Н.Амарзаяа: Хэн нэгний эсвэл улс төрийн нөлөөллөөс болж төрийн бодлого шийдвэр зогсох ёсгүй
2018.01.17

Н.Амарзаяа: Хэн нэгний эсвэл улс төрийн нөлөөллөөс болж төрийн бодлого шийдвэр зогсох ёсгүй

УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Нийгмийн анхаарлыг хамгийн ихээр татаад буй асуудлаас яриагаа эхэлье. Энэ оноос гурван төрлийн татварыг нэмсэн. Үүнээс Хүн амын орлогын албан татварын нэмэгдэл илүү их олны эсэргүүцэлтэй тулгараад байна. Ер нь татвар нэмэх шаардлага байсан уу. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

Засгийн газар, УИХ, ОУВС-ийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрч байж хөтөлбөрт нь хамрагдсан. Хөтөлбөрт хамрагдсанаар манай улсын эдийн засагт тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлж байгаа. Тухайлбал, эдийн засаг сэргэж, валютын нөөц гурав дахин нэмэгдсэн. Мөн олон төсвийг нэгтгэж нэг төсөвтэй болж чадсан.

2016 онд эдийн засаг маш хүнд байсан. Харин өнөөдөр харьцангуй тогтворжоод тодорхой хэмжээгээр сэргээд ирлээ. Манай Засгийн газар ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан хэлэлцээрийн дагуу долоон төрлийн татварыг нэмсэн. Валютын сангийн хөтөлбөрт хамрагдах үед манай улсын эдийн засгийн гол нөхцлүүд хасах руу чиглэсэн, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрт хамрагдах боломж  хомс, “Чингис” бондын зээлийг эргэн төлөх хугацаа тулсан гэх мэт хүндрэлтэй асуудлуудтай тулгарсан байсан. Ингээд ОУВС-тай хийсэн эхний хэлэлцээрүүд хийгдэж тэндээс татвар нэмэх асуудлуудыг тавьсан учраас татвар нэмсэн. Өндөр хөгжилтэй орнуудад цалингийнхаа хэмжээнээс хамаараад татварын шатлалтай тогтолцоо хэрэгждэг юм байна лээ.

Манай иргэдийн хувьд хувь хүний орлогын албан татварын нэмэгдлийг эсэргүүцэж байгаа. Тийм учраас Ерөнхий сайд энэ сарын 20-нд ОУВС-ийнхантай уулзах уулзалтаараа 1.5 сая төгрөгийн цалингийн хэмжээг 2.5-3 сая болгож нэмэгдүүлэх талаар ярилцахаар болсон гэсэн. Хэрвээ дөрвөн шатлал бууруулчихвал иргэдэд боломж болох юм. Уурхайчид татварын нэмэгдлийг эсэргүүцэж удаа мэдэгдэл хийсэн.

Монгол Улсын нүүрсний экспортын 96 орчим хувийг хилийн хоёр боомтоор гаргаж байна. Уурхайчдын дийлэнх нь Өмнөговь аймагт ажиллаж байгаагийн хувьд би тэдний эрх ашгийг хамгаалж дуу хоолойгоо хүргэх ёстой.  

Мэдээж УИХ нэгдсэн байр суурьтай бодлого шийдвэрээ гаргана. Хамгийн гол нь эдийн засгийн бодит нөхцөл байдалдаа тулгуурлаад цаашид хөдлөхгүй, тогтвортой хууль эрхзүйн орчныг бүрдүүлж хэрэгжүүлэх нь зөв.  Уг нь Нийгмийн даатгалын сан ажил олгогчоос  11 хувь, ажилтнаас 10 хувь авдаг байсан. Тэгвэл 2018 оноос нэг хувиар нэмэгдэх тогтолцоотой болчихлоо шүү дээ.

-Мөн Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэхээр байгаа. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ? 

-Нийгмийн даатгалын сан ажил олгогчоос 11 хувь, тухайн ажилтнаас нь 10 хувь авдаг байсан. Тэгвэл энэ оноос нэг хувиар нэмэгдэхээр тогтолцоо үүсч байна. Татвар төлөгчдийн мөнгөнөөс нийгмийн даатгалын санд татаас хэлбэрээр өгдөг мөнгө байдаг.

Тэгэхээр сан өөрөө бие даах чадамжгүй байгаа юм. Тухайлбал, эрүүл мэндийн даатгал ЭМЯ-ны харъяанд бие даагаад гарчихлаа. Гэтэл Нийгмийн даатгал сандаа хуримтлагдсан сангийн хөрөнгөөрөө нийгмийн даатгал төлөгчдийнхөө эрх ашгийг хамгаалаад, тэтгэвэр тэтгэмжүүдээ олгоод явах ямарч боломжгүй байгаа юм.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН МӨНГӨӨР БАЙШИНГАА ЗАСВАРЛААД СУУЖ БАЙГАА ТОХИОЛДОЛ Ч БИЙ
- Энэ эрсдэл юунаас болж үүсээд байгаа юм.  Уг нь бид нийгмийн даатгалаа төлж буй тохиолдолд тэд чадамжтай байх ёстой биш үү?

- Угтаа бол бидний нийгмийн даатгалд төлсөн шимтгэл хуримтлагдах ёстой. Мөн нийгмийн даатгалын шимтгэл нь эргээд иргэндээ зарцуулагдаж байна уу гэвэл үгүй. 

Төсвийн гурваас дөрвөн данстай, төсвийн сахилга хариуцлага алдагдсан гэх мэд хүндрэлтэй асуудлууд дээрхэд нөлөөлж байгаа. Нийгмийн даатгалын мөнгөөр байшингаа засварлаад сууж байгаа тохиолдол ч бий. 

Ер нь нийгмийн даатгалын мөнгө шимтгэл, тэтгэвэр тэтгэмжиндээ зарцуулагдаад явсан бол үүнийг нэмэх шаардлагагүй байсан байх. Тэгэхээр яалт ч үгүй энэ бүхэн хүндрэлтэй хэмжээнд оччихсон, сан өөрөө өөрийгөө бие даах чадваргүй болсон явдал юм. 

-Нийгмийн хүлээлт бол Банкны тухай хуулиар зээлийн хүүг бууруулах.  Ийм  чадамж, боломж бий юу?

-Арилжааны банкны зээлийн хүүг хатуу барих нь өрөөсгөл. Шууд хоёр хувиас дээш хүүтэй байж болохгүй гэдэг зохицуулалтыг хийх нь хэр оновчтой вэ гэдгийг ярилцах ёстой. Тэгэхээр Арилжааны банкны тухай хуулийг өргөн хэмжээнд хэлэлцэж нилээн бодитой тооцоо судалгаанд үндэслэж байж хэлэлцэх ёстой гэж харж байгаа. Чуулган болон Эдийн засгийн байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэх үеэр банкуудын лоббинд орсон гэх асуудал яригддаг. Эрхзүйн орчныг нь сайжруулах гээд УИХ ажиллах түвшинд ийм зүйл байж болохгүй юм. Тиймээс ул суурьтай хандах ёстой. Төр зээлийн хүүг нь хатуу тогтоож арилжааны банкны үйл ажиллагаанд хэт орох нь буруу гэдэг байр суурьтай байдаг. 

ЦАХИМ ХЭРЭГЛЭЭ ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛД НӨЛӨӨЛӨХ НӨЛӨӨЛЛИЙН АСУУДЛЫГ ХӨНДӨЖ ЭРХЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ХИЙЖ ӨГӨХ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ХАРЖ БАЙНА

-Таны сонгогдсон Өмнөговь аймаг манай улсын уул уурхай, эдийн засгийн гол тулгуур бүс нутаг. Өнгөрсөн хугацаанд Гашуун-Сухайт боомттой холбоотой асуудлууд нилээн яригдаж байсан. Мөн нүүрс тээвэрлэлттэй холбоотой урд хөршийн харилцаа ахиж байна гэдэг асуудал хөндөгдөж байгаа. Нүүрс тээвэрлэлттэй холбоотойгоор үүсээд байгаа маргаанаар  тухайн бүс нутгийн иргэд таньд ямар байр суурь илэрхийлж байна вэ?

-Нүүрсний экспортын үнэ нэмэгдсэн нь эдийн засагт тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлж байгаа.  Өнгөрсөн хугацаанд төр засгийн тогтвортой бодлого, нэгдсэн байр суурьгүйгээс болоод Гашуун-Сухайт хилийн боомтоор нүүрс тээвэрлэх болон тухайн орчмын үйл ажиллагаа тодорхой бус байгаад байна.

 Хятад улс урт хугацааны маш тогтвортой төрийн бодлоготой учраас манай улсын нөхцөл байдалд гайхаж, эргэлзэж байгааг үгүйсгэхгүй. Хилийн боомтоо хаасан гэх мэдээлэл тарж байх жишээтэй. Энэ бүхэн юутай холбоотой вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Ер нь гадаадын улс оронтой гэрээ хэлцэл хийсэн хугацаандаа тогтвортой, залгамж чанартай төрийн бодлого авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. 

Энэ бүх зүйлийн илрэл нь тэнд хүнд даацын машин барьж буй жолооч нарт болон аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг компаниудад л бодит хохирол, эрсдэл үүсгэдэг. Тэгэхээр тууштай, тогтвортой бодлоготой байгаасай гэж би хүсч байна.

Мөн хэн нэгний эсвэл улс төрийн нөлөөллөөс  болж төрийн бодлого шийдвэр зогсонги байдалд ордог байдлыг болиулах ёстой юм. Ер нь дэмжсэн шиг дэмжиж, хамтарсан шиг хамтраад явах хэрэгтэй. Гадаад хэргийн сайд саяхан Хятад улсад айлчиллаа. Мэдээж төрийн бодлого шийдвэрийн хүрээнд бүх зүйлээ ярьж шийдсэн байх.  Ярьсан зүйлээ ажил хэрэг болгох чухал шүү дээ.

-Та “Сошиал орчинд амжилтыг бүтээнэ” номоо гаргасан. Энэ номынхоо үргэлжлэл болгож дэлгэцийн аюулаас хүүхдийг хамгаалах ажлыг эхлүүлсэн гэсэн. Ер нь интернет хэрэглээ хязгааргүй болчихсон өнөө үед хүүхдийн аюулгүй байдалд анхаарахад эмэгтэй гишүүнийхээ  хувьд  ямар бодолтой явдаг вэ. Хүүхдүүд чимээгүй дэлгэцэнд донтсоор байна шүү дээ?

-Монголын нийгмийн өнөөгийн нөхцөлд тулгамдаад буй асуудал бол яах аргагүй интернэтийн хэт их хэрэглээ, дэлгэцийн донтолт. 

Мэдээж зайлшгүй хэрэгцээ, шаардлага байгааг үгүйсгэхгүй. Иргэд сошиал орчноос бүх мэдээллээ авч чадаж байна. Гэхдээ энэ бүхнээс хүүхдээ хамгаалах ёстой. Нэн ялангуяа эцэг, эх, асран хамгаалагчдад нөхцөл байдлыг ойлгуулах шаардлага тулгараад байгаа.

Хүүхдээ уйлахаар утсаа өгөөд аргалчихдаг. Гэтэл энэ нь зөв хэрэглээ мөн үү. Цахим хэрэглээ хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх нөлөөллийн асуудлыг хөндөж эрхзүйн зохицуулалтыг хийж өгөх шаардлагатай гэж харж байна.  Миний хувьд сошиал орчинг амжилт бүтээхийн тулд л ашиглах хэрэгтэй гэдэг утгаар “Сошиал орчинд амжилтыг бүтээх нь”  номоо өнгөрсөн сард гаргасан. 

Өөрөөр хэлбэл богино хугацаанд дэлхийн мэдээллийг олж авч судалгаа шинжилгээндээ ашиглаж, өөрийгөө  хөгжүүлэх, бизнесээ хөгжүүлэхийн тулд сошиал орчинг ашиглах хэрэгтэй гэж үзсэн.

Тэр ном маань бизнесийн амжилтанд хэрэглэх танин мэдэхүйн онцлогтой хэрэглэгчдийн ном болсон. Харин одоо бид цахим орчин, компьютер, зурагт, ухаалаг утас зэрэг дэлгэцэнд донтож байгаа хэрэглээг хүүхдийн эрүүл мэнд, сэтгэц, сэтгэхүйтэй  нь холбож  эцэг, эхчүүдэд зохих ёсны мэдээллүүдийг түгээхийн тулд  дараагийнхаа ажил руу идэвхийлэн орсон байгаа. Үүнийг бид яаралтай хийх шаардлагатай.

Тухайлбал, хүүхэд нь утаснаас үүдэн сэтгэцийн асуудалтай болчихсон нэгэн ээж хаана хандахаа мэдэхгүй явж байх жишээтэй.  Сэтгэц эрүүл мэндийн төвд очиход дэлгэцийн донтолт хамгийн тулгамдсан асуудал болоод байна гэдгийг эмч нар нь хэлж байгаа юм. 

Тиймээс бид олон улсын байгууллага, Сэтгэцийн эрүүл мэндийн төв, ЭМШУИС, Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газар, Хүүхэд хөгжлийн газар зэрэг төр, олон нийтийн байгууллагуудтай хамтарч эрүүл мэнд, мэдээлэл технологийн чиглэлээр зохистой харилцаа хандлагыг бий болгохын тулд юу хийх ёстойг судалж байна.

-Энэ бол маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардсан ажил. Та шат дараатай ямар ажлуудыг хийе гэж төлөвлөж байна вэ?

- УИХ-ын зарим гишүүд цахим орчны хууль эрхзүйн бодлогыг боловсруулахаар ажиллаж байна. Харин би ном бүтээл, судалгаа шинжилгээний ажлууд хийнэ. Миний хийсэн энэхүү ажлууд эрхзүйн орчныг зөв зүйтэй болгоход хэрэглэгдэх байх.

Хэт их дэлгэцтэй харьцах харьцаа нь гэр бүлийн амьд харьцааг үгүй хийж байна.  Гэр бүлийн гишүүд бүгд утсаа бариад энд, тэнд суудаг болсон байна. Эцэг, эх нь унтсан хойгуур хүүхэд нь цахим орчноос юу үзэж, харж байгааг төсөөлөхөд ч бэрх. Энэ мэт маш ноцтой үр нөлөөтэй зүйлээс бид хүүхдээ хамгаалах ёстой.

Бидэнтэй олон ээж, аав мэдээ мэдээллээ солилцож байна. Нийгэмд болж байгаа сөрөг нөлөөллийг багасгах, эерэг үр дагаврыг нь дэмжихийн төлөө санаачлаад хийж явж буй зүйлүүд бий. Тухайлбал, Боловсролын яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баярсайхан “Цахим гадуурхал” гэж нилээн үр дүнтэй арга хэмжээ хийж байсан.  Яг л ийм зүйлийг бид төрийн бодлогын түвшинд цогцоор нь хэрэгжүүлэхийг л зорьж байна.  

Т.Хулан