П.Алтангэрэл гишүүн хүүхдийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав
Тэрээр Дорнод аймгийн Хүүхдийн төлөө хэлтэс болон VIII цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, аймгийн төвийн иргэд, сонгогчидтой уулзалт хийсэн байна. Тус аймгийн Хүүхдийн төлөө хэлтэс нь хүүхдийн эрхийг хамгаалах, тэднийг хөгжүүлэх, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулан ажилладаг байгууллага юм. П.Алтангэрэл гишүүн тус хэлтсийн дэргэдэх шатрын клубийн үйл ажиллагаатай танилцсан байна. Эрхэм гишүүн шатрын спортыг хөгжүүлэхэд хүүхдийн сонирхол, хэрэгцээг хангасан “Шатрын клуб” юу юунаас илүү чухал болохыг онцлоод тус клубийг орчин үеийн стандартад нийцүүлэн тохижуулахаа амласан юм. Үүний зэрэгцээ аймгийн Хүүхдийн төлөө хэлтсийн зүгээс тус клубийн үйл ажиллагаа явуулж буй өрөөг томсгох буюу өөр өрөөнд шилжүүлэх боломжийг судлан хэрэгжүүлэхийг зөвлөсөн байна.
УИХ-ын гишүүн П.Алтангэрэл тойрогтоо ажиллах үеэрээ Дорнод аймгийн төвийн 300 орчим хүүхэд сурч хүмүүждэг улсын тэргүүний VIII дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцжээ. Тус цэцэрлэг 1986 онд ашиглалтад орсноос хойш гал тогооны тоног төхөөрөмжүүд нь шинэчлэгдээгүй бөгөөд хүүхдүүдийг амт чанартай, илчлэг хоол тэжээлээр хангахад бэрхшээлтэй байгааг цэцэрлэгийн багш, удирдлагууд танилцуулж байлаа. Гишүүн хүүхдийн сурч хүмүүжих таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч аймгийн хэмжээнд хэд хэдэн цэцэрлэг шинээр барьж байгуулахаар төсөвт тусгуулсан болон газрын асуудлыг аймгийн удирдлагуудтай ярилцаж шийдвэрлэх шатанд байгааг дуулгажээ.