Тусгаар тогтнолын баярын өдөр МАХН-д шинээр 4000 хүн элслээ
Тусгаар тогтнолын баярын өдөр МАХН-д шинээр 4000 хүн элслээ
2015.10.21

Тусгаар тогтнолын баярын өдөр МАХН-д шинээр 4000 хүн элслээ

БНМАУ тусгаар тогтнолоо дэлхий дахинд зарлах, түүхэн сонголтоо хийсэн Бүх ард түмний санал асуулгын 70 жилийн ой өчигдөр тохиолоо.

Түүхэн өдрийг тэмдэглэж МАХН-аас “Ардчилсан хувьсгалт сонголтын өдөр” арга хэмжээг улс орон даяар зохион байгуулсан юм. Энэ үеэр тус намд хөдөө орон нутгаас 3000, Улаанбаатар хотоос 1000 гаруй гишүүн шинээр  элсч, намын батлахаа гардан авлаа.

1945 оны аравдугаар сарын 20-нд улс орон даяар зохион байгуулсан Бүх нийтийн санал асуулгын үр дүн, түүний ач холбогдлыг илтгэн харуулсан “Ардчилсан хувьсгалт сонголтын өдөр” арга хэмжээний үеэр МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Одоогоос 70 жилийн өмнө Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөө нэгэн дуугаар санал өгч, хоёр хөрш маань тусгаар тогтнолыг хүлээн авч, хоёр хөршөөр дамжуулан дэлхийд хүлээн зөвшөөрөх үйл явц асар хурдтайгаар өрнөсөн байна. Өвөг дээдсийнхээ бүтээсэн их гавьяаг бид байнга санаж, дурсч байх ёстой.

70 жилийн өмнөх энэ өдөр болсон сонголт бол ардчилсан сонголт байсан. Мөн хувьсгалт сонголт байсан. Сонгууль болгон ардчилсан хувьсгалт сонголт байх ёстой. Тиймээс өвгөд дээдсийнхээ байгуулсан гавьяаг дурсахаар бид хуран цугларсан юм. Өвгөд дээдсийнхээ гавьяаг дурсана гэдэг бол тэр үеийн зургийг үзэх, тэр үед саналаа хэрхэн өгсөн бэ гэсэн гарын  үсгийн хэвийг үзэх нэг хэрэг. Үүнийг заавал хийх ёстой, заавал дурсч санаж байх ёстой. Тэднийхээ гавьяаг дурсахдаа  дээдсийнхээ хэмжээнд сэтгэж, тэр хэмжээнд улс орондоо эзэн болж чадаж байна уу гэж бодож, асуулт тавьж хариулт олохыг хичээх хэрэгтэй.

Болохгүй байгаа бол бүгдээрээ засъя. Болж байвал баталгаажуулъя. Бид өвгөд дээдсийнхээ байгуулсан гавьяаг хүндэтгэж, дурсахдаа ард түмэн монголдоо эзэн болж, ардчилсан хувьсгалт сонгууль хийгээсэй гэж энд цугларсан юм. 2016 оны сонгууль удахгүй болно. Монгол Улсдаа эзэн болох тэр хариуцлагатай сонголтын өмнө бид хүрч ирнэ. Тэр сонгуулийг өгөхдөө 1945 онд зориг гарган хийсэн өвгөд дээдсийнхээ сонгуультай адил ардчилсан сонгуулийг дахин хийх цаг иржээ. Ингэж байж улсаа хөгжүүлнэ.

“Хөгжил бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа мөн” гэж МАХН, намын гишүүд дэмжигчид, нийт ард түмэн үзнэ гэдэгт итгэл төгс байна. Ингээд 2016 онд бүгдээрээ ардчилсан хувьсгалт сонголтыг хийж, тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтээ баталгаажуулья хэмээн уриалж байна” гэлээ.

Арга хэмжээний үеэр МАХН-д шинээр элсч байгаа, гишүүнчлэлээ сэргээж байгаа хүмүүст МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон зэрэг албаны хүмүүс намын батлахыг нь гардуулсан юм.

