Б.Лакшми:
УИХ-ын гишүүн СӨХ-ны дарга биш гэдгээ санах ёстой
Vip76.mn сайт "Монгол төрийн түшээ" төслийн хүрээнд УИХ-ын гишүүн, Төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнээс сонгогдон ажиллаж байгаа түшээд ямар чадвар, шинжийг бүрдүүлсэн хүн байх тухай салбартаа олон жил ажилласан туршлагатай, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн, судлаач, эрдэмтдийн байр суурийг хүргэж байна. Энэ удаад Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа.
Түүний тэргүүлж яваа ЭЗБӨЧСТ нь Дэлхийн тавцанд өрсөлдөх чадвар бүхий Монгол Улсыг цогцлоон бүрэлдүүлэхэд чиглэсэн судалгааны ажлуудыг олон улсын аргачлалын дагуу хийж байна.
Мөн тэрээр 2010 онд "Монголын эдийн засгийн чуулган"-ыг Монгол Улсын Засгийн газартай хамтран, амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ арга хэмжээ жил бүр зохион байгуулагдаж, Монгол Улсын эдийн засгийн дүр төрхийг зурж, чиг харааг тодорхойлж байна.
Эрхэм уншигч та ЭНД дарж одоогийн УИХ-ын гишүүдэд үнэлгээ өгөөрэй.
vip76: Улсын Их Хурлын гишүүн гэж хэн бэ?
- Бид хуульд захирагдах ёстой. Хүн бүр өөр өөрөөр тодорхойлоод байж болохгүй учраас УИХ-ын гишүүн хүн бол Үндсэн хуульд зааснаар ард түмний ЭЛЧ юм. Нөгөө талаараа нийт иргэд, улсынхаа эрх ашгийг эрхэмлэдэг хүнийг хэлнэ. Энэ утгаараа маш гүн утга санааг харж болно. Өөрийн сонгогдсон нэг тойргийн иргэд биш улс орныхоо нийт ард иргэдийн эрх ашгийг дээдлэн эрхэмлэх үүрэгтэй хүн юм.
Монголын төрийн хамгийн дээд байгууллага болох Улсын Их Хуралд ард түмний элч болон сонгогдсон хүн учраас явцуу эрх ашгийн төлөө бус улс орон, нийт ард иргэдийнхээ эрх ашгийг төлөөлж байдаг.
УИХ-ын гишүүн хууль тогтоох дээд байгууллагад хууль батлах, санаачлах, боловсруулах гэх мэтээр ажиллахаас гадна тодорхой хүмүүсийн саналаар тэднээс төлөөлөл болон сонгогдсон учраас тухайн тойрогтоо ажиллах, тойргийн ард иргэдтэй уулзаж санаа бодлыг сонсож хууль батлах үйл ажиллагаандаа тусгаж ажиллах ёстой болдог.
Ингэхдээ сууц өмчлөгчдийн холбооны даргын үүргийг зарим гишүүд хийгээд байна. Үнэндээ УИХ-ын гишүүн хүн бол хууль батлах үйл ажиллагаа болон иргэдийн амьдралд хэрэгтэй, төрийн үйлчилгээг илүү сайжруулсан хууль батлагдсан бол түүнийгээ танилцуулж хууль батлах дээд байгууллагын шийдвэр, ажлыг ард иргэддээ танилцуулан ойлгуулах ёстой хүн юм.
vip76: УИХ-ын гишүүн, парламентч хүнд байх ёстой шинжүүд юу вэ?
- Би хамгийн түрүүнд УИХ-ын гишүүнд байх ёстой зүйл бол ЁС ЗҮЙ гэж боддог. Энэ бол хувь хүний мөн чанарыг илэрхийлж, хандлагыг тодорхойлж байдаг. Дараа нь БОЛОВСРОЛ. Тухайн хүн тодорхой нэг их сургууль төгссөн байх нь зүйтэй. Хуулиа уншаад ойлгодог, хууль боловсруулах үйл ажиллагаанд оролцож, юу хийх гэж байгаагаа ойлгох суурь мэдлэгтэй байх ёстой. Мөн хувь хүнийх нь хувьд ТӨЛӨВШИЛ маш чухал. Би хувьдаа хүн 40-өөс дээш насандаа төлөвшдөг гэж боддог. Энэ насанд амьдралын сайн, мууг үзэж, ойлгосон байдаг учраас улс төрд орж ирж, төрийг түшилцэхээр шийдсэн хүн энэ насных байвал их тохиромжтой гэж үздэг.
vip76: УИХ-ын гишүүн хүн эрх ашгаа хэрхэн эрэмбэлэх ёстой вэ?
- УИХ-ын гишүүн хүн бол Монголын бүх ард түмнээс сонгогддог. Тухайн хүнийг дэмжиж, өөрсдийгөө төрд төлөөлүүлэхээр сонгож байгаа иргэд мэдээж өөрөөс нь илүү сайныг хийж, сайхан зүйлсийг бүтээж, ирээдүйдээ итгэлтэй байхын тулд саналаа өгч байгаа. Тиймээс энэ хүн эрх ашгаа хамгийн зөв эрэмбэлж, үүнийхээ дагуу ажилладаг хүн байх ёстой. Өөрөөр хэлбэл, аливаа ажил, бодлогын эхэнд улс орны эрх ашигт нийцэж байна уу, үгүй юу гэдгийг харж шийдвэр гаргах бөгөөд хувийн эрх ашгийг хойш тавих ёстой.
Улс төрд орж, төрийн түшээ болохоор шийдсэн хүн бол хувийн эрх ашгаа хойш тавьж, улс орны эрх ашиг, нийт иргэдийн төлөө ажиллана гэдгээ ойлгож, шийдсэн хүн байх ёстой.
Ингэж чадаагүй бол улс төр, төрд орж ирэх гэж оролдох хэрэггүй. Ийм хүнд ч иргэд, сонгогчид боломж олгох ёсгүй.
Сүүлийн үед парламентад бизнес эрхлэгчид хүч түрэн орж ирсэн. Энэ нь шууд буруу гэж тайлбарлавал өрөөсгөл. Бизнес эрхлэгчдэд бизнесээ төвөггүй хийгээд явах боломжийг нь олгохгүй, төрийн зүгээс хяналт шалгалт, татварын дарамт их байгаа учраас бизнесийн салбарынхан энэ орчноо сайжруулах эрх зүйн зохицуулалт, шийдвэр гаргахад оролцох зорилгоор УИХ-ын гишүүн болох сонирхол өндөр байгаа юм. Хэрвээ улс төрчид садаа болохгүй бизнес хийх орчин, эрх зүйн хувьд таатай байвал бизнесменүүд улстөрч болох сонирхол маш бага.
vip76: Та сонгогчийн хувьд сонгуульд саналаа өгөхдөө ямар шалгуурыг мөрдлөгө болгодог вэ?
- Хамгийн эхэнд тухайн хүний ёс зүйг харах ёстой. Сонгуулийн үеэр нэр дэвшигчийн материал, танилцуулга их явдаг. Эдгээртэй танилцах боломж, цаг зав ч байдаггүй байх. Тиймээс иргэдтэй хийж байгаа уулзалтад нэг удаа ч болов очоод тухайн хүнийхээ ярьж байгаа, бодож байгаа, аливаад хэрхэн хандаж, хүмүүстэй хэрхэн харьцаж байгааг харж анхаарах ёстой.