З.Батбаяр:

Яг үнэндээ Хөшигтийн хөндийн зам хурдны зам биш


8 минут уншина
Ярилцсан Ц.Соёлмаа:
З.Батбаяр: Яг үнэндээ Хөшигтийн хөндийн зам хурдны зам биш

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн үзэл бодол, эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ. 

Энэ удаад бид Зам тээврийн хөгжлийн яам,  Монголын авто замчдын холбоотой хамтран Авто замын тухай хуулийн хэрэгжилт, ач холбогдлын” талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Энэ талаар “Заабар” ХХК-ны захирал З.Батбаяртай ярилцлаа

Салбарынхны дунд удаан хүлээлттэй байсан Авто замын тухай хууль шинэчлэгдэж батлагдан, хэрэгжиж байна. Энэ хуулийн  давуу тал, ач холбогдолыг та хэлээч?  

Авто замын тухай хууль 1998 оноос  хойш бараг 20 жил хэрэгжсэн ч, цаг үеийн шаардлагаар шинэчилсэн. Удаан хугацаанд хүлээгдэж байгаад батлагдсан хууль.  Хуулиас өмнө барилгын салбар, замын салбарын зарим ажил ялгарахгүй төвөгтэй асуудал гардаг байсан. Би 20 гаруй жил хувийн хэвшилд, замын салбарт ажиллаж байгаа хүн.

Бие даасан хуультай болсон нь давуу тал гэж харж байгаа.

Тухайлбал, Зөвлөх үйлчилгээний талаарх зохицуулалт орсон. Замыг барьж байхад хяналтыг төр өөрөө хариуцдаг байсан бол сүүлийн үед хувийн хэвшлүүд зөвлөх үйлчилгээтэй болсон. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч компани замаа барьж харин зөвлөх компани замын чанар, баталгааг хариуцаж бариулж байна гэсэн юм.

ОУ-д инженерүүдийн нийгэмлэгийн FIDIC-ийн олон улсы гэрээг хэрэглэж байгаа. Манай замын салбар ч мөн Азийн банк, Дэлхийн банкны тусламжаар олон замын замын төслүүд хэрэгжиж ирсэн учраас FIDIC-ийн гэрээнд эрт нэгдэн орсон. Нэг үгээр төрийн өмнөөс хувийн хэвшил ажил хариуцаад явж байна гэсэн үг. Үүнийг шинэ хуулинд хуульчлаад оруулж өгсөн нь ач холбогдолтой болсон.

Бас тусгай зөвшөөрлийг аль яам нь хариуцах нь тодорхойгүй асуудал гардаг байсан бол шинэ хуулиар салбарын яам нь хариуцахаар заасан. Хуучин Зам тээвэр, Барилгын яам хоёрын ажил нэг нийлээд, нэг салаад байдаг байсан. Жишээ нь инженерүүд цол авахын тулд Барилгын яаман дээр очоод сургалтанд сууна. Барилгын тухай сонсож, сонсож, цол авдаг байлаа.

Сүүлдээ Батлан хамгаалахын яам зөвлөх инженерийн цол олгодог болчихсон байсан, ингэж болохгүй шүү дээ.  Харин одоо төрийн захиргааны зам хариуцсан байгууллага энэ цолыг олгодог болно гэж хуулинд  зааж өгсөн. Барилгын зураг төслийн магадлан итгэмжлэлийг Барилгын яам баталгаажуулдаг байсан, одоо салбарын яам хариуцдаг болж байна.. Энэ мэтчилэн бие даасан хууль батлагдсанаар олон зүйл тодорхой болсонд 
Хууль 2017.07.01-ээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжих үйл явцыг яаж харж байна?

Хууль гарахаар дагалдах журам гардаг . Одоохондоо гараагүй байна. Гэхдээ ЗТХЯ-ны сайд Ж.Бат-Эрдэнэ энэ САЛБАРТ байсан ХҮН, тийм учраас удахгүй ЖУРАМ гараад явах байхаа гэсэн итгэл, хүлээлттэй байна.

Зам дээр чанарын асуудал маш их яригддаг. Хууль гарснаар чанар сайжирна гэсэн хүлээлт байгаа?

Чанар байнга яригддаг. Хуулинд ЧАНАРЫН баталгаат засварын хугацааг 3 ЖИЛ  гэж заасан. Би зам барилаа гэхэд миний барьцаа хөрөнгө тэнд байна. Өөрийн буруугаас гаргасан алдаагаа би засах л ёстой. Энэ өмнө нь байж л байсан.

Гэхдээ шинэ хуулинд  гүйцэтгэгч болон зөвлөх үйлчилгээ хийж, хариуцаж байсан компани давхар хариуцлага хүлээхээр болсон.

Тэгэхээр замын чанарт анхаарах нь тодорхой. Өмнө нь бол  яамнаас нэг, хоёр мэргэжилтэн томилдог, тэр нь ажлын талбар дээрээ байхаасаа байхгүй нь их байдаг байсан. Харин одоо хувийн компани, хөрөнгө, нэр хүндээрээ баталгаа гаргаад хариуцлага хүлээж байгаа. Ийм учраас чанартай зам бариулахаар сайн хянаж, зааж зөвлөх хэрэгтэй болж байгаа юм. Угаасаа олон улсын жишиг ийм байгаа.

Туршлагатай инженерүүд, зураг сайн байж, дараагийн ажил сайн явна гэдэг. Та 20 гаруй жил хувийн хэвшлийг төлөөлж зам дээр ажиллаж байна. Энэ салбарын боловсон хүчний чадвар ямар байна?

Боловсон хүчний хувьд хангалттай чадваржиж байгаа. Яагаад гэхээр манай салбарт гадны зээл тусламж эрт орж ирсэн. Монгол инженерүүд маш их ажилласан, тийм учраас туршлагажсан. Ялангуяа зөвлөх компаниуд хяналт тавьдаг тал дээрээ сайжирсан. Гэхдээ заримдаа зураг төслийн алдаа гардаг. Нэг чиглэлийн замд гурван өөр хучилт сонгосон, уялдаагүй зүйлүүд гарч байсан. Гэхдээ зураг төслийн алдаа гэхээс илүү, зам дээр хөрөнгө, мөнгө хангалтгүй төсөвлөгддөгтэй холбоотой.

Жишээ нь Жилд тухайн 1 замын ажилд зориулан тодорхой мөнгө төсөвлөгдөнө. Тэгээд нэг компаниар 100 км замын зураг хийлгэлээ. Дараа нь 5-6 жилийн дараа өөр компани дараагийн 200 км замыг барих жишээтэй. Тэгээд хуучин зургаа шинэчлэх гэхээр мөнгө байхгүй.Ингээд хуучин зургаараа зам  барьдаг. Энэ бас чанаргүй зам барихад нөлөөлж байгаа нэг хүчин зүйл. Гэхдээ ИНЖЕНЕРҮҮДИЙН мэдлэг, ТУРШЛАГАГҮЙГЭЭС болж зургийн айхтар том АЛДАА гардаггүй.

Жил бүр л замын төсөв хүрэхгүй байна гэсэн хэл ам гардаг. Энэ асуудлыг шийдэх арга зам байна уу?

Баруун аймгийн иргэн хатуу хучилттай замаар, тав тухтай зорчих ёстой юу? Ёстой.  Төр ингэж үйлчлэх ёстой юу? ёстой. Гэхдээ хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэхчээр хангалттай мөнгө зам дээр төсөвлөгдөхгүй байна. Бага багаар энэ  төсөв нэмэгдэж  байна.

Ний нуугүй хэлэхэд яг стандарт нормоо барьсан төсөв улсын төсөвт сууж чадахгүй байна.

Үе, үеийн сайд нарын толгойны өвчин, замчид шаардаад УИХ-аар танагдаад гарч байгаа төсөв нь тэр шүү дээ. Улс орны эдийн засаг өөрчлөгдөж байна. Найдвар байгаа л гэж харж байна

Иргэдийн дунд зам дээр ажиллах их ашигтай. Өргөн, зузаанаас нь тодорхой хэмжээгээр танаад ажиллахад алдана гэж байхгүй, ашигтай ажилладаг гэсэн яриа байдаг. Энэ талаар?

Хоёр нийгмийн шилжилтийн үед, хяналт сулраад ганц, нэг ийм зам тавигдсан юм шиг байгаа юм.  

