Б.Эрболд:

Компанийн стратеги төлөвлөгөө нь оршин тогтнох, АМИН СҮНС нь болдог


4 минут уншина
Б.Эрболд: Компанийн стратеги төлөвлөгөө нь оршин тогтнох, АМИН СҮНС нь болдог

      Залуу хүний хүсэл мөрөөдөл ямагт хязгааргүй орон зайд тэмүүлдэг. Эзэмшсэн мэргэжлийнхээ үнэ цэнийг өндөрт өргөж, чадварлаг боловсон хүчин болох зорилгоо биелүүлэн, өөрийн хөдөлмөр зүтгэлээр салбартаа түүчээ болон ажиллаж яваа  “Арвайн Үндэс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эрболдыг урилаа.

Сайн байна уу. Юуны өмнө тантай танилцахаас яриагаа эхлүүлье?   

Сайн байна уу. Намайг Батсайханы Эрболд гэдэг. Миний хувьд ОХУ-ын “Ард түмний найрамдлын Их сургууль”-д эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Ажлынхаа гарааг “Тесо” группээс эхлүүлсэн байдаг. Бизнес хөгжүүлэлт, стратеги төлөвлөлт, маркетинг, борлуулалт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэсэн чиглэлд өөрийн 11 жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулан хичээн ажилласан байна. Ажилласан хугацаагаа эргэн дүгнэхэд маш их зүйлийг сурч мэдэж, хөгжихийн сацуу бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг үр дүнтэй, оновчтой хийхэд өөрийгөө бүрэн бэлтгэгдсэн хэмээн боддог. 

Тус компани нь шингэн хүнсний салбарт хэдийн өөрийн байр суурийг эзэлсэн. Компанийн үйл ажиллагаа хэдийнээс эхлэлтэй бол?

“Арвайн үндэс” ХХК-ийн үйл ажиллагаа 2009 оноос эхлэлтэй. Жилдээ 18-20 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Монголдоо бол хамгийн сүүлийн үеийн бүрэн автомат шугам нэвтрүүлсэн үйлдвэр юм. Энэ нь Арвайн үндэс компанийн ялгарал болоод давуу тал гэж хардаг. Түүнчлэн Weisenberg буюу амьд шар айраг үйлдвэрлэдэг. Герман технологи болон тоног төхөөрөмж ашиглан үйл ажиллагаагаа явуулж байна. “Алтан жолоо” группийн охин компани юм. Дотроо үйлдвэрлэл болон импортын бараа бүтээгдэхүүн, бидний сайн мэдэх Сансар худалдааны төв буюу алтан жолоо трейд, алтан жолоо пропортейз буюу барилгын компани юм. Эдгээр дөрвөн чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа компани юм. Арвайн үндэс буюу үйлдвэрлэлийн хэсгийг миний бие хариуцан ажиллаж байна.

Аливаа компани урт хугацаандаа тогтвортой болоод амжилттай ажиллахын тулд нэн түрүүнд хаанаас эхлэх ёстой байдаг вэ? 

Бизнесийнхээ хүрэх цэг болон таван жил эсвэл тодорхой хугацааны дараа манай компани хаана очих вэ гэх асуултыг өөртөө тавиад нэг үзээрэй. Ингэхдээ компанийн менежмент, үйл ажиллагаа, бодлого төлөвлөлт, ажилчдын итгэл үнэмшил зэрэг олон зүйлсэд тулгуурлан, сайтар тооцоолж төлөвлөх нь чухал. Стратегийг зөв гаргаснаар хаана очих вэ гэдгээ мэдэхийн сацуу түүн рүүгээ чиглэсэн үйл ажиллааг оновчтой хийж чадах юм.

Стратеги төлөвлөлтийг оновчтой хийх нь тухайн компанид ямар ач холбогдолтойг хэлж өгөөч? 

Төлөвлөлтийг стратегийн хэмжээнд ач холбогдолтой оновчтой байдлаар хийн, ажил хэрэг болгож чадвал тухайн компанийн үйл ажиллагаа болон бизнест ямар нэг доголдол үүсэхгүй. Доголдол үүслээ ч даван туулах чадвартай болчихдог. Тэр ч утгаараа стратеги төлөвлөлт нь бизнесийн болон удирдлагын баг, эздийн хувьд хамгийн чухал менежментийн арга барил байдаг. Нэг үгээр хэлбэл аливаа компанийн стратеги төлөвлөлт нь оршин тогтнохын амин сүнс нь болдог.

Компанийн стратеги төлөвлөлтийг хэдий хэр хугацаагаар хийх болон үүний дараагаар ямар зүйлсэд анхаарвал зохих вэ?

Стратеги төлөвлөлт нь ихэвчлэн тав болон түүнээс доош жилээр хийгддэг. Үүнийг хийхийн тулд эхлээд компанийнхаа эрхэм зорилго, үнэт зүйл, алсын харааг оновчтой тодорхойлох нь чухал. Тухайн компани нь Дэлхийн зах зээлд гарах алсын хараатай хэмээн бодвол, тэрхүү зах зээлдээ гарахын тулд нэн түрүүнд юу хийх ёстой вэ. Хийхээр төлөвлөсөн ажлуудаа жагсаан, түүнийгээ зөв эрэмбэлснээр стратеги тодорхойлогдоно. Тухайлбал, бүтээгдэхүүнээ хөгжүүлэхийн тулд бид энэ ажлыг ингэж хийе, байгууллагын соёлыг дээшлүүлэхийн тулд ийм зарчмаар ажиллая, ажилчдын чадамжийг энэ хэмжээнд хүртэл дээшлүүлье гэх зэргээр тодорхой байх хэрэгтэй.

Тодруулбал, Экспорт хийх гэж буй компани нь бүтээгдэхүүн үйлчилгээндээ илүү анхаарч, экспортын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх концесс бодлого оо ягштал барих. Түүнчлэн үйлдвэрлэл, менежмент талаасаа “ISO” стандарт нэвтрүүлэх ёстой гэдэг ч юм уу. Нэг ёсондоо хүрэхийн тулд гаргаж байгаа тактикт ажиллагаа нь өөрөө стратеги ажиллагаа болно.

Манай Улсад цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор маш олон компани хаалгаа барьсан. Үйл ажиллагаандаа эрсдэлийн менежментийг хэрхэн тооцвол зохих вэ?

“Ковид-19” цар тахлын улмаас маш олон компанийн үйл ажиллагаа зогссоныг бид мэднэ. Шалтгаан нь, тухайн компани ганц бизнес модельтой байснаас үүдэлтэй.

Олныг хамарсан цар тахал, ямар нэг эрсдэлт хүчин зүйл үүсэхэд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй томоохон компаниудын нууц нь нэг салбарт бус, олон салбарт үйл ажиллагаа явуулж буйд оршдог.

Нэг хөл дээр доголдол үүсэхэд, бусад хөл дээрээ ачааллаа тэнцүүлэх нь тогтвортой үйл ажиллагааны нууц

Үүнтэй холбогдуулан эрсдэлийн менежментийн тогтолцоо нь стратеги төлөвлөлтөд зайлшгүй байх ёстой. Нэг бизнестэйгээ яваад байх уу, хоёр эсвэл гурав болгох уу. Нэг бол үндсэн бизнесийнхээ хажуугаар бусад бизнесээ нэвтрүүлэх алхмуудыг хийж эхлэх үү. Хийлээ гэхэд бүгдийг нь өөрөө хийх, эсвэл бизнесийн хамтын ажиллагаатайгаар хувь эзэмшин оролцох, хөрөнгө оруулаад дэмжээд явах уу гэх зэргээр. Үүний сацуу стратеги төлөвлөлтийн хүрээнд хамгийн бага зардлаар, үр ашигтайгаар хэрхэн нөөцөө зөв хуваарилах болон алсын хараа, зорилго зорилтоо оновчтой хийсэн эсэхдээ хяналт тавихаа орхигдуулахгүй байх.

Эцэст нь хэлэхэд судалгаа шинжилгээний ажлуудад цаг болон төсөв гарган хийж гэмээ нь нөхцөл байдлын үр дүн бодитой гардаг. Танай компани болон бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээлд ямар нэр хүнтэйн дээр хүртээмжтэй байгаа эсэхийн талаарх бодит судалгаа нэн чухал. Бодит үнэлгээ нь алдаа дутагдлаа залруулах том боломж гэж хэлмээр байна.

Урилга хүлээн авсан танд баярлалаа. Амжилт хүсье.