Ц.Бүжидмаа:
УИХ-ын гишүүн нийгмийнхээ шаардлагыг ухамсарласан хүн байх ёстой
Vip76.mn сайт "Монгол төрийн түшээ" төслийн хүрээнд УИХ-ын гишүүн, Төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнээс сонгогдон ажиллаж байгаа түшээд ямар чадвар, шинжийг бүрдүүлсэн хүн байх тухай салбартаа олон жил ажилласан туршлагатай, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн, судлаач, эрдэмтдийн байр суурийг хүргэж байна. Энэ удаад "Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан" ТББ-ын Тэргүүн Ц.Бүжидмаатай ярилцлаа. Мөн эрхэм уншигч та ЭНД дарж одоогийн УИХ-ын гишүүдэд үнэлгээ өгөөрэй.
Доктор (Ph.D) Ц.Бүжидмаа нь төрийн захиргаа, улс төрийн салбарт судалгаа шинжилгээний ажил хийж, ялангуяа иргэдийн улс төрийн боловсрол, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны чиглэлээр олон жил ажиллаж яваа нийгмийн зүтгэлтэн, судлаач юм.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ГЭЖ ХЭН БЭ?
Нэгдүгээрт. Улсын Их Хурлын гишүүн гэдэг бол “Ард түмний элч”-“Эгэл ардын төлөөлөл”. Тиймээс нийт иргэд, нийт улс үндэстнийхээ ашиг сонирхлыг бүхнээс түрүүнд тавьдаг байх ёстой. Тэднийг хувийн эрх ашгаа бодож, хувьдаа ашиг хонжоо ол гэж иргэд сонгодоггүй.
Хоёрдугаарт. УИХ гишүүн гэдэг бол хууль тогтоож, бодлого боловсруулдаг л хүмүүс. Тэрнээс биш иргэдэд бэлэг сэлт өгдөг, тухайн тойрогт Засгийн газрын ч юм уу, орон нутгийн засаг захиргааны хийх ёстой ажлыг хийдэг хүмүүс биш.
Иргэд ойлгохдоо тойрогтоо юм хийдэг хүн гэж ойлгодог. Сүүлийн үед сонгогдсон тойрогтоо байшин сав барьдаг, эмч аваачиж иргэдийг эмнэлгийн үзлэгт оруулдаг, үсчин аваачиж, үйлчилгээ үзүүлдэг, баяраар бэлэг өгдөг, цагаан сараар ууц, гурил будаа тараадаг хүмүүс олширсон нь нууц биш.Уг нь бол улс орны хэмжээний бодлого тодорхойлдог л хүмүүс.
“Улс төрч хүн сонгогдохдоо нэг тойргийн төлөөлөл байдаг ч, сонгогдсоныхоо дараа нийт улс үндэстэнийхээ нэгдмэл эрх ашгийн төлөө ажилладаг, бүх ард түмний төлөөлөл болдог юм” гэж Америкийн нэгэн улс төр судлаач тодорхойлсон байдаг.
УИХ-ЫН ГИШҮҮН, ПАРЛАМЕНТЧ ХҮНД БАЙХ ЁСТОЙ ШИНЖҮҮД ЮУ ВЭ?
Ардчиллын зарчмаар бол хүн бүхэн сонгох, сонгогдох эрхтэй. Гэхдээ Монголчууд эрт дээр үеэс төрийн түшээддээ тодорхой шаардлага тавьж ирсэн бөгөөд нийт иргэдийн төлөөлөл болсон энэ хүмүүст нийгмээс тавигддаг тусгай шаардлага гэж байдаг. “Төрийн хар хүн” гэж тогтсон нэг ойлголт байсан даа уг нь.
ТӨРИЙН УДИРДАГЧ, ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ БАЙГАА ХҮН БОЛ НИЙГМИЙН ШААРДЛАГЫГ БҮРЭН УХАМСАРЛАСАН ХҮН БАЙХ ЁСТОЙ.