Тэгээд муу нэрийг хусавч арилахгүй гэдэг дээ.Тэр нэр өнөөдрийг хүртэл яваад байна гэж хардаг. Одоо бол өргөн, зузаанаас “иднэ” гэдэг хэцүү дээ. Зам хүлээж авах журам байгаа. Комиссын гишүүдээс өмнө, Газар техник ашиглалтын төвшин тогтоох баг  ирж шалгадаг. Жишээ нь 20 км замын хучилт гэдэг чинь 160,000 метр/кв талбай. Үүнээс дурын 500 метр тутамд хаач хамаагүй цоолдог, тэгээд дутуу гарлаа бол өнгөрөө. Одоо үед дутах битгий хэл замын компаниуд  дандаа замаа илүү тавьж байгаа.

Хэдий ийм боловч тодорхой хэмжээгээр чанаргүй зам гарч байна. Үүнийг би талбай дээр ажиллаж байгаа инженерүүдийн ёс зүйтэй холбоотой гэж хэлнэ. Миний хувьд хэзээ ч  7 см хий ёстой ажлыг 5 см хийгээрэй гэж хэлэхгүй. Яагаад гэхээр хүлээлгэж өгч чадахгүйгээ мэдэж байгаа юм чинь хэн ч тэгж хэлэхгүй. Манай зам хариуцаж байгаа зарим хүмүүс залхуурдаг юм уу, хайхрамжгүй байдал үүсгэж байгаагаас ийм асуудал гаргадаг. Дараагийн асуудал норм, дүрмээ яг мөрдөж ажиллах ёстой. Замын технологи маш нарийн. Үүнийг баримтлаагүйгээс чанаргүй зам тавигдана.

Шинэ хуулинд замыг арчлах, хариуцах эзэнтэй болгох талаар тодорхой заалт орсон.  Замын арчилгаа сайжирна гэж салбарын мэргэжилтнүүд ярьж байсан. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

Хуучин социализмын үед зам барьдаг байсан аймгуудын нэгтгэл төрийн өмчид хэвээрээ байгаа. 21 аймгийн дийлэнхэд нь байгаа. Өмнөговь, Дундговь гэсэн хэдхэн аймгуудад хувийн хэвшлийн компаниуд зам засаж байгаа. Төсвөөс тогтоосон мөнгийг энэ компаниудад хувааж өгөөд замаа засах ёстой. АЗЗА буюу  Авто зам засвар арчлалт гэж ярьдаг. Дээх нь үед үүнийг мэргэжлийн хүмүүс удирддаг, зам засвараа сайн хийгээд явдаг байсан.

Сүүлийн үед анзаарагдаад байгаа нэг юм бол тухайн орон нутагт мэргэжлийн бус төрийн нэг эрх мэдэлтэн нь үүнийг удирдаад алдаа гарч байна гэж анзаарагдаж байгаа. Мэргэжлийн инженергүй зам тавьж байгаа асуудал ч байна. Замын инженергүй АЗЗА-ын компаниуд байна шүү дээ. Ийм компаниуд яаж тэр замыг арчлах вэ?.

Миний хувьд энэ АЗЗА-ын ажлыг хувьчилбал яасан юм бэ? гэсэн бодол байдаг.

Зарим хүмүүс хувийн компанид өгчихөөр ашигтай зам руугаа яваад төрийн ажлаа хаячихвал яах вэ? гэж ярьдаг. Үгүй шүү дээ. Төр өөрөө тэр компани тусгай зөвшөөрлийг гаргаж, шалгаруулж байна. Сайн ажиллаж байвал ажил өгөөд, муу ажил хийгээд байвал нэг ч ажил өгөхгүй байж болно ш дээ.

Замын ажилд улсаас бага мөнгө төсөвлөгддөг гэж ярьж байна. Ийм нөхцөлд АЗЗА-нд  хувийн компаниуд орох уу?

Замын ажилд төсөв нь хүрэлцэхгүй байгаа нь үнэн. Гэхдээ мэргэжлийн хүн зөв зохион байгуулалтай хийж чадвал, ядаж замаа арчлаад хэдэн хүн ажилтай байх боломжтой харагдаад байдаг юм. Хувийн хэвшлийн 8 ААН одоо хүртэл ажиллаад болж байна. Төрийн нэртэй байгууллага улсаас баахан юм нэхэж байхаар, хувийн компаниудад Авто замын  засвар арчлалтын ажлыг өгчихвөл болмоор л харагддаг.

