Д.Содном:
Монгол улсад алсыг харсан хөгжлийн бодлого, төлөвлөгөө хэрэгтэй байна
Vip76.mn сайт, VipExpert сэтгүүлийн редакцаас “Монгол төрийн түшээ гэж ямар хүн байх ёстой вэ?” сэдвээр экспертүүдийн байр суурийг авч, цуврал ярилцлагыг хүргэж байгаа билээ. Энэ удаад Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содномтой өнөө цагийн төр, түүний түшээдийн нэн тэргүүнд анхаарал хандуулж, шийдэх ёстой асуудлын талаар ярилцлаа.
- “Төрий түшээ” гэдгийг бид хэрхэн ойлгох ёстой юм бэ?
Нийгэмд үйлчлэх үүрэгтэй, иргэдээс сонгогдож, томилогдсон түшээд нараас төр бүрэлддэг. Манай улсад сум, дүүрэг, баг, хорооноос эхлээд УИХ, Засгийн газар, Улсын Ерөнхийлөгчийн ажлын алба хүртэлх бүх шатны төрийн байгууллагад ажиллаж байгаа ажилтнууд Монгол төрийг бүрэлдүүлж байгаа юм.
Тиймээс төрийн бүх шатны албанд байгаа албан хаагч бүхэн төр нийгмийн хүндлэгдсэн зүтгэлтэн байх үүрэгтэй.
Тэд нар улс, нийгмийн ашиг сонирхлын төлөө шударга, бүтээмжтэй ажиллаж байх эсэхээс Монгол төрийн нэр хүнд, Монгол улс хөгжил хамаарна.
Тэгэхээр төрийн түшээ хүний тухай яриа бол төрийн бүх шатны байгууллагад байгаа ажилтан нэг бүрийн үүрэг хариуцлага, ухамсар, ёс суртахууны тухай яриа байх учиртай.
Харин эрх мэдэл, албан тушаал ахих тусам төрийн түшээ хүний үүрэг, хариуцлага өндөрждөг.
Тухайлбал, сум, багийн засаг дарга, албан хаагчид сум, багаа хэрхэн хөгжүүлж, иргэдийнхээ амьдралыг хэрхэн сайжруулж байгаа эсэхт тухайн сум багийн иргэд үнэлгээ өгнө.
Төрийн сайд болон албан хаагчид хариуцсан салбараа хэрхэн удирдаж, хөгжүүлж байгааг Монголын ард түмэн, цаашилбал Монгол Улсын төр засгийн талаар бусад улсууд үнэлгээ өгнө.
Ийм учраас би төр засгийн эрх барьж байгаа төрийн түшээ нөхдийн үүрэг, хариуцлага өндөр байх ёстой гэдгийг хэлдэг. Харин энд би төрийн түшээдийн ёс зүй, ухамсар, үүрэг хариуцлага гэх мэт асуудлыг хөндөхөөс илүү өнөөдөр тэд ямар асуудалд анхаарал төвлөрөх хэрэгтэй байна вэ гэдгийг яримаар байна.
-Тэгэхээр Та өнөө цагийн төр, түүний түшээд ямар асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй гэж харж байна вэ?
Би 61 жил хөдөлмөрлөсөн. Үүнээс 41 жилд нь төрийн байгууллагад, үүний дотор Сангийн яаманд 15 жил, Улсын Төлөвлөгөөний комисст 15 жил мөн Засгийн газарт 11 жил ажилласан. Монгол Улсын санхүү, эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого боловсруулах хэрэгжүүлэхэд оролцож байсан. Ийм учраас Монгол улсын эдийн засаг, нийгмийг алсыг харсан бодлого төлөвлөгөөгөөр хөгжүүлж байх саналыг холбогдох төрийн түшээд нарт байнга хэлдэг.
1990 оноос хойш 28 жилд манай улсад хөгжлийн бодлого төлөвлөгөө байсангүй.
Үүнээс болж тогтвортой хөгжсөнгүй. Одоо цаашид хэрхэн хөгжих ирээдүй ч тодорхой биш байна.
Тийм учраас манай улсын төрийн дээд түвшний түшээд болох Засгийн газрын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч нарт Монгол Улсыг хөгжүүлэх 10, 20,30 жилийн ирээдүйг харсан тодорхой бодлого төлөвлөгөөтэй болгох ажлыг л санаачлан хэрэгжүүлээсэй.
Хөрш хоёр том гүрний удирдлагууд ойр алсын ирээдүйд улсынхаа хөгжлийг ямар түвшин хүргэх, түүнд ямар арга замаар хүрэхийг, нийгмийн тулгамдсан асуудлыг хэзээ яаж шийдэхийг тодорхой төлөвлөн, хэрэгжүүлж байна. Үүнээс суралцах нь манай төрийн түшээд нарын үүрэг баймаар...
-Төрд итгэх иргэдийн итгэл их буурсаар байна. Хөгжлийн бодлого төлөвлөлтгүйгээс байгаа нь үүнд нөлөөлж байна гэж харж болох нь ээ. Хамгийн түрүүнд ямар асуудлыг төлөвлөх хэрэгтэй байна вэ?
-Улс нийгмийн өмнө тулгамдсан асуудлуудыг хэзээ хэрхэн шийдэхийг төлөвлөхгүй байгаагаас төрийн дээд түвшний түшээд ажлаа чанартай хийхгүй, үүргээ ухамсарлахгүй байна гэсэн зэмлэл хүртээд байна гэж хэлж болно.
Хамгийн түрүүнд, ядуурлыг бууруулах, ядуу иргэдгүй болох асуудлыг ямар хугацаанд шийдэх юм? Монгол улсыг өрийн дарамтаас хэзээ гаргах вэ? эдгээр асуудлыг шийдэхэд шаардагдах эдийн засаг санхүүгийн нөөцийг ямар төсөл арга хэмжээгээр хэрхэн бүрдүүлэх юм бэ? гэсэн асуудлаар тодорхой тооцоотой, төлөвлөгөөтэй болгох ёстой.
Хөгжилд шийдвэрлэх ач холбогдолтой төсөл, арга хэмжээг боловсруулаад, түүнийгээ ард иргэддээ ойлгуулж, тэднийхээ дэмжлэгт түшиж хэрэгжүүлсэн нөхцөлд л улсаа хөгжүүлж чадна.
Үүний тулд хөгжлийн бодлого, төвлөгөө боловсруулах бүтцийг бий болгох шаардлагатай. Мөн эдийн засгийг солонгоруулах тухай яриаг тодорхой ажил болгох нь энэ үеийн төрийн түшээд нарын шийдэх чухал ажил.
-Та хөгжлийн бодлого төлөвлөлттэй болохын тулд бүтэц бий болгох хэрэгтэй гэлээ. Үүнийгээ тодруулаач?
-Хөгжлийн бодлого төлөвлөгөөтэй болгохын тулд юуны түрүүнд Засгийн газрын бүтцэд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан яамыг эдийн засгийн хүрээлэнтэйгээр бий болгох хэрэгтэй юм.
Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч буюу Шадар сайд толгойлсон хөгжлийн бодлого төлөвлөлтийн яам ажиллуулах нөхцөлд салбар хариуцсан яамдын бодлого төлөвлөгөө оновчтой бөгөөд уялдаатай болно.
Мөн эдийн засгийн гадаад харилцаанд, гадаадын хөрөнгө оруулагч нартай хийх гэрээнд Монгол улсын ашиг сонирхолыг зохистой тусгаж байх асуудлыг хариуцаж тогтвортой ажиллах нэгж Засгийн газрын бүтцэд байх нь чухал. Энэ үүргийг дурьдсан яаманд хариуцуулах нь зүйтэй.
-Төр, Засгийн тогтворгүй байдал нь олон үр дагаврыг авчирч байна. Энэ талаар төрийн түшээд ямар асуудлыг шийдэх ёстой гэж Та харж байна?
Төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулах асуудлыг нэн тэргүүнд шийдэх шаардлагатай байгаа. Төрийн албаны мэдлэг, туршлагатай, шударга, бүтээлч албан хаагчдыг маргаашдаа итгэлтэй, тогтвортой ажиллуулдаг байвал төрийн бодлогыг ухаалаг бөгөөд тогтвортой болгох юм.
Яамны бодлого гэж байх ёстой, сайдын бодлого гэж байх ёсгүй гэсэн үг л дээ.
Энэ үзэл бодлын үүднээс яамдын албан хаагчдыг шилж сонгон томилдог, онц ач холбогдолтой тодорхой асуудлыг хариуцуулж, тогтвортой ажиллуулдаг болох шаардлагатай байгаа юм.
Засаг төр болон түүний бодлого тогтвортой байх нь тогтвортой хөгжлийн чухал нөхцөл.
Энэ асуудлыг шийдэхийн тулд төр засгийн болон улс төрийн намуудын удирдлагууд “Улс төрийн намын тухай хууль”-д өөрчлөлт оруулах замаар улс төрийн намуудад тавих шаардлагыг өндөржүүлэх зайлшгүй шаардлагатай.
Тухайлбал, Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх богино, урт хугацааны бодлого төлөвлөгөөг боловсруулсан буюу тийм бодлого төлөвлөгөөг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэхийг зорилго болгосон, мөн засаг төрийн эрх барих эрх авсан тохиолдолд хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж чадвар мэдлэг бүхий боловсон хүчний нөөц бүрдүүлсэн улс төрийн намд сонгуульд оролцохыг зөвшөөрдөг хатуу журам тогтоох шаардлагатай.
Энэ бол төр засгийн өндөр түвшний түшээ нарын хариуцан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай ажил.
- Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулагдаж байгаа. Та Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах саналтай байдаг вэ?
Монгол улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад зайлшгүй анхаарах ёстой асуудал бол “Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байх” гэсэн суурь заалтыг амьдралд хэрэгжүүлэх явдал юм. Улсыг хөгжүүлэх бодлого төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх чадвар эсвэл сонирхолгүй, боловсон хүчний нөөц бүрдүүлдэггүй улс төрийн намын мэдэлд засаг төрийн эрхийг өгч байгаа ноцтой алдааг засах ёстой.
Энэ асуудлыг цаг алдахгүй шийдэх ганц зохистой арга зам бол төрийн одоогийн тогтолцоог өөрчлөх, тухайлбал парламентийг дээд доод хоёр танхимтай болгох, Иргэдийг Дээд танхимын гишүүдэд нэр дэвшүүлэх болон сонгох эрхтэй болгох, Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын ажлыг хариуцуулах явдал гэж би харж байгаа.
-Та эдийн засгийг солонгоруулах талаар ярилцлаа. Энэ талаар Та бодит саналууд хэлээч.
Юуны өмнө мах боловсруулах үйлдвэрийг бүх сумдад, эхний ээлжинд гурван сумын дунд байгуулахад хөрөнгө оруулах хэрэгтэй. Жилд бойжуулж байгаа төлийн тоотой тэнцэх малыг нядалж махыг боловсруулах үйлдвэрүүд барьвал жилд экспортолж байгаа махыг 200 мянган тоннд хүргэж валютын орлогыг 400-600 сая доллараар нэмэгдүүлэх боломж бий.
Энэ нь малын тоог нэмэгдүүлэхгүй, бэлчээрийг талхлагдлаас хамгаалах, малчдын орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг орон нутагт нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Мөн жилд 20 сая ширхэг малын арьс ширийг боловсруулах үйлдвэрүүд барих замаар экспортыг эрс нэмэгдүүлэх бололцоо байгааг ашиглах хэрэгтэй байна.
Мөн Нефть боловсруулах үйлдвэрийн асуудал яригдаж байна. Монголд олборлож байгаа нефтийг эсвэл импортоор түүхий нефть авч, боловсруулах гэсэн хоёр хувилбараар ТЭЗҮ боловсруулах нь зүйтэй.
Энэ асуудлаар төр засгийн удирдах нөхдөд би саналаа бичиж өгсөн байгаа.
Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтад БНХАУ-ын компанийг оролцуулах нь зүйтэй санагддаг. Нүүрс импортлогч улсын компанийг хөрөнгө оруулж оролцохыг зөвшөөрөх явдал нүүрсний борлуулалт, тээвэрлэлт, үр ашиг, тогтвортой үйл ажиллагаа зэрэг олон талын асуудлыг шийдэхэд ач холбогдолтой байхыг бодолцох хэрэгтэй.
Оюутолгой төслийн хэрэгжүүлэлтээс Монголын талд орлого орж байх ёстой, ордоо ашиглуулаад өрөнд орж байх ёсгүй гэсэн үзэл бодлын үүднээс хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах талаар төр засгийн өндөр дээд түвшний түшээд нар ажиллах шаардлага байгаа. Иргэд энэ талаар шаардлага тавьж байгааг анхаарахгүй байх аргагүй