МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2014.05.12

Үйлс нь өөдөө үйлдвэрчний эвлэл

Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах нь том, жижиг аж ахуй, уурхай, албан өрөө гэлтгүй бүхий байгууллагад хамгийн чухал асуудал. Гэвч үйлдвэрлэлийн осол гарчихгүй бол гэсэн хандлага манай ихэнх үйлдвэр, аж ахуйн газарт байсаар байна. Төрийн болон эзэд, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал чухал гэдгийг олон нийтэд сануулж сурталчлах “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2014”-ийг дөрөвдүгээр сарын турш зохион байгуулсан юм.

Олон улсад үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдын дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж ирсэн дөрөвдүгээр сарын 28-ыг 1999 оноос МҮЭХ тэмдэглэн тодорхой компанит ажлыг зохион байгуулдаг байсан бол 2012 оноос нийгмийн түншийн талууд хамтдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдрийг угтсан ажлыг улс орон даяар өргөн далайцтай үйл ажиллагаа зохион байгуулдаг болсон онцлогтой. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандарт, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулах, сайн туршлагыг түгээх, эрсдэл өндөртэй салбарт сургалт, сурталчилгаа хийх гээд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйгаар амьсгалсан сарын ард гараад байна.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: “Энэ арга хэмжээг зөвхөн үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас дангаараа сарын ажлыг зохион байгуулаад тодорхой ажлуудыг хийдэг сарын ажил биш, ер нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулна гэдэг энэ асуудал нь олон талын хамтын үйл ажиллагааны үр дүнд бодит ажил болдог. Хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн нөхцлийг нь сайжруулж, аюулгүй, эрүүл ажиллах нөхцлийг нь бүрдүүлэх ёстой.

Аюулгүй, эрүүл ажиллах нөхцлийг нь бүрдүүлэх ёстой.

Ажилтны хувьд заавар, зааварчилгааг дагаж мөрдөх, аюулгүй ажиллах чиглэлээр тухайн ажилтан өндөр анхаарал, сонор сэрэмжтэй ажиллах ёстой. Ер нь өөрийгөө үйлдвэрлэлийн осол, аваар, гэмтлээс сэргийлэхээс гадна хамт олноо хамгаалах, урьдчилан сэргийлэх ёстой.  Хүний амь нас, эрүүл мэнд эрсдэх магадлал өндөр болсон тохиолдолд хөдөлмөрийн тухай хууль, тогтоомжийн дагуу хөдөлмөрлөх үйл ажиллагаагаа зогсоох ёстой.

Манай төрийн байгууллагуудын зүгээс энэ чиглэлээр хяналтаа тавьж, хяналт шалгалтаа сайжруулах, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Тэгэхээр энэ ажил хөдөлмөрийн харилцаанд идэвхтэй болон идэвхтэй бус хөндлөнгийн чиглэлээр ажиллаж байгаа бүхий л байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд бодитой, үр дүнтэй хэрэгжих эсэх нь шийдэгддэг. Энэ удаагийн арга хэмжээ нь онцлог үед зохион байгуулагдлаа.

МҮЭХ-ноос энэ жилийн хоёрдугаар сараас тавдугаар сарын 15 хүртэл “ Хөгжил- Эв нэгдэл” гэдэг компанит ажлыг зохион байгуулж байгаа. Энэ компанит ажлын оргил ажил бол хөдөлмөр хамгааллын сарын ажил буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах энэ  сарын ажил байгаа юм. Энэ сарын ажилд МҮЭХ тодорхой ажлыг холбогдох байгууллагуудтай болон бие дааж зохион байгуулсан.