Р.Сэддорж:
Даланзадгад сумыг Улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлнэ
Үлэг гүрвэлийн мөрийг өвлөн хадгалсан, өмнийн цэнхэр говь үлгэрийн гайхамшигт нутаг билээ. Тэлмэн зэрэглээ наадаж, тэмээн сүрэг бэлчсэн шаргал говь нь байгалийн өвөрмөц тогтоц, ховор амьтан, ургамлын ертөнц, түүх, соёлын гайхамшигт өв, эртний ховор нандин дурсгалт зүйлсийн өлгий юмсанж. Нэг ёсондоо, Өмнөговь аймаг түүхийн хувьд “баялаг” гэсэн ганц үгээр илэрхийлж болохуйц.
Өнөө цагийн Өмнөговь нь улсын төсвийг бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж буй. Нэг үгээр хэлбэл Монголын ирээдүйг тодорхойлж байна гэхэд хилсдэхгүй болов уу. Монголд төдийгүй дэлхийд нэр нь цуурайтсан эрдэнэс баялгийн их уурхай болох ашигт малтмалын 80 гаруй орд, 200 гаруй илрэлтэйгээс Тавантолгой, Оюу толгой, Нарийнсухайт зэрэг стратегийн ач холбогдолтой томоохон орд газар тогтоогдож, нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэс таван толгой, Энержи ресурс зэрэг 14 компаниуд ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.
Өмнөговь аймагт өрнөж байгаа бүтээн байгуулалт, хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржтой ярилцлаа.
Монгол Улсын хамгийн том газар нутагтай, улсын төсвийг бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж буй Өмнөговь аймгийнхаа талаар товчхон танилцуулна уу?
Та асуултдаа дурдлаа. Монгол Улсад газар нутгийн хэмжээгээр хамгийн томд тооцогддог манай аймаг 165,0 мянган хавтгай дөрвөлжин км хэмжээтэй бөгөөд 15 сум, 59 багт хуваагддаг. 2022 оны эцсийн байдлаар 73 мянган хүн суурин мөн тооны явуулын хүн Өмнийн цэнхэр говь нутагт аж төрж байна. Аймаг, хошуудын газар нутгийн хэмжээ асар уудам, газрын дундыг олж төвлөрч чадаагүй зэргийг харгалзан 1931 онд орон нутгийн засаг захиргааны бүтцийн өөрчлөлт хийсэн. Тус өөрчлөлтөөр урьд нь 5 аймаг, 72 хошуу, 525 сум байсныг 12 аймаг, 324 сум болгон зохион байгуулагдахад Өмнөговь аймаг шинээр байгуулагдсан байна.
Өмнөговь аймгийн эдийн засгийн бүтэц нь уул уурхай давамгайлсан бөгөөд үйлчилгээ, хөдөө аж ахуй, барилга, аялал жуулчлал, боловсруулах үйлдвэрийн салбарууд түлхүү хөгжиж байна.
Шинэ сэргэлтийн бодлогын хот хөдөөгийн сэргэлтийг түргэтгэх ажил ямар шатанд явж байна?
Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хот, хөдөөгийн сэргэлтийг түргэтгэх чиглэлийг барин шуурхай арга хэмжээ авч, ажиллаж байна. Тус бодлогыг орон нутгаа хэрэгжүүлэх ажлыг Засаг дарга миний бие гардан зохион байгуулж байна. Тухайлбал, аймгийн ИТХ-аар “Нээлттэй Өмнөговь” хөтөлбөр, дунд хугацааны төлөвлөгөө зэргийг батлуулж, иргэний хэрэгцээт мэдээллийг нэг цонхоор өгөх үйлчилгээг нээх, нээлттэй Өмнөговь-Иргэн таны боломж өдөрлөг, хөрөнгө оруулалтын чуулган зэргийг зохион байгуулав. Түүнчлэн газар олголт, орон сууцны хүрэлцээг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэхээр ажиллахын сацуу боловсруулах ЖДҮ байгуулахад, орон нутгийн төсвөөс 5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг батлуулан хэрэгжүүлэх, Даланзадгад суманд үйлдвэр, технологийн парк байгуулах зэрэг томоохон ажлуудыг эхлүүлэв.
Оюутолгойн орд болон хилийн боомт бүхий Ханбогд сумыг шинэ түвшинд хөгжүүлэхэд хэрхэн анхаарч ажиллаж байна?
Ханбогд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг захиалан боловсруулж, зохих шатны байгууллагаар батлуулан хэрэгжүүлж эхлээд байна. Энэ ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын яам, Өмнөговь аймаг, Оюутолгой ХХК, Ханбогд сум хамтран ажиллахын сацуу “Ханбогд Хөгжлийн Хурдасгуур” санг 50 сая ам.долларын хөрөнгө оруулалттайгаар байгуулан гурван талт хороо байгуулсан. Мөн сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу дэд бүтцийн барилга, байгууламжийн ажлын зураг төсөв хийх ажлуудыг үе шаттай хийж байна. Тухайн сумын эрчим хүчний нэгдсэн төлөвлөлт, өргөтгөл, шинэтгэлийн зураг төслийн ажлыг аймгийн орон нутгийн төсвийн 180 сая төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэж байна. Нэгтгэн хэлбэл, Ханбогд сумыг хот болгон хөгжүүлэх ажил бүтээн байгуулалтын шат руу орсон.
2021 оны эцсийн байдлаар 1.1 их наяд төгрөгийн дотоод нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэснээс 30% уул уурхай, 42% үйлчилгээ /тээвэр, холбоо, худалдаа, зочид буудал, санхүү/ 12.5% хөдөө аж ахуй, 9.5% барилгын салбарууд тус тус бүрдүүлэв.
Өмнөговь аймгийг 2020-2024 онд хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийн талаар ярилцъя?
Өмнөговь аймгийг 2020-2024 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын “Нутгийн хишиг” хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлуулан хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрт:
- Эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлд 72
- Боловсрол-инновацийн чиглэлд 32
- Хүний эрх, эрх чөлөө, засаглалын чиглэлд 30
- Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлд 31
- Хүрээлэн буй орчин, ус, бэлчээрийн чиглэлд 29 зорилт арга хэмжээг тус тус багтаасан.
Аймгийн эдийн засгийн өсөлтийг хангаж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлд Даланзадгад-Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай авто замын төслийг дуусгах, үйлдвэр, технологийн парк байгуулах, олон улсын зэрэглэлтэй нисэх онгоцны буудал, дулааны болон ундны усны шинэ эх үүсвэр, орон сууцжуулах, төв, суурин болон гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг төсөл арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд бүх сумдын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг шинээр барих, засварлах, тоног төхөөрөмжөөр хангах, багш, эмч нарын ур чадвар, арга барилыг сайжруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Хүний эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний эрх, эрх чөлөөг сахин хамгаалах, авлига, хүнд суртлыг бууруулах чиглэлд тусгайлан хөтөлбөр боловсруулан батлуулан хэрэгжүүлж байна. Хүрээлэн буй орчныг хамгаалах, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, ус хуримтлуулах, хөв цөөрөм байгуулах, Улааннуур - Даланзадгад - Тавантолгой чиглэлийн ус дамжуулах хоолой байгуулах мөн тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 70 сая мод тарих, говийн ногоон хэрэм байгуулах зэрэг олон ажлуудын шат дараатай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Өмнөговь аймгийг 2020-2024 онд хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөр нь Даланзадгадыг улсын зэрэглэлтэй 4 дэх хот болгон хөгжүүлэхэд оршино.
Томоохон бүтээн байгуулалтын ажлуудаасаа дурдах уу?
Өмнөговь аймгийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж буй 2 жил гаруй хугацаанд, орон нутгийн төсөвт хөрөнгөөр дараах бүтээн байгуулалтуудыг хийв.
- Даланзадгад-Гурвантэс чиглэлд 50 км хатуу хучилттай авто зам
- 2 сумын сургууль болон эрүүл мэндийн төвийн барилга
- Бэлчээрийн инженерийн хийцтэй 150 худаг
- 14 сумын 28 байршилд өндөр хурдны интернэтийн сүлжээ
- 3 суманд хөв цөөрөм
- Төрийн албан хаагч, зорилтот бүлгийн 153 айлын орон сууц
- Музей, хөгжимт жүжгийн театрын барилга
- 3 байршилд дахин төлөвлөлтийн орон сууц
- 14 сумын цэвэр, бохирын 34км бүхий шугам байгуулан 1600 өрхийг төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох боломж бүрдүүлэх
- 2 суманд дулааны эх үүсвэрийн шинэчлэл хийж, 8.2км шугам байгуулан 560 өрхийг дулаанд холбох нөхцөлийг бүрдүүлэх
- 4 байршилд 815 машины авто зогсоол
- 4 сумын төвд 12.5 км хатуу хучилттай автозам
- 102.5км цахилгаан дамжуулах агаарын шугам шинээр барьж, 3550 өрхийг найдвартай эрчим хүчний эх үүсвэрт холбох
- 733 ширхэг гэрэлтүүлгийг хийж, 1961 өрхөд ая тухтай, аюулгүй орчин бүрдүүлэв.
Уул уурхай ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад тулгамдаж буй нэг асуудал нь мэргэжилтэй боловсон хүчний дутагдал. Инженерүүд бэлтгэхэд хэрхэн анхаарч байна вэ?
Өмнөговь аймаг нь “Нутгийн хишиг” хөтөлбөрийнхөө хүрээнд уул уурхай, аж үйлдвэрийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын орчныг бүрдүүлэх бодлогыг барьж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ бодлогоороо уул уурхайн болон ер нь инженер, техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийг байгуулаад байна. Орон нутгийн зүгээс Технологийн дээд сургуулийг орон нутагт байгуулагдахад оюутны сургалтын 50 хувийн тэтгэлэг, хичээлийн байр, танхим, тохижилт, сандал ширээ, компьютер техник хэрэгсэл, багш нарын амьдрах байр, багшийн цалин хөлс, сургалтын лаборатори, англи хэлний лингафоны кабинет, оюутны хөгжлийн төвийг байгуулахад 700-аад сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна. Технологийн дээд сургуульд 2022-2023 оны хичээлийн жилд 2+2 хөтөлбөрөөр уул уурхайн инженер болон мэдээлэл технологи, эрчим хүчний инженер мэргэжлээр 80 гаруй оюутан элсэн амжилттай суралцаж байна. Орон нутагт их дээд сургууль байгуулагдсанаар орон нутгийн оюутнууд мэргэжил эзэмших, мэргэжлээрээ дадлага хийж мэргэшихэд илүү дөхөмтэй юм. Цаашлаад энэ нь орон нутгийн уул уурхай ашигт малтмалыг нутаг орондоо ээлтэйгээр хөгжүүлэх, нутаг орондоо хэрэгтэй зөв менежментийг хийхэд боловсон хүчнээ бэлтгэж буй өндөр ач холбогдолтой бодлого шийдвэр хэмээн харж байна. Оюутнууд маань 2+2 хөтөлбөрөөр 2 жил аймагтаа, 2 жил гадаадад суралцах юм. Ингэснээр гадаад хэлний мэдлэгтэй, дэлхийн түвшний өндөр боловсрол бүхий шилдэг инженерүүд бэлтгэгдэж гарна гэдэгт итгэлтэй байдаг. Мөн Өмнөговь нь 2021 онд түүхт 90 жилийн ойг тохиолдуулан говь нутгийн ирээдүйн бүтээн байгуулалт, хөгжлийг түүчээлэх мэргэжилтнүүдийг бэлтгэхэд дэмжих үүднээс “90 жил - 90 инженер” төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд инженерийн мэргэжлээр гадаад дотоодын их дээд сургуульд суралцдаг 90 оюутанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг олгож, төгссөн залуучуудаа орон нутагтаа ажиллуулахаар гэрээ байгуулан ажиллаж байгааг дуулгахад таатай байна.
2022-2023 оны хичээлийн жилд 2+2 хөтөлбөрөөр уул уурхайн инженер болон мэдээлэл технологи, эрчим хүчний инженерийн мэргэжлээр 80 гаруй оюутан элсэн амжилттай суралцаж байна.
Уул уурхай хөгжсөн аймагт бусад салбарынхаа хүний нөөцийг тогтвортой хадгалах асуудал тулгардаг шүү дээ. Үүн дээр ямар бодлого барьж ажиллаж байна?
“Нутгийн дэм” хөтөлбөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны 89 дүгээр тогтоолоор 2021-2024 онд хэрэгжихээр батлагдсан. Тус хөтөлбөр 2021-2022 онд улсын болон орон нутгийн төсвийн байгууллагын төрийн албан хаагчдад хагас жил тутамд 180.000 хүртэл төгрөгийн “Нутгийн дэм” олгож байна. 2021 онд 152 төсвийн байгууллагын 4791 албан хаагчид нийт 1,444.4 /нэг тэрбум дөрвөн зуун дөчин дөрөв аравны дөрвөн сая/ төгрөг, 2022 онд 154 төсвийн байгууллагын 4983 албан хаагчид нийт 1,444.8 /нэг тэрбум дөрвөн зуун дөчин дөрөв аравны найман сая/ төгрөгийг тус тус олгоод байна. Мөн аймгийн ИТХ-ын 2022 оны 9/7 дугаар тогтоолоор 2023 оноос “Нутгийн дэм” хөтөлбөрийн олголтыг сар бүр орон нутгийн төсвийн байгууллагын албан хаагчид 210.0 /хоёр зуун арван мянган/ төгрөг, улсын төсвийн байгууллагын албан хаагчид болон орон нутгийн төсвийн улс төрийн албан хаагчид 400.0 /дөрвөн зуун мянган/ төгрөг олгохоор батлагдан 2023 оны 1 дүгээр сараас эхлэн хэрэгжихээр болсон. 2023 онд 156 төсвийн байгууллагын 4855 албан хаагч хамрагдах бөгөөд жилд нэг албан хаагч 2.5 сая төгрөгөөс 4.8 сая төгрөгийн дэмжлэг авахаар боллоо.
Төрийн албаны тухай хуулийн 57.5-д заасны дагуу төрийн захиргааны албан хаагчийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах, хотоос орон нутагт шилжин суурьшихыг дэмжих үүднээс орон нутгийн нэмэгдлийг 20-100 хувиар тооцож, олгох чиглэлийн дагуу орон нутгийн төсвийн байгууллагын албан хаагчдын орон нутгийн нэмэгдлийг 80 хувиар 2023 оноос эхлэн олгохоор болсон. Тухайлбал, тус нэмэгдлийг дунджаар 12 жил ажилласан сумын ЗДТГ-ын мэргэжилтний цалингаар жишээ болгоё. Нийт нэмэгдэл тооцсон цалингаас НДШ, ХХОАТ-аа суутгаад 2022 оны гарт олгох цалин 788,759 /долоон зуун наян найман мянга долоон зуун тавин есөн/ төгрөг байсан бол орон нутгийн нэмэгдэл 80 хувийг авснаар 2023 оны гарт олгох цалин 1,280,527 /нэг сая хоёр зуун наян мянга таван зуун хорин долоон / төгрөг болж 1.6 дахин нэмэгдэнэ. Засгийн газрын 2022 оны 192 дугаар тогтоолоор олгогдсон эрх хэмжээний хүрээнд орон нутгийн төсвийн байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн хэмжээг 70-100 хувиар нэмж 2023 оноос олгож байна. Жишээ нь, хотын захирагчийн ажлын алба, сум дундын ойн ангийн үйлчлэгч, усалгаачин, манаач, ачигч, харуулын үндсэн цалинг 100 хувь нэмэгдүүлснээр 2023 оны гарт олгох цалин 2 дахин нэмэгдэж байгаа юм.
Говь нутагт ус чандмань эрдэнэ байдаг шүү дээ. Өмнөговь аймгийн усны бодлогын талаар. Мөн тулгамдаж буй ямар асуудал байна вэ?
Өмнөговь аймаг нь ус зүйн сүлжээгээр Галба-Өөш-Долоодын говь, Алтан Өвөр говь, Онги Таац, Умард говийн Гүвээт Халхын дундад тал гэсэн 4 сав газарт хамаарагддаг. Усны нөөцийн байдлаар нь авч үзвэл Галба-Өөш-Долоодын говь, Алтан Өвөр говь, Умард говийн Гүвээт Халхын дундад талын сав газар нь гадаргын усны байнгын урсацгүй, газрын доорх усны нөөцтэй бол, Онги голын сав газар нь гадаргын болон газрын доорх усны нөөцтэй. Өмнөговь аймгийн усны тооллогоор гадаргын усны эх үүсвэр 4, хашиж хамгаалалтад авсан булаг шанд 436, сэргэсэн 12, хатаж ширгэсэн 20 гэсэн дүн гараад байна.
Өмнөговь аймгийн шаардлага хангасан ус хангамжийн үйлчилгээний хүртээмж 70.1% байгаа нь улсын хэмжээнд 10 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Аймгийн одоогийн болон ирээдүйн ус хангамжийн гол эх үүсвэр газрын доорх ус юм. Аймгийн хэмжээнд хүн ам, ахуйн хэрэглээ, жижиг дунд үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалан, ногоон байгууламжийг өнөөгийн байдлаар хүрэлцэхүйц хэмжээний усаар хангаж байгаа ч цаашид усны зохистой хэрэглээг хэвшүүлэх, үнэ тарифын асуудалд анхаарал хандуулахгүй бол газрын доорх усны нөөц багасах эрсдэлтэй.
Аймгийн хэмжээнд тулгамдаж буй асуудал нь :
- Ундны усны чанар
- Газрын доорх усны хэрэглээ, үнэ тариф
- Усны чиглэлийн мэргэжлийн боловсон хүчний дутагдал зэрэг юм.
Аймгийн зүгээс 15 сумын ундны усны эх үүсвэр дээр цэвэршүүлэгч төхөөрөмж тавьснаар усны чанарын асуудлыг шийдэж буй боловч төв суурин газарт амьдардаггүй иргэд шаардлага хангахгүй усыг хэрэглэсээр байна. Өмнөговь аймгийн шаардлага хангасан ус хангамжийн үйлчилгээний хүртээмж 70.1% байгаа нь улсын хэмжээнд 10 дугаарт эрэмбэлэгдэж байна. Мөн Өмнөговь аймгийн “Бэлчээр усжуулалтын II аян”-аар хуучин худгуудыг сэргээн засварлах, шинээр худаг гаргах ажлуудыг хийж байна. Уул уурхайн үйлдвэрлэлд гүний цэнгэг усыг ашиглаж байгаа нь говьчууд бидний сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байна. Тиймээс говьд ус авчрах мега төслүүдийг нэн даруй хөдөлгөж, говийн экосистемийг аврах шаардлагатай.