Хамгийн залуу гишүүн Д.Гантулга улс төрч залуустай Германд айлчилна
2016.07.29

Хамгийн залуу гишүүн Д.Гантулга улс төрч залуустай Германд айлчилна

УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга ирэх есдүгээр сарын 8-17-ны хооронд улс төрч залуусын төлөөлөлтэй ХБНГУ-д айлчилна.

Айлчлалаар ХБНГУ-ын улс төрийн тогтолцоо болон үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлахаас гадна хоёр орны улс төрч залуусын харилцааг холбоог сайжруулах юм. Ингэснээр цаашдын хамтын ажиллагааны олон гарцыг нээх аж.

Мөн Европын холбоо, ХБНГУ-ын Бундестаг болон Бавари мужийн парламентын гишүүд, томоохон улс төрийн намын дэргэдэх сангууд, Монголын залуу улс төрчдийн төлөөллийг тусгайлан хүлээн авч уулзах аж.

Айлчлалд явуулах намуудын төлөөлөл нь намаа бүрэн төлөөлөх чадвартай, намдаа хоёроос дээш жил ажилласан байх аж. Бүртгэлийг Монгол-Германы гүүр ТББ дээр хүлээн авч байгаа юм.

Энэ сарын 8-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол-Германы залуу улс төрчдийн анхдугаар чуулган болсон. Улс төрийн соёлын харилцаан дахь олон асуудлыг чуулганаар хэлэлцэж, хоёр орны залуу улс төрчдийн хамтын ажиллагааг эхлүүлэх боломжийг нээсэн үр дүнтэй чуулган болжээ.

Сэтгүүлч, Р.Адъяасүрэн