Барилгын хөгжлийн төвийн хэрэгжүүлж буй чиг үүрэг юу вэ?
Барилгын хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газар нь 2012 онд албан ёсоор “Барилгын Хөгжлийн Төв” нэртэйгээр байгуулагдсан. Өмнө ямар чиг үүрэгтэй байж байгаад Барилгын хөгжлийн төв болсон бэ гэвэл МУ-ын Засгийн газрын БСШУЯ /тухайн үеийн/, БХБЯ, ЭМЯ зэрэг нь тус бүртээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй ажлууд дээрээ “Захиалагчийн алба” гэх нэртэй албадуудтай байсан.
Мөн БХБЯ чиг үүргийн агентлаг байхгүй байсан учраас 2012 оноос хойш манай Барилгын хөгжлийн төв нь чиг үүргийн агентлагийг нь хэрэгжүүлээд, барилгын салбарын төрийн үйлчилгээ үзүүлж буй төрийн өмчит үйлдвэрийн газар болсон юм.
Барилгын хөгжлийн төвийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд ямар ажлууд голлон тусгагдсан байгаа вэ?
2021 он Барилгын салбарт төдийгүй дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас барилгын материалын үнэ нэмэгдэх, ажиллах хүчний хомсдол үүсэх, хөл хорио зэргээс үүдэж улсын төсвийн хөрөнгө оруулалтууд нэлээд график төлөвлөгөөнөөсөө хоцорч , 2022 он руу шилжиж ажиллаж байна. Мөн манай барилгын салбар хавар 4-р сараас эхлээд намар 10-р сар хүртэл үйл ажиллагаа явуулдаг богино хугацааны онцлогтой.
Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа
Хөдөө орон нутагт сумын төвийн шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлж, сумын төвүүдэд нэгдсэн халаалт, усан хангамж, ариутгах татуургын ажлуудыг хийхээр төлөвлөөд ажиллаж байна. 2021 оноос эхлүүлээд явж байгаа 2022 онд үргэлжлэн хийгдэх барилгын салбарын нэг онцлог ажлыг дурдвал яамдууд тус бүртээ зураг төслөө захиалаад зургийн компаниудаар зуруулж улсын төсөвт нэгтгэдэг байсан.
Мөн аймаг бүрт барилгын материалын сорилт шинжилгээний лабораторитой болох, түүнийгээ тоног төхөөрөмжөөр сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байгаа. БХБЯ-наас анхаарч ажиллаж байгаа бас нэгэн ажил бол манай улсад БНХАУ-аас болон ОХУ-ын Алтанбулаг боомтоