Т.МӨНХСАЙХАН: ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛСНААР ХОТ РУУ ИРЭХ УРСГАЛ 80 ХУВЬ БУУРНА
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Монгол Улсад төрөлжсөн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах, хүлээгдлийг бууруулах зорилгоор эрүүл мэндийн байгууллагуудын тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр орон нутагт ажиллаж буй. Тэрбээр өнгөрсөн 7 хоногт харьяа байгууллагуудын удирдлагуудын хамт Өмнөговь аймагт ажиллаж, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.
Өмнөговь аймгийн хэмжээнд эрүүл мэндийн 142 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн 5 жилийн судалгаагаар амьсгалын замын эрхтэн, хоол боловсруулах, шээс бэлгийн тогтолцоо, цус, мэдрэлийн тогтолцооны өвчин хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байгаа бол эрхтэн тогтолцооны эмгэг, осол гэмтэл нас баралтын дийлэнх хувийг эзэлж байна. Түүнчлэн сүүлийн гурван жилийн хугацаанд 400 гаруй хавдын шинэ тохиолдол илэрчээ. Энэ жилийн 8 дугаар сарын байдлаар 59 шинэ тохиолдол илэрсэн байна.
Хөрөнгө оруулалтын тухайд, Гурвантэс, Ханхонгор сумын эрүүл мэндийн төвийн барилгын ажил энэ дуусах бол Даланзадгад суманд баригдаж буй Сэргээх засах 40 ортой эмнэлгийн барилгын ажил 80 гаруй хувьтай явж байна. Түүнчлэн элэгний хатуурал тодорхойлох фиброскан, компьютер томографийн тоног төхөөрөмж, хавдрын эрт илрүүлэлтийн кольпоскопийн аппарат болон хиймэл оюун ухааны төхөөрөмжөөр хангагдаж, орон нутагтаа ангиографийн оношлогоо, эмчилгээний тусламж үйлчилггээг эхлүүлжээ.
Хэдийгээр ч аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулал, тоног төхөөрөмж, эмнэлгийн бүтээн байгуулалт ихээр хийгдэж байгаа ч хүний нөөц, тэр дундаа нарийн мэргэжлийн эмчийн дутагдалтай байна. Эрүүл мэндийн газраас өгсөн мэдээллээр тус аймагт 200 гаруй орон тоо сул байгаа аж.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ үеэр “Эрүүл мэндийн салбарт төвлөрлийг сааруулах бодлого эрчимтэй хэрэгжиж байна. Өмнөговь аймгийн хувьд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, эмнэлгийн бүтээн байгуулалт сайн хэдий ч Улаанбаатар хот руу явж тусламж үйлчилгээ авч байгаа тохиолдол бусад аймгуудаас илүү байна. Тиймээс цаашид боловсон хүчнийг нь бодлогоор хангаж, орон нутагтаа тусламж үйлчилгээг авах боломжийг даатгалын тогтолцоонд шингээж чадвал ойрын хоёр жилийн хугацаанд Улаанбаатарыг зорих урсгалыг 80 хүртэлх хувиар бууруулах боломж байна.
Өнгөрсөн наймдугаар сард орон нутагт төрөлжсөн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, нутагшуулах, хүлээгдлийг бууруулах зорилгоор Зүрхний хэм судлал, Ангиографийн, Гэмтэл согог судлалын, Хавдар судлалын чиглэлээр мэргэшсэн Үндэсний багууд орон нутагт ажиллаж байна. Эдгээр багууд тухайн орон нутагт шаардлагатай байгаа эмчилгээ үйлчилгээг нутагшуулах, шаардлагатай байгаа боловсрон хүчний ур чадварыг нь сайжруулах зорилготой. Эдгээр багуудын хоёр нь буюу аймагт Ангиографийн болон Хавдар судлалын чиглэлээр мэргэшсэн үндэсний багууд Өмнөговь ажиллаж байна. Үүний үр дүнд Өмнөнговь аймаг анх удаа мэдрэлийн ангиографийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн байна. Мөн элэгний хавдрыг бөглөх ажилбар анх удаа хийгдлээ. Энэ мэтчилэн эмнэлгийн Өмнөговь аймгийн усламж үйлчилгээг өргөтгөх боломж байна. Бидний барьж буй бодлого бол нэг удаагийн шинж чанартай бус дор хаяж 6 сараас 2 жилийн хугацаанд эргэх холбоотой байж, эмч эмнэлгийн ажилтнуудаа ажлын байран дээр нь дадлагажуулж, эмчилгээ үйлчилгээг нь нутагшуулна. Ингэснээр Улаанбаатар хотод ирж тусламж үйлчилгээ авах урсгал эрс бууруулах боломж байна” гэлээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тус аймагт ажиллах хугацаандаа Өмнөд бүсийн сумдын эрүүл мэндийн төвийн багийн эмч, лаборант, сумдын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч нартай уулзаж, шаардлагатай байгаа зөөврийн лаборатори, гурван суманд автомашин шийдэж өгөхөөр боллоо.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан