Д.Бямбасүрэн:
Үндсэн хуулийн энэ өөрчлөлт бол “Жоомтой бантан”
Монгол Улсын 16 дахь Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа.
Тэрээр 1990 оны ардчилсан сонгуулийн дараа 09 дүгээр сарын 10-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газрын сүүлчийн Ерөнхий сайдаар томилогдсон. Монгол орон социализмаас зах зээлийн эдийн засагт шилжих хамгийн эгзэгтэй хүнд нөхцөлд тэрээр олон намын "Эвслийн засгийн газар"-г эмхлэн толгойлж байв. Тэр өөрөө болон түүний хэлэх үг Монголын ардчилал, төр нийгмийн жинхэнэ гэрч юм.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, Засаглалын тогтолцоо хийгээд УИХ-ын үйл ажиллагааны талаар түүнтэй ярилцсанаа хүргэе.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чухал ажлыг энэ удаагийн парламент хийж эхэлсэн. Нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэр болсон гэж та хэлэх вэ?
- Бид сүүлийн 5 жил буюу 2015 оноос эхлээд л Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай ярьж байна. Ардчилсан нам төр барьж байх үед анхны төслийг өргөн барьж байсан. 2016 он болж, шинэ парламент байгуулагдаад МАН олонхи болж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөө өргөн барьсан. Миний хувьд УИХ Үндсэн хуульд хандаж байгаа хандлага нь их харамсалтай санагдаж байна. Монголчууд 1992 онд Үндсэн хуульдаа нийгмийнхээ замналыг тодорхойлохдоо “Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг зорьно” гэж тодорхойлсон. 27 жилийн дараа одоо байгаа байдлаа харахаар олигархи бүлэглэлийн засаглалтай, төрийн эрхийг мөнгөтэй хүмүүс нь эзэлж авсан зэрлэг капитализмын загварлуу бид орсон. Үүнд одоо мөрдөж байгаа Үндсэн хуульд намуудын эрх, үүргийг хэт дөвийлгөж, тавигдах шаардлагыг сулруулсантай холбоотой.
Нөгөө талдаа хяналтгүй парламентыг төрийн эрх барих дээд байгууллага гэж тодорхойлсон нь дээрх байдалд хүргэх гол шалтгаан болсон. Тиймээс өнөөдөр олигархи бүлэглэлийн засаглалтай энэ тогтолцоог өөрчлөхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой байсан. Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зохиогчид төрийн эрх мэдлийн хувиарлалтыг тэнцвэржүүлнэ гэж лоозон тавиад 5 жил бужигнасны дараа үүнийгээ ч хийж чадсан юмгүй өнгөрлөө. Тиймээс би сэтгэл их дундуур байна.
Монголын өнөөгийн нийгэмд баялгийн хувиарлалт шударга бус, тэгш бус байгаа. Баялгийн хувиарлалтыг тэгш, шударга болгохын тулд байгалийн өв баялаг, эрдэс түүхий эд, нийт баялгийг ард түмэндээ хүртээмжтэй байх зарчмаар Үндсэн хуульдаа заалт нэмэлт болгон оруулах байх гэсэн хүлээлт байсан. Гэсэн ч энэ ойлголтыг “нийтийн өмч” гэх үгээр ойлгомжгүй томъёолол оруулж Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг хязгаарлалаа. Дахиад л Монголын баялаг цөөн хэдэн хүний гарт орж үрэгдэх байдал нүүрлэлээ.
Мөн сүүлийн жилүүдэд Засгийн газар ойр ойрхон солигддог. Дунджаар нэг Засгийн газар 1,8 жил ажилладаг болсон. Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тогтвортой Засгийн газартай байх ямар ч алхам хийж чадсангүй. Засгийн газар дахиад л баталгаагүй байдалтай үлдэж байна.
Өнөөдөр бид төрийн тогтолцооныхоо талаар ойлгомжгүй байдал, өөрсдөө ч мэдэхгүй ойлголтын тухай яриад байна. Ерөнхийлөгчийн засаглал уу, Парламентын засаглалтай юу гэдэг асуулт гардаг. Гэтэл бид сонгодог парламентын засаглалтай орон болно гэж яриад байна. Тэгвэл энэ сонгодог парламентын засаглал гэж юу вэ? Ийм засаглалтай ямар орон дэлхийд байна вэ? гээд үзэхээр АНУ-ыг хэлж байна уу? Тэр чинь огт өөр засаглалтай. Анхны ардчилсан тогтолцооны суурийг тавьсан Францын 1789 оны хувьсгалаас үүдэлтэй тэр тогтолцоог хэлж байна уу? Франц огт өөр тогтолцоотой. ХБНГУ ч огт өөр тогтолцоотой. Жишээ нь Канцлерыг ерөнхийлөгч нь Бундестагт нэг удаа санал болгон оруулаад гишүүдийн 75%-ийн саналаар хүлээж авахгүй бол дараагийн хүнээ ерөнхийлөгч санал болгон оруулаад 51%-ийн саналаар хүлээж авахгүй бол Бундестаг тардаг хуультай. Япон улс ч ялгаагүй парламенттай хэдий ч дотроо 2 танхимтай. Эзэн хаан нь Ерөнхий сайдаа огцруулах саналыг парламентад тавибал шалтгааныг тайлбарлахгүй байж болно гэсэн Үндсэн хуулийн заалттай. Төр нь толгойтой, тэргүүнтэй юм. Гэтэл манайх 5 жилийн хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлтөө ярихдаа Ерөнхийлөгчийн байр суурийг сулруулаад байна. Үүний цаана олон нийтийн тархийг угааж, сэтгэлийг мэхлэх гэсэн улс төр явж байна гэж ойлгогдож байгаа юм.
Бид Ерөнхий сайдаа бизнесийн бүлэглэлүүдийн хуйвалдаанаар олон жил томилж ирлээ. Энэ нь Засгийн газрын тогтворгүй байдлыг бий болгосон үндэс. Тэр байтугай Ерөнхий сайдаа гадны компанийн захиалгаар томилж үзлээ. Харин одоо Ерөнхийлөгчийн суудлаа наймаалах гээд байгаа юм уу гэсэн ойлголт төрдөг юм. Иймэрхүү байдлын дунд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болж өнгөрлөө.
Харин ахицтай хэд хэдэн өөрчлөлт байна. Хот тосгодын асуудлыг нилээд тодруулж өглөө. Энэ бол Монголчуудын амьдралд зайлшгүй хийх ёстой өөрчлөлт юм. 1992 оны Үндсэн хуулийг батлахдаа зөвхөн Улаанбаатар гэсэн хоттой байна гэж оруулсан. Хот гэдэг бол байна, байхгүй гэхээс үл хамааран нийгэмдээ хот суурин болоод явж байгааг бид хуулиараа хүлээн зөвшөөрөх л ёстой.
Шүүх засаглалтай холбоотой өөрчлөлт орох нь зайлшгүй юм. Гэхдээ шүүхийг ард түмэн сонгодог, шударга байхын зэрэгцээ хариуцлагын хороо гэдэг зүйл нэмээд оруулчихлаа. Гэтэл тэр нь хэний гарт байх нь ойлгомжгүй. Ингээд найдваргүй л тогтолцоо болж байх жишээтэй.
Хамгийн гол асуудал бол намуудаар дамжсан 76 хүнтэй, нэг танхимтай парламент байж болохгүй байна гэдгийг бид харлаа шүү дээ. Гэсэн ч энэ удаагийн өөрчлөлтөөр дээрх бүтэц рүүгээ халдаж чадсангүй.
Үндсэн хууль бол нийгмийн амьдралын зохион байгуулалтын гол тулгуур
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмнээсээ асуух нь зүйтэй гэж парламент шийдлээ. Ард нийтийн санал асуулгаас сайн үр дүн гарах болов уу?
- Үндсэн хууль бол нийгмийн амьдралын зохион байгуулалтын гол тулгуур. Үүн дээр бусад хуулиуд гарч, зохион байгуулалт бий болдог. Төр нийгмийн хооронд байгуулсан гэрээ гэж ойлгож болно. Тиймээс Үндсэн хуулийн томоохон өөрчлөтийг иргэдээсээ асуухгүйгээр шийдэж болохгүй. Манайд “Бүх нийтийн санал асуулгын тухай хууль” батлагдаад 20 орчим жил болоход нэг ч удаа хэрэглэж үзээгүй юм. Гэтэл Швейцарь улс 2400 еврогийн тэтгэмж иргэддээ өгөх нь зөв үү гэдэг дээр хүртэл санал асуулга явуулж байх жишээтэй. Ер нь иргэдээсээ асуух нь зөв. Ард нийтийн санал асуулга хийхгүй гэвэл бизнесийн бүлэглэлийн эрх ашигт ороход дөхөм л болох байх.
Ард нийтийн санал асуулга явуулахтай зэрэгцээд одоогийн УИХ тарах тухай асуудлыг улс төрчид яриад эхэллээ. Энэ нь нийгэмдээ хэр хор хөнөөлтэй вэ?
- Ард нийтийн санал асуулга явуулахдаа хуулиараа нэг зүйлийг л асууна. Үндсэн хуулийн өөрчлөлт биш засаглалын тогтолцооны талаар асуух гэж байгаа бол их болгоомжтой хандах хэрэгтэй. Манайхан Ерөнхийлөгчийн засаглал, сонгодог парламентын гэсэн 2 л тогтолцоо байдаг юм яриад ард түмний тархийг угаагаад байна. Тэд өнөөдөр Сонгодог парламентын тогтолцоо гэж юугаа хэлээд байгаагаа ч мэдэхгүй. Тэр нь дэлхий дээр аль ч улсад байхгүй байх жишээтэй. Парламентын засаглалтай хэрнээ Ерөнхийлөгч нь хүчтэй улс байж л байна. Ингэлээ гээд тэр улсыг ерөнхийлөгчийн засаглалтай гэж хэлж болохгүй. Франц, ОХУ, БНХАУ, БНСУ ч тийм л байдаг.
Энэ удаагийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг та дэмжихгүй байгаа юм байна, тийм үү?
- Одоогийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг би “жоомтой бантан” гэж үзэж байгаа. Иднэ үү, байна уу өөрсдөө л мэд. Дахиад 30 жил Монголчуудын зам мөр нь төөрнө. Гэхдээ Монголчууд эрүүл ухаантай ард түмэн учраас энэ өөрчлөлтийг хүлээж авахгүй байх гэж би итгэж байна.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээрээ хүлээж авахгүй бол ямар үр дүн гарах вэ?
- Шинэ бүтцээр дахин Үндсэн хуулийн төслийг боловсруулна.
Ер нь бол энэ удаагийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт их сонин явж ирлээ. Монголчууд бүх ард түмнээсээ сонгодог төрийн тэргүүнтэй. Гэтэл төрийн тэргүүнээсээ гадна хэдэн хүн Үндсэн хуулийг барьж аваад үнэн худал олон түмнээс санал авч байна гээд, зөвлөлдөх уулзалт гэж ямар ч мэдээлэлгүй хүмүүсийг хот, хөдөөгөөс цуглуулаад өөрсдийн санаа бодлоо тулгачихаад түүнийгээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл гээд байгаа юм. Энэ бол үндсэндээ Монгол төрийн задралыг гүнзгийрүүлж, төрийн эргэлт хийх гэсэн санаатай анх эхэлсэн зүйл. Энэ нь явсаар өнөөдрийн өөрчлөлтөөр дуусгавар болж байна. Ололттой тал нь Монголчууд төрийн эргэлт хийх боломжийг олгоогүй юм.
Монгол төрийн хямралын голомт бол Улсын Их Хурал
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг УИХ-аар хийгдэх үед хэн нь илүү эрх мэдэлтэй байх вэ гэсэн эрх мэдлийн тэмцэл тод харагдаж байлаа. Энэ зөв үү?
- Өнөөдөр парламент бүх асуудлыг шийдэж байна. Үндсэн хуулиараа төрийн эрх барих дээд байгууллага гээд заагаад өгчихсөн байдаг. Ганцхан Ерөнхийлөгчийг л сонгодоггүй. Бусад бүх асуудалд шийдвэр гаргах эрх мэдэлтэй. Одоо тэдэнд юу дутаад байгаа юм. Гэтэл парламентын 76 гишүүнээс 50 гаруй нь элдэв хэрэг төвөгт орооцолдсон. Нэр цолоо дуудуулсан. Одоо нэмж хэдэн луйварчин байх хэрэгтэй юм бэ? Парламент өөрийгөө харж чадахгүй байна л даа. Үндсэндээ Монгол төрийн хямралын голомт бол Улсын Их Хурал. УИХ-ын гишүүд сайд болж үзэхийн төлөө Засгийн газраа огцруулдаг. УИХ-д орсон улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн Засгийн эрх мэдлийг авахын төлөө Засгийн газраа унагаадаг. Энэ бол нууц биш. Монгол төрийн арчаагүй, тогтворгүй байдлын гол үндэс бол 76 хүнтэй, нэг танхимтай Их хурал. Энэ бол хямралын үүсгэвэр, голомт.
Энэ УИХ тангарагаасаа няцсан
Энэ их хурал ажиллаж чадахгүй байна, тарах ёстой гэж сүүлийн өдрүүдэд их ярьж байна. Одоогийн энэ УИХ тараад ямар үр дүнд хүрэх вэ?
- Одоогийн УИХ-ын 50 гаруй хүн нь ЖДҮХС-аас зээл авсан, 60 тэрбум гэх мэтчилэн хэрэгт нэр холбогдсон. Тэгэхээр энэ УИХ тангарагаасаа няцсан болно. Тангараг өргөхдөө Монголын хууль дүрмийг сахин биелүүлж, эх орныхоо төлөө зүтгэнэ гэж төрийн сүлдэндээ тангараг өргөсөн. Тэд баримттай хэрэгт холбогдож, хууль дүрмийг зөрчсөн учраас тангарагаасаа няцсан болох нь тогтоогдчихлоо. Энэ хүмүүс Монголын төрд цаашдаа байж болохгүй. Нэг ч өдөр байж болохгүй. Гэрт нь хулгайч ороод ирвэл, би завгүй байна, гэрийг маань манаад сууж бай гэж хэлэхгүйтэй л адилхан. Тийм учраас Улсын Их Хурал тарах ёстой. Тэгээд шинэ парламент байгуулж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөө шинээр зөв харж, зөв үндсэн дээр боловсруулах ёстой.
УИХ чадамжгүй болж, төрийн хүчийг сулруулж байгаа юм бол Ерөнхийлөгчийн засаглалтай болох хувилбарыг ч зарим хүмүүс дэмжих хандлагатай байна. Энэ зөв хувилбар мөн үү?
- Ерөнхийлөгч бол Монгол Улсын төрийн тэргүүн гэж Үндсэн хуульдаа тодорхойлсон. Бид 5 ерөнхийлөгчийн нүүр үзээд байна. Ингэхдээ төрийн тэргүүн, төрийн толгой шиг ерөнхийлөгчтэй ч байж үзлээ, төрийн малгай шиг байдаг ерөнхийлөгчтэй ч байж үзлээ. Төрийн толгой шиг гэдэг нь төрөө мэддэг, бодлогоо зангидаж, тэргүүлж чаддаг хүн. Харин малгай гэж байгаа нь гадаадаас олон зочин хүлээн аваад л гэрээ хэлцэл хийгээд, шагнал гардуулаад сууж байдаг ч хүн байсан. Жишээлбэл Францын төрийн тэргүүн төрийн бодлого, үйл ажиллагааг уялдуулах чухал үүрэгтэй байдаг. Харин манайд тэгэж чадахгүй байна. Өнөөдөр Мөнгөний бодлого нь л гэхэд УИХ нь нэг бодлоготой, Засгийн газар нь нэг бодлоготой, Монголбанк нь нэг бодлоготой, үндсэндээ мөнгөний нэгдсэн бодлогогүй болсноор валютын ханш өсөөд, төгрөгийн ханш суларсаар, эдийн засаг хүнд байдалд орчихоод байна. Энэ юуг харуулж байна гэхээр институциудын бодлогыг зангидаж, уялдуулж чадаагүй гэдгийг илтгэж байна.
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид эрх мэдэл дутаагүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ гэж улс үндэстнийхээ эрх ашгийн асуудлыг шийддэг том институци гарт нь байна. Бүх ард түмнээсээ сонгогддог. Энэ үүднээсээ ард түмэндээ хандаад асуудал тавих боломж их байна. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Энэ нь онцгой нөхцөлд хэрэгжидэг.
Монгол төрийн тэргүүн бол Чингис хааны суудалд суусан хүн
Ер нь Монгол төрийн тэргүүн өөрөө энэ албыг хэрхэн харж байгаагаас л шалтгаална. Монгол төрийн тэргүүн гэдэг бол Чингис хааны суудалд суусан хүн шүү дээ. Энэ хүн Чингис хааны нүдээр л төр, нийгмээ харж ажиллах ёстой. Гэхдээ дураараа аашилж болохгүй. Энэ хүн наймаа хийж, хээл хахууль авч, бизнесийн бүлэглэлд орж болохгүй гэсэн хатуу шаардлагатай. Ерөнхийлөгч хүчтэй байна гэдэг нь Ерөнхийлөгчийн үзэл хүчтэй байхыг хэлнэ.
Монгол Улсын анхны ерөнхийлөгчийн үед Монгол Улс нийгмийн байгуулалтаа солиж байх чухал үед бид ямар замаар яаж явахаа сонгож байсан бол одоо өөр болсон. Тухайн үед П.Очирбат Ерөнхийлөгч 1992 оны Үндсэн хуулиа боловсруулах ажлыг өөрөө гардан авч яваад батлуулсан. Бид Б.Чимидийн Үндсэн хууль гэж яриад байдаг. Үндсэндээ бол П.Очирбатын Үндсэн хууль юм л даа. Тухайн үедээ тэрээр түүхэн үүргээ гүйцэтгэсэн.
