Нийслэл хотын агаарын бохирдолд олон хүчин зүйл нөлөөлж байгаа ч гэр хорооллын утаанаас үүдэлтэй бохирдол 80 хувийг эзэлж байсан судалгаа саяхныг хүртэл гарч байсан. Харин түүхий нүүрсний хэрэглээг хориглож, сайжруулсан түлшийг 2019 оноос гэр хорооллынхон хэрэглэж эхэлснээр агаарын бохирдол өнөөдөр 50 хувиар буурсан гэж мэргэжлийнхэн үзэж байна. Үүнээс гадна сайжруулсан түлшнээс тортог ихтэй, эвгүй үнэр ихээр ялгаруулж байна гэсэн иргэдийн гомдол ч цөөнгүй бий.
Дээрх асуудлаар Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөөтэй ярилцлаа.
Та ажлаа хүлээн аваад 100 хоног болж байна. Энэ хугацаанд нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлд ямар ажлуудыг хийсэн бэ?
Хотын даргын баг бүрэлдэхүүн гурван сар гаран буюу 100 хоногт ажилласан тайлангаа иргэддээ хүргэлээ. Энэ хугацаанд багагүй ажлыг амжуулсан байна. Агаарын бохирдлыг бууруулах ажлыг шат шатандаа хийсэн. Агаарын бохирдолтой тэмцэхээс илүү Ковид-19, Цар тахалтай илүү тэмцлээ. Гэхдээ ажлаа орхигдуулаагүй. Өнгөрөгч онтой харьцуулахад агаарын бохирдолтой холбоотой зарим ажил буурсан ч зарим ажилд мөн дэвшилт гарсан байгаа.
Өнгөрсөн жилд угаарын хийд хордож, эрдэнэт хүний амь эрсдэх тохиолдол цөөнгүй гарсан. Энэ жил ийм харамсалтай тохиолдол бараг гарсангүй. Иргэд шахмал түлшээ хэрэглэж сурч байна. Нийслэл хотыг гал алдуулахгүй байх үүргийг Тавантолгой ХХК хүлээж байгаа. Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 95 мянган тонн түлш нөөцөлж, түлш борлуулах цэгийг 341-ээр нэмлээ.
Сайжруулсан түлшний хүртээмж нэмэгдсэн сайн тал байна. Гэхдээ сайжруулсан шахмал түлшний найрлагад хүхрийн хэмжээ өндөр гарч байгаа. Үүний шалтгаан, нөхцөл нь юу вэ?
2016 онд Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Цаг уур, орчны шинжилгээний газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар нарын хамтран хийсэн судалгаагаар агаарын бохирлын 60 хувийг гэр хорооллын утаа, 20 хувийг автомашин, 10 хувийг усан халаалтын зуух, 6 хувийг станц, үлдсэн 4 хувь нь бусад эх үүсвэрээс үүдэлтэй байна гэж тогтоогдож байсан.
2021 онд энэхүү судалгаанд хамрагдсан эх үүсвэрүүдэд томоохон тоон өөрчлөлтүүд орсон. Жишээлбэл: Амгалан дулааны цахилгаан станцын ачаалал 90%-д хүрсэнээр жилийн түүхий нүүрсний хэрэглээ өссөнөөс гадна тээврийн хэрэгслийн тоо 336,000 -аас 600,000 гаруй мянга буюу 1,8 дахин өссөн. Шатахуун зэрэглэл нь евро 2 буюу литр шатахуун шатаахад 500грамм хүхэр агаарт хаягдаж, тоон өссөлтөөс хамаарсан хүхрийн ялгарал эрс нэмэгдсэн.
Эдгээр хүчин зүйлсээс хүхрийн хэмжээ өссөн гэдгийг мэргэжлийн байгууллагууд үздэг. Бас энэ жил гэр хорооллын галлагаа 2 дахин нэмэгдсэн нь хүхрийн хэмжээ ихсэхэд тодорхой нөлөөлсөн. Идэр есийн хүйтэнд 220 мянган өрхийн иргэд гэртээ байж, 24 цагийн галлагаатай болсон. Нийслэлд өмнөх жилүүдэд өдөрт 2500-3000 тонн түлшний хэрэглээтэй байсан бол энэ жил өдөрт 6000 тонн хол давсан түлшний хэрэглээтэй болж өмнөхөөсөө 2 дахин өссөн.
Бас 22 компани 219 түүхий нүүрс түлж буй уурын зуухтай ажиллаж байна. Жилд 50-60 уурын зуухны асуудлыг шийддэг. Гэхдээ бүгдийг өөрчлөх хэрэгтэй. Бид 2024 он хүртэл түүхий нүүрс түлдэг уурын зуухгүй болох зорилт тавиад ажиллаж байна. Ингэж чадвал хүхрийн хэмжээг тодорхой хэмжээгээр буурна.
