаан скүүтерийн хөдөлгүүрийн хүч чадал, хамгийн дээд, доод хурд, тээврийн хэрэгслийн жин, тээврийн хэрэгслийн тоноглол зэргийг агуулсан цахилгаан скүүтерт тавих техникийн ерөнхий шаардлага;

    • ”Нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгч” (shared micromobility services)-ийн эрх, үүрэг, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой цогц  асуудлуудыг зохицуулна. 

 

Эдгээр цогц асуудлыг хуулийн хүрээнд шийдсэнээр дээр дурдсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцогч жолоочийн эрх, үүрэг, хариуцлага тодорхой болно. Мөн явган зорчигчийн эрх хангагдана. Улмаар цахилгаан скүүтерээс үүдэлтэй осол, гэмтлээс сэргийлэх, осол гэмтэл буурах нөхцөл бүрдэх юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэх юм.

сэтгүүлч

logo