С.Эрдэнийн хэлсэн үг
2012.02.07

С.Эрдэнийн хэлсэн үг

Ардчилсан хүчний хол­бооны анхдугаар чуулган өнгөрсөн баасан гарагт ши­рүүхэн боллоо. Энэ үеэр Ардчилсан хүчний холбооны дэд ерөнхийлөгч, УИХ-ын ги­шүүн С.Эрдэнийн хэлсэн үг анхаарал татлаа. Уг нь Ерөнхий сайд сайхан юм ярьж байсан юмсан. Гэтэл С.Эрдэнэ эсрэгээрээ. Засгийн газар монголчуудын амьд явах баталгааг хангах, амь насыг хамгаалах онцгой бүрэн эрхт үүргээ биелүүлсэнгүй гэнэ. Үүнийгээ нотлохын тулд тэрбээр нэлээд судалгаа хийж, тоо, баримт олжээ. Улаанбаатар хот гэмт хэрэг, айх аюулын голомт болж хувирсныг сануулаад үүнийг доорх баримтаар нотолсон юм. 

Улаанбаатарт өдөрт дунджаар 56 гэмт хэргийн улмаас 20 хүн эрүүл мэндээрээ хохирч, таван хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг аж. Мөн нэг жилд 7300 хүн гэмтэл авч, 1825 хүн амь насаа алддаг байна. Тиймээс Ардчилсан хүчний холбооныхон “Аюултай Монголыг-Аюулгүй Монгол” болгож шинэчлэхийн төлөө ажиллах гэнэ. Гэмт хэргийн үүр уурхай болоод байгаа нийслэл хот өлсгөлөн, ядуу, зүдүү хүмүүсээр дүүрч байгааг ч тэрбээр онцлов. Мөн энэ санаагаа “Засгийн газрын тунхаглаж буй үсрэнгүй хөгжил бидэнд юу өгөв өө” гэсэн асуулгын дор өрнүүлжээ. Уг нь Засгийн газрын тэргүүн Монгол Улсын эдийн засгийн өсөлт 20 хувьд хүрсэн. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 5000 ам.долларт хүрсэн гэх сайхан мэдээ дуулгаж, бүгд л баяр хөөр болж байсан цаг саяхан.

Үүнийгээ ч Ардын намын Бага хурлын үеэр баталж “Монгол улс өнөөдөр хүний хөгжлийн индекс, амьдралын чанар, орлогын түвшин, өрсөлдөх чадвар зэрэг олон үзүүлэлтээрээ дэлхийн улс орнуудын тэг дунд нь явж байна. Үүнийг бид чамлахгүй ч голж байгаа” хэмээсэн юм. Голж байгаагийн цаад учир нь дэлхийн томоохон санхүүгийн байгууллагуудын судалгаатай холбоотой аж. Ерөнхий сайд “Дэлхийн томоохон банк болох “Сити” группын судалгаагаар ойрын 20 жилд эдийн засгийн хамгийн эрчимтэй өсөлттэй байх 10 орны тоонд Монгол улс оржээ. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт 2010-2015 онд 14.2, 2015- 2030 онд 9.7 хувьд хүрч эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийг тэргүүлэх магадлал өндөр гэсэн судалгаа гарсан байна” хэмээгээд энэ судалгааг амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд “ажиллах” хэрэгтэйг сануулж байсан. Гэтэл УИХ-ын гишүүн С.Эрдэнэ түүнээс тэс ондоо зүйл яриад байгаа болохоор хүмүүс тэдний хэнд нь итгэхээ шийдэж чадахгүй байдалд хүрлээ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Эдийн засаг өсөж байгаа” гэсэн Ерөнхий сайдын үгэнд итгэхгүй байгаа аж. Цаашид “өснө” гэсэн үгэнд нь ч итгэхэд бэрх гэнэ. Тэрбээр Ерөнхий сайдаас “Эдийн засаг өсөөд байгаа юм бол нийт хүн амын 40 хувь нь яагаад ядуу, өлөн зэлмүүн амьдарч байгаа юм бэ” хэмээн асуугаад үүнийхээ учрыг өөрөө тайлбарласан.

Түүнийхээр энэ нь төрийн эрх баригч олигархиудын гарт Монгол орны баялгийн 90 хувь нь төвлөрч, хүн амын олонхид ердөө аравхан хувь нь ногдож байгаатай холбоотой аж. Мөн ядуурал, ажилгүйдэл хоёр монголчуудын амьдралыг доройтуулахаар хэрхэн уралдаж байгааг ч тоо баримтаар нотлохыг хичээжээ. Тухайлбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар бүртгэлтэй байгаа ажилгүй иргэдийн тоо 62.7 мянгад хүрч , 2010 онтой харьцуулахад 54.5 хувиар өссөн аж. Гэтэл энэ бүх бодит байдлыг Засгийн газар ард түмнээс нууж, хуурч байгааг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ онцолжээ. Монголчууд ядуу байгаа­гийн нэг шалтгаан нь архидалт. Гэтэл өнөөдрийн байдлаар Монголд архины 114 үйлдвэр байдгаас 46 нь зөвхөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн Монгол Улсад ойролцоогоор 20 орчим мянган биеэ үнэлэгч, 10 гаруй мансуурагч, ДОХ-ын халдвар тээгч 100 гаруй байдаг аж. Түүний дэлгэсэн эдгээр тоо баримт монголчуудыг мөхөж буй үндэстний тоонд яах аргагүй оруулж таарлаа.

Гурван сая хүрэхгүй монголчууд архинд живж “согтуу Монгол” хэмээн цоллуулж, эрүүл хүн өдрийн од шиг байгаад С.Эрдэнэ гишүүн сэтгэл дундуур явна. Хамгийн харамсалтай нь эрүүл хүн байхгүй гэдгээс гадна эрүүл хүүхэд төрөхгүй байгааг ч сануулсан юм.Гэтэл Засгийн газрын тэргүүн “Бүх зүйл сайхан болно” л гээд байх юм. Үүнийгээ ч баталж Ардын намынхан Монголын эдийн засгийг бүхэлд нь томъёолсон математик загварыг монгол мэргэжилтнүүдийн хүчээр боловсруулж, хөгжлийн хөтөлбөр батлуулсан юм байх. Тэдний тооцоолсноор эрх баригчдын баталсан хөгжлийн хөтөлбөр нь дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн банк санхүүгийн байгууллагуудын тооцоотой дүйцэж буй учир биелэх бүрэн боломжтойг ч Ерөнхий сайд дуулгаад буй билээ.

Тухайлбал, Монгол улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн ирэх жил 12.491 ам.доллар, 2031 онд 60.000 ам.долларт, төрийн албан хаагчийн сарын дундаж цалин 2012-2016 онд 1.3 сая 2016-2021 онд 2.5 сая төгрөгт хүр­нэ. Мөн 2016-2021 онд дөрвөөс дээш хүү­хэдтэй гэр бүлийг төрөөс нэг удаа үнэ төлбөргүйгээр орон сууцаар урам­шуулна гэж байгаа юм. Үүгээр ч үл барам Монгол хүний дундаж наслалтыг 2016 онд 72, 2021 онд 75, 2031 онд 80-д хүргэх боломжтойг Ардын намынхан тунхаглаад байхад С.Эрдэнэ гишүүн юу яриад байгаа юм бол оо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.