Б.Энхбаяр:

Шударга ёс “НЭГ НҮҮРТЭЙ” байх ёстой


9 минут уншина
Ярилцсан Ц.Соёлмаа:
Б.Энхбаяр: Шударга ёс “НЭГ НҮҮРТЭЙ” байх ёстой
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр

УИХ-ын намрын чуулган, батлагдсан хуулиуд, Шүүхийн шинэчлэл, хаврын чуулганы хүлээлт зэрэг сэдвээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяртай ярилцлаа. 


УИХ-ын өнгөрөгч намрын чуулган 2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын анхны чуулган байлаа. Та шинээр сонгогдсон гишүүний хувьд парламентын үйл ажиллагааг хэрхэн дүгнэх вэ?

Намрын чуулган их завгүй, хурдан өнгөрлөө. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын чуулган 75-аас доошгүй хоног хуралдахаар заасан. Өмнө нь 50-иас доошгүй хоног хуралддаг байсан. Хоёр чуулганы хоорондын зааг нь 1 сарын хугацаатай болсон. Үндсэндээ УИХ байнгын үйл ажиллагаатай, тасралтгүй хуралддаг боллоо. Хурлын ирц илтэд сайжирч, гишүүд саналаа хурууны хээгээр өгдөг болсон. Ёс зүй, хариуцлага чангарах хирээр хууль тогтоох үйл ажиллагааны чанар ч ахилаа. Цар тахлын үе, хөл хорионы үе давхацсан тул цахимаар хуралдах, цахимаар саналаа өгөх байдлаар УИХ үйл ажиллагаагаа тасалдуулсангүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Шүүхийн тухай хууль, Банкны тухай хууль зэрэг томоохон реформууд хийгдлээ. Нэг чуулганы хугацаанд хоёр ч Засгийн газрыг бүрдүүлсэн гээд онцлох зүйл ихтэй чуулган өнгөрсөн. 

Хувь гишүүнийхээ хувьд өмнө нь хуульчаар ажиллаж байхдаа болон Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байх хугацаанд хийж чадаагүй, хийхээр төлөвлөсөн ч ноороглоод орхисон байсан зарим ажлуудаа амилуулах боломж гарч ирсэн. 10 хуулийн төслийн ажлын хэсэгт орж, Шүүхийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж ажилласан бол Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөл, Банкны тухай хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласнаар намрын чуулганы хугацаанд хийгдсэн гол 3 хуулийн шинэчлэлд гар бие оролцсондоо олзуурхаж байгаа. 

Улсын Их Хурлаас Засгийн газарт хяналт тавих хүрээнд асуулт, асуулга гэсэн хяналтын хоёр хэлбэр бий. Намрын чуулганы хугацаанд УИХ-ын гишүүдээс Засгийн газар, албан тушаалтнуудаас бичгээр тавьсан 25 асуултын 10-ыг нь би тавьсан байна лээ. Их асуулт асуусан мэт боловч үндсэндээ төрийн өмчит компанийн засаглал удирдлага, үр дүнтэй холбоотой асуултыг сайд тус бүрээс асуусан юм. Хаврын чуулганаар төрийн өмчит компаниудтай холбоотой хуулийн төслийг Засгийн газраас оруулж ирэх ёстой гэж үзэж байгаа. Хэрвээ УИХ-д өргөн баригдахгүй бол миний бие бусад гишүүдийн хамтаар өргөн барина гэж бодож байгаа.

ХЯНАЛТ ХАРИУЦЛАГЫН ЭРХ МЭДЭЛ АЖИЛЛАХГҮЙ, ӨӨРӨӨ АВЛИГАЖААД, ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЭЛ, ХУУЛЬ ТОГТООХ ЭРХ МЭДЭЛД УУСАЖ АЛГА БОЛБОЛ БИД ШУДАРГА ЁСНЫ ТУХАЙ ЯРИХ БОЛОМЖГҮЙ БОЛНО.

Шүүхийн тухай хуулийн амин сүнс нь шударга ёс уу? шүүгчийн томилгоо юу? эсвэл Үндсэн хуулийн үзэл санаа юу?

Шүүх эрх мэдэл гэдэг бол хяналтын эрх мэдэл. УИХ хууль тогтоож бодлогоо тодорхойлж өгдөг. Энэ бодлогын хүрээнд баталсан хууль тогтоомжийг Засгийн газар хэрэгжүүлдэг. Хууль хэрэгжүүлэх явцад алдаа гарч байна уу, шударга бус байдал гарч байна уу гэдэгт хяналт тавьж байдаг нь шүүх эрх мэдэл юм. Хяналт хариуцлагын энэ эрх мэдэл ажиллахгүй, өөрөө авлигажаад, гүйцэтгэх эрх мэдэл, хууль тогтоох эрх мэдэлд уусаж алга болбол бид шударга ёсны тухай ярих хэрэггүй болно. Хяналт, хариуцлага байхгүй бол ямар ч сайхан яам, хууль тогтоомж байгаад нэмэргүй. Тиймээс шударга ёс гэдэг бол энэ юм аа хэмээн Монгол Улсын нэрийн өмнөөс төрийн сүлдний өмнө хэлж байдаг шүүх засаглалыг хэнээс ч хараат бусаар чухамхүү шударга байлгах асуудал олон хүчин зүйлтэй холбоотой. Тэрний төлөө зорьж батлагдсан шинэтгэл юм. Шүүх засаглалыг шударга болгож амилуулж чадвал иргэд эрхтэн дархтанаас хэнээс ч айлгүйгээр өөрийн эрхээ хамгаалуулах, зөрчүүлэхгүй байлгах үндэсийн үндэс. Шударга ёс өөрөө нэг нүүртэй байх ёстой.

Шүүхийн хуулийн гол зорилго бол дараа дараагийн томилогдох хүмүүс одоо байгаа хүмүүс дундаа арай илүү хүнийг гаргаж ирэх, хэн нэгэн дарга, улс төрчийн, мөнгөтэй хүнийх биш биеэ даасан дархлаатай хүмүүсийг бүрдүүлж байж шударга ёс, шударга шүүхийг байгуулж чадна. Болохгүй байгаа нэгнийг Сахилгын хороо нь хариуцлага тооцдог, шүүрдэж чаддаг ийм амьд механизмыг бүрдүүлэхийг зорьсон. 

Шүүхийн тухай хууль иргэд шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаажууллаа, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэсэн уриа лоозон үг энэ хуулийг байнга дагаж явсан. Олон нийтэд ч энэ хэрээрээ хүлээлтийг бий болголоо. Хууль хэрэгжиж эхэллээ. Та хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан хүний хувьд ямар баталгаа хэлэх вэ?

Онолын хувьд ШУДАРГА ЁС гэдэг бол нэг талдаа үгүйсгэгдэхгүй, гэхдээ гарт барьцгүй зүйл. Эрх зүйт хууль дор амьдарч байгаа өнөө цагт хүчтэй нь хүчгүйгээ дийлж байгаа нь шударга бус. Хүчгүй хүн нь хүчтэйдээ дарагдаж, уусаж алга болж байгаагаа бурхны төөрөг, зураг, тавилан гэж ухамсаргүйгээр тооцдог нийгэм байсан. 200 жилийн өмнө боолын нийгэмд боолыг зардаг, өмч хөрөнгө, боолын хүүхэд боол байдаг. Анхнаасаа л төрөхдөө боолын гэрт төрсөн хүнийг бодож үзвэл өнөө цагт туйлын шударга бус хандлага юм. Нийт нийгмийн сайн сайхны төлөө нэг хүний амь насыг золих нь шударга ёс мөн үү? Гэтэл тэр бол хүний амь. Нэг хүн бүрээс нийгэм бүрддэг. Нэг хүний эрх чөлөө хангагдаж байж тухайн нийгэм оршино. Одоо бидний өнцгөөс харж байгаа шударга ёс гэдэг бол хүн нэг бүрийн үндсэн, жам ёсны эрх, эрх чөлөөг хүн гэдэг  утгаар нь ойлгож хүлээн зөвшөөрөх юм. Үүнийг хөндөхгүй байх ёстой. Дарга ч бай, цэрэг ч бай, төр нь ч бай бүгд нэг хуулийн дор адил тэгш амьдрах юм. Хуульд дарга болсон учраас арай илүү давуу тал олгож, цэрэг учраас хязгаарлалт тавихгүйгээр гарч байгаа хууль бол шударга хууль. Шударга хуулийн дор эрх тэгш амьдрахыг хэлж байгаа юм. Ингэхдээ яг адилхан амьдрах гэсэн үг биш. Илүү авьяастай, илүү хөдөлмөрч хүн сайхан амьдарна. Энэ бол шударга. Илүү хөдөлмөрлөснийхөө хүчээр илүү боломжийг хүртэж байгаа нэгнийгээ араас нь татаж унагаад бүгд адил байх ёстой гэсэн коммунизм бол биш. Харин шударга бусаар олж, шударга бусаар амьдарч байгаа нэгэн бол хууль, цээрлэлээ хүлээдэг бахй ёстой. Шударга хууль дор амьдрах эрх тэгшийн утга учрыг хянаж, хангаж байдаг нь шүүх юм. Иргэд юу хүсэж байна гэхээр адил зөрчил, адил гэмт хэрэг дээр ядаж ойролцоо хариуцлага хүлээлгэхгүй юм уу? гэдэг. Дээдэст үйлчилдэг тусдаа шударга ёс, иргэдэд үйлчилдэг тусдаа шударга ёсыг шүүх тогтоогоод байгаа учраас өнөөдөр иргэд бухимдаад, шударга ёсны өлсгөлөнгөөр ангаж, цангаад байгаа юм. Энэ бол хоол хүнсний өлсгөлөнгөөс илүү аюултай. Нобелийн шагналт зохиолч Бертран Рассель хэлэхдээ, “Хэн ч гэсэн өлсөж байснаас адилхан хооллож байхыг л хүсдэг.” Энэ бол хүн бүрийн амин хэрэгцээ. Өөрийнх нь өлсөж байгаа хамаагүй. Бусадтай адилхан хооллож байхыг хүсдэг. Хүний үндсэн мөн чанар нь энэ. Түүнчлэн “Нийгмийн гэрээний онол” бүтээлээрээ үүнийг илүү системтэйгээр гаргасан францын гүн ухаантан Жан Жак Руссо хэлсэн байдаг. 

“ХЭН Ч НИЙГЭМД ӨӨРИЙНХӨӨ БИЕИЙГ ХУДАЛДАХУЙЦААР ЯДУУ БАЙЖ БОЛОХГҮЙ. ХЭН Ч БУСДЫГ ХУДАЛДАН АВАХУЙЦААР БАЯН БАЙЖ БОЛОХГҮЙ.” ЭНЭ БОЛ КОММУНИЗМЫН АДИЛХАН БАЙХ ТУХАЙ ФИЛОСОФИ БИШ. АДИЛ ГЭМ НҮГЭЛД АДИЛХАН ШИЙТГЭГДЭГ БАЙХ ЁСТОЙ. 

Там, диваажинд арын хаалга гэж байдаг уу? Би мэдэхгүй юм. Гэхдээ бурхны өмнө байдаггүй л байх гэж үзэж байна. Бурхны өмнө ялгаварлал байдаггүй юм бол хүний амьдарч буй нийгэмд ийм ялгаварлал байгаад байна вэ? Үүнтэй адил буян хишгээ хүртэх ёстой бол адилхан л хүртэх ёстой. Гэм нүглийнхээ төлөө цээрлэл хүлээх ёстой бол адил л байх ёстой. Үүнийг хангадаг нь шүүх. Тиймээс шүүхээ хараат бус байлгах үндэс нь Шударга ёс юм. 

Шударга ёс олон нүүртэй байх ёсгүй. Шударга ёс амилахын гол үндэс нь иргэдийн хүсэл эрмэлзэл, эрх чөлөө. Шударга ёсны төлөө хүмүүс амь насаа хүртэл зольдог. Хүн төрлөхтний төлөөх тэмцэл бол өөрийнхөө болон бусдын эрхийн төлөөх тасралтгүй, төгсгөл байхгүй тэмцэл юм. Шүүхийн шинэчлэл гэхээр зөвхөн шүүх байгууллага юм уу, Монгол Улсын 500 гаруй шүүгчийн асуудал мэт харж болохгүй. Монгол Улсын бүх хүнд хамаатай шинэчлэл. Шударга ёсны, эрх зүйт төрийн, эдийн засгийн хөгжлийн, хүний эрх, эрх чөлөөний суурь нь шүүхийн шинэчлэлээс эхтэй. Тийм учраас шүүхийн шинэчлэлийг ямар нэгэн албан тушаалтны, хэн нэгэн хувь хүний сонирхлоос ангид, салгаж харах ёстой. Шинэчлэл хийхдээ Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчмыг барьсан. Энэ нь улсаасаа давсан ямар ч ашиг сонирхол хэнд ч байх ёсгүй л гэсэн үг. Хоёрт, судалгаа шинжилгээ, олон улсын сайн туршлагад суурилж, өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан боловсруулж баталсан. 

Шүүгч нь шударга байж шүүх шударга болно. Шүүгчийн мэргэжлийн болон ёс зүйн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, алдаа гаргавал хариуцлага тооцох САХИЛГЫН ХОРОО гэж бий болсон. Эргээд сахилгын хороо нь шүүгчдээ дарамталдаг байгууллага болох эрсдэлтэй биш үү?

Хууль хэн нэгэнд давуу эрх олгох, эсвэл хэн нэгний мууг тухайлан үзэх гэж гарч болдоггүй. Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын Их Хурлаас хамааралгүй гишүүдийг Сахилгын хороо сонгоно. Хамааралтай болохоороо л “Хадны мангаа” болчхоод байгаа. Шүүх эрх мэдлийн бие даасан байдлын дархлааг шүүгчид өөрсдөө хамгаалах хэрэгтэй. Тийм учраас 50 хувьтай дүйх хэмжээний Сахилгын хорооны гишүүдийг шүүгчид өөрсдөө сонгоно. Ард түмний хүсээд байгаа шударга ёсонд дүйцэхээр ажиллах ёстой. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний нээлттэй сонгон шалгаруулалтыг 2021 оны гуравдугаар сарын 10-нд зарласан. Гуравдугаар сарын 31 хүртэл иргэд өөрсдөө нэрсээ дэвшүүлнэ. Шударга ёсны төлөө тэмцэж чадна, өөрийнхөө намтар түүхэнд эргэлзэхгүй, хэн нэгэнд барьцаалагдаагүй гэдэгтээ бардам, мэргэжил ур чадвартаа

итгэлтэй, өөрийгөө сорьж үзэхийг хүсэж байгаа хэн бүхэн өөрсдөө нэрээ дэвшүүлээсэй. Үүгээр Улсын Их Хурал иргэдэд нээлттэй боломж олгож байна. Шалгаруулалтын журмыг Хууль зүйн байнгын хороо баталж 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Дээрх ажлын хэсгийн 11 гишүүнд бүх талын төлөөлөл орж байж бие биендээ хяналт тавина. Хуйвалдах бололцоогүй бүтцээс мэргэжлийн ёс зүйн шалгуураар хүн гарч ирвэл арай дөнгүүр хүн гарч ирнэ. Миний хүсэл бол зуу, зуугаараа хүмүүс нэр дэвшээсэй гэж харж байна. Зарим хүмүүсийн хувьд нэр дэвших хүн байгаа юу? гэж санаа зовж байгаа. Энэ нь шалгуур өндөр болсон гэдгийг илтгэж байгаа.

