Хойд солонгос хятадын замаар замнана
2012.01.24

Хойд солонгос хятадын замаар замнана


  • Солонгостой яриа хэлэлцээ эхлэхийн тулд улс төрийн бодлогыг солих хэрэгтэй гэж үзэж байгаа аж.
  • Энэ бол Пхеньянтай харилцаагаа сэргээж, яриа хэлэлцээрийг идэвхжүүлэх сайхан боломж юм” гэсэн байна.
  • Сөүлийн мэдээлсэн нь тэднийг хэлэлцээний ширээний ард суухаас татгалзахад хүргэж байгаа юм.

Ким Чен Ирийг нас барснаас хойш анх удаа өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зориулан Хойд Солонгосын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга Ян Хен Соп ярилцлага өгсөн байна. Тэрээр Хойд Солонгосын шинэ удирдагч Ким Чен Ун улс төрийн шинэчлэл явуулах  боломжийг судлан үзэж байгаа тухай мэдэгджээ. Хойд Солонгосын нөлөө бүхий өндөр албан тушаалтны хувьд Ян Хен Сопын энэхүү мэдэгдэлд дэлхий нийт ихээхэн ач холбогдол өгч анхаарлаа хандуулж байгаа аж. Ян Хен Сопын хэлснээс харахад, Хойд Солонгосын шинэ тэргүүн тус улсад мэдлэгт түшиглэсэн эдийн засгийг хөгжүүлэхээр зорьж байгаа аж.

Ингэхдээ  Хойд Солонгос гадаадын туршлагыг авч хэрэгжүүлэхийг илүүд үзэж байгаа бөгөөд тэр дундаа  Хятадын туршлагыг судлан үзэж, эдийн засгийн томоохон шинэчлэлүүдийг хийх төлөвтэй байгаа юм байна. Ким Чен Ир өнгөрсөн онд БНХАУ-д айлчлах үеэр Хятад улс Хойд Солонгосыг эдийн  засгийн зоримог өөрчлөлтүүдийг хийхийг ятгаж байсан юм. Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий  сайд Вэнь Зябаогийн тэр үеийн мэдэгдэлд, “Хятадын одоогийн хөгжлийн төвшинг харахад ч тэр  манай улсын туршлагыг өөрийн орондоо хэрэгжүүлэх нь Хойд Солонгосын талд ашигтай байх  болно” гэж байжээ.

Харин Хойд Солонгосын удирдагч эдийн засгийн хүнд хэцүүг даван туулахын тулд Хятадын дэмжлэг туслалцааг үргэлжлүүлэн авахаар тооцоолж байгаагаа ийнхүү баталлаа. ОХУ-ын  шинжээч Лузянины үзэж байгаагаар “Цаг нь ирэхээр Бээжин Хойд Солонгосыг цөмийн  хөтөлбөрөөсөө татгалзах асуудлыг тавьж, оронд нь дэглэмээ хадгалж үлдэх боломж олгож,  эдийн засгийн хувьд туслалцаа үзүүлэх санал тавина.

Тиймээс Хойд Солонгос Хятадын замыг сонгоно. Хятад улс ч мөн өөрсдөдөө ашигтай арга замыг аль хэдийнэ тооцоолсон байгаа” гэжээ. Гэхдээ энэ бол ирээдүйд хийх зүйл. Харин одоо Ким Чен Уныг улсын удирдагчаар баталж, улс орны эдийн засгийн хүнд үед хамгийн гол нь эмх  замбараагүй байдал гарахаас сэргийлэх ёстой юм. Саяхан БНХАУ-ын Ардын их сургуулийн  захирал Зинь Цаньжун “Ойрын хугацаанд БНХАУ Хойд Солонгосын байдлыг өөрчлөхийн тулд чадах бүхнээ хийнэ” гэжээ. Тэрээр цааш нь “Үүний тулд Хойд Солонгосыг зах зээл рүү чиглүүлж, солонгосчуудыг мөнгөнд дуртай болгох хэрэгтэй юм. Энэ нь тус улсад тогтвортой байдлыг бий болгоно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Ямартай ч Хойд Солонгос Хятадын замыг сонгох нь тодорхой боллоо. Харин Хойд Солонгост Дэн Сяопины “Баяжицгаа!” уриа хэзээ тунхаглахыг одоогоор хэн ч хэлж мэдэхгүй юм. Харин АНУ-ын Батлан хамгаалахын сайд Леон Панетта Хойд Солонгосын шинэ удирдагчийг “нялх  хүүхэд” гэж нэрлэсэн тухай Хонконгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Өмнөд Солонгосын эх сурвалжуудаас иш татан уламжилжээ. Солонгосын хойгийн өөрчлөлтүүд Вашингтоны бодлогод ямар ч утгаараа нөлөөлөхгүй гэж тэрээр мэдэгджээ. Ингэхээ, АНУ урьдын адил Хойд  Солонгостой яриа хэлэлцээ эхлэхийн тулд улс төрийн бодлогыг солих хэрэгтэй гэж үзэж байгаа  аж.

Түүнчлэн, өмнө нь Вашингтон, Сөүл, Токио Пхеньянтай хэлэлцээрийн ширээний ард суухаар зөвшөөрцгөөж байсан бол харин одоо “Чхонан” цэргийн онгоцыг живүүлсэн болон Енпён арлыг тойрсон цэргийн сөргөлдөөний хариуцлагыг хүлээж, уучлал гуйсны дараа хэлэлцэнэ хэмээн  мэдэгдсэн байна. Оросын шинжээч Александр Воронцов “Хойд Солонгосын дээд удирдлага  солигдож, Ким Чен Ун засгийн эрхэнд ирсэн нь Пхеньяны түншүүдэд шинэ боломжуудыг нээж  байгаа юм. Юуны өмнө, АНУ, Өмнөд Солонгос, Япон улсуудын хувьд залуу удирдагчтай  харилцааны шинэ үе шатыг шинэ хуудаснаас эхлэх нь гол байгаа.

Энэ бол Пхеньянтай харилцаагаа сэргээж, яриа хэлэлцээрийг идэвхжүүлэх сайхан боломж юм” гэсэн байна. Харин Ким Чен Ирийн оршуулгын ажиллагаанд оролцоогүй юм уу, эсвэл сэтгэл  хөдлөлгүй, хангалтгүй гашуудсан хүмүүсийг хуарангуудад цөлж байгаа тухай Сөүлийн  мэдээлсэн нь тэднийг хэлэлцээний ширээний ард суухаас татгалзахад хүргэж байгаа юм. Учир нь өдөөн хатгасан чанартай сурталчилгааны хуудсуудыг цэргийн бүсэд тарааж байгааг Пхеньянтай дайн зарлаж буйтай адил үзэж байна хэмээн өнгөрсөн баасан гаригт “ВВС” агентлаг мэдээлсэн юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.