Г.Наранбаяр:

Хүнээ хамгаалах бодлого барьж байна


16 минут уншина
Г.Наранбаяр: Хүнээ хамгаалах бодлого барьж байна
Стратеги академийн захирал Г.Наранбаяр

Vip76.mn сайтын редакциас сонгогчдын боловсролд зориулж "Монгол төрийн түшээ гэж ямар хүн байх ёстой вэ?" сэдвээр онлайн хэлэлцүүлэг өрнүүлж байсан билээ. 

Улс төр судлаач, улс төрийн зүтгэлтнүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийнхээ үргэлжлэл болгож цуврал ярилцлагуудаа хүргэж байна. 

Энэ удаад Стратеги академийн захирал Г.Наранбаярыг зочноор урилаа. Тэрээр 1996 онд МУИС-ийг социологич мэргэжлээр төгссөн даруйдаа МАН-ын дэргэдэх судалгааны байгууллагад ажилд орсон нь одоогийн Стратеги академи юм. Эдийн засгийн ухааны магистр, удирдахуйн ухааны докторант Г.Наранбаяр УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргын зөвлөх, Сорьцын улсын хяналтын албанд орлогч даргаар ажиллаж байв.

2001 оноос Инфратест нийгмийн судалгааны байгууллагыг үүсгэн байгуулсан түүнтэй сонгогчдын боловсрол, улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явцын талаар ярилцлаа. 

Ярилцлагын тухай товчхон: 

- 26 асуулт, 26 хариулт
- 61 мин 31 сек
- 4 дэд хэсэгтэй. 
- Нийт 3245 үгтэй.
- Түлхүүр үг: #бодлого, #академи, #үзэл баримтлал, #улстөрч
- Биеэ авч яваа байдал: Илэн далангуй, бага зэрэг задгайдуу яриатай

Сонгогчдын хэрэгцээ шаардлага өөрчлөгдсөн байна

Стратеги академи байгуулагдаад 60 жил болжээ. Тиймээс ярилцлагаа энэ байгууллагын уламжлал, шинэчлэлийн асуудлаар эхэлье гэж бодлоо. Анх ямар зорилготой байгуулагдав? Тэр үеэс хэр шинэчлэгдэв?

1955 онд анх “Намын төв институт” нэртэйгээр намын түүхээс улбаалан ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор байгуулагдсан юм. 80-аад оны эхнээс “Нийгмийн ухааны институт” болж, Монголдоо толгой цохидог эрдэмтэн, судлаач нар ажиллаж байсан гэдэг.

Энэ байгууллагад би 1996 онд ажилд орсон. Тэр үед 1996 оны УИХ-ын сонгуульд МАН /МАХН/ ялагдал хүлээгээд байлаа. Би МУИС-ийг социологич мэргэжлээр төгсөөд удаагүй залуу боловсон хүчин ажилд ороход 153 эрдэм шинжилгээний ажилтнаа халчихсан 4, 5-уулаа үлдсэн байсан. Тэр үед байгууллагын бүтэц, зохион байгуулалтаа өөрчлөн “Сургалт судалгааны прогноз төв” нэртэй болж, зөвхөн сонгуульд яаж ялах вэ, сонгогчдын сэтгэлийг яаж татах уу гэдэгт л анхаардаг байлаа.

Үндсэндээ 2014 он хүртэл зөвхөн сонгогчдын сэтгэл зүйг судалж, дарга нартаа зөвлөгөө өгч ирсэн. Би ч 2001 он хүртэл ажиллаж байгаад 2001 оноос УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргын туслах, 2006 онд Сорьцын улсын хяналтын албаны орлогч даргаар ажиллаж явлаа. Ингээд 2013 онд буцаад энэ байгууллагадаа ажиллах болсон юм. Тэр үед “Стратеги Академи” нэртэй болж, өөрчлөгдөж шинэчлэгдсэн байлаа.

2013 онд буцаж ороход сонгогчдын сэтгэл зүйг судалдаг хэвээр байв уу? Эсвэл?

Хэсэг завсарласны эцэст судалгааны институтидээ буцаад ороход нийгмийн сэтгэл зүйд тулгуурлаж, бодлого яръя гэдэг болсон байв. 1996-2001 он хүртэл ажиллаж байхдаа социологийн судалгаа хийх явцад иргэдийн өмнө тулгамдсан асуудлын нэн тэргүүнд архидалт, гэмт хэрэг ордог байлаа. 2000 оноос эхлэн ард түмэн ч тэр, төр засгийн удирдлагууд ч тэр хариуцлагын тухай асуудлыг хөндөн тавьдаг болсон.

