2020 оны сонгуулиас бүрдсэн өнөөгийн парламентын онцлог болон давуу болон сул талыг та юу гэж харж байна вэ?
Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нэг нам үнэмлэхүй олонх бүхий парламент бүрдсэн.
Өмнөх парламентуудад ч ажиглагддаг, мөн одоогийн нэг нам үнэмлэхүй олонх болсон парламентад ч тулгарч буй асуудал бол хууль батлахдаа гишүүдийн ирц, оролцоо хангалтгүй хэлэлцэн баталж байна. Олонх хэр нь ажлын хэсэг, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан зэрэг хуулийг хэлэлцэн боловсруулах шат шатандаа ирцийг хангалттай бүрдүүлэхгүй байгаа нь энэ парламентын маш сул тал.
Төрийн түшээдэд итгэх иргэдийн итгэл байж болох хамгийн доод түвшинд хүрээд байгааг олон судалгаа харуулдаг. Тэгвэл иргэдийн итгэлийг сэргээх үндсэн нөхцөлийг та юу гэж харж байна вэ?
Энийг том зургаар нь харвал Хууль тогтоох, хэрэгжилтийг хянах үүрэг бүхий УИХ өнгөрсөн гучин жилийн хугацаанд хуулийн засаглалыг бий болгож чадаагүйтэй холбоотой гэж харж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын үндсэн үүрэг бол эх орон болон иргэдийнхээ эрх ашгийн төлөө хууль баталж, хэрэгжилтийг хянах ажлаа сайн хийж чадахгүй учраас Монгол Улс болон иргэд нь хөгжин дэвжих олон боломжоо алдсан. Парламентын тогтолцоотой сүүлийн 30 жилд баталсан хуулиуд нь амьдралаас хол, үр өгөөжтэй биш байна. Иргэдийн амьдрал, нийгмийн хэв журамд эерэг өөрчлөлт авчрах ёстой ч эсрэгээрээ байгаа учраас иргэдийн сонгосон гишүүдэд итгэх итгэл алдарсан гэж болно.
УИХ-ын гишүүдэд итгэх иргэдийн итгэл суларсан хамгийн том шалтгаан бол Улс төрийн намуудтай холбоотой. Цаашлаад зөвхөн УИХ-ын гишүүдээр тогтохгүй төрийн захиргааны албан хаагчдад итгэх иргэдийн итгэл сул болсон нь улс төрийн намууд, тэдгээрийн удирдлагуудтай шууд холбоотой. Нэр дэвшүүлсэн хүн нь алдаа гаргахад хариуцлага тооцдоггүй, намаараа түүнийг хамгаалаад аваад үлддэг тогтолцооны гажуудал үүсээд удаж байна. Бид Үндсэн хуульдаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг эгүүлэн татах, огцруулах зүйл заалтыг тусгасан хэрнээ УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах, огцруулах зүйл заалт байхгүй нь өнөөгийн байдлыг улам дордуулж байна.
Монгол төрийн түшээ гэж та ямар хүнийг хэлэх вэ?
Төрийн түшээд бол зөвхөн УИХ-ын гишүүд гэж ойлгох нь өрөөсгөл гэж бодож. Төрийн түшээ гэдгээр Төрийн албаны хуулиар тогтоогдсон дээд эрх мэдлийг хэрэгжүүлж буй бүгдийг хамруулж ойлгох нь зүйтэй байх. Гэхдээ бидний ярилцлагын сэдэв УИХ-тай холбоотой болохоор яриагаа гишүүдээр хязгаарлая.
Монгол Улсын Их Хурал бол Үндсэн хуулиар тогтоосны дагуу хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянах чиг үүрэг бүхий төрийн байгууллага. Энэ чиг үүргийг нь харж ямар мэдлэг, ур чадвар, туршлагатай хүнийг сонгох вэ гэдэг чухал. Бид хэнийг, ямар үүрэгтэй хүнийг сонгоод байгаа вэ гэдэг дээр төөрөөд байна. Хэрвээ хууль батлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж харж байгаа бол тэр төрийн түшээ нь монголчуудын ярьдаг холч ухаан, хууль эрх зүй, эдийн засгийн тодорхой мэдлэг, чадвар, туршлагатай монгол улсын иргэн юм. Энэ их чухал ойлголт.
Төр эсвэл төрийн түшээ гэхээр бид эрх мэдэлтэй хүмүүс, дарга нар гээд далд ухамсартаа хүлээгээд авчихдаг сул тал байна. Гэтэл бидний сонгосон ардчилсан тогтолцоонд ард түмэн өөрсдийн төлөөллөө сонгуулиар сонгож, тэдгээр нь хууль тогтоох үндсэн эрх, үүргийг хэрэгжүүлдэг байх учиртай. Тиймээс УИХ-ын гишүүн бол ямар нэгэн эрх мэдэлтэй дарга биш, сонгогдсон ард түмний төлөөлөл гэж харах ёстой. Гэтэл уламжлалт сэтгэлгээгээрээ УИХ-ын гишүүнээ сонгогчид нь дарга гэж хардаг, сонгогдсон хүмүүс нь ч өөрсдийгөө дарга гээд ойлгочихдог.
Үүнийг өөрчлөхийн тулд УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох, иргэдийн санал, санаачилгаар эгүүлэн татах механизмыг заавал бий болгох ёстой
Та сонгогч иргэний хувьд өөрийн сонгох төрийн түшээдээ ямар шалгуур тавих вэ?
Сонгууль өгөхөд надад тулгардаг нэг бэрхшээл бий. Тэр нь одоогийн улс төрийн намууд сонголтгүй сонгууль хийхэд хүргэдэгт оршино. Сонгохыг хүсэхгүй хүмүүсийг л дахин дахин нэр дэвшүүлж, бидний сонголтыг үнэ цэнгүй болгож байна. Сүүлийн сонгуулиудаар цагаан сонголт ихсэж байгаа шалтгаан нь энэ. Тодруулбал, сонгогч бидний төрийн түшээдэд тавих шалгуурыг улс төрийн намууд огт хайхардаггүй.
Сонгогчид нэр дэвшигчдэд ямар шалгуур тавьж байгааг улс төрийн намууд, бие даан дэвшигчид сайн судлах хэрэгтэй. Төгсгөлд нь нэмж хэлэхэд, нам дагасан улс төрчид, намыг санхүүжүүлэгч бизнесменүүдээс илүү төрийн албаны мерит зарчмаар төрд зүтгэсэн мэргэшсэн албан хаагчдаасаа улс төрийн намууд сонгуульд нэр дэвшүүлэх хэрэгтэй. Тэдний дунд л холч хараатай, ноён нуруутай, мэдлэг боловсрол, ур чадвар, туршлагатай төрийн түшээ болох иргэд бий.