УЛСЫН ИХ ХУРАЛ ШҮҮХИЙН ХУУЛИЙГ БАТЛААД ОРХИХГҮЙ, ХЭРЭГЖИЛТЭНД НЬ БАЙНГЫН ХЯНАЛТ ТАВИНА

Сайн хууль батлагдах нэг асуудал. Дараа хэрэгжилт нь хуулийн үзэл санааны дагуу байж чадаж байна уу? хэрэгжүүлэгчид хуулийг зөв тайлбарлаж, хэрэгжүүлж чадаж байна уу гэдэг нь бас л нэг асуудал. Үүнд хяналт тавих нь УИХ-ын бүрэн эрх шүү дээ. Та УИХ-ын гишүүний хувьд хуулийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьж ажиллах вэ?

Дор хаяж нэг жил байнгын араас нь хяналт, үнэлгээ хийгдэнэ. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Ж.Сүхбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гаргаад Шүүхийн хуулийн уялдаа холбоо хэрхэн явж байгаа тал дээр хяналт тавьж ажиллахаар болсон. Ж.Сүхбаатар гишүүн нь энэ хууль дээр анхнаас нь далайцтай, манлайлж ажилласан гишүүн. Шүүх эрх мэдэл гэдэг нь ганцхан шүүгч биш. Шүүхэд хавтаст хэрэг очиход оролдог мөрдөх алба, хяналт тавьдаг прокурор, өмгөөлөгч гээд олон талын асуудал зэрэг шударга болж байж бүтнээрээ сайн ажилладаг эрх мэдэл. Шүүхэд хавтас хэрэг 

очих хүртэлх тэр бүх зүйл хууль ёсны, хүний эрхийг дээдэлсэн байх ёстой. Тэгж байж л жинхэнэ шинэчлэл болно. Тийм учраас Хууль зүйн байнгын хорооноос Шүүхийн тухай хуультай уялдуулан мөрдөн шалгах, Гүйцэтгэх ажлын хүний эрхийг хамгаалах чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хэсэг байгуулан, миний бие ахлан ажиллахаар болсон. 

Шүүхийн тухай хуулийг дагаад олон хуулиуд шинэчлэгдэх юм байна. Энэ хуулийн хэлэлцүүлэг цахим орчинд нилээн идэвхтэй өрнөсөн. Ажлын хэсэг ахалсан хүний хувьд энэ хэлэлцүүлэг хэр их хүртээмжтэй болсон гэж харж байгаа вэ?

Цаг хугацааны хувьд алдаж болохгүй агшинд батлагдсан хууль. Хэрвээ хаврын чуулганаар энэ хууль яригдсан бол хэт улс төржих байсан. Ерөнхийлөгчийн сонгуультай давхцаад явахгүй байсан. Сонгуулийн дараа орж ирсэн бол бас л хэцүү байсан. Яагаад гэвэл 6 жилээр сонгогдох Ерөнхийлөгч бас тийм амар зарим эрх мэдлээсээ салахыг хүсэхгүй шүү дээ. Тийм учраас олон жилийн судалгаа, хэлэлцүүлэг дээр нотлогдсон, сүүлийн 20 жилийн алдааг давтахгүй гэсэн агуулгаар хийгдсэн хууль. Энэ хуулийн үр дүнд хэн нэгэн ноёлох эрхгүй болсон. Онол гэдэг бол шалгагдсан үнэн. Нэг хүн гурван жилийн хугацаанд нэг ажлаа хийхэд вакумждаг. Энэ хуульд ерөнхий шүүгч дангаараа шийдэх эрх мэдэл байхгүй. Дандаа нийт шүүгчдийнхээ хамтын шийдвэрээр шийдвэрлэгдэнэ. Бие биендээ хяналт тавина гэсэн үг. Дотоод ардчилал шүүхийн системд бий болно гэсэн үг.

Хаврын чуулганаар та ямар хуульд илүү анхаарал хандуулж ажиллах вэ?

Шүүхээс мөрдөн байцаалтанд буцаахыг хүчингүй болгох заалтыг хөндөнө, Мөн Эрүүгийн хуульд худал мэдээлэл тараахтай холбоотой 2-3 заалт нарийвчлан өөрчлөлт оруулна. Бас Газрын хуульд нийтийн орон сууцны орчны газрыг орон сууц өмчлөгчдөд нь хувь ноогдуулж эзэмшүүлэх чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг өргөн барьж, батлуулна даа.