Монголын нөхцөлд бол олигархи бүлэглэлийн, өөрөөр хэлбэл мафи бүлэглэл ч гэж хэлж болохоор засаглалтай, зэрлэг капиталист тогтолцоог өөрчлөх үү үгүй юу гэдэг бол одоогийн Ерөнхийлөгчийн санаа тавих гол зүйл юм. Гэтэл Ерөнхийлөгч үүнийг ойлгож чадаж байна уу үгүй юу гэдэг эргэлзээтэй. Нэг сул тал нь манай одоогийн Ерөнхийлөгч олигархи хүн. Хэнд ч нууц биш зүйл. Тиймээс олигархиудын талаар ярихаар таг дуугүй болоод суудаг нь тохиолдлын зүйл биш.
Өнгөрөгч жилүүдийн улс төр иргэдийн хувьд өндөр хүлээлтийг бий болгож, шинэ Засгийн газар, шийдвэртэй тэмцэгч гишүүдийн үйлдэл нийгэм, улс төрд байгаа бугшисан идээ бээрийг шахаад цэвэрлэх нь, сайн сайхан болох нь гэж найдаж байсан. Харамсалтай нь тийм ч хурдан өөрчлөлтийг харж чадахгүй байна. Бид мэхлэгдсэн мэт мэдрэмжтэй амьдраад байгаа нь юуных вэ?
- Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ жилийн мэндчилгээндээ “...эрс шинэчлэлийн жил болно” гэж хэлсэн. Монголчууд итгэж хүлээн авсан. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлт дээр Ерөнхийлөгчийн баримталсан байр суурь бол дээрх хэлсэн үгийн түвшинд байж чадаагүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг харахад Монгол төрийн тэргүүн нь Монгол орноо, Монголын нийгмээ олигархи бүлэглэлийн засаглалтай, зэрлэг капиталист тогтолцооноос салгах түүхэн үүргээ гүйцэтгэж чадаагүй. Үүнийг хийх боломжоо бараг алдлаа гэж хэлж болно. Магадгүй ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн өөрчлөлт нь буцаад, Ерөнхийлөгч өөрөө Үндсэн хуулийг шинэчлэх асуудлыг толгойлж юу хийхийг бүү мэд. Харин одоогийн хүрээнд бол Ерөнхийлөгч боломжоо алдсан. Ингэхээр төрийн толгой биш малгай болж үлдсэн. Нөгөө талдаа Монголын нийгэмд сэтгэл гонсойлгож байгаа зүйл бол 60 тэрбумын хэрэг, ЖДҮХС-ийн зээл, Оюутолгой, Гадаадад суугаа дипломатуудын хар тамхины хэрэг, Шүүгчдийн асуудал гэх мэт олон асуудлууд байна.
Улс орон зөвхөн эдийн засгийн тусгаар тогтнолоо алдаад зогсоогүй улс төрийн тусгаар тогтнолоо алдаж байна
УИХ энэ удаагийн ээлжит бус чуулганаа Оюутолгойн асуудлаар эхэлсэн юм. Гэтэл Оюутолгойн далд эзэд нэг зандархад л хамаг ухаан мэдрэлээ алдаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг барьж аваад хэлэлцэж дуусгалгүй, ээлжит бус чуулганаа ч хаагаагүй ээлжит чуулгандаа шилжихээр болж байна. Энэ бол Монгол төрийн эмгэнэл. Улс орон зөвхөн эдийн засгийн тусгаар тогтнолоо алдаад зогсоогүй улс төрийн тусгаар тогтнолоо алдаж байгаагийн шинж нь энэ. Өвчин удах тусмаа ужгирдаг гэдгийг санах хэрэгтэй.
Төрийн дээр нам гарсанаас энэ бүх гажуудал, завхрал үүссэн гэж үзэж болно. Төрийн төлөө биш намынхаа үүрэг даалгавараар ажиллах нь төрийн түшээдийн үүрэг болчихсон юм биш үү?
- Намууд гэдгийг зөв ойлгох ёстой. Аль ч намд жирийн гишүүд гэж бий. Тэд үнэхээр улс орон, ард түмэн, эх орны эрх ашгийн төлөө хөгжил дэвшлийг хүсэж байдаг. Гагцхүү толгой дээр нь мордож, олигархиудын урхинд орсон эрх баригчид нь төрийг наймаалцаад байна. Намууд нь эдгээр нөхдийг цэвэрлээд, харин өөрийн хүсэл зоригоор, шалгуурт нийцсэн хүмүүсийг гаргаад ирэх юм бол Монголчуудад боломж бий.