2017.11.27

Шүлхийн голомтод анхаарал хандуулахыг хүслээ

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Шүлхийн голомт болох Мандал суманд ажиллаж байгаа албан хаагчид хэрэглэх хувцас хэрэглэл явуулжээ. Тодруулбал, Мандал суманд шүлхий өвчин гарч, өнөөдрийн байдлаар 9 өрхийн шүлхийгээр өвчилсөн 53 үхрийг зориудаар устгаад байна.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын зүгээс  шүлхийн голомтод анхаарлаа хандуулж, тэнд ажиллаж, амьдарч байгаа айл өрхийн түлшний хэрэгцээнд зориулж 680 тонн нүүрсийг Зүүнхараа руу явуулсан байна. Энэхүү нүүрсийг түлшний хэрэглээ нэн шаардлагатай байгаа өрхөд тэгш хүртээмжтэй хүргэхийг Орон нутгийн Онцгой комисст даалгажээ. Түүнлчэн хорионд байгаа өрхөд өвсний туслалцааг хүргүүлэхээр ажиллаж байгаа аж.

Мөн тэрээр өнгөрсөн долоо хоногт ОБЕГ-т  хандан дэмжлэг хүсэх албан бичиг явуулж, шүлхийн голомтод анхаарал хандуулахыг сануулжээ.

Хүсэлтдээ: “Сэлэнгэ аймгийн Мандал суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч тус голомтод ажиллаж, амьдарч байгаа ард иргэд нилээд хүнд нөхцөлд байна. Хэдийгээр ХХААХҮЯ, орон нутгийн засаг захиргаа, гамшгаас хамгаалах штаб, онцгой байдлын алба хамтран ажиллаж шаардлагатай вакцин, бараа материалаар хангаж байгаа ч шүлхийн голомтод ажиллаж, амьдарч байгаа иргэдэд ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис хэрэгсэл, хоол хүнс, малд өвс тэжээл мөн л шаардлагатай байгаа тул хавсралтанд дурьдсан бараа материалын дэмжлэгийг нэн яаралтай үзүүлэхийг хүсч байна” гэжээ.