Шадар сайд Эрээн хотын удирдлагуудтай чөлөөт бүсийн талаар санал солилцлоо
2017.12.20

Шадар сайд Эрээн хотын удирдлагуудтай чөлөөт бүсийн талаар санал солилцлоо

Шадар сайд Ө.Энхтүвшин “Замын-Үүд чөлөөт бүс”-д хэрэгжсэн дэд бүтцийн төслийн эхний шатны хэрэгжилттэй газар дээр нь танилцахаар энэ сарын 18-19-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллалаа.

Шадар сайдын томилолтын хоёр дахь өдөр буюу өчигдөр ӨМӨЗО-ны Эрээн хотын намын хорооны дарга Тянь Юн, Эрээн хотын дарга Лю Жыпин тэргүүтэй тус хотын удирдлага Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзаж, Эрээн хот дахь Чөлөөт бүсийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 онд Монгол Улсад айлчилах үеэр УИХ-ын хүндэтгэлийн чуулганд тавьсан илтгэлдээ Монгол Улсын Замын-Үүд болон БНХАУ-ын Эрээн хотыг холбосон хилийн хамтын ажиллагааны бүс байгуулахыг судлахаа мэдэгдсэн юм. Тийнхүү 2015 оны тавдугаар сард Монгол Улсын Аж үйлдвэрийн яам болон БНХАУ-ын Худалдааны яам “Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээний хилийн хамтын ажиллагааны бүсийн хамтарсан ерөнхий төлөвлөгөө”-г үзэглэснээр хоёр тал хил дамнасан бүсийн зорилго, зарчим, механизмаа тодорхойлсон байна. Албан ёсны төлөвлөгөөний дагуу Хятадын тал шаардлагатай гэрээ, хэлэлцээрийн төслийг Монголын талд даруй хүргүүлсэн боловч Монголын тал хариу өгөөгүйн улмаас хилийн хамтын ажиллагааны бүс байгуулах төсөл өнөөг хүртэл гацсан байна.   

Эрээн хотын удирдлагуудын танилцуулгад дурдсанаар, Хятад, Монголын тал Эрээн-Замын-Үүдийн хилийн хамтын ажиллагааны бүсийг нийт 18 км.кв байхаар төлөвлөсөн бөгөөд Хятадын тал өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Эрээн хотын бүс дэх өөрийн 9км.кв талбайд улсынхаа төсвөөс 800 сая юанийн хөрөнгө оруулж, зам талбай, ус зайлуулах шугам хоолой зэрэг дэд бүтцийн барилга байгууламжийг барьж дуусгажээ. 2018 үлдсэн ажлаа гүйцээхээр төлөвлөсөн байна.

Эрээн хотын удирдлага Шадар сайд Ө.Энхтүвшинд дараах гурван саналыг тавив. Энэ нь:

1.  Хоё талын хилийн хамтын ажиллагааг урагшлуулах зорилгоор хоёр улсын өндөр түвшний IV Зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд сэргээн зохион байгуулах

2.  Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үед хилийн хамтын ажиллагааны бүсийн асуудлыг ярианы сэдэвт оруулах

3.  Монгол Улс Замын-Үүдийн чөлөөт бүсэд барих бодлогоо тодорхой болгох зэрэг болно.

Тэд хэлэхдээ, хилийн хамтын ажиллагааны бүсийн албан ёсны хэлэлцээрт эцэслэн гарын үсэг зураагүйн улмаас Хятадын хөрөнгө оруулагчид Монголын талын Замын-Үүдийн чөлөөт бүсдээ барих бодлого нь тодорхойгүй хэмээн үзэж итгэл алдрах байдал ажиглагдаж байна. Тиймээс бодлого тодорхой болвол Эрээн хотын зүгээс Монголын чөлөөт бүсийг Эрээн хотын чөлөөт бүстэй ижил түвшинд хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт хийх ажлыг хамтран зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Шадар сайд Ө.Энхтүвшин Эрээн хотын удирдлагад Замын-Үүд суманд хүрэлцэн ирж, Эрээн хот дахь Хятад, Монголын хилийн хамтын ажиллагааны бүсийн талаар танилцуулсанд талархал илэрхийллээ. Тэрээр уулзалтын төгсгөлд “Хил дамнасан хамтын ажиллагааны бүсийн талаарх бодлогоо тодорхой болгоё, төр засгийн түвшний IV уулзалтыг зохион байгуулах танай саналыг дэмжиж байна. Ингэхдээ Замын-Үүдийн чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийг шинэчлэн байгуулъя, зөрчилдөөнтэй байгаа хууль эрх зүйн орчноо эргэн харъя” гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.