Тус намд гишүүнээр элсч байгаа хүмүүсийн дунд урлаг соёл, спортын алдартан, эрдэмтэн судлаачид, салбар салбарын шилдгүүд, амжилттай яваа бизнесмэнүүд олон байв. Тухайлбал, Ардын жүжигчин Д.Самбуу, Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат тамирчин О.Энхтайван, нэрт зураач Ц.Энхжаргал, Эдийн засгийн ухааны доктор А.Даваасүрэн, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Хайруллагийн Хусаян нар юм. Мөн УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар МАН-аас гарч МАХН-ын  гишүүнчлэлээ сэргээлээ.

Энэ үеэр Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин  Ц.Төмөрбаатар, намын гишүүнчлэлээ сэргээсэн Ж.Сүхбаатар нарын сэтгэгдлийг сонссон юм.

Ц.Төмөрбаатар: ӨӨРИЙНХӨӨ ҮЗЭЛ БОДЛООР МАХН-Д ЭЛСЧ БАЙНА

Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар

-Энэ бол иргэн хүний сонголт. Өнөөдөр ард түмний аз жаргал, Монгол Улсын хөгжил нам гэж явснаар илүү хөгжсөн зүйл юу байгаа юм. Ард түмэн ядуу, зүдүү улс орон өртэй ийм нийгмийг бид хүсээгүй. Тэгэхээр бидний хүсч байгаа нийгмийг аль нам түлхүү төлөвлөгөөндөө тусгаж байгаа нь чухал.

Тиймээс МАХН-ын бодлого, зорилт таалагдаж, зөв явж байгаа учраас би МАХН-ыг сонгож байна. Өнөөдөр эрх барьж байгаа АН-ын үндсэн чиг бодлого алдагдаад байгааг надаар хэлүүлэлтгүй хүмүүс мэдэж байгаа. Би үзэл бодлоосоо урваагүй, ухраагүй өөрийнхөө үзэл бодлоор МАХН-д элсч байна. Тусгаар тогтнол, эрх чөлөө аз жаргалын төлөө бие сэтгэл, хөдөлмөрөө зориулах хүсэл тэмүүллийг МАХН ойлгоно гэдэгт итгэж байна.

Ж.Сүхбаатар: АНХ УДАА НАМД ЭЛСЧ БАЙГАА ЮМ ШИГ САНАГДАЖ БАЙНА

УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар

 -Юуны өмнө МАХН-ын гал голомтыг, буухиаг үргэлжлүүлэн авч яваа үнэнч гишүүд, дэмжигчдэд  чин сэтгэлээсээ талархаж байна. Хоёр жил богино боловч удаан хугацаа юм. Сэтгэл их хөдөлж байна. МАХН-ын удирдлага, манай намын  лидерүүд өнгөрснөө марталгүй өнөөдрөөрөө хүчин зүтгэж байгаа намынхаа гишүүдээр бахархаж байна. Анх удаа намд элсч байгаа юм шиг санагдаж байна. Би 17 жилийн өмнө МАХН-д элсч байлаа.

Энэ үед Н.Энхбаяр дарга МАХН хэмээх бүтээлч, сөрөг хүчнийг удирдаж байсан. Мөн Монголын төлөө, монгол төрийн ачааг үүрч авч явах чадалтай нам гэдгийг ойлгож, итгэсэн. Миний итгэл алдаагүй. Би ч хүчин зүтгэж ажиллаж байсан. Миний найз нар өнөөдөр манай намд элсч байгаа. Өөр олон мянган хүн МАХН-д элсэнэ гэдэгт итгэж байна. Ирэх сонгуульд Монголын ард түмний хувьсгалт өөрчлөлтийг манлайлж, ардчилсан сонголтоо баталгаажуулсан өвөг дээдэс шигээ төр улсаа эмхлэн цэгцэлж, сахилгатай улс төрийн том хүчин байхын төлөө хүчин зүтгэцгээе.

Тусгаар тогтнолын баярын өдөр МАХН-д шинээр 4000 хүн элслээ