400 мянган тн өвс, тэжээл авах хөрөнгийг шийднэ
2017.08.19

400 мянган тн өвс, тэжээл авах хөрөнгийг шийднэ

Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол өнгөрөгч зургадугаар сарын 28-нд гарч, энэ дагуу нарийвчилсан төлөвлөгөө хийж, отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоог тохирч гэрээ байгуулах, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, малын гоц халдварт, халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг хугацаа алдалгүй хэрэгжүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт даалгасан юм.

Засаг дарга нарын ярьж буйгаар өвөлжилтийн бэлтгэл аймаг бүрт харилцан адилгүй байна.

-Мал отроор намаржих, өвөлжих газруудтай харилцан зөвшилцөж, отор хийх гэрээ хэлцэл хийхэд тусламж үзүүлэх

-Хадлан бэлтгэх боломжтой аймгуудад хадлан бэлтгэх зөвшөөрөл авахад дэмжлэг үзүүлэх

Мал, мах бэлтгэх борлуулахад анхаарч, дотоодын махны үйлдвэрүүдтэй аймгуудаас мал, мах нийлүүлэх гэрээ хийх нөхцөл бүрдүүлэх зэрэг санал олон аймгаас гарсан.

ОХУ-аас өвс, тэжээл авах боломж байна. Төсвийн тодотголд суулгаж, 400 мянган тн өвс, тэжээл авах хөрөнгийг шийднэ гэдгийг Ерөнхий сайд Засаг дарга нарын асуултад хариулахдаа хэлсэн юм.

Энэ зуны саруудад нийт нутгаар гандуу байснаас үр тариа, улаан буудайн ургацын хэмжээ буурсан. Төмс, хүнсний ногоо, тэжээлийн таримлын ургац төлөвлөснөөс 20 орчим хувиар багасахаар мэдээлэл байна. Хадлангийн ургац оройтсон, ургац тааруу байна. Тиймээс техник, хүн хүчний боломжтой аймгууд Дорнод, Сүхбаатар зэрэг аймгийн нутгаас хадлан бэлтгэх саналууд гарч байгаа ажээ. “Ийм саналаа аймаг, сумууд манай яаманд ирүүлээрэй. Бид зуучилж, зохицуулж өгнө” гэж ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн хэллээ.