АҮЭБ-ийн сайд “Занаду" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
2024.08.20

АҮЭБ-ийн сайд “Занаду" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Г.Очирбат, УИХ-ын гишүүн Д.Батбаяр, УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, Сайдын зөвлөх Л.Чой-Иш, Ш.Ганхуяг, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны газрын дарга С.Сүхбат, М.Мэндбаяр нарын төлөөлөл “Занаду" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав.

"Занаду" ХХК нь Монгол Улсад порфирын төрлийн зэс, алтны орд нээн илрүүлэх үйл ажиллагаа явуулдаг хайгуулын компани бөгөөд 2009 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж буй юм. Тус компанийн зүгээс ТУЗ-ийн дарга Колин Мурхэд, Үйл ажиллагаа хариуцсан захирал М.Дамбийням тэргүүтэй удирдлагууд "Хармагтай” төслийн үйл явц, цаашдын стратеги, хууль эрх зүйн орчны хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг салбарын сайдад танилцуулж, санал солилцов.

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд бий болсон хамтарсан Засгийн газар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам болгосныг тэмдэглээд, энэ нь цаашид үйлдвэрлэл рүү чиглэсэн, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн бий болгохыг зорьж байгаа учир хайгуулын судалгааны ажил тэргүүлэх ач холбогдолтойг дурдав.