2022.10.06
Түр хорооны ээлжит хурал боллоо
УИХ-ын гишүүн “Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар МУ-д эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг Улсын Их Хуралд танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороог ахлан ажиллаж байна.
Түр хорооны ээлжит хурлаар “Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал”-ын талаар хэлэлцлээ. Хуралд УИХ-ын гишүүн, түр хорооны гишүүн М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен, Д.Батлут, Ц.Туваан, Э.Батшугар болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг холбогдох албаны хүмүүс оролцлоо.
2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Монгол Улсын эмийн бүртгэлд нийт 4310 бүртгэлтэй байна. Нийт эмийн 21 хувь нь үндэсний, 79 хувь нь импортынх гэдгийг тодотгоод импортын 3407 бүртгэлтэй эмээс европ эм 3338 буюу 98 хувь, уламжлалт эм 69 буюу 2 хувийг эзэлж байна. Иргэд эмийн үнэ, чанар, хүртээмжид эргэлзээ, шүүмжлэлтэй ханддаг. Уг асуудалд баталгаатай хариулт өгөх дүгнэлт гаргах мэргэжлийн байгууллагын хүрэлцээ, технологийн чадамж дутмаг байна. Өнгөрсөн хугацаанд хянах, хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй, хэрэгжилт, хяналт сул, түүнээс үүдсэн үр дүнг дүгнэх боломжгүй, тодорхойгүй байдал үүссэн.
Цаашид эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтыг цогцоор хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх, эмийн чанар, аюулгүй байдлын зах зээлийн тандалт судалгааг эрчимжүүлэх, эм шинжлэх ба тоног төхөөрөмжийн лабораторийг олон улсын түвшинд хүргэх, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал, хангамж, бүртгэлийн нэгдсэн цахим тогтолцоог бүрдүүлэх, эмийн зохицуулалтын байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах чиглэлд бодлого боловсруулах, асуудлыг тодорхой болгох чиглэлд түр хороо ажиллана.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn