Х.Баттулга: Ардчилагчид амсхийж тайвшрах яагаа ч үгүй байна
Ардчилсан хувьсгалын 20, Монголын Ардчилсан холбооны 21 жилийн ойн баярын хуралд Монголын Ардчилсан холбооны дарга Х.Баттулгын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Журмын нөхдөө, монголын ардчилагчид аа!
Та бүхнийг “ардчилагчид” хэмээн онцгойлон дуудахын учир нь өнөөдөр “ардчилал”, “ардчилагч” хэмээх хаягийг дуртай бүхэн нь зүүж, тэр ч бүү хэл ардчиллын төлөөх тэмцлийг боомилон саатуулж, гажуудуулан завхруулж байсан улс төрийн хүчнүүд ч зоргоороо хэрэглэхийг хичээх болжээ. Тэд эдгээр ариун үгсийг өөрсөддөө хаяглахдаа дуу нь сулран, тайлбар зүүлт дагалдуулж байдаг. “Ардчиллыг хэн нэгэн, хэсэг хүмүүс өмчлөх ёсгүй” гэх мэтээр . . .
Харин би хэнээс ч ичиж, эмээхгүйгээр нүүр бардам та бүхнийг “монголын ардчилагчид” гэж дуудаж чадна. Та бүхэн бол энэ улсад ардчиллын салхийг сэвэлзүүлж, өөрчлөлтийг эхлүүлэгчид, ардчиллыг дангааршин өмчилдөггүй, нийт ард түмэнтэйгээ тэгш эзэмшдэг яс махны ардчилагчид. Та нар “монголын ардчилагчид” гэж бахархалтайгаар дуудуулах гэгээн үйлстнүүд, энэ цагийн баатрууд.
Хорин нэгэн жил өнгөрч байгаа нь их хугацаа, бас нөгөө талдаа бага хугацаа. Монголын ард түмний туулж өнгөрүүлсэн сүүлийн хорин нэгэн жилийн түүхэнд өмнөх түүхүүд шиг гуйвуулга, завхруулга, худал түүх хавчуулахгүйгээр бодит түүхээ бичиж явахын тулд бид үнэнийг байнга дурсч, тэмдэглэж явах учиртай. Бидний түүх бол үнэн түүх. Ардчиллын түүх бол ил тод түүх. Бүхний нүдэн дээр өрнөж буй амьд түүхээ. Тийм болохоор та бүхнийг ардчилагчид хэмээн дуудахыг минь үгүйсгэх хүн гарахгүй байх гэдэгт итгэлтэй байна.
Тийм болохоор бид жил бүр энэ өдрийг чин сэтгэлээсээ, баяр бахдалтайгаар угтаж, эрх чөлөөг авчрагчиддаа талархлаа дэвшүүлдэг юм аа.
Ерэн оноос өмнөх аймшигт нийгмийг мэдэхгүй, төсөөлөхгүй өсөж байгаа шинэ үе маань энэ өдрийн утга учрыг мэдддэг, ойлгодог байх ёстой. Монгол улс өнө үүрд эрх чөлөө, тусгаар тогтнолоор амьсгалж байсан юм шиг бодож яваа балчирхан үрсийн минь тархийг үзэл суртлаар бөмбөгдөж, урьдын адил түүхийг өөрсөддөө тохируулан гуйвуулж, үзэл сурталжуулахыг хичээж байгаа улс төрийн хүчин толгойгоо өндийлгөж байгааг мартаж болохгүй. Бид ахин гуйвуулсан түүхээр хойч үеэ хүмүүжүүлэхийг тэвчиж болохгүй ээ.
Үүнийг би хорин нэгдэх жилтэйгээ золгож буй Ардчиллын баярын өдөр болон Хүний эрхийн өдөр зориуд цохон тэмдэглэе гэж бодсон юм. Хүн үнэнийг мэдэх ёстой гэдэг бол та бүхний мэдүүлэхийг зорьж, хэрэгжүүлэхээр тэмцэж ирсэн “Хүний эрхийн түгээмэл тунхаглалын” амин сүнс билээ. Хорин нэгэн жилийн өмнө өвлийн хүйтэнд уур савсуулан цуглахдаа монголын ардчилагчдын хэлж, уриалсан гол зүйл бол энэ. Он жилүүд өнгөрлөө гээд ч хуучирч, хойш тавьж болохгүй зорилт бол энэ ээ.
Монголчууд ардчиллын ачаар бүх үнэнийг мэдэж дадсан. Үнэнтэй харьцаж, үнэнийг тунгааж, үнэнийг ашиглаж сурч байна. Бидэнд хөгжих асар их ирээдүй бий гэдэг үнэнийг, монгол хүн бүр чинээлэг амьдрах бололцоо бий гэдэг үнэнийг, энэ боломжийг үе дамжсан хүнд сурталтнууд завшиж байгаа гэдэг үнэнийг мэдэж байгаа.
Мэдэх нэг хэрэг, хийх нь өөр хэрэг. Ард түмнээс нууж асан аймшигт үнэнүүдийг илчлэхдээ, худал хуурмагийн хэрмийг зад татахдаа та бүхний итгэж, найдаж байсан зүйл бол үнэнийг мэдчихээр өөрчлөхөөс аргагүйд хүрнэ гэдэг байсан.