Замын тэмдэг, тэмдэглэгээ авто тээврийн аюулгүй байдалд ихээхэн нөлөөлдөг. Хөдөө орон нутгийн замд тэмдэг, тэмдэглэгээ стандартын дагуу тавигдаж чаддаг уу?

Тэмдэг тэмдэглэгээг замын зураг хийхдээ тухайн зам тавих орон нутгийнхаа Замын Цагдаагийн байгууллагатай замын аль хэсгүүдэд тэмдэг тэмдэглэгээ тавих шаардлагатай талаар зөвлөлдөж байж оруулдаг. Гүйцэтгэгч компани зургийн дагуу  норм, стандартын шаардлага хангасан тэмдэг, тэмдэглэгээг тавьдаг. Дараа нь тухайн замыг ашиглалтанд хүлээж авахдаа улсын комисс шалгаж хүлээж авна. Манай улсын замын тэмдэг тэмдэглэгээ сайн, хангалттай гэж боддог.

Харин жолооч нар маань ухамсартай,хариуцлагатай, өөрийгөө болон бусдыг хайрлах ёс зүйтэй байх хэрэгтэй. Жолооч нарын хариуцлагагүй байдлаас болж дийлэнх осол аваар гардаг. Одоо Хөшигтийн хөндийд хурдны замтай болчихлоо гээд л байдаг.

Яг үнэндээ Хөшигтийн хөндийн зам тусгаарлах 4 эгнээтэй болохоос хурдны зам биш.

Одоохондоо манайд хурдны замын хууль байхгүй. Хотод 60 км/ц, хөдөө орон нутгийн зам дээр 80 км/ц-ийн хуртай явна гэсэн  заалт байгаа. Олон улсад хурдны зам дээр 120 км/ц аас доош хурдтай явдаггүй, хурдны дээд хязгаарыг зааж өгсөн байдаг. Бас зогсож болохгүй. Манайд хурдны замтай болох арай болоогүй байна.

Нийслэл хотод хэд хэдэн гүүрэн зам баригдахаар болчихлоо. 2012 онд танай компани зүүн 4 замын гүүрэн зам барих төслийг аваад, ажлаа эхэлж байсан. Юунаас болоод энэ  ажил зогсчихсон бэ?

Төрийн залгамж халаа, төлөвлөгдсөн ажил ёс горимоороо явж чаддаггүй энэ асуудал хөгжлийг хойш нь татаж байна.

Манай компани 2012 онд зүүн 4 замын гүүрэн зам барихаар ажлаа эхэлчихсэн байлаа. Хятадын компанитай хамтарч ажиллаж байсан.

Өөрсдөө мөнгөө гаргаад шугам сүлжээнийхээ ажлыг гүйцэтгээд жил болоод Засаг төр солигдоод, энэ ажил зогсчихсон. Одоо төрөөс 6 тэрбум төгрөгний авлагатай байна. Энэ ажил тэр чигээрээ явсан бол Бөхийн өргөөнөөс офицер чиглэлийн зам, зүүн 4 зам дээгүүр гүүрэн замаар шийдэгдэх байсан.

Газар доогуур 4 талд нь нүхэн гарцтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохирсон зориулалтын замтай, ОУ-ын стандартын дагуу баригдах ийм сайн төсөл байсан.

2012 онд бас Замын цагдаагийн урд баригдана гэж байгаа гүүрэн гарц Хятад улсын хөнгөлөлттэй зээлээр баригдахаар компани нь шалгараад гэрээ хийгдсэн байсан. Одоо газар чөлөөлнө гээд улсаас их мөнгө гарч байна. 

Нийслэл хотын 2020 он хүртэлх Ерөнхий төлөвлөгөө гэж баталсан байдаг. Энэ ажил удирдлага солигдсон, солигдоогүй үргэлжилж байх ёстой. Харамсалтай нь өнөөдөр ингэж чадахгүй байна. Энэ асуудал зөвхөн зам дээр биш бүх салбарт харагддаг. Манай хот өдөр ирэх бүр өргөжиж байна.

Гүүрэн зам барих зайлшгүй хэрэгтэй. Төмөр замтай болон, том том уулзвар дээр гүүрэн зам барих шаардлагатай. Ер нь хариуцлагын тал дээр зам гэлтгүй бүх салбарт хариуцлага хүлээх хүнгүй болчихсон байна. Үүнээс болж хүний ёс зүй алдагдаж, улс хөгжихгүй байна даа.

Ярилцанд баярлалаа