Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлүүдийг танилцууллаа
Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлүүдийг танилцууллааУИХ-ын 28 гишүүн шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн, улс орноо хямрал сүйрэлд хүргэсэн Н.Алтанхуягийг огцруулах УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Гэвч өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхээр товлосон ч "Шударга ёс" эвслийн бүлэг завсарлага авсан. Завсарлага авахаас өмнө Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг санаачлагч гишүүдээс танилцуулах ёстой байсан ч дээрх завсарлагыг хүлээн авснаар байнгын хорооны хуралдаан өндөрлөсөн. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, О.Содбилэг нар Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлүүдийг сэтгүүлчдэд дэлгэрэнгүй танилцууллаа.
Хоёрхон жилд ардчиллын 24 жилийн хугацаанд бий болгосон үнэт зүйлийг бүдгэрүүлэгч, эдийн засгийн их хямралыг зохиогч, ард түмний амьдралыг доройтуулагч, өр зээлийг нэмэгч, ах дүү хамаатан садныхаа сүлжээг төрд байгуулагч Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах үндэслэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Нэг. Эдийн засгийн бодит нөхцөл байдал
Шинэчлэлийн гэх Засгийн газар байгуулагдсанаас хойших хоёр жилийн хугацаанд төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоо алдагдаж, өр зээл их хэмжээгээр авч, үр ашиггүй зарцуулсны улмаас эдийн засаг бүх төвшиндөө хүндэрч, ард түмний амьдрал уруудан доройтлоо. Валютын ханшийн хямрал, төлбөрийн тэнцлийн алдагдал хэр хэмжээнээсээ хэтэрч, олон мянган аж ахуйн нэгж дампуурлаа зарлаж, ажилгүй, орлогогүй монгол хүний тоо нэмэгдэж, санхүү, эдийн засгийн хямрал улс оронд минь бодитойгоор нүүрлээд байна.
Дэлхийд гайхагдах 17,5 хувийн эдийн засгийн өсөлт буурсаар энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 6,3 хувьтай гарах таамаглалыг саяхан Дэлхийн банкнаас зарлалаа. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар эдийн засгийн өсөлтийг хоёрхон жилийн дотор 2,7 дахин унагалаа.
Эдийн засгаа ингэж унагасан шинэчлэлийн Засгийн газар 2013, 2014 онуудад Улсын Их Хурлын хяналтгүйгээр, улсын төсвийн гадуур “Үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн 3 их наяд төгрөг, “Чингис” бондын 1,5 тэрбум ам.доллар, Хөгжлийн банкны дансанд бэлэн байсан 580 сая ам.доллар, “Самурай” бондын 30 тэрбум иен буюу 290 сая ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкны 162 сая ам.доллар зэрэг 7 их наяд орчим төгрөгийг зарцуулсан. Ийм их мөнгө зарцуулчихаад улс орноо сөхрүүлж, ард түмнээ ядууруулсныг монголчуудаас гадна Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд дүгнэж байна. Энэ нь жил хагасын өмнө Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс эрх баригчдад хандан төсөв, мөнгөний бодлогоо өөрчлөх талаар өгч байсан анхааруулга сануулгыг бататгаж өгсөн билээ.
Монгол Улсын өрийн хэмжээ хоёр жилийн хугацаанд эрс нэмэгдлээ. Тухайлбал, Үндэсний аудитын газрын дүгнэлтээр Засгийн газрын өр төлбөрийн хэмжээ 2013 онд 50 хувиар буюу 5,8 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 17,7 их наяд төгрөгт хүрсэн нь ДНБ-ий 102 хувьтай тэнцлээ. Энэ нь Монгол Улс өрийн дарамтад бодитойгоор орсны илрэл юм. Өнгөрсөн онд "Чингис" бондын зөвхөн хүүгийн төлбөрт 98,9 тэрбум төгрөг төлсөн нь Монгол Улсын Засгийн газрын 1990 оноос хойш авч ашигласан хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн нэг жилийн хүүгийн төлбөрөөс 3,1 дахин их байна. Энэ жил ч үүнээс ч ихийг төлнө. Саяхан өргөн баригдсан 2015 оны төсвийн тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн зээлийн үйлчилгээний төлбөрт 708 тэрбум төгрөг төсөвлөсөн нь 2011 оны зээлийн үйлчилгээний төлбөрөөс 19 дахин их байгаа нь аюулын харанга дэлдэж эхэлсний чимээ юм. Мөнгөний чимээ ингэж өдөр бүрээр алсарч байна.
Эрх баригчдын шинэчилж өөрчлөх нэрээр өмнөхөө үгүйсгэж, буруутгасан алдаатай бодлогоос болж гадаадын шууд хөрөнгө оруулалт ч огцом буурлаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт оны эхний 8 сарын байдлаар 627,2 сая ам.доллар болсон нь 2012 оны 8 сартай харьцуулахад 5,4 дахин буурсан үзүүлэлт юм. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч "Стандарт энд Пүүрс" болон "Мүүдиз" агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг энэ оны 5 болон 7 дугаар саруудад дахин бууруулсан нь Монголын талаар гадаадын хөрөнгө оруулагчдад өгсөн бас нэгэн таагүй дохио боллоо. Монгол Улс хөрөнгө оруулагчдын зорьж тэмүүлж ирдэг газар байхаа больж, зугтаж, хаяж алга болдог аглаг буйд газар боллоо.
Эдийн засгийн хямрал банк, санхүүгийн системд сүүдрээ тусган ганхуулж байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд банкны системийн хугацаа хэтэрсэн зээл 4 дахин, чанаргүй зээл 2 дахин нэмэгдэж нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10 орчим хувьтай тэнцүү боллоо. Ийнхүү шинэчлэлийн Засгийн газар Монголын банк, санхүүгийн системийг эрсдэл, сүйрлийн ирмэг дээр авчирлаа.
Монгол Улсын 2014 оны эхний 9 сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 688,4 тэрбумаар, зарлага 1,4 их наяд төгрөгөөр, төсвийн хөрөнгө оруулалт 54 хувь буюу 872,3 тэрбум төгрөгөөр тасарсан нь Засгийн газрын хариуцлагагүй, чадамжгүй байгаагийн илэрхийлэл боллоо.
Энэ оны нэгдсэн төсвийн татварын орлого 806,1 тэрбум төгрөгөөр тасарлаа. Энэ тасралт цаашид ч үргэлжлэх хандлагатай байна. Сангийн яамны хийсэн судалгаагаар 2014 оны эхний хагас жилийн байдлаар ААНОАТ-ын тайлан ирүүлдэг нийт аж ахуйн нэгжийн 63 хувь нь “Х” болон алдагдалтай тайлан ирүүлдэг боллоо. Мөн НӨАТ-ын хувьд “Х” болон алдагдалтай тайлангийн тоо өмнөх оны мөн үеэс 47 хувиар өссөн байгаа нь эдийн засаг, бизнесийн орчин жил дараалан муудаж байгааг тод харуулж байна. Үндэсний статистикийн хорооны тайлангаар энэ оны 9 сарын байдлаар Монгол Улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 49,2 хувь буюу 54337 нь үйл ажиллагаагаа зогсоосон нь дээрхийн бас нэг нотолгоо юм.
Эдийн засгийн хямралыг хазаарлаж чадалгүй улс орныхоо бүхий л салбарт хавтгайруулсан Засгийн газарт итгэх итгэл улам алдарлаа. Улсын төсвийн орлогын дутагдлыг нөхөх зорилгоор гаргадаг Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах газаргүй болсон нь үүний нэг илрэл юм.
“Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажина” гэдэг шиг цалингаа цаг хугацаандаа тавьж чадахаа байж байгаа Засгийн газар 2014 оны 09 дүгээр сарын 18-ны 293 дугаар тогтоолоор Хөгжлийн банкинд өөрийн татан төвлөрүүлсэн чөлөөт үзэгдлээр Засгийн газрын үнэт цаасыг худалдаж авах зөвшөөрөл олгожээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар Хөгжлийн банк саяхан 700 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаас худалдан авахад зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны дансанд байсан өр зээлийн мөнгөөр цалин тэтгэврээ тавьсан болж таарах гээд байна.
Засгийн газрын алдаатай бодлогын уршгаар валютын ханш 40 орчим хувиар өсөж, монгол төгрөгийн ханш эрс суларч, улмаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 30-80 хувиар өссөнөөр ард түмний худалдан авах чадвар эрс муудлаа.
Эдгээр тоон үзүүлэлт, Үндэсний статистикийн хорооны мэдээлэл, олон улсын байгууллагуудын дүгнэлт, ард түмний санаа бодол зэрэг нь эдийн засгаа унагаж, эх орноо өр зээлд живүүлсэн Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах хангалттай үндэслэл болно.
Өнөөдөр Улсын нэгдсэн төсөв, “Үнийг тогтворжуулах” хөтөлбөр, “Чингис” бонд, “Самурай” бонд, Монгол Улсын Хөгжлийн банкны гэсэн 5 төсөвтэй болж ард түмний хөрөнгө хяналтгүй, үр ашиггүй зарцуулагдаж байна. Улс орны санхүү, өр зээл, төсөв мөнгөний бодлогыг хуулиар хариуцах учиртай Улсын Их Хурал энэхүү үүргээ биелүүлж чадахгүй болоод удлаа. Үндсэн хуулиар олгогдсон Улсын Их Хурлын энэ онцгой эрхийг хэвээр хадгалж, Засгийн газарт хяналт тавьж ажиллахын төлөө Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг шийдвэртэй тэмцэж байгаа ч олонхийн бүлэг болоод “Шударга ёс” эвслийн уягдсан эрх ашиг, барьцаалагдсан байдал нь саад тотгор болж байна.
Монгол Улсын Засгийн газар хоёр жил дараалан Улсын нэгдсэн төсвийг тооцоо судалгаатай, бодит үндэслэлтэй боловсруулж чадахгүй, төсвийн орлого бүрдүүлэх үүргээ биелүүлэх чадваргүй боллоо. Хоёр жил дараалан төсвийн орлого, зарлага 1 их наяд гаруй төгрөгөөр тасарч байгаа нь үүний нотолгоо юм. Тухайлбал, 2013 оны төсвийн хуулиар төсвийн ерөнхийлөн захирагчдын үндсэн чиг үүрэгт хамаарах 101 хөтөлбөрийн 304 арга хэмжээнээс 110 нь огт хэрэгжээгүй буюу дутуу хэрэгжсэн байна. Энэ нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.12, 11.1.13, 11.1.15, Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.5 дахь хэсэгт заасан төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн бодлого чиглэлээ энэ Засгийн газар хэрэгжүүлж чадахгүй байна.
Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийг батлахдаа Монгол Улсын Ерөнхий сайдын багцын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад “Шинэчлэлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ” нэрээр 50 тэрбум төгрөгийг ямар ч, нарийвчилсан хуваарьгүйгээр Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4 дэх хэсгийг зөрчиж, задаргаагүйгээр тусгаж батлуулсан. Энэхүү хөрөнгийн зарцуулалтыг дагасан гэмт хэргийн шинжтэй олон асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдах болсон нь ямар зорилгоор хууль зөрчиж батлуулсан нь тодорхой харагдаж байна.
Эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулах зорилгоор Улсын Их Хурлаас 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр “Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дүгээр тогтоолыг баталсан. Засгийн газар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд "Эзэн-100" хөтөлбөрийг боловсруулан 71 төрлийн ажлыг хийж хэрэгжүүлэхээр болсон.
Харамсалтай нь Засгийн газар хүлээсэн дээрх үүргийн 62,6 хувь буюу 38-ыг огт хэрэгжүүлээгүй, 18 ажлыг хагас дутуу, 16 ажлыг дөнгөж эхлүүлээд орхисон. Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засгийг 100 хоногт сэргээж, эрчимжүүлэх биш уруудуулж, доройтуулсны үр дүнд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 20-60 хувиар өссөн. Монголын түүхэнд ам.долларын ханш анх удаа 1906 төгрөгт хүрч, 2706 аж ахуйн нэгж дампуурлаа зарласан.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Улсын Их Хурлаас өгсөн эдийн засгийг сэргээх энэхүү үүргийг биелүүлэх чадамжгүй болох нь түүний чуулганы нэгдсэн хуралдаан дээр тавьсан 100 хоногт мал сүргийг 60 саяд хүргэж, монгол хүнийг гурван саяд хүргэх бэлтгэлийг хангасан зэрэг өөрт нь үл хамаарах, эрүүл бус ажлын тайлангаас нь харагдаж байна. Энэхүү тайлан нь монголчуудын олон үеийнхний хичээл зүтгэлийг үгүйсгэсэн доромжлолын шинжтэй болсон гэж олон түмэн шүүмжлэн хэлэлцэж байна.
Улсын Их Хурлаас өгсөн үүргийн дагуу Засгийн газар 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр чиг үүрэг нь ойролцоо, харилцан уялдаа бүхий үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа төсөвт байгууллагуудыг нэгтгэн зохион байгуулах, бүх шатны Засаг даргын орлогч, төсөвт байгууллагын дэд дарга, яам, агентлагийн газрын орлогч дарга, даргын туслах, төсвөөс цалинждаг зөвлөх зэрэг орон тоог цөөлөх, цомхотгох, төрийн албаны гэрээт ажилтны орон тоог 50 хувиар бууруулах гэх мэт олон зорилтыг дэвшүүлсэн "Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолын төслийг баталсан ч огт хэрэгжүүлсэнгүй. Харин ч дарга нарын тансаг хэрэглээ, амралт зугаалга нь ихэсч, бүтэц орон тоо нь улам нэмэгдэж төсвийг сорох “шимэгч” болон амиллаа.
Хоёр. Ерөнхий сайдын хувьд хууль ёс зөрчсөн бусад үндэслэл
Монгол Улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газар төрийн хуулийг биелүүлж...хэрэгжүүлнэ”, 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна”, 45 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргана” гэж тус тус заасан.
Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулиа хэрхэн зөрчиж ирснийг ард түмэн мартаагүй байгаа ч зарим нэгээс нь тоймлон дурдвал Хөвсгөл, Дорнод аймгийн Засаг дарга, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга нарын томилгоо болон Засгийн газрын 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулсан 26 дугаар тогтоолыг хэлж болно. Одоо ч хууль зөрчсөн маргаан нь үргэлжлэн, Үндсэн хуулийн цэц дээр Баянхонгор, Говь-Сүмбэр аймгийн Засаг дарга нарын томилгоотой холбоотой асуудал хянагдаж байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн гаргасан шийдвэрүүдээ хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрч хүчингүй болгож байсан, эсхүл Үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн болохыг нь тогтоосон шийдвэр гаргаж байсан эдгээр үйлдлүүд нь ёс төртэй улс оронд бол Ерөнхий сайд нь өөрөө чөлөө хүсэх хангалттай үндэслэл юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг төрийн албанд шургалуулсан ах дүү, хамаатан садангийн сүлжээгээ ашиглан төсвийн хөрөнгийг хууль бусаар ашигласан, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон олон ноцтой мэдээллийг эрх бүхий хууль хяналтын байгууллагууд олон нийтэд мэдээлж байгаа. Хуулийн байгууллагаас шалгаж байгаа гэмт хэргийг Засгийн газрын тэргүүний албан тушаалаараа далайлган зогсоох, гацаах үйлдлүүдийг гаргасаар ирлээ. Тиймээс Ерөнхий сайдын албан тушаалаа өгч, эдгээрийг шалгаж, нягтлах ёстой гэж үзэж байна. Тухайлбал, Ерөнхий сайдын хамаатан садан, ажлын алба, зөвлөх, туслах гэх мэт ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн нэр дурдагдсан, гэмт хэргийн шинжтэй дараах үйлдлүүд нь Н.Алтанхуягийн огцрох бас нэг үндэслэл гэж үзэж байна.
1. Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсныхоо дараа хувийн ашиг сонирхлоор төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн нүүрс тээвэрлэлтийн гэрээг зогсоосон. Үүний үр дүнд Монгол Улс олон янзаар хохирлоо. Тухайлбал, 70 ам.доллараар зарж байсан нүүрсээ энэ үнээр нь зарж чадахаа болив. Мөн түр зогсолт хийсний улмаас Монголын тал 8,2 сая долларын торгуулийг хүлээлээ. Энэхүү түр зогсолтын хугацаанд Ерөнхий сайдын хүргэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн Төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа тус компанийн 17 тэрбум төгрөгийн тендерт эхнэрийн нэр дээрх "Говь Повер" ХХК-ийг ялуулсан. Уг тендерийг хүчингүй болгосны дараа шүүхэд хандаж, төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас 4.688,5 сая төгрөгийг гаргуулж авсан. Ерөнхий сайдын хүргэн Г.Дэнзэн нь 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр жилийн 16 мянган ам.доллар буюу 21 сая 600 мянган төгрөгийн цалинг үндсэн ажлаасаа гадуур "Эрдэнэс-Тавантолгой" ХК-иас авсан нь тогтоогдлоо.
2. Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, туслах М.Тулга нар ард иргэдэд хямд үнэтэй нүүрс нийлүүлэх нэрээр "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 27500 төгрөгөөр авсан 1 тонн нүүрсийг ард иргэдэд 80000 төгрөгөөр худалдаж, их хэмжээний ашиг олохын зэрэгцээ төрийн өмчит компанид олон тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
3. Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Батмөнх баруун аймгуудад баригдсан битүү зах, худалдааны төвийн 9,7 тэрбум төгрөгийн өртөг бүхий тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж, найзынхаа компанийг шалгаруулсан болохыг Авлигатай тэмцэх газраас тогтоосон.
4. Ерөнхий сайдын төрсөн охин А.Саранзаяа "Цэвэр агаар сан"-гийн 2,2 тэрбум төгрөг, "Нүүрс" хөтөлбөрийн 3,6 тэрбум төгрөгийн хохирол бүхий авлигын шинжтэй хэд хэдэн гэмт хэрэгт холбогдсон талаар хэвлэлүүд удаан хугацааны турш мэдээлэв. Авлигатай тэмцэх газар ч энэ асуудлыг шалгах үндэслэлтэй гэж эрүүгийн хэрэг үүсгэж байсан.
5. Ерөнхий сайдын төсвийн багцаас зарлагдсан мэдээллийн технологийн салбарын ТҮЦ машин тендерийг зөвлөх, хүргэн Р.Отгонтулга нь авахын зэрэгцээ үйлчилгээний төлбөрийн орлого "Ньюсоник" ХХК, "Аствишн" ХХК-ны дансанд орж байгааг Авлигатай тэмцэх газраас судалж тогтоосон.
Энэ бүх үндэслэл, тооцоо судалгаа, мэдээлэл, олон улсын байгууллагуудын дүгнэлт шинэчлэлийн Засгийн газрыг цаашид ажиллах чадамжгүйг харуулж байна. Тиймээс Та бидний өмнө, Монголын ард түмний өмнө хоёр сонголт хийх үлдлээ. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг эрх мэдлээ хадгалан үлдэж, эдийн засаг уруудан доройтож, ард түмний амьдрал ядуурч, өр зээлээ нэмсээр байх уу? Эсвэл Н.Алтанхуяг хариуцлагаа хүлээн огцорч, эдийн засаг өсөж, ард түмний амьдрал сайжирч, өр зээлээ зогсоох уу? гэдэг хоёр сонголтын нэгийг хийцгээе.