Сонгууль будлиантай болсон нь бодитой зүйл. МАН-ынхан жагсаж байгаа нь зөв
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс мэдэгдэл гаргасан байна. Энэхүү мэдэгдлийн гол утга санаа нь юу вэ?
- Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн будлиантай холбоотой улс төрийн хувьд тогтворгүй нөхцөл байдал үүсээд байна. Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан шийдвэрийг МАН-ын гишүүд дэмжигчид хүлээн авах боломжгүй гэж улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа болох жагсаал цуглааныг зохион байгуулж байна. Мөн УИХ-ын байнгын үйл ажиллагаа өнгөрсөн долоо хоногт алдагдлаа. Энэхүү үйл явдал МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл анхаарлаа хандуулж, өөрийн байр сууриа илэрхийлэх зүй ёсны асуудал.
Бид ямар байдлаар байр суурь илэрхийлж байгаа бэ гэхээр сонгуулийг үйл явц нь анхнаасаа будлиантай болох нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэж байгаа.
Энэхүү будлианд хамгийн их өртсөн улс төрийн хүчин бол МАХН байсан. Сонгуульд оролцохоос эхлээд намын даргын асуудал, нэр дэвшигчдийг бүртгэхгүй, жагсаалтаас хасах гээд олон будлианы эхлэл тавигдсан. Тухайн үед бид олон удаа мэдэгдэл хийж, энэхүү будлиантай үйл ажиллагаанд шүүх хяналтын байгууллагыг татан оролцуулж байна. Иймд энэхүү үйл явдалд буссад хариуцлагатай улс төрийн хүчнүүдэд байр сууриа хандаач хэмээн удаа дараа хүссэн. Харамсалтай нь тухайн үед МАН ямар ч байр сууриа илэрхийлээгүй. Бүх зүйл хуулийн дагуу явж байгаа хэмээн ойлголтыг өгч байсан бол өнөөдөр өөрсдийнхөө байр сууриар сонгууль будлиантай болсон гэдгийг бидний тавьсан байр суурийг баталж байна. Иймд бид МАН-ын зөв, АН-ын буруу гэх байр сууринаас биш, зөвхөн шударга ёсыг тогтоох, шударга сонгууль явуулах, хууль хяналтын байгууллага шударга ажиллах ёстой гэдэг л байр сууринаас хандах ёстой гэдгийг л мэдэгдээд байна. Мөн бусад улс төрийн хүчин хамтраад шударга ёсны хамтран ажиллахыг уриаллаа.
-МАН СЕХ-ны шийдвэрийг эсэргүүцэн жагсаал цуглаан зохион байгуулж байна. Энд танай намаас ямар байр суурьтай байна вэ?
-Сонгууль будлиантай болсон нь бодитой зүйл. Үүнийг өнөөдөр МАН-ынхан илэрхийлж байгаа нь зөв. Үүнийгээ ямар үйл ажиллагаагаар илэрхийлж байна вэ гэдэг нь тэдний хэрэг. Хэрвээ биднийг байр сууриа илэрхийлж байхад байр сууриа илэрхийлсэн бол сонгуулийн будлиантай асуудал эрт шийдэгдэх байсан байх гэж бодож байна. Харамсалтай тэд үүнийг хожуу ухаарч, өнөөдөо байр сууриа илэрхийлж байна. Удахгүй Орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Иймд улс төрийн хүчнүүд хамтран шударга сонгууль явуулахад нэгдэж, нэгдсэн нэг санал нийлэх нь зүйтэй байх аа гэдэг нь эдний үйл ажиллагаа харуулж байна.
-Өвөрхангайн тойрогт АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүний тангараг өргөх шийдвэрийг СЕХ-оос гаргалаа. Улстөрч хүний хувьд үүнийг юу гэж бодож байна вэ?
-Зөв, буруу гэж хариулах боломжгүй юм. Энэ бол УИХ-ын өөрийн шийдэх ёстой асуудал байгаа. Бидний хувьд ганц тойргийн хувьд биш сонгууль бүхэлд нь шударга бус явагдсан гэж үзэж байгаа. Иймд улс төрийн хүчнүүд цаашид ийм зүйл гаргахгүйн тулд бидэнтэй хамтран ажиллах ёстой гэдэг байр суурьтай байгаа.
-Сая хэчнээн хүн гишүүнчлэлээ сэргээв?
-Өнөөдрийн хувьд Хүний эрхийн хуульч Солонго тэргүүтэй 30 орчим хүний материал ирлээ. Тэд манай эвслээс шударга ёсны төлөө явуулж байгаа үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлж байна.
-Бүгд МАН-ын гишүүд уу?
-Үгүй ээ. Ихэнх нь МАН-ын гишүүд.
-Гишүүнчлэл сэргээлэх аян эхэлснээс хойш хэчнээн хүн гишүүнчлэлээ сэргээсэн бэ?
-Манай “Шударга сонгууль-МАХН” аян хэрэгжээд хоёр сар хүрэхгүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд 4000 гаруй хүн гишүүнчлэлээ сэргээсэн.
-МАХН-аас бас зарим гишүүд МАН-руу орсон. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Энэ талаар би тодорхой зүйл мэдэхгүй байна. Тийм үйл ажиллагаа болсон эсэхийг ч мэдэхгүй байна. Харин бид энэхүү ажиллагаагаараа аль нам эвслийг дэвэргэсэн зүйл байхгүй ээ. Энэ бол хүмүүсийн эрхийн асуудал. Хүмүүс ардчилсан нийгэмд амьдарч байгаа тул сонгох эрхээ өөрөө эдэлж байгаа.
-МАХН-ын намын дарга Н.Энхбаярын биеийн байдал ямар байна вэ?
-Энэ бол эмнэлгийн байгууллагаас дүгнэх ёстой. Бидний хувьд биеийн байдал сайнгүй байгаа гэсэн ойлголттой байгаа.