Гэвч амьдрал дээр өөрчлөлт бидний төсөөллөөс илүү удаан, дэндүү удаан явагдаж байна. Хуучинсаг хүчин нийгмийн удирдлагаас амь бөхтэйгээр зуурч, өөрчлөлтийн явцыг чадах чинээгээрээ саатуулж, цаг хожиж байна. Тэд оршин байх хугацаагаа уртасгах арга чаргыг биднээс илүү идэвхтэйгээр эрэлхийлж чадаж байна. Харин бид олон зүйлийг хийж амжаагүй, чадаагүй явна. Өнөө хүртэл хийж амжаагүй зүйл бол ардчилалыг эдийн засгийн ололтоор батжуулж, бэхжүүлж чадаагүй явдал. Жирийн хүнд “улс орны дотоод нийт бүтээгдэхүүн төд өдөн хувиар тэгэж ингэж өслөө” гэдэг албаны хуурай мэдээлэл хүртээмжгүй хэвээр байна. Хэрвээ монголын эдийн засаг өсөж байгаа бол тэр нь жирийн иргэдийн орлогод шууд тусгалаа олох ёстой. Гэвч өнөөдрийн байдлаар ийм дүр зураг харагдахгүй байна. Төрийн албанд шигдэгсэд, ард түмний өмч, баялгийг захиран зарцуулагсдын амьдралд бол үсрэнгүй өөрчлөлт гарч байгааг иргэд жигшин харж байна. Нийгэмд ийм шудрага бус хандлага байгааг тэвчиж чадахгүй улс төрийн цор ганц тууштай хүчний хувьд хувьд дорвитой ажиллах ёстой. Хий хоосон улс төржих бус бодитой ажил, бүтээн байгуулалтыг өрнүүлэх ёстой.
2008 оны УИХ-ын сонгуульд орохдоо Ардчилсан намаас тунхагласан “Ардчилсан хувьсгалын хоёр дахь шатыг үйлдвэржүүлэлт болгох” уриалга хэрэгжиж, хэлбэржих шатандаа орлоо. Үйлдвэржилийн ач холбогдлыг дээр дооргүй ойгодог болж, түүхий эдийн экспортоор голоо зогоохыг “арчаагүй явдал” хэмээн үздэг болсон байна. Сайншандын Хүнд үйлдвэрийн цогцолбор, Шинэ төмөр зам зэрэг аварга төслүүдийг Төрийн бодлого, хөтөлбөр болгож чадсан маань Ардчиллыг эдийн засгийн ололтоор баталгаажуулах чухал тулгуур болох учиртай.
Иргэн бүр ажилтай, орлоготой болж, нийгэмд хангалттай хуримтлал, өсөлт бий болсон цагт л байгаль хамгаалал, нийгмийн халамжийн талаар авч явуулах арга хэмжээнүүд маань бодитой үр дүнтэй болно. Орлогогүй, өлсгөлөн хүнийг байгалиа хайрлахыг уриалах, ажилгүй ядуу иргэдээс шударга ёс нэхэх нь зөөлөн хэлэхэд гэнэн цайлган оролдлого байсаар байна.
Нийгэмд эдийн засгийн дорвитой өсөлт, хангалттай орлого, хуримтлалыг зөвхөн үйлдвэржилт, түүнийг дагасан ажлын байр л авчирч чадна. Ингэж байж л ардчиллын эдийн засгийн баталгаа бий болно. Олон түмний энэ хүслийг биелүүлж, чадваас бидэнд итгэл үзүүлэн санасан бодсоноо бүрэн хэрэгжүүлэх мандатыг ч өгөх болно.
Үгүй бол даарсан хүмүүс сүхээ бариад ой мод руу явсаар л байна. Өлссөн хүн амраар нь эх байгалиасаа хоолоо залгуулсаар байх болно. Орлогогүй сонгогчид саналаа цөөн хэдэн цаасаар арилжсаар л байх болно.
Ийм учраас ардчилал улам бүр эдийн засагжих шаардлагатай. Үүний тулд бид илүү ихийг хийх ёстой. Ард түмэн хэлэх ярих, шахах шаардах, шүүмжлэх, хэлэлцэхээс залхаж байна. Тэдэнд бодитой ажил, үр дүн л хэрэгтэй байна. Тийм учраас Ардчилагчид та бүхэн амсхийх, тайвшрах яагаа ч үгүй байна.
Ардчиллын 21 жилийн ойн босгон дээр Ардчилсан нам “Монгол хүн 2020” буюу ирэх хорин жилд чинээлэг иргэдтэй, хүнийг хөгжлийн төвд тавьсан амгалан нийгмийг цогцлоосон байх зорилт хөтөлбөрөө тунхаглалаа. Бид өнгөрсөн хорин жилд хийж чадсанаа ирэх хорин жилд улам баталгаажуулж, ардчилагчдын чин хүслийг гүйцээн өнөр жаргалтай, орчлонд нэртэй зүстэй, олондоо ээлтэй Ардчилсан Монголыг бүтээж чадна. Тэр цагийг ойртуулах, зорилтдоо төгс хүрэхийн төлөө улам бүр нэгдэн нягтарцгаая.
Ардчилсан хувьсгал эдийн засгийн хувьсгал болон мандтугай.
Ардчилагчид та бүхний яруу алдар үеийн үедээ дуурсах болтугай.