Нийгмээс тавигдаж буй шаардлага гэдэгт юуны өмнө шударга байдал, гишүүний ёс зүйн асуудал орно. Иргэд өнөөдөр хувийн бизнесээ хөгжүүлэх, хувьдаа ашиг хонжоо хайсан, улс орноо худалдачих тийм хүнийг биш тулхтай, шударга, улс орныхоо төлөө чин шударгаар ажиллах, эх оронч, жинхэнэ эгэл ардын төлөөлөл болох хүнийг хүсэж байна.
Хоёрт, Улсын Их Хурал гэдэг бол хууль тогтоох байгууллага. Энэ утгаараа хууль болон, улс орны хэмжээний хөгжлийн бодлого тодорхойлох хэмжээний мэдлэг боловсролтой, хүн байвал зүгээр. Тэрнээс биш бизнесменүүд биш шүү. Ер нь бол улс орны хөгжилд эрдэмтэд, инженерүүдийн үүрэг маш их.
Хамгийн чухал шинж бол шударга байдал. Өнөөдөр иргэдийн хамгийн их хүсэж байгаа зүйл бол шударга байдал, хамгийн бухимдуулж байгаа зүйл бол энэ шударга бус байдлаас үүдэлтэй авлига, хээл хахууль, өнөөгийн монголын нийгмийн төлөв байдал. Тухайлбал энэ саарал жагсаалт, ашиггүй том том гэрээнүүд, ажилгүйдэл, ядуурал. байгаль орчины асуудал, Энэ бүхэн чинь нийгэм юу хүсэж байгааг олж хардаггүй, улс орноо боддоггүй хувиа хичээсэн төрийн түшээдтэй л холбоотой. (тэдний ард 20,000 төгрөгөөр саналаа худалдсан сонгогчид)
Сонгогчид ч гэсэн УИХ гишүүдэд тавих шаардлагыг эрэмбэлэхэд хамгийн эхэнд шударга байдлыг л харах ёстой болохоос “тойрогтоо юм хийх” гэдэг утгаар нь харах ёсгүй юм. Асуудалд өөрийн эрх ашгаар ханддаггүй. Улс орны хөгжлийн төлөө бүхнийг хийж, бүхнээ зориулж чаддаг тийм улс төрчид парламентад хэрэгтэй байна.
УИХ-ЫН ГИШҮҮН ХҮН ЭРХ АШГАА ХЭРХЭН ЭРЭМБЛЭХ ЁСТОЙ ВЭ?
Монголчууд эрт дээр үеэсээ өөрийн эрх ашгийг эрэмбэлж ирсэн уламжлалтай. “Алд бие минь алжааваас алжаатугай. Ахуй төр минь бүү алжаатугай” гэдэг үгнээс л тодорхой байдаг. Мөн “Төр түвшин бол түмэн олон амгалан” гэх мэт олон үг бий. Өөрөөр хэлбэл нийтийн эрх ашгийг эхэнд тавих ёстой гэдэг философи Монголчуудын сэтгэлгээнд бий болоод удаж байна.
Ялангуяа социалист нийгмийн үед нийт нь нэгийн төлөө, нэг нь нийтийн төлөө гэх зэргээр хувийн эрх ашгийн өмнө нийтийн эрх ашиг байна гэж эрэмбэлээд сурчихсан.Харин ардчилсан нийгэмд шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хүний эрхийг дээдлэх, зөвшилцөх, буулт хийх, хамтын шийдвэр гаргах зэрэг зарчмууд нь УИХ- гишүүнийг эрх ашгаа хэрхэн эрэмбэлэх вэ гэдгийг тов тодорхой заагаад өгч байгаа юм.
Тиймээс нийтийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж чадах тийм л хүнийг л бид УИХ-ын гишүүнээр сонгох ёстой юм.
ТА СОНГОГЧИЙН ХУВЬД СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХДӨӨ ЯМАР ШАЛГУУРЫГ МӨРДЛӨГӨ БОЛГОДОГ ВЭ?
Иргэд сонгуульд санал өгөхөөсөө өмнө нэгдүгээрт тухайн хүнийхээ мөрийн хөтөлбөр, дэвшүүлж буй бодлого, нийгмийн сайн сайхны төлөө юу хийх, түүнийгээ хэрхэн хийх вэ гэдгийг нь сайтар судлан харах ёстой.