Ц.Даваасүрэн: Жигүүр хариуцлагатай төрийг төлөвшүүлэхийн төлөө ажиллана
2010.02.01

Ц.Даваасүрэн: Жигүүр хариуцлагатай төрийг төлөвшүүлэхийн төлөө ажиллана

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, МАХН-ын "Уламжлал, шинэчлэл-
ардчилал, шударга ёс " жигүүрийн ерөнхий зохицуулагч Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Шинэ парламент байгуулагдаад бараг замынхаа тэн хагаст туллаа. Өнгөрсөн хугацаанд олон нийтээс багагүй шүүмжлэл сонслоо. Гишүүний тойргийн нэг тэрбумын шуугиан намжаагүй байхад хууль санаачлах төсөв өөрсдөдөө хуваарилж авлаа. Үнэхээр энэ удаагийн УИХ тийм чадамжгүй байгаа хэрэг үү?

-УИХ-ыг бүрдүүлж буй 76 гишүүний хувьд өөр өөрийн салбар, чиглэлдээ танигдсан хүмүүс гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс өөрийн гэсэн чиглэлээр түлхүү оролцож, бие биеэ нөхөөд яваад байхад болохгүй зүйлгүй. Харин төрийн бодлого тодорхойлж, хууль батлан гаргадаг хүмүүсийн ажиллах нөхцөлийг хангасан эсэхэд бодууштай зүйл байна. Гишүүн туслахтайгаа энэ том ажлуудын хаана нь ч хүрэлцэхгүй. Чанаргүй хууль, сул бодлогын нэг хүчин зүйл нь энэ байж болох юм. Учир нь, судалж, харьцуулж дүгнэлт гаргах бус уншиж ч амжихгүй зарим асуудал явчих гээд байна. Шийдвэр гаргахад шаардлагатай хангалттай мэдээлэл авдаг уу гэвэл үгүй юм. Сонссоноороо, таамаг, хар ухаанаар төрийн бодлогод оролцож байж болмооргүй санагддаг. Жишээ нь, улсын төсөв хэлэлцэж байхад манай эдийн засагт гол нөлөө үзүүлдэг улс орны санхүүгийн талаарх мэдээлэл бидний гар дээр байдаггүй. Шаардлагатай мэдээлэл цуглуулж, судлаад үзье гэхээр туслах бид хоёрын хүчин мөхөсдөнө. Тэр тусмаа хууль санаачилъя гэхээр ард ямар ч баг алга. Санаа байвч сачий хүрэхгүй гэдэг болчихоод байна л даа. Тиймээс энэ жилийн төсевт гишүүн хууль санаачлах, бодлого боловсруулахад шаардлагатай эрдэмтэн, судлаач, салбарын шилдэг мэргэжилтнүүдийг түр хугацаагаар хөлсөлж ажиллуулах хөрөнгө суулгасан. Үр дүнгээ өгөх байх.

-Гэхдээ УИХ-ын Тамгын газрыг чадавхжуулахаар орон тоог нэмсэн. Тамгын газрын ажилтнууд УИХ-д мэргэжлийн зөвлөгөө өгөх үндсэн үүрэгтэй биз дээ?

-Тамгын газрынхан 76 зүгт чичлүүлээд өнөөдрийн ажлаа яая гэсэн улс байдаг юм. Гишүүн өөрийн гэсэн баг бүрдүүлээд чанартай хуулийн төсөл өргөн баривал УИХ-аас гарах шийдвэр илүү үр дүнтэй болно.

-УИХ-ын баталсан хуулиуд Цэц дээр бүдэрдэг. Үндсэн хуулийн зөрчилтэй хууль батлаад байгаа нь гишүүд ардаа баггүйтэй холбоотой  гэвэл өрөөсгөл байх.

-УИХ-д өргөн барьсан бүх асуудлыг гишүүд хангалттай сайн судалж чадахгүй байна. Бид асууж, яам агентлагийнхан хариулдаг. Тэд өргөн барьсан хуулиа батлуулах гэсэн ганцхан зорилгоор хариулт өгдөг. Нөгөөтэйгүүр, гишүүдийн оролцоо сул байх шиг. Мэдээж хүн ард нь байгаа хойно огт алдаагүй байна гэж юу байх вэ. Гэхдээ үүнийг багасгах ёстой. Наад зах нь картаар ирц бүрдүүлж хуралдаж болмооргүй санагддаг. Ирцийн талаар мэдээллийг харахад картаа хийчихээд хуралдаа бараг харагддаггүй хүн ирц сайтайд орчихсон, харин хуралд суудаг хэдийгээ ганц, хоёр хоцорсноор нь буруутгаж харагддаг. Ийм байхад төрийн бодлого яаж бодлого шиг байж чадах юм бэ. Одоо цэг тавих цаг нь болсон. Хариуцлагатай төрийн төлөвшлийг УИХ өөрөөсөө эхлэх ёстой.

-Таны хувьд өнгөрсөн хугацаанд юу бүтээв, хийсэн ажлаасаа, хийх зүйлээсээ сонирхуулах уу?

-Сонгогдсон тойрогтоо амласан зүйлийнхээ заримыг хэрэгжүүлээд, ихэнхийг нь эхлүүлчихлээ. Шашин зан үйлээ сэргээх, Дулааны станц, Багш хүүхдийн ордон, Спортын цогцолбор барих, Хатгалыг аялал, жуулчлалын цогцолбор болгоход чиглэсэн зам гээд дурдаад байвал нэлээд зүйл бий. Тойргийн амлалтаа хэрэгжүүлэх бол нэг хэрэг, харин бодлогын хүрээнд төлөвлөснөө амжуулах хэцүү юм байна. Зүгээр л болохгүй байгаа бүхнийг шүүрч аваад популизм хийж яриад дөрвөн жилийг өнгөрөөх бодол алга. Бодлогын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай гэж санаж явснаа адаглаад эхлүүлмээр байна. Тухайлбал, боловсролыг тэргүүлэх салбар гэдэг хэрнээ амьдрал дээр ахиц өөрчлөлт гарахгүй байна. Гэтэл боловсролыг, өөрөөр хэлбэл, мөнгийг бус мөнгө бий болгодог хүнийг бэлдэхэд тэргүүлэх ач холбогдол егсөн улс орон илүү хөгжиж байна. Гадаад явж төрийн мөнгөөр боловсрол олсон нь ирэхгүй байна. Тэднийг авчрах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байдаг. Мөн сүүлийн 20 жилд мал сүрэг бараг хоёр дахин өслөө. Гэтэл бэлчээр цөлжиж, унд ус хомсдож, анхны цаснаар л дээр дооргүй барьц алдаж байна. Цаашдаа ингээд зөнд нь зүгээр орхиж болохгүй гэдэг нь ойлгомжтой боллоо. Хэдийгээр би тэгж бодлоо ч үүнийг төрийн бодлогоор дэмжиж хэрэгжүүлэх хэмжээнд авчирна гэдэг ганц гишүүний хийх ажил биш юм л даа. Энэ утгаар нь бодлогын хүрээнд төлөвлөснөө хэрэгжүүлэх хэцүү юм гэлээ. Түүнчлэн салбарын бодлого дээр суурилсан төсвийн төлөвлөлтийг бий болгох асуудлыг Төсвийн байнгын хороог ахалж байх үедээ урагшуулъя гэсэн бодол бий. Хэцүү нь төрийн бодлого гээд цэгцтэй гарч байгаа юм алга. Сайн засаглал нь яриа, мөрөөдөл төдий байгаа нөхцөлд хэрэгжих магадлал бага юм. Нэг сайд гарч ирээд өмнөхөө үгүйсгээд өөрийнхөөрөө зүтгүүлж байх жишээтэй. Тэглээ гээд шантраад байж болохгүй байна. Ямар ч гэсэн Байнгын хорооны зүгээс энэ жил хотын утаа, агаарын бохирдлыг шийдвэрлэх, малаа эрүүлжүүлж, махны экспортыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллана.

-Хотын утааг багасгах талаар Төсвийн байнгын хороо саяхан ярьсан. Ямар арга байна вэ?

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд. гишүүд гэж ялгахгүй бүгдийг хордуулна шүү дээ, утаа. Цаг алдалгүй шийдвэрлэх ёстой асуудал. Шийдэх арга замын хувьд оновчтой ганц хувилбар гэж байхгүй болов уу. Хямд төсөр орон сууц барих, гэр байшинг цахилгаанаар халаах, утаагүй түлш нэвтрүүлэх гээд арга замыг хослуулан шийдвэрлэх нь үр дүнтэй байх. Байнгын хороогоор асуудлыг хэлэлцээд санхүүгийн эх үүсвэрийн талаар санал боловсруулж танилцуулах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Утаатай холбоотой асуудлаа иж бүрнээр нь хумиад, шийдлээ гаргаад явъя гэсэн бодолтой байна.

-Хамтарсан Засгийн газар байгуулахыг анхнаас нь эсэргүүцсэн. Одоо нэг жил өнгөрлөө. Үр дүнг нь юу гэж харж байна вэ?

-Тэр яриад байгаа шиг нь үр дүн гарахгүй гэдэгт эргэлзэхгүй байсан. Цаад санаа нь улс төрийн эр зориг дутсан юм шүү дээ. Одоо хар л даа. Амьдрал сайжрав уу, үгүй. Хамтраад, гялалзуулаад өгнө гэсэн яасан. Харин цөөнхийн хяналтгүй болсных хариуцлагагүй явдал л улам газар авлаа. Нэгэндээ юм хэлж чадахгүй болсноор хариуцлагагүй байдлыг улам дэвэргэж, ташуур өгсөн. МАХН өөрийн эрх ашгаа хойш тавьж улс орныхоо эрх ашгийг урд тавилаа гэх ухааны юм ярьсан даа. Өмнө нь ч гэсэн МАХН ард иргэд, улс, эх орныхоо эрх ашгийн төлөө явж ирсэн. Түүнийг нь сонгогчдын олонх үнэлж саналаа өгсөөр ирсэн. Гэтэл бие биедээ сайдын суудал бэлэглэснээр эх орны эрх ашгийг урьтал болгодоггүй юм байна гэдэг нь ойлгомжтой боллоо шүү дээ. Улс төрийн чиглэлээр судалгаа хийдэг хөндлөнгийн байгууллагуудын олон нийтийн дунд хийсэн асуулгаас харахад манай нам "ухаалаг алхмынхаа төлөө" бусад улс төрийн хүчнээс хол тасрах нь битгий хэл хамтарсан нөхдийн ард үлджээ. Ер нь ашигт малтмалаа эргэлтэд opyyлж төрийн бодлогоо тодорхойлоод байхад хийсэн Оюутолгойн гэрээн: өөр хэлэх юм багатай нь үнэн. Урьдчилгаа нь зээл боллоо, техник эдийн засгийн үндэслэл нь буцлаа гээд л урагшгүй. Техник эдийн засгийн үндэслэл нь гараагүй байхад ашиг гэрээ хийдэггүй гэдэг нь одоо хардаад эхэллээ. Ийм л юм болсон. Цаг хугацаа харуулна биз дээ.

-Төрийн бодлогоо тодорхойлоогүй байсан гэдгийг Taйлбарлахгүй юу?

-Нэг нэгээр нь гал унтраах байдлаар хийгээд яваад байя, тэгж байж болчихно гэсэн юм яриад л байна. Бид тэгж явдаг юм гэхэд гадаад ертөнц тэгж хөрөнгө оруулдаггүй улс. Төслийг иж бүрэн, цогцоор нь судалж байж хөрөнгө оруулалт хийнэ. Оюутолгой мөнгийг хөрөнгийн бирж дээр болгохдоо би Монголын алт, зэс хамгийн сайн ордыг луйвардчих гээд мөнгө босгодоггүй. Tөcөл ашигтай гэдгийг нотолж, харуулж бусдын мөнгийг салгана биз дээ. Ямар төмөр замаар экспортлох, ямар дэд бүтэц босгох гээд байгаа ойлголт алга. Бидний үеийнхэн энэ баялгаа боловсруулж зэс, алтаа ял авах асуудлаа буянаараа болог г орхилоо гэхэд ирээдүй маань үү, зөвшөөрөх үү. Эсвэл бөөн хэрүүлийн алим тэдэндээ бэлдээд өгсөн үү гэдгээ ч сайн хараагүй. Майхан, гэр, ганц хоёр түр барилга бариад том төслийг хэрэгжүүлэхгүй байх. Тэнд ажилчид байж л таарна. Ар гэрт нь ажил, хүүхдэд нь сургууль, өвдвөл эмнэлэг, цагдаа, халамж гээд тэдэнд үзүүлэх бусад төрийн үйлчилгээ бий болох нь гарцаагүй. Нэг ёсондоо 30 мянгаас дээш хүнтэй том хот босно. Гэтэл төлөвлөлт нь хаана явна, хэн санхүүжүүлэх вэ гээд олон асуудал тодорхойгүй байна. Энэ бүгдийг цаасан дээр буулгаж байж төслийг эхлүүлэх байсан юм гэдгийг бодлогоо тодорхойлох гэж яриад байна. "Эрдэнэт"ийг тэгж л бүтээн босгосон юм билээ. "Эрдэнэт"-ийг байгуулалцаж явсан зарим хүн хэлж зөвлөхийн оронд гадныхантай үгсээд дуугүй байсанд харамсдаг. Харин улс төрийн товчооны гишүүн асан  Дамдин гуай голоор нь хэлсэн байсан. Техник, эдийн засгийн үндэслэлийг хийлгүй юуг харж, төсөөлж, тооцож гэрээ хийх вэ дээ, тэгж болдоггүй юм гэсэн. Дэд бүтцийн хувьд гэхэд усны асуудал, зам, цахилгаан, дулаан гээд тодорхойгүй зүйл их харагдаж байна. Зарим нэгэнд, ялангуяа гаднынханд бодлогогүй задгай байдал нь ашигтай байдгаас өөгшүүлдэг биз дээ.

-Тэгвэл хэзээ мөнгөтэй болж, иргэддээ амласан 1.5 сая төгрөгөө өгөх вэ?

-Улс төрийн амлалтыг биелүүлэх ёстой. Төр, ард түмний итгэл гэж энэ тусгаар улсын чинь тулгын нэг чулуу бий шүү. Хуурч болохгүй. Арга замаа одооноос бодохгүй бол 2012 онд тулгаж шийдэж чадахгүй. Ер нь гаднынханд луйвардуулчихгүй ашигт малтмалаа зөв эргэлтэд оруулж чадвал 2014 оноос мөнгөтэй болж эхэлнэ. Гэхдээ мөнгөтэй болох нэг хэрэг ёс суртахуунгүй, эх оронч үзэлгүй, мөнгийг хэт шүтсэн, хөдөлмөрийнхөө үр шимээр өөрийгөө аваад явах аргад мууд суралцсан, нийгмийн гишүүний үүргээ ухамсарладаггүй хувиа хичээсэн залуус мөнгөтэй болохоороо яах вэ гэдэг хүнд асуудал. Одоогийнх шиг боловсролын тогтолцоотой, иргэдийнхээ нийгмийн ухамсрыг төлөвшүүлэх талаар бараг юм хийдэггүй төртэй байвал хэцүүднэ.

-Төр суларлаа гэж хүн бүр ярьдаг. Гэхдээ учир шалтгааныг нь хөндөхгүй л байна?

-Төрийн алба бол эрх үүрэг, хариуцлагын тогтолцоо шүү дээ. Гэтэл эрхээ эдлээд үүргээ биелүүлээгүй хүнд хариуцлага тооцохгүй зөнд нь орхиод байна. Ингэхээр наад зах нь хэн ч, ямар ч ажлыг хийж болно гэдэг буруу ойлголт нийгэмд газар авах боллоо. Мэргэжил боловсрол, дадлага туршлагыг үл тооцон манай хүн, миний хүн гэдэг далбаан дор чадваргүй хүмүүс төрд шургалж байгаа нь нууц биш зүйл. Энэ нь эргээд төрийг сулруулж байна. Томруулж харвал, мэргэжлийн бус сайд нар баг бүрдүүлэх нэрийдлээр салбарын талаар бараг анхны мэдэгдэхүүнгүй мэргэжилтний толгойгоор бүхэл бүтэн яам газрыг удирдах болсон. Хөгжил удаан байгаагийн нэг шалтгаан нь энэ ч байж болох юм. Саяхан намынхан маань надад МАХН-ын бүтцийн байгууллага болох"Уламжлал, шинэчлэл ардчилал, шударга ёс" жигүүрийг авч явах үүрэг ногдуулсан. Бид бодлогоо шинэчлэн тодорхойлохдоо хамгийн чухалчилсан зүйл бол хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх явдал гэсэн. Жигүүр "Хариуцлага тооцдог тогтолцоог төрийн үйл ажиллагаанд буцаан авчирна, шилдгээ гаргаж ирдэг боловсон хүчний тогтолцоог намын амьдрал нэвтрүүлнэ" гэсэн зорилт тавьж байгаа. Ямар нэг хэмжээгээр үр дүн гаргана.

-Жигүүр гэснээс үүргээ гүйцэтгэсэн гэх хүн байх юм?

-Энэ бол намыг эрх мэдэл, албан тушаалд хүрэх шат дамжлага гэж бодож явдаг хүмүүсийн үг. Жигүүр байгуулагдсан цагаасаа ярьсан гурван гол асуудал байдаг, Энэ нь хариуцлагын болон боловсон хүчний оновчтой тогтолцоо бий болгох, намын удирдлага, анхан шатны нэгж гишүүдийн харилцааг улам нягтруулж, тэдний бодол санааг намын хийгээд төрийн бодлого шийдвэрт тусган хэрэгжүүлэх явдал. Өнөөдөр энэ бүхэн хэрэгжсэн үү. Хоосон тунхаг хэвээр байна уу. Энэ бүхэн төрийн болон намын өдөр тутмын амьдралд төлөвштөл жигүүр үүргээ гүйцэтгэх ёстой. Хэлээд орхиж болохгүй. Асуудалд шүүмжлэхээс илүү бүтээлч хандаж, ажил хэрэг болгох ёстой гэж бодож байна. Ер нь ч тэгээд 40 гарсан эрийг сургаж болдоггүй гэдэг шиг удирдлагын алдааг дан ганц шүүмжлээд, ухааруулаад, засаад явна гэвэл өрөөсгөл гэдгийг жигүүрийнхэн яс махандаа тултал ойлгож мэдсэн.

-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудал УИХ-д орж ирэх нь. Жигүүр аль хувилбарыг дэмжиж байгаа бэ?

-Сонгуулийн тогтолцооны талаар бодлогоо тодорхойлоогүй байгаа. Хавар гишүүд, дэмжигчдийн нэгдсэн чуулган хийж саналаа гаргаж ирнэ. Хувь хүнийхээ хувьд можаритор системийг илүү ардчилалтай гэж үздэг. Хэрэв пропорцианоль тогтолцоог авбал намын даргыг тойрсон хэдэн хүн үе залгамжилсан юм шиг удаан хугацаанд төр барихыг эрмэлзэх болно. Цус сэлбэгдэхээ больж, нам төвтэй төрийн тогтолцоо руу буцаад орно. Гэтэл үүний эсрэг явсан ардчиллын баталгаа гэж ярих дуртай АН пропорцианоль тогтолцоог авна гэж шийдсэн сурагтай. Тусгай хангамжийг устгана гэснээ өөрсдөө амтанд нь орсон. Одоо бүр нам төвтэй төр рүү буцна гэхээр яалтай ч билээ. Эцэст нь юу харагдаж байна гэвэл, ардчиллын баталгаа чинь хэн нэг удирдагч, нам биш ард түмэн өөрөө юм байна. Ард түмэн өөрсдөө сонгосон төлөөллөөрөө дамжуулан төр барина гээд Үндсэн хуульд заасан. Хэсэг бүлэг хүн улс төрийн намыг өөрийн эрх ашгаа хэрэгжүүлэх шат дамжлага, хэрэгсэл болгох зорилгоо биелүүлээд, бүр давраад төр рүү шунаж эхэллээ гэж бодогдож байна. Өөр нэг сонирхол хаанаас гараад байна гэхээр сонгуулийн үеэр худлаа амлаж, сонгогчдын чихэн дээр "цэцэг" ургуулсан хүмүүс пропорцианаль тогтолцоог хүсэж байгаа нь нууц биш. Нийтийн эрх ашгаа түлхүү тавихыг эрхэмлэдэг хариуцлагатай улс төрийг бий болгохын төлөө бид явах ёстой. Зөвхөн нийгмийн амьдрал ч биш, ирээдүйн эдийн засгийн цар хүрээ үүнийг шаардаад байна. Энэ бол бидний үеийнхний хийх ёстой ажил. Ярьдаг, хуурдаг улстөр насгүй болох нь батлагдаж, итгэл дааж, хийж бүтээдэг улстөрчдийг ард олон хүлээх боллоо.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.