ЗЭС БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАГДСАНААР БҮС НУТАГ ТӨДИЙГҮЙ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ ТОМООХОН ЭРГЭЛТ БИЙ БОЛЖ, ДАГАЛДАХ САЛБАР ХӨГЖИНӨ
2025.04.28

ЗЭС БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАГДСАНААР БҮС НУТАГ ТӨДИЙГҮЙ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ ТОМООХОН ЭРГЭЛТ БИЙ БОЛЖ, ДАГАЛДАХ САЛБАР ХӨГЖИНӨ

Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймгийн Биеийн тамир спортын ордонд болж байна. Анхдугаар хуралдаанаар:

  • Хойд бүсийн хөгжил 2040
  • Бүсийн хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл хөтөлбөрүүд
  •  Бүсийн зөвлөл, эрх зүйн орчин
  • Бүсийн онцлог харьцуулалт
  • Амьдралын чанарууд тулгамдсан асуудлууд сэдвийн хүрээнд салбар хэлэлцүүлгүүдийг явууллаа.

Бүсийн хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл хөтөлбөрүүд хэлэлцүүлэгт панелистаар оролцон байр сууриа илэрхийллээ. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Хойд бүсийг “Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэржилтийн дэд төв” болгохоор төлөвлөсөн билээ. Энэ дагуу хойд бүсийг хөгжүүлэх суурь асуудал нь дэд бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтуудын үйл ажиллагааг өргөтгөх, Хөвсгөл аймгийн нисэх онгоцны буудлыг 4С буюу олон улсын зэрэглэлтэй болгох юм.

Үүний хүрээнд Ханх-Хатгал чиглэлийн 180 км автозамын ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан бөгөөд зураг төслийн ажил 40 хувьтай үргэлжилж байна. Мөн Жаргалант–Шинэ-Идэр–Мөрөн чиглэлд тавих автозамын зураг төсөл 30 хувьтай, Рашаант-Тосонцэнгэл чиглэлийн болон Бага-Илэнх - Хутаг-Өндөр чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр зураг төслийг тендер зарлах бэлтгэл ажил хийгдэж байна. Авто замууд баригдсанаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурч, зорчигч болон ачаа тээврийн эргэлт нэмэгдэх, аялал жуулчлал, орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих, иргэдийн ажлын байр, орлого нэмэгдэх, алслагдсан бүс нутгийн иргэд, жуулчид нийгмийн үйлчилгээг шуурхай авах, ая тухтай зорчих нөхцөл хангагдах зэрэг Хойд бүсийн нийгэм, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой.

Мөрөн нисэх онгоцны буудлыг 4С ангилалын болгосноор олон улсын шууд нислэг үйлдэх, хүлээн авах /Сөүл-Мөрөн, Бээжин- Мөрөн, Токио-Мөрөн/ боломж бүрдэж, нислэгийн тоо, зорчигч болон ачаа тээврийн эргэлт нэмэгдэж аялал жуулчлал хөгжихөд чухал нөлөөтэй. Энэ төслийн ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах тендер зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

  • Боомтуудын хувьд Ханх болон Бага-Илэнхийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх хүрээнд Ханх боомтын зураг төслийн ажил 2023 онд дууссан. Бага-Илэнх боомтын зураг төсөл 30 хувьтай явагдаж байна. Ханх боомтыг өргөтгөж, Хатгал-Ханхын хатуу хучилттай зам баригдсанаар жилд нэвтэрдэг 40 мянган жуулчны тоо 3 дахин нэмэгдэх тооцоолол гарсан.
  • Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн хүрээнд Хойд бүсэд Эгийн голын усан цахилгаан станц, Зэс боловсруулах цогцолбор байгуулах хоёр төсөл хэрэгжинэ. Тус мега төслүүд хэрэгжсэнээр Монгол Улс болон эдийн засагт бүс нутагт эдийн засгийн томоохон эргэлт бий болж, ажлын байр нэмэгдэх, дагалдах салбар, ЖДҮ хөгжих нөхцөл бүрдэх юм.