2014 онд хөрөө, орон нутгаар явж иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсоход төрийн нэгдсэн бодлого хэрэгтэй байна гэж ярьж байна. Одоо нэгдсэн бодлого бол нийгмийн гол хүлээлт болчихоод байна.

2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө иргэдийн дунд явуулсан судалгаагаар оюутны 70 000, Хүүхдийн 20 000 төгрөг өгвөл авна. Гэхдээ хавтгайрсан халамжийн бодлого явуулахаасаа илүү жижиг, дунд үйлдвэр байгуулж, иргэдээ ажилтай, орлоготой болгох хэрэгтэй гэж хэлж байсан.

Эндээс харахад сонгогчдын хэрэгцээ, шаардлага өөрчлөгджээ. Мөнгөний амлалт өгч, шуудай будаа, гурилаар сонгогчдын саналыг худалдаж авдаг байсан цаг ард хоцорчээ. Төрийн эрх барьж байгаа нам нийгмийн хэрэгцээ шаардлагыг мэдэхгүй, мэдрэхгүй байж болохгүй.

Тэгвэл төрийн нэгдсэн бодлогыг боловсруулахад илүү анхаарч байна уу?

1996 оноос эхлэн социологийн судалгааг улс төрд ашиглах болсоор өнөөдрийг хүрлээ. Ард иргэд төрийн нэгдсэн бодлоготой байхыг хүсэмжилж байгаа учраас бодлогын судалгаа хийх хэрэгтэй гэдэг дээр намын гишүүд санал нэгдэж, намын дарга ч хүлээн зөвшөөрсөн. Ингээд Стратеги академи дэргэдээ Бодлогын зөвлөл байгууллаа.  

Гэхдээ одоо хийж байгаа судалгааг яг бодлогын судалгаа гэж хэлэхгүй байх. Товчхондоо нийгмийн тулгамдсан асуудлын судалгаа л гэх байх. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарт тулгамдаж буй асуудлыг судалж, гарц хайж байна даа.

Хөгжлийн нэгдсэн бодлоготой болъё гэж шийдсэн

Шадар сайд У.Хүрэлсүхийн хамт

2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэзээнээс эхлэн боловсруулав? Стратеги академийн үүрэг оролцоо юу байв?

2015 оны 1 дүгээр сараас эхлэн боловсруулсан л даа. Хөдөө орон нутагт судалгаа хийх явцад сонгогчид “Намуудын хооронд ямар ялгаа байгаа юм бэ? Аль ч нам гарсан ямар ч ялгаа алга” гэж байсан. Намууд хоорондоо ямар ч ялгаагүй юм бол арван хэдэн нам болж хоорондоо хуваагдан, талцаж, өрсөлдөх ямар ч хэрэггүй шүү дээ.

Гэхдээ үзэл баримтлалын хувьд баруун, зүүний ялгаа гарцаагүй бий. Гол нь намууд үзэл баримтлалынхаа ялгааг ойлгуулж чаддаггүй. Популист амлалт өгч, энэ сонгуульд ялж л байвал гэсэн хандлагаар хандаж байна.  

Популист амлалт бол шинжлэх ухааны тооцоо судалгаагүй байдаг. Ийм амлалт хэрэгждэггүй. Амлалтаа хэрэгжүүлж чадаагүй учраас худалч нэр зүүдэг.

1997 онд МАН-ын их хурал болж, цаашид ардчилсан социалист үзлээр замнана гэж манай академийн захирал асан А.Цанжид бодлогын баримт бичиг боловсруулсан юм. Миний хувьд сургуулиа төгсөөд удаагүй, онолын номоор цэнэглэгдсэн байсан учраас улс төрийн нам үзэл баримтлалаа өөрчилж болохгүй гэсэн зарчмын байр суурьтай байсан.

Харин А.Цанжид гуай “Монгол ардын нам бол үүссэн цагаасаа эхлээд үзэл баримтлалаа өөрчлөөгүй. Намын бодлого хэвээрээ байгаа. Гэхдээ олон нийтэд ойлгуулахын тулд ардчилсан социалист гэсэн томьёолол ашиглаж байгаа юм” гэж тайлбарласан.

1921 онд МАН-ын анхны 7 нийлж, хувьсгал хийн, эх орноо тусгаар тогтнуулна гэж зүтгэсэн. Яагаад тусгаар тогтнолын төлөө тэмцсэн бэ гэхээр хүнийг хамгаалахын төлөө л байсан. Монгол Улсын хилийн дэнсэн дотор Монгол хүн эсэн мэнд, сайн сайхан амьдрах ёстой гэсэн санаа юм.  

Хувьсгал ялсны дараа МАН юу хийв? Эхлээд сургуулиуд байгуулсан, дараа нь эмнэлгүүд барьсан. Эдийн засгаа идэвхжүүлэх зорилгоор үйлдвэр байгуулсан. Эдгээр нь хүнээ эрүүл, боловсролтой, ажилтай болгох гэсэн бодлого. Ингээд бодохоор МАН хүнээ хамгаалсан бодлого явуулж ирсэн байгаа юм.

МАН 2014 онд “Бид хамтдаа” үндэсний форум зохион байгуулсан. Тэр форум дээр намын дарга “Бид эдийн засаг, эдийн засаг гэж 20 жил ярилаа. Бид хүнээ хамгаалж чадсангүй” гэж хэлсэн байдаг. Намын даргын үг бол нэг хүний санаанаас гардаг зүйл биш. Манай академиас даргын хэлэх үгэнд ямар санаа гаргах уу гэдгийг боловсруулж, дээшээ өгдөг.

Бид нэгэнтээ л зүүний үзэл баримтлалтай нам юм бол хүний төлөө л явах ёстой.

Баруун, зүүний үзэл баримтлал гэхээр нэг нь эрэлтийг дэмждэг, нөгөө нь нийлүүлэлтийг дэмждэг. Эрэлтийг дэмжинэ гэдэг нь хүнийг ажилтай байлгах, тогтмол орлоготой байлгах тухай юм. Нийлүүлэлтийг дэмжинэ гэдэг нь компаниудыг дэмжиж, компаниуд нь эдийн засгийг чирж явах санаа юм.

Жишээлбэл, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэж санаачилж, 3 их наяд төгрөг тараасан байдаг. Энэ мөнгийг хэнд өгсөн бэ гэхээр компаниудад өгсөн. Энэ нь үндсэндээ компаниудаа дэмжсэн барууны бодлого л доо. Гэтэл Монгол Улс юу ч үйлдвэрлэдэггүй орон. Зарим бизнесүүд гомдох л байх. Гэхдээ л бодит үнэн.

Барууны чиглэлийн бодлогын хүрээнд компаниуд богино хугацаанд өндөр ашгийн төлөө явдаг. “Бороо гоулд” компаниар жишээ татъя л даа. Монгол Улстай тогтвортой байдлын гэрээ байгуулж ажилласан. Би тухайн үед Сорьцын хяналтын албаны дарга хийж байсан учраас юу болсныг сайн мэдэж байна.

Тогтвортой байдлын гэрээний дагуу бол Монгол Улсад эхний таван жилдээ нэг ч төгрөгийн татвар өгөхгүй, хоёр дахь таван жилд 10 хувийн татварын талыг өгнө. Гурав дахь таван жилээсээ татвараа бүрэн төлж эхлэх байсан. Гэтэл Бороо Гоулд дөрвөн жилийн дотор алтны нөөцөө ухаж дуусаад гарахад бэлэн болсон.

Энэ мэт богино хугацаанд өндөр ашиг олох зорилготой компаниудад тогтвортой байдлын гэрээ, өндөр мэргэжлийн боловсон хүчин бол хамгийн хэрэгггүй зүйл. Учир нь Монгол Улсад нэг ч төгрөгийн татвар төлөхгүй, эдгээр компанид ажиллуулах гэж өндөр зардлаар нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлдэх шаардлагагүй гэж боддог.

Гэтэл манай боловсролын систем зах зээлийн эгшин зуурын эрэлт хэрэгцээг дагаж мэргэжилтнүүдээ бэлддэг нь буруу бөгөөд зах зээлд илүүдэл боловсон хүчин болж хувирдаг. Миний ажигласнаар бол нийт бэлдэж буй мэргэжилтнүүдийн 70-80 хувь нь нийгмийн ухаан, хүмүүнлэгийн чиглэлийн буву гадаад хэлний орчуулагч, эдийн засагч, нягтлан бодогч, хуульч, улс төр судлаачид байна.

Бид баялаг үйлдвэрлэж байж, баялгаа экспортолж байж олсон мөнгөөрөө дотоодын хэрэглээгээ хангана шүү дээ. Оюу толгой гэхэд 2040 он хүртэл ажиллах байх. Тэгээд л дуусна. Тавантолгой ч мөн ялгаагүй. Тэгвэл бид цаашид яаж амьдрах вэ?

Хоёулаа мөрийн хөтөлбөрийн тухай ярьж байгаад энэ асуудал руу хальтраад орчих шиг боллоо?

Мөрийн хөтөлбөрийн тухай л яриад байгаа маань энэ. Одоо ганц жишээ хэлье. Герман, Япон улсууд яаж Мерседес бенз, Тоёота зэрэг дэлхийн хэмжээний үйлдвэрүүдтэй болж чадав? Эдгээр улсууд хүүхдүүдийг багаас нь бэлддэг. Ирээдүйдээ хөрөнгө оруулсны хүчинд өндөр мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэдэг. Сургуулиа төгссөн мэргэжилтнүүд баялаг бүтээхийн төлөө ажилладаг. Оронд нь ажиллах хүчнийхээ нийгмийн баталгааг компаниуд нь хангадаг.

хөгжлийн нэгдсэн бодлоготой болъё гэж шийдсэн. Тиймээс боловсролын асуудлыг нэн тэргүүнд тавьсан. Нөгөө талаас иргэд эрүүл байж боловсрол эзэмшинэ. Боловсролтой иргэн байгаль орчноо хайрлан хамгаална. Эрүүл байхын тулд экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх ёстой.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хөнгөн, шуурхай байх нь зөв. Өвчний түүхийг цахим хэлбэрт оруулж, нэг эмнэлэг нөгөө эмнэлгийнхээ шинжилгээний хариуг зөвшөөрдөг болъё. Аялал жуулчлал гэхээр байгаль орчинтой шууд холбоотой. Тэгвэл байгальд ээлтэй аялал жуулчлалыг яаж хөгжүүлэх вэ гэх зэргээр энгийн логик дараалалтай мөрийн хөтөлбөр боловсруулсан.

Одоо манай академийн хийх гол ажил бол Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлох. Нэг ёсондоо бид юу хийж амьдрах вэ гэдгийг судалж мэдэх хэрэгтэй байна. Монгол Улс 1 сая 190 мянган ажиллах хүчтэй. Тэдгээрийн 190 мянга гаруй нь төрийн албан хаагчид. 200-300 мянга гаруй малчид байна.

Ингээд бодохоор үлдсэн ажиллах хүчин нь дэлхийн томоохон хоёр үйлдвэрийн ажилчдын тоотой тэнцэж байгаа юм. Ийм бага ажиллах хүчтэй байж бүгдийг үйлдвэрлэх гэж зүтгэх үү? Энэ боломжгүй зүйл шүү дээ.

Монгол Улсыг хөгжүүлэх маш олон бодлогын баримт бичиг байна шүү дээ. Энэ бүгдээс Монгол Улсын хөгжлийн нэгдсэн бодлого юугаараа онцлог гэж?

Монгол Улсад 450 гаруй бодлогын баримт бичиг бий. Эдгээр бодлогын баримт бичгүүд өөр өөрсдийн гэсэн онцлог, зорилго чиглэлтэй. Гэтэл бодлого бол нэг хариутай байх ёстой. Хүний толгойд орж ирсэн санаа бүр бодлого болдоггүй. Тиймээс бид нэг хариутай хөгжлийн бодлого боловсруулах болно.

Бодлогоосоо нэг удаа ухрахыг ард түмэн зөвшөөрсөн. Харин...

Та яриандаа үзэл баримтлал гэж хэд хэд дурдлаа. Баруун, зүүний үзэл баримтлалын аль аль нь давуу болон сул талтай байх. Энэ үзэл баримтлалууд зэрэгцэн оршиж, давуу болон сул талаа нөхөх байх л даа. Өнгөрсөн парламентын үед АН олонх байсан ч МАН 20 гаруй суудалтай байсан. Тэгвэл энэ парламент бол МАН үнэмлэхүй олонх болсон хүч тэнцвэргүй парламент бүрдлээ гэдэг. Та үүнд ямар тайлбар хэлэх вэ?

Угтаа 100 хувь зүүний, 100 хувь барууны гэж байхгүй. Бидний баримтлах хөгжлийн бодлого бол аль нэг чиглэл нь давамгайлахаас биш 100 хувь зүүний, 100 хувь барууны үзэл баримтлал барина гэж байхгүй. Барууны чиглэлийн эдийн засгийн бодлогын давуу чанар нь маневр сайтай. Эдийн засгийг сэргээе гэвэл маш хурдан сэргээдэг. Унахаа хүрвэл дорхноо унадаг. Эрсдэл өндөртэй. Нэг сайн тал нь маш хурдтай.

Монгол Улс олон улсын тогтвортой хөгжлийн хамтын нийгэмлэгт элсэн орсон. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дагаж байна. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гэдэг нь хүн эрүүл байгальд амьдрах ёстой. Боловсрол эзэмших ёстой. Мэргэжилтэй байх ёстой. Тогтвортой ажлын байртай байх ёстой. Байгальд ээлтэй аж төрөх ёстой гэсэн зарчим баримталж байна.

Гэтэл барууны үзлээр бол байгалийн баялгийг маш хурдан ашиглаж, маш өндөр ашиг олох. Өнөөдөр бид маш өндөр ашгийн төлөө биш байгалийн баялгаа ариг гамтай зарцуулж, оюуны багтаамж шаардсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй.

МАН мөрийн хөтөлбөрөө биелүүлсэнгүй, амлалтаасаа ухарлаа гэсэн шүүмжлэлд та ямар хариу хэлэх үү?

Энэ бол одоогийн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалсан хэрэг. Засгийн эрхийг авахаар тэмцэлдэж байх үед МАН улсаа дөрвөн дугуйтай машин, дугуйнуудыг нь хий суларсан гэж үзэж байна. Нэг хийлчихвэл цааш дажгүй явна гэж бодож байсан. Гэтэл бодит байдалд огт дугуйгүй машин байсан.  

Машин дөрвөн дугуйгүй гэдгийг яагаад мэдээгүй юм бэ?

Энд нэг түүх өгүүлье л дээ. 1992-1996 онд П.Жасрай гуай Засгийн газрыг толгойлж байх үед УИХ-ын 10 гаруй гишүүд түүнтэй уулзаж, хэд хэдэн бага сургууль, цэцэрлэг барих, тохижуулах шаардлагатай байна, шийдэж өгөөч гэсэн хүсэлт тавьсан гэдэг. Дараагийн сонгууль дөхөж байсан үе.

Тэгэхэд нь П.Жасрай гуай уурлаж, “Энэ улс чинь цаашдаа оршин тогтнох юм байгаа биз дээ? Зөвхөн сонгуулиас сонгуулийн хооронд амьдраад байх юм уу? Энэ өвөл зуд болбол яах уу? Та нар өвс хадаад өгөх юм уу?” гэж хэлээд намын гишүүдээ өрөөнөөсөө хөөж гаргасан гэдэг.

П.Жасрай гуайн “Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гэж алдартай үг бий. Ингэж 1996 он хүртэл цуглуулсан хэдэн төгрөгийг АН гарч ирээд барж идсэн. Гэтэл дараа нь 2012 онд Засгийн эрхийг шилжүүлж өгөхдөө 4,2 миллярд ам.доллар халаасанд нь хийгээд өгсөн. Одоо нөхцөл байдал ямар байгааг харж байгаа биз дээ?

“МАН бодлогоосоо ухарч байна” гэсэн мэдээлэл ХМХ-ээр их цацагдаж байгаа боловч яг бодит байдалд иргэдтэй уулзах явцад “Зөв бодлогын төлөө бол нэг, хоёр удаагийн хүндрэлийг даахтайгаа байна” гэж хэлдэг.

Нийт хүний 50 гаруй хувь нь амлалтаасаа ухарлаа гэж ярихгүй байна. Амлалтаа биелүүлэхийн төлөө нэг удаа ухралт хийж болно. Гэхдээ бодлого сайтай байгаад улс орноо хөгжүүлэхийн төлөө нягт нямбай ажиллах юм бол дэмжинэ гэж байгаа юм.

Манай академи дэргэдээ хэвлэл мэдээллийн мониторинг хийдэг хэлтэстэй. Тус хэлтсээс гаргаж буй дүгнэлтээр бол МАН-ын нэр хүндийг унагаах гэсэн тодорхой хэсэг бүлгийн захиалгатай мэдээлэл сошиалаар цацагдаж байна.  

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгч байна уу?

Яг үнэндээ эдийн засаг, нийгмийн бодит байдлаар бол Засгийн газар боловсруулсан мөрийн хөтөлбөрийнхөө дагуу улс эх орноо хөгжүүлэх боломж алга. Эдийн засгийн уналтыг бол зогсоосон, зогсоосон.

Яг зогссон уу?

Эдийн засгийн уналт найдвартай зогссон. Харин одоо өсөлт хэзээ гарч эхлэх вэ гэхээр энэ оны 10 дугаар сарын сүүлч, 11 дүгээр сарын эхээр өсөлт ажиглагдах байх. Манай улс улирлаас хамаарсан эдийн засагтай. Одоо бид гэнэтийн буруу алхам хийхгүй бол унах шалтгаан байхгүй.

Жишээлэхэд Н.Алтанхуягийн Засгийн газар шиг 3 их наяд төгрөг хэвлэж тараахгүй л бол шүү дээ. Сэргэж байсан эдийн засгийг буруу бодлогын хор уршгаар хүчээр унагаасан. Тэрнээс биш зөнгөөрөө явж байсан бол унаад байхаар эдийн засаг биш байсан л даа.

Яагаад гэнэт “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэх болов? Үнэ угаасаа унаагүй байсан. Гэхдээ Ерөнхий сайд нягтлан хүн учраас мөнгө тараахгүй байх. 

Ямар ч цаг үед ард түмэнд сонголт байдаг

Стратеги академийн дэргэдэх Бодлогын зөвлөлийн ТУЗ-ийн гишүүд, 2017/04/10

Стратеги академи хэр хараат бус ажиллаж чаддаг вэ? Санхүүгийн хувьд бие даасан уу?

Хараат бус байлгахын тулд намын дарга өөрийн харьяанд авсан. Ингэхээр намаас хараат бус болж байгаа юм. Намын дарга өөрийн харьяанд авлаа гээд намын дарга бидний өдөр тутмын үйл ажиллагаанд шууд оролцдоггүй. Тиймээс үйл ажиллагааны хувьд ч тэр, санхүүгийн хувьд ч тэр бие даасан байгууллага.

Бүсийн зөвлөгөөн хийх үеэр намын гишүүд “Хараат бус судалгаа хийж, зөвлөмж өгдөг байгууллагаа хөгжүүлж, судалгааны нам болъё” гэж санал нэгдсэн.  

ХҮН-ынхан УИХ-ын сонгуулийн өмнө “Манай намын уураг тархи бодлогын зөвлөл байна. Бид шинжлэх ухааны үндэслэл, тооцоогүй нэг ч зүйл ярихгүй. Намын даргын байр суурь бол намын байр суурь байх болно” гэж ярьж байсан. Гэхдээ хэлсэндээ хүрсэнгүй. Ер нь таныхаар намын дэргэдэх судалгааны хүрээлэн, хараат бус бодлогын зөвлөл намдаа хэр өгөөжтэй юм бэ?

Монгол Улс өндөр ашиг олохын төлөө биш, найдвартай эдийн засагтай байх ёстой. Хүн ардын эрүүл мэнд баталгаатай байх ёстой. Тиймээс манай академи руу хөрөнгө, хүч хаях байх. Нам үндсэн улс төрийн ажлаа багасгах байх. Намын улс төрийн ажилтан гэдэг орон тоогоо багасгаж, харин академийн орон тоогоо нэмж байна. Ингэснээр намын бодлого шинжлэх ухаанч байна. 

Сонгуулиас сонгуулийн хооронд ажиллахаар үндсэн бодлогын судалгаа хийх цаг хугацаа хангалттай байна уу?

Цаг гаргахаас өөр аргагүй л дээ. Манайх төрийн бус байгууллагын статустай явдаг. Эрдэмтэн, судлаачдаа татан оролцуулъя гэж бодож байна. Над мэтийн социологичид сонгуулийн судалгаагаа хийгээд явдаг юм байгаа биз. 

Стратеги академид МУИС, ШУТИС, Удирдлагын академийн багш нараас гадна Конрад Аденауэр зэрэг олон улсын байгууллагатай хамтарч ажилладаг. Конрад аденауэр бол ХБНГУ-ын улс төрийн сан. Энэ болон бусад улс төрийн сангууд манай намуудыг санхүүжүүлээд байна уу?

Гадны улс төрийн сангууд бол үзэл баримтлалын нөлөө үзүүлэхийг оролддог. Тэрнээс биш улс төрийн үйл ажиллагаанд шууд оролцдоггүй. Жишээлбэл, Фридрих эбертийн сан гэхэд эдийн засаг, хууль эрх зүйн мэдлэг олгоход түлхүү ашигладаг.

