БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР МОНГОЛ-СОЛОНГОСЫН ХАМТАРСАН ХОВОР МЕТАЛЛЫН СУДАЛГААНЫ ТӨВ БАЙГУУЛНА
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны хоёрдугаар сард БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг хоёр тал байгуулсан ба энэ хүрээнд Монгол Улсад ховор металлын судалгааны төв байгуулах ажил эхэллээ.
Монгол-Солонгосын хамтарсан хорооны анхдугаар хурлыг 2023 оны 11-р сарын 20-ны өдөр ГХЯ-ны Зөвшилцөл танхимд зохион байгуулав. Хурлаар Монгол орны ховор металлын нөөц, хэтийн төлөв, Монгол Улсын чухал ач холбогдолтой ашигт малтмалын чиглэлээрх хамтарсан төсөл, чухал ашигт малтмалын салбар дах БНСУ, Монгол улсын хоёр талт болон олон талт хамтын ажиллагаа, чухал ашигт малтмалын салбарын БНСУ, МУ-ын R&D хамтын ажиллагааны чиглэл “Ховор металлын хамтын ажиллагааны хамтарсан хороо”-ны үйл ажиллагааг хэлэлцэж, зөвшилцлөө.
Хамтарсан хорооны хуралд БНСУ-ын талаас Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний Орлогч сайд И Ху Хёнь (Hohyeon Lee), Гадаад харилцааны яамны Эрчим хүч, шинжлэх ухаан, гадаад харилцааны хэлтсийн дарга Пак Сэ А, Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны Нүүрс, ашигт малтмалын албаны дарга Dae-hwan Jung, КОМИР-ын Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Чой Сын Жинь, КИГАМ-ын дэд ерөнхийлөгч Ким Сэ Жүн, KИАТ-ын Аж үйлдвэрийн технологийн ХАЁТ-ын асуудал эрхэлсэн захирал Им Бён Хёг, Солонгосын эрчим хүчний технологийн үнэлгээний төвийн (KETEP) Эрчим хүчний дэд бүтэц аж үйлдвэрийн ерөнхий газрын дарга Ки Сон Ёоб болон бусад албаны төлөөлөл, Монголын талаас УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Д.Дашням, УУХҮ-ийн сайдын зөвлөх Б.Уянга, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал, Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарын төлөөлөл оролцож, “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулагдах хамтарсан судалгааны төвийн төслийн талбайд ажиллав.
БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулах тус төвийн гүйцэтгэгчээр Солонгосын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн /КИГАМ/ ажиллаж байгаа бөгөөд төсөл 5 жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжиж дуусах юм.
Судалгааны төв байгуулснаар манай улсад хэтийн төлөв тогтоогдоод байгаа газрын ховор элемент, ховор металлын чиглэлээр хамтарсан судалгаа явуулж, тэдгээрийг хэрхэн хайх, ашиглах, боловсруулах шийдэл, экспортийн чиглэлийг тодорхойлж, нэмүү өртөг шингээж, олон улсад өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зэрэгт өндөр ач холбогдолтой юм.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn