Үйл явдал4 мин унших
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.01.22) хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын гурван гишүүнээс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хийв. Улсын Их Хурлын даргын 2020 оны 01 дүгээр тоот захирамжийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Л.Болд, Д.Мурат, Н.Амарзаяа, Ц.Цогзолмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр Ажлын хэсгийг байгуулсан.
Тус Ажлын хэсэгт Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний аудитын газар, Харилцаа, холбооны зохицуулах хорооноос төлөөлөл орж ажиллажээ. Ажлын хэсгээс хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 94, төслийн үг хэллэг, нэр томьёо, дугаарлалтыг жигдэлсэн 5 багц найруулгын санал бэлтгэсэн гэж байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, М.Энхболд нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс сонгуулийн сурталчилгааны хугацааг багасгахыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ сонгуульд нэр дэвшигч төрийн албанаас чөлөөлөгдөх хугацаа, хандивын талаар илүүтэй лавлаж, ухуулагчийн тоог багасгах талаар байр сууриа илэрхийлсэн.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хариултдаа, Хуулийн төсөлд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн ээлжит сонгуулийн жилийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна гэж тусгасныг 08 дугаар сарын 01-ээс гэж өөрчлөхөөр болсон. Мөн хуулийн төсөлд сонгуулийн сурталчилгааны хугацаа 22 хоног байсныг 15 хоног болгосон гэж байлаа.

Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлд “3.1.8.“цахим хуудас” гэж бүх төрлийн контентийг интернетийн домэйн нэр болон цахим орчин дахь олон нийтийн сүлжээг ашиглан хэрэглэгчид хүргэдэг программ хангамжийг; 3.1.9.“ял эдэлж байгаа” гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялыг эдэлж дуусаагүй, эсхүл торгох ялыг биелүүлээгүй байхыг.” гэсэн агуулгатай заалт, мөн төслийн 7 дугаар зүйлд “7.6.Сонгогч саналаа нууцаар гаргах ба хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа өгөх боломжоор хангагдсан байна.” гэсэн агуулгатай хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