Харин Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн нь Монголын төрийн бодлогод хүнээр дамжуулан нөлөөлөхийг оролддог. Тухайлбал, нэг сонгуулийн үр дүнгээр ардчилсан улс болгох гэх мэт. Энэ нь баруун, зүүн чиглэлийн үзэл баримтлал, сэтгэлгээний гол ялгаа юм уу даа.

Стратеги Академийн хамт олон. НАМЭХ, НАМЗХ, Эбертийн сангийн удирдлагуудын хамт, 2016/08/11

2010 онд МАХН-ын Их хурал болж, МАН хэмээх уугуул нэрээ сэргээсэн. Үүний улмаас МАН, МАХН болж салан тулгуурлаад 7 жил болж байна. Одоо энэ хоёр нам үзэл баримтлал, бодлогын хувьд хэр ялгаатай байна?

Н.Энхбаяр гэдэг хүн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 37 настайдаа сонгогдсоноос хойш нам, улс төрийн бүх өндөр албан тушаалд хүрсэн. Тэр хүн өндөр боловсролтой төдийгүй хүнийг байлдан дагуулах авьяастай нэгэн.

1997-2001 онд МАХН-ын даргаар ажиллаж байхдаа олон хүнийг өөртөө татаж чадсан. Хүний хувьд их сайн хүн. Хүний үгийг маш сайн хүлээж авдаг байсан. Миний хувьд тэр хүнтэй ойр ажиллаж байсан.

Ерөнхийлөгч болсныхоо дараа их эвдэрсэн гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ би сайн мэдэхгүй юм. Тиймээс МАН-аас МАХН болж нам хоёр хуваагдсан нь Н.Энхбаяр гэдэг хүнд итгэсэн хүмүүс тэр хүнийг дагаад явсан гэж хардаг. МАХН-ын гишүүд үзэл баримтлал биш хүнийг нь дагасан.

Лидер гэж ойлгож болох уу?

Хүнийг өөртөө татаж чаддаг хүн гэж хэлнэ. Түүнийг Увс аймгийн Тариалан суманд анх очиход олон хүн эсэргүүцэж, таатай хүлээж аваагүй. Хоёр дахь удаагаа очиход ч мөн ялгаагүй. Гурав дахь удаагаа очиход Н.Энхбаяр шиг сайн хүн байхгүй юм шиг л хүлээж авсан.

Маш тэсвэр тэвчээртэй, шургуу, дайчин бөгөөд хүнийг дагуулж чаддаг хүн учраас түүнийг дэмждэг, тахин шүтдэг намын зарим гишүүн түүнийг дагаж, МАХН гэсэн нэрээ авч үлдсэн. Харин МАХН-ын үзэл баримтлал өөрчлөгдөөгүй.

Тэгэхээр МАХН-ын бодлого ч тэр хүний төлөө гэсэн үг үү?

Тийм ээ. Хүний төлөө гэсэн зүүний чиг баримжаатай нам. МАХН-ын жирийн гишүүд гэхэд ихэвчлэн социализмын үед ажиллаж байсан, хөдөлмөрийн баатар, гавшгайч хүмүүс бий. Зөвхөн Н.Энхбаяртай ойр байсан хүмүүс л түүнийг дагаж МАХН руу орсон. Өөрөө уналтад орсны улмаас олон буруу зүйл хийж намынхаа нэр хүндийг унагааж байна.

МАН, МАХН нэгдэх ёстой гэдэг дээр ямар байр суурьтай байна?

МАХН-ынхан нэгдэх гээд ирвэл тэр л биз. Нэгдэхгүй гэвэл тэр л биз. Нэгдэх, нэгдэхгүй нь тухайн намын сонголт. Заавал МАХН-ын гишүүдийг манай намд нэгд гэж шахаж шаардаж болохгүй.

Намаас нам руу элсэж байгаа хүмүүсийг урвагч гэх үү, улс төрийн соёлгүй нэгэн гэж харах уу?

Хүний үзэл бодол яаж ч өөрчлөгдөж болно.

Гэхдээ улстөрч хүн тогтсон үзэл бодолтой, түүндээ тууштай байх ёстой байх. Нэг сургуулиас нөгөө сургууль руу шилжиж байгаа ахлах ангийн сурагч биш шүү дээ.

Нам гэдэг бол үзэл бодлын нэгдэл. Үзэл бодол нэгдэж нам байгууллаа. Нам байгуулж ажиллах явцдаа олон төрлийн мэдлэг, мэдээлэл олж авч, хүмүүстэй уулзсаны дүнд буруу бодолтой явж байснаа ухаарч ойлгож болно шүү дээ. Ингээд үзэл бодлоо өөрчилж болно.

Монгол Улс маш хурдтай хөгжих ёстой гэж үзвэл АН руу гүйж орж болно. Тиймээс нэг намаас нөгөө нам руу шилжиж байгааг буруутгах аргагүй. Харин зөвхөн албан тушаал олохын төлөө өөр намд элсэж байвал асуудал арай өөр л дөө. Үзэл бодлын шилжилт хөдөлгөөн бол зайлшгүй байх ёстой үзэгдэл.

Улстөрчдийг хариуцлагажуулах, ёс зүйтэй байлгах тал дээр МАН ямар бодлого барьж байна?

Улстөрчдийг ёс зүйтэй, чадвартай болгоё гэвэл бид багаас нь бэлдэх ёстой. Тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй болно.

Яг үнэндээ бол зах зээлийн нийгэмд шилжлээ гээд нэг, хоёр ч бүтэн үеийг бужигнуулаад хаячихлаа. Бид үндсэндээ ямар нэгэн үзэл бодолгүй болчихсон гэж хэлж болно. Тиймээс бодлого гэдэг зүйлийг дарга нар ч мэдэхгүй, ард түмэн ч мэдэхгүй байна. Бодлогогүй, мэдлэггүй хүн мөнгөний бараа үр ашиггүй зүйлд хөрөнгө зарцуулдаг.

Бид юу хийх ёстойгоо мэддэг, тийм хүнийг сонгож чадвал байдал арай өөр болно. Гэнэт нэг хүнийг мундаг гэж сонгочихоод дараа нь муулаад байж болохгүй.

Ард түмэнд сонголт байхгүй байгаа юм биш үү?

Хэзээд, ямар ч цаг үед сонголт байдаг. Байсаар ч ирсэн.

Нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг харахаар хүнийг нь таньдаггүй. Тиймээс намыг нь харж сонгодог. Зарим улс төр судлаачдын тухайд хүн биш нам, тогтолцоо чухал гэдэг. Таны хувьд?

Хэрэв тухайн нэр дэвшигчийг голж байгаа бол та өөрөө нэр дэвших хэрэгтэй шүү дээ. Өөрөө нэр дэвшихгүй байж нэр дэвшсэн, сонгогдсон хүнийг өөлж, гоочлох нь зохисгүй.

Нэр дэвшье гэсэн ч мөнгө байхгүй шүү дээ?

Мөнгөгүй байсан ч нэр дэвшиж, явган яваад сурталчилгаагаа хийж болно.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх үйл явцыг та хэрхэн харж байна? Нэр дэвшигчид тодроод удаагүй, сар гаруйхан хугацааны дараа хэн Монгол Улсын дараагийн ерөнхийлөгч болох нь тодорхой болно. Энэ цаг мөчид олон янзын үзэл бодлууд зэрэгцэн оршиж байна.

Ерөнхийлөгч бол шинийг санаачлагч, улс орны эдийн засгийг авардаг хүн биш л дээ. Ерөнхийлөгчийн хийх ажил тодорхой. Хамгийн түрүүнд улс орны эв нэгдлийг хангана гэж байгаа юм. Гэтэл Монгол Улсад эв нэгдэл байна уу?

Иргэн нь төрдөө итгэхээ больсон. Төр нь ард түмэнтэйгээ харьцаж чадахаа больсон. Энэ бол эв нэгдэлгүй байгаагийн нэг илрэл. Тэрнээс биш үндэстэн, ястан хоорондын мөргөлдөөн алга. Тиймээс Ерөнхийлөгч гэдэг хүн эв нэгдлийг хангагч юм бол тэр үүргээ л биелүүлэх ёстой.

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг толгойлдог. Энэ бол маш том эрх. Өөрөөр хэлбэл таны ууж буй ус, идэж байгаа хоол, сурч байгаа сургууль, амьсгалж байгаа агаарыг хамгаалах учиртай.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэж бодлогын том баримт бичиг бий. Тиймээс үндэсний аюулгүй байдлыг хангах шалгуур үзүүлэлтээр хэмжиж, хариуцлага алдсан этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой. 

Ярилцсан Г.Мөнхтуяа