Сайжруулсан шахмал түлш тортог ихтэй, үнэртэй байна гэж иргэд шүүмжилж байгаа. Бас эрүүл мэндэд таагүй нөлөө үзүүлэх магадлалтай гэж ярьдаг. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
Хоёр жилийн өмнө нийслэлийн утаа ямар байсныг та бид мартаж болохгүй. Өнөөдөр утаа багассан. Хорин жил ярьсан утаа яаж буурсныг иргэд мэдэж байгаа. Гэхдээ зохион байгуулалттай энэ ажлыг харлуулах гэсэн ажил ч явагддаг. Хуучнаасаа дор болчихлоо, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн яриа бий. Ер нь хорин жил ярьсан утааны асуудлын хамгийн том шийдэл бол зарим нэг хүмүүсийн муу гэж ярьдаг сайжруулсан шахмал түлш. Хэрвээ энэ түлш гараагүй бол утаагүй зуух… гээд үлгэр мэт олон зүйл яригдсан. Энэ хугацаанд 700 гаруй тэрбум төгрөгийг ямар ч үр ашиггүй зарцуулж тухайн үеийн дарга, цэрэг нар ууж идлээ. Хэрвээ сайжруулсан шахмал түлш гараагүй бол байдал ямар байх байсан бэ? Бодох л хэрэгтэй.
Үүнийг хэрхэн шийдэх вэ?
Нүүрсийг цэвэршүүлэх буюу хүрэн нүүрсэн дээр дэвшилтэт технологи ашиглахаар судалж байна. Хүрэн нүүрсийг цэвэр нүүрс болгож нэг талаасаа монголчилбол халааж, хүрэн нүүрснээс хий, нүүрсний давирхайг гаргаж авах боломжтой гэсэн үг. Ингэснээр газын үйлдвэрийг монголд хөгжүүлэх, нөгөө талаасаа гадны оронд эрэлттэй байдаг давирхайг гадагшаа гаргах боломж нээгдэнэ.
Дотооддоо газын үйлдвэрийг хөгжүүлж чадвал гэр хороололд түшиглэж дэд бүтцийг хөгжүүлэх боломжтой. Яваандаа гэр хороололд газын шинэ технологи нэвтрүүлэх шаардлагатай байна.
Шинэ технологийг нэвтрүүлэх нь сайн зүйл, нөгөө талаасаа энэ ажилд цаг хугацаа их орох юм шиг харагдаж байна. Ер нь манайд газын үйлдвэрийг хөгжүүлэх боломж байна уу?
Боломжгүй харагдаж байж магадгүй. Гэхдээ боломж бий. Газын том, том компани төлөөлөгчидтэй уулзаж, туршлага судлаж байна. Бас Багануур дүүргийн Засаг дарга манай дүүрэг дээр түшиглэж энэ үйлдвэрээ нээгээч гэсэн хүсэлт ирүүлсэн. Олон жил ажилласан энэ уурхайг түшиглэхийг санал болгосон.
Саяхан Сонгинохайрхан дүүргийн иргэд цахим орчинд эрүүл мэндэд хор учруулж байна гэж сайжруулсан шахмал түлшний үйлдвэртэй холбоотой асуудлыг гаргасан. Үүний үр дүнд баруун үйлдвэрийг, зүүн буюу Налайхын үйлдвэртэй нийлүүлэх шийдвэр гарчихлаа гэж ойлголоо. Энэ зөв үү?
Иргэдийг буруутгаж болохгүй. Иргэдийн хүсэл, сонирхолд нийцүүлэн төр иргэддээ үйлчлэх ёстой. Шадар сайд С.Амарсайхан, “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилтай танилцах үеэрээ тус үйлдвэрийг Налайх дүүрэгт шинээр ашиглалтад орсон үйлдвэр рүү нүүлгэх бэлтгэл хангах үүргийг холбогдох сайдад нь өгсөн.
Иргэдийн шүүмжийг төр сонсож, 7 хоногт шийдвэр гаргалаа. Иргэдийн хяналт сайжирч, дуу хоолойгоо идэвхтэй илэрхийлдэг болсоны нэг илрэл энэ юм. Гол нь улс төрийн захиалга, зорилгогүй, яг өөрсдийнхөө эрх ашгийн төлөө иргэд дуугарах хэрэгтэй.
Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулахад ногоон байгууламж чухал. Энэ чиглэлийн ямар ажил хийгдэж байна вэ?
Айл өрхүүдийн тарьсан модыг үнэлж байж иргэдийн мод тарих хүсэл сонирхол бий болно. Нийслэлд олон цэцэрлэгт хүрээлэн бий болгох шаардлагатай. Энэ хавар Чингэлтэй дүүргийн Тасганы овоонд том цэцэрлэгт хүрээлэн бий болгохоор зураг төсөл, төсөв нь батлагдсан. Нийслэлд энэ ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Цаашдаа барилгын хороолол барьж байгаа компаниудтай ногоон байгууламжийн асуудлаа заавал шийдсэн байх ёстой гэсэн шаардлага тавина.
Нийслэл хотын хөгжилд шинэ өөрчлөлт чухал. Гэхдээ дарга өөрчлөгдөхөд бодлого өөрчлөгддөг биш харин үргэлжлүүлж, сайжруулж байж ажил илүү үр дүнтэй болно. Энэ тал дээр та ямар байр сууртай байдаг вэ?
Ажил хийх амаргүй, хүн бүрт шүүмжлүүлнэ. Энэ бол байдаг л асуудал ажил хийх гэж ирсэн учраас шүүмжийг авах гээхийн ухаанаар хандаж ажиллана. Гэхдээ манайд ажил хийж байгаа хүмүүсээ дэмждэг, ажил хийхгүй байгаа хүмүүсийг шүүмжилдэг тогтолцоо руу орох хэрэгтэй гэж хувь хүний хувьд боддог.