Д.Бямбасүрэн:

Төрийн түшмэл хүн мэдлэг, чадвар, нэр төрийн цогц холбоос юм


12 минут уншина
Д.Бямбасүрэн: Төрийн түшмэл хүн мэдлэг, чадвар, нэр төрийн цогц холбоос юм

vip76.mn сайтаас "МОНГОЛ ТӨРИЙН ТҮШЭЭ" төслийн хүрээнд Улсын Их Хурлын гишүүн, төрийын түшээ хүн зан төлөв, эрдэм мэдлэг, чадвар төлөвшлийн хувьд ямар хүн байх ёстой талаар Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн, судлаачидтай уулзан, цуврал ярилцлага хийлээ. 

Монголын төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж, төрийн бодлого, үйл хэргийг үргэлжлүүлэн, гүйцэтгэх засаглалын тэргүүн, Монгол Улсын 16 дахь Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн эрхэмтэй ярилцсанаа дэлгэж байна. 

Төрт ёсны уламжлал, түүхэн улбаа, өнө ирээдүйн алсын харааны талаар үг бүр нь үнэ цэнтэй ээлжит нэгэн ярилцлагаа эрхэм уншигч танд хүргэе.


Монголчууд төрт ёсны олон жилийн түүхэн уламжлалтай улс. Энэ уламжлал өнөө цагт хэрхэн хадгалагдсан байдаг вэ?

- Монгол Улс Дорнын орны хувьд парламент нь өвөрмөц зохион байгуулалттай. Чингис хааны үеэс эхлэн дорнын төрт ёсны бүхэл бүтэн тогтолцоо бий болсон. Одоо л европын онолоор дэглэх гэж оролдоод байна. Дорнын төрт ёс 5 салаатай бол Европын төрт ёс 3 салаатай. 

  1. Хууль тогтоох, 

  2. Гүйцэтгэх, 

  3. Шүүх засаглал. 

Дорнын төрт ёс нь энэ 3 дээр нэмээд 

  1. Түшмэдийн засаглал, 

  2. Хяналтын гэсэн 5 салаатай болж байдаг. 

Энэ бол Чингис хааны төрийн зарчим. Чингис, Хубилай хааны үед ч ийм байсан. Өнөөдөр Дорнын соёлт том орнуудад хадгалагдсаар ирсэн. 

Харамсалтай нь манай улс 300 гаруй жил гадны нөлөөнд явсан учраас тэдний төрт ёсны ном, хэл соёл нэвтэрсэн учир өөрийн төрт ёсны уламжлалаас холдсон. Эрдэмтэн мэргэд нь барууны номоор ярьдаг болсон. Европын нийгэм бол үйлдвэржсэн нийгэм. Харин Дорнын нийгэм бол олон талын хэлхээ холбоонд тулгууралдаг. Хамаатан садан, ах дүү, эцэг эх, найз нөхөд, овог аймгийн харилцаан дор хүчтэй байдаг. Үүгээрээ өөр юм. Үүнийгээ ойлгох цаг ирэх байх. Дорнын төрт ёс бол 3000 жилийн түүхтэй. Хаан хүн, Сайд хүн, Түшмэд хүн ямар байх ёстой вэ гэдгийг бүгдийг нь стандартжуулсан юм. 

Төр бол нийгмийн тархи юм

Төрийг түшилцэх түшмэд хүн нь ямар байх ёстой вэ?

- Төр бол нийгмийнхээ тархи нь юм. Нийгэм гэдэг бол тодорхой нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа хүмүүсийн хамтлаг. Энэ хамтлагийг нэгтгэж, нэгэн зохион байгуулалт дор хооронд нь зохицуулдаг, амьдралынхаа ирээдүйг харж чаддаг, орчиндоо итгэлтэй байх үндэс юм. Ингэж зохион байгуулах уураг тархи нь төр юм. Төр нь ухаалаг, зөв бодлоготой, хүчтэй байж гэмээнэ нийгмийн амьдрал цэгцэрч, хөгжин дэвших боломжтой. Төр самуураад эхэлбэл нийгэм нь аяндаа задардаг. Тиймээс төрийн түшээ, түшмэд гэдэг нь төрийн гол тулгуур юм.

Төр бол 2 зүйл дээр тогтоно. Төрийн хууль, хуулийг барьж буй Түшмэд юм. Ингэж гэмээнэ төр бий болно. Чингис хааны үед ч Их засаг хуулиар Их Монгол Улс оршин тогтнож байсан. Харин түшмэд гэдэг бол нийгмээ ойлгодог, итгэл хүлээсэн, нийгмээ зохион байгуулах чадвартай хүмүүсийг төрийн түшээ гэж хэлнэ. Тэрнээс биш төр бол дамжаа биш юм. 

Өгөөдэй хааны үед Монголын анхны Засгийн газар байгуулагдсан. Чингис хааны үед Хишигтэн гэж байсан бол Өгөөдэй хааны үед 5 яам байгуулагдаж анхны Засгийн газар байгуулагдсан юм. 

Төрийн түшмэдийг олж сонгож, хүмүүжүүлж, төлөвшүүлнэ гэдэг бол төрийн маш том чухал үүрэг. Үүнийгээ л орхивол хөлгүй хүн, үндэсгүй бод шиг унана. Тиймээс түшмэдийн хариуцлага, мэдлэг, хүмүүжлийг анхаарч багаас нь төлөвшүүлж бэлтгэх ёстой. Зөвхөн Монголд ч бий болсон зүйл биш олон улсад ч ингэж бэлтгэдэг. Жишээлэхэд, ХБНГУ-д төрд ажиллаж байгаа хүмүүсээ 5 ангилдаг. А зэрэглэлийн хүнийг оюутан байхаас нь тусгай албаны хүмүүс сонгож, хүмүүжил, үзэл бодол, харилцаа зэргийг нь оношилж бэлтгэдэг. АНУ ч ийм зарчмаар төрийн өндөр албанд бэлтгэдэг. 

Монголчууд төрийн түшээ нь төрийн хар хүн байж ирсэн. Өнөө цагт үүнийг хэрхэн тодорхойлж ойлгох ёстой вэ?

- Хаан хүний стандарт ч гэж бий. 3000 жилийн тэртээ төрт ёсны анхны их судар Махабхаратад Хаан хүнийг хэлэхдээ, 

Харц ардаа хүүгийн адил хайрлан энэрч асрах нь 

Хаан хүүний дээдийн ёс.

Энэ ёсыг гүйцээхийн тулд 

Эрхт тэнгэртээ шүтэн биширч, 

Төгс үнэнийг шажин болгож, 

Төрийн санг дүүрэн байлгаж, 

Түмэн олонтойгоо шударгаар харьцахад 

Төрийн тэргүүн өөрийгөө зориулна. хэмээсэн байдаг. 

Энэхүү сударт Хаан хүнд тавигдах 5 шаардлага бий. Ерөнхий сайдад тавих 7 шаардлага, сайдад тавих 10 шаардлага гэж бий. Монголын төрт ёсны сургааль дээр ч Хаан хүний 35 эрдэм, Түшмэлийн 9 эрдэм гэсэн тодорхой шаардлага тогтоосон байдаг.

Төрийн түшээ байна гэдэг бол тодорхой шаардлага, шалгуурт тэнцсэн хүн ажиллахаас биш зүгээр гудамжинд явж байсан хүн төрд орж ирээд наймаа хийнэ гээд давхиад ирж болохгүй юм. Харамсалтай нь ийм явдал манайд гаарчихлаа.  

Монгол төрийн түшээ гэж ямар албанд ажиллаж байгаа хүнийг хэлэх вэ? УИХ-ын гишүүд үү? Төрийн бүх л салбарт ажиллаж байгаа тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчид уу?

- Төрд ажиллаж байгаа хэн ч бай төрийн үүргийг хэрэгжүүлж, төр иргэн хоёрыг холбож байгаа төрийн хүн, төрийн хар хүн юм. Төрийн хар хүн гэхийн учир нь бол хуучин цагт төрийн хар хүн, шар хүн гэж 2 ангилдаг байсан. Төрийн шар хүн гэдэг бол ном судар, шашин, тарни ёс талыг баримтлан явдаг. Төрийн хар хүн гэдэг бол төрийн хуулиа баримтлан явдагаараа ялгаатай. 

Монголын төрт ёс дээр үеэс хос ёсны 4 их төр гэж ярьдаг. Манайхан ярихдаа шашин төрийг хослуулан барих гэж яриад байдаг. Энэ нь философийн хувьд буруу юм. Угтаа бол хос ёсны 4 их төр гэдэг нь 

Номын төр

Сударын төр - Үзэл бодол номлол

Тарнийн төр - Сэтгэл засах

Ертөнцийн төр

Хялбарын төр - Төр олон түмний итгэлийг бүтээж, дарлан зовоохгүй байх. Одоогийн Ардчилсан төр.

Амгалангийн төр - Улс нийгмээ гадны халдлага, аюулаас хамгаалах чадвартай байна. 

Энэ бол Хубилай хааны үндсэн хууль гэж нэрлэдэг “10 буянт номын цагаан түүх”-д ингэж ангилсан юм.  Төрийн хар хүн гэдэг бол Ертөнцийн төрийн үйлийг гүйцэтгэх ёстой юм. 

Тэгвэл өнөөдөр төрийн түшээ хийж яваа хүмүүс төрөө түшилцэж чадаж байна уу?

- Төрийн түшээ хүн гэдэг бол төр нь энэ хүн дээр түшиж босно гэсэн үг л дээ. Гэтэл одоогийн манай төрд данстай хүмүүсийг харахад олон нь төрийг өөрсдөө түшээд амьдралаа тэтгэж явах шиг байна л даа. Төрд ажиллах хүн, төрийн түшээдийг сонгох сонголт сулараад ирэхээр төрийг бизнес гэж үзээд, түүгээр амьдралаа сайжруулья гэсэн хүн олон орж ирж байна. Одоогийн хүмүүс төрийг бизнес хийх боломж гэж хараад түүгээр дамжуулан ашиг хонжоо олохыг зорьсон хүмүүс их цутгаж байна. Би үүнийг намуудад хандив өргөөд нэр дэвшээд орж ирдэг байдалтай холбон хэлж байна.

Жишээлбэл, нэг мөнгөтэй нөхөр МАН дээр очоод нэр дэвшье гэсэн. Нөгөөх нь өөрийнхөө намын гишүүдээс нэр дэвшүүлнэ гэхээр маргааш нь АН-руу гүйж очоод 10 минутын дотор намд нь их хэмжээний хандив өгөөд АН гишүүн, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн болоод УИХ-д нэр дэвшээд 2 дахь удаагаа парламентад сонгогдоод л явж байна. Улс төрийн намын сул дорой байдлыг ашиглаад бизнес, олигархи бүлэглэлийн хүмүүс төрийн суудлыг худалдан авах, цаадуул нь төрийн эрх мэдэл, алба суудлыг наймаалах байдал хавтгайраад явж байна.

60 тэрбумын хэрэг гээд МАН-ын асуудал үүссэн. Үнэн хэрэгтээ төрийн сонгуульд орох эрхийг анхлан АН 20 саяар үнэлж эхлээд сүүлдээ 50 сая болоод явсан. Гол 2 нам төрийн суудлыг худалдах тал дээр бол нэг нь нөгөөгөөсөө ялгаа огт байхгүй. 

Төрийн түшээ ба улс төрч хоёрт ялгаа бий юу?

- Улс төрч гэдэг бол өндөр түвшинд ярих ёстой. УИХ-ын гишүүн бол улс төрийн үзэл баримтлалын төлөөлөл болон гарч ирж байна. Тиймээс улс төрч мөн. Гэтэл сумын мэргэжлийн хяналтын байцаагч бол улс төрч биш. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа түшээ болно. Ерөнхийлөгч, түүний зөвлөхүүд, УИХ-ын гишүүн бол улс төрийн нам, улс төрийн үзэл баримтлалыг төлөөлөн гарч ирж байгаа учраас улс төрч болно. 

Төрийн түшээ гэдэг хүнийг ард түмний саналаар сонгож байна. Гэтэл сонголт хийж байгаа иргэд саналаа өгч байгаа нийтлэг үндэслэл нь хангалтгүй байгаа тухай сүүлийн хэд хэдэн удаагийн сонгуулиас харагдлаа. Сонгогчид хэнийг сонгох ёстой вэ?

- Үндсэн хуулиараа бол УИХ-д сонгогдсон хүмүүс бол ард түмний элч гэдэг юм. Ард түмний хүсэл зоригийг Их хурлын индэр дээрээс төрийн дээд түвшинд илэрхийлж байгаа хүмүүсийг бид УИХ-ын гишүүд гэж хэлж байгаа юм. Гэтэл энэ хүмүүс ард түмэнд та бүхний элч байна гэж хэлчихээд танхимдаа орж ирэхээрээ танай ноён чинь гэж хуурч мэхлээд өөрийн эрх ашгийн асуудлыг шийдээд явж байгаа нь өнөөгийн төрийн эмгэнэл шүү дээ. 

Монгол төрийн түшээ хүнийг нийгэм бэлтгэдэг үү? Улс төрийн нам тодруулдаг уу?

- Энэ 2 янзын ойлголт бий. Улс төрийн нам гэдэг бол төрийн эрх мэдлийг авч, бодлогоо хэрэгжүүлнэ гэдэг үүднээс боловсон хүчнээ бэлтгэх үүрэгтэй. Бэлтгэлгүй хүнийг төрийн өндөр албанд томилбол унадаг дугуй унаж сураагүй хүнээр онгоц жолоодуулахтай адил. Ийм зүйлийг бид маш олон удаа үзсэн. Нөгөө талдаа төрийн алба бол зөвхөн сонгогддог, намуудыг төлөөлдөг албан биш. Төрийн алба гэдэг бол төрийн бодлогын уламжлалыг хадгалан, төр, нийгэмдээ зайлшгүй гүйцэтгэх ёстой жам ёсны үүрэг гүйцэтгэдэг. Энэ хүмүүсээ төр өөрөө бэлтгэдэг байх ёстой. Үүнийг Засгийн газар, төр нь шууд хариуцах үүрэгтэй. Одоо бол төрийн ажилтан бэлтгэх академи, сургууль бий. Гэхдээ түвшин маш доогуур учраас энгийн сургууль, боловсрол олгох байгууллагаас ер ялгагдахгүй байна. 

Угтаа бол төр албандаа авах хүнээ мэдлэг, чадварыг нь дээд хэмжээнд хүргэн бэлтгэж чаддаг байх ёстой.

Харин намууд бол улс төрд ажиллах хүмүүсээ бэлтгэнэ. Түүнээс биш жагсаал дээр чанга хашгирч, үймээн бужигнаан хийсэн, улс төрийн идэвхтэй хүмүүсийг хэлээд байж болохгүй. 

Өнөөдөр жинхэнэ төрийн түшээ гэж хэлэх хүн байна уу?

- Одоогийн УИХ 76 гишүүнтэй. Тэдний дунд улс эх орноо гэсэн сэтгэлтэй маш олон хүн байна. Жишээлбэл Аварга Б.Бат-Эрдэнэ байна. Улс орны эрх ашиг, нутаг усныхаа төлөө үгээ хэлж байдаг. Мөн Х.Баделхан гишүүн байна. Сая Үндсэн хууль хэлэлцэж байхад Ерөнхийлөгч хөгжлийн бодлогыг авч явах бүтэц хэрэгтэй гэсэн санал оруулахад УИХ хүлээн аваагүй. Гэхдээ Х.Баделхан гишүүн, Харвард төгссөн, Монголын урдаа барьдаг хуульч 2-ын яриаг харахад тэр өвгөн жинхэнэ Алтайн цаст уулын хүрэн бүргэд шиг жинхэнэ байгалиасаа заяасан төрийн хүн гэдгээ харуулсан. Монголын хөгжлийн бодлого судалгаанд үндэслэх ёстой гэж байхад нөгөө хүн УИХ баталсан тул бодлого хэрэгжинэ гэж яриад байгаа юм. Монгол Улс 4, 5 удаа хөгжлийн бодлого баталсан. Дандаа хуруунаасаа, хөх санаанаасаа зохиосон учраас хэрэгждэггүй шүү дээ. Эндээс харахад Х.Баделхан бол төрийн хүн болон төлөвшижээ. Нөгөө хүн нь бол олонд таалагдах гэсэн үг хэлж, аргацааж яваа гэдэг нь харагдаад байна шүү дээ.

Нөгөө талдаа жишээлэхэд, АН-аас Я.Санжмятав гэж хүн бий. Өмнө нь аймгийн засаг дарга хийж явсан. Байр суурь нь их бодит, амьдралд нийцэхээр байдаг. Л.Болд, Ж.Батзандан байна. МАН-ын залуучуудаас гэхэд Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ гэх мэт сайхан залуучууд байгаа харагддаг. Энэ хүмүүс үнэхээр төрийн төлөө гэж зүтгэж яваа хүмүүс байна л дээ. Гэтэл хажуу талд нь ЖДҮХС-аас нэг биш 2 ч удаа зээл авчихсан улсууд сууж л байна. 

Ер нь аль ч нийгмийн үед жаахан жолоо нь сулрах л юм бол хазайх тал нь дийлээд явчихдаг. Тиймээс жолоогоо чанга барьж явахгүй бол болохгүй. Тийм учраас Чингис хаан төрийн тэргүүн болохдоо өөртөө хэлсэн тангараг бий. 

“Би хадаас болж төрийг бэхлэн сахиж, Аргамжаа болж улсыг барин хатуужсу” гэж андгайлсан байдаг. Тиймээс төрийн тэргүүнээсээ эхлээд жолоогоо чанга барих хэрэгтэй болно. 

Өнөөгийн улс төрийн ороо бусгаа байдал, төрийн хүчгүйдэн сулдсаны алдаа нь түшмэдийн үйлдэлд байна уу?

- Төрийн түшээ хүнийг адаглаад 3 шалгуураар шалгадаг байх ёстой. 

Чи мэдэх үү? Мэдлэг, эрдэм боловсролтой юу?

Чи чадах уу? Сайхан ярьж байгаа ч амьдрал дээр хийж чаддаггүй хүн их бий.

Чи үүнийг хийж чадах нэр төртэй юу? Ноён нуруу байна уу? Мэддэг, чаддаг хэрнээ хулгайч байвал хэрэггүй шүү дээ. Олон түмэнд нэр хүнд муутай байвал болохгүй юм. 

Энэтхэгийн алдарт судар Махабхаратад төрийн сайдыг томъёолохдоо; “Харах нүдэнд дулаахан, хэл яриа нь таатай” гэсэн байх бөгөөд эндээс л төрийн сайд, түшээ хүний шалгуур эхлэх ёстой. 

Мэдлэг чадвартай хүмүүсийг төрд гаргах юм бол төрийн ажил чанд болж, цэгцэрээд явна. Юу ч мэдэхгүй хүнийг төрийн сайдад томилчихвол дор нь байгаа хүмүүс тэр юу ч мэдэхгүй хүнээр яаж ч тоглож болно шүү дээ. Юу ч хэлүүлж, юун дээр ч гарын үсэг зуруулж болно. Монгол Улс сүүлийн 20 жил төрийн сайддаа ямар хүмүүс тавиад байгааг харахад харамсалтай байдаг. Уул уурхайн сайдад гэхэд Хятад хэлний орчуулагч, бие хамгаалах урлагийн хүн, тамхины үйлдвэрийн эзэн, нэхмэлийн мэргэжилтэй хүн, одоо нэг сайхан бөх аваачаад тавьчихсан байна шүү дээ. Уул уурхайгаа мэддэг, геологи гэж мэддэг хүн байх ёстой. Ийм мэргэжлийн хүн тавих цагт л зөв шийдвэр гарна. Сайд хүн гэдэг мануухай биш шүү дээ. Төрийн сайдуудын тавигдах шаардлага гэж бий. Үүнийгээ л баримтлах ёстой. Эрүүл мэндийн сайд нь шугам зургийн багш хүн ч ажиллаж л байсан. Нарийн мэргэжлийн хүнийг төрийн түшээ, сайд түшмэлээр тавих ёстой ч энэ нь манайд дутагдаад байна. 

Төрийн түшээ хүний дээрх шалгуураас гадна хувь хүний хүмүүжил, төлөвшил чухал санагддаг. Учир нь өөрийн эрх ашгаас илүү бусдын төлөө, эх орныхоо төлөө гэсэн сэтгэл байх хэрэгтэй гэж боддог. Та ямар бодолтой байна вэ? 

- Нийгэм, эх орныхоо төлөө тустай зүйл хийхийг хүсэж байгаа бол үүнийг дарах хэрэггүй. Харин шунал гэж нэг юм бий. Дэлхийн 5 том шашинд шунал бол бүх нүглийн эх үүсвэр гэж үздэг. Төрд орж ирж байгаа хүнд шуналын өвчин халдварласан л бол хоолонд жоом орсон гэсэн үг. Ийм хүнийг авах хэрэггүй, хаях хэрэгтэй. Гэтэл манайд шуналаар хөтлөгдөөд төрд орж ирээд, заримдаа төр нь түүнийг нь дэвэргээд сууж байгаа шүү дээ. 

Иргэд, ард түмэн энэ хүн шуналаар хөтлөгдөж төрд орох гэж байна уу? Үгүй юу гэдгийг ялгаж таних боломжгүй. Тэгэхээр төрд төлөөлөх хүнээ хэрхэн таньж сонголт хийх вэ?

- Ард түмэнд бурууг өгөх хэрэггүй. Үндсэн хууль болон бусад хуулиудаар улс төрийн намуудад нэр дэвшүүлэх эрхийг нь өгсөн байдаг. Гэтэл намдаа хандив өгч, суудал худалдан авсан нөхдүүд ард түмний өмнө нэр дэвшээд очиж байна. Нэр дэвших тогтолцоо нь өөрөө бэрхшээлтэй. Бие даан нэр дэвшигчид өндөр шаардлагатай. Дээрээс нь гол 2 нам тэднийг нухчин дарж байна. 

2015 оны Улс төрийн намын тухай хуульд “Улс төрийн нам нь бүлгийн болон хувийн ашиг сонирхлоор нэгдсэн хүмүүсийн байгууллага мөн.” гэж тодорхойлсон байдаг. Түүнээс биш нам гэдэг бол улс орныхоо зам мөр, оршин тогтнох үзлээр нэгдсэн хүмүүсийн улс төрийн байгууллага мөн гэж тодорхойлоогүй. Сая Үндсэн хуулийн өөрчлөлтөд ч энэ тухай оруулалгүй Улс төрийн намын тухай хуулиар зкохицуулна гээд орхилоо. Зөвхөн нам нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэж л ганц үг нэмсэн. 

Намыг хэт шүтсэн, намыг толгой дээрээ гаргасны уршгийг одоо нийгмээрээ амсаж байна

Социализмын үед намыг тахин шүтэж байсан үеийн үзлээрээ толгой дээрээ залсанаас болж өнөөгийн бүх алдаа бий болоод байна шүү дээ. Европын орнуудын Үндсэн хуулийг харахаар зөвхөн Итали улсын хуульд л парламентад олонхи болсон намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэж заасан байгаа юм. Бусад улсуудын хуульд ийм заалт огт байхгүй. Намыг хэт шүтсэн, намыг толгой дээрээ гаргасны уршгийг бид нийгмээрээ одоо амсаж байна. 

Бид хэрвээ Үндсэн хуульдаа нам нь 20 мянгаас илүү гишүүнтэй байж болохгүй. Бусад нь дэмжигчид байж болно гээд Үндсэн хуульдаа оруулсан бол Монгол Улс намын туйлширлаас гарах боломжтой байсан. 

Улс төрд залуу үе хэрэгтэй болсон. Залуучууд хүч түрэн орж ирвэл төрийн шинэчлэл эхэлнэ гэж ярих болжээ. Таны бодлоор улс төрд цус сэлбэлт, залуу үе хэрэгтэй болсон уу?

- Залуу үе хэрэгтэй болсон гэж туйлшрах хэрэггүй. Төр мэддэг, төрт ёсны өндөр хүмүүжил боловсролтой ахмад үе өнөөдөр ус агаар мэт хэрэгтэй байна. Англи хэлээр хагас дутуу ярьдаг, баруунд очоод курс төгсөөд ирсэн нөхдүүд бол барууны номлолоор л Монголоо харж, яриад байна. Гэхдээ залуучуудаа дэмжиж гаргана гэдэг бол мэдлэгтэй, чадвартай, чин сэтгэлээсээ төрд зүтгэх тэр хүмүүсийг олж дэвшүүлэх тухай асуудал юм. Тэрнээс биш аль нэг нам нь 35 насны хязгаар тогтоочихоод баахан хүний нэр дэвшүүлээд байвал тэр хүмүүс төрийг эвдэнэ үү л гэхээс босгож чадахгүй шүү дээ.

Төрийг босгоход ухаан хэрэгтэй. Тэр ухааныг туршлагаар л олж авна.

Ахмад үеэсээ салах юм бол гадны номоор явна. Гадаад сургууль төгсөөд ирсэн хүмүүс бол барууны номоор л Монголыг харахаас биш хөрсөн дээр нь буулгаж харах, дадлага чадвар дутна л даа. 

Ц.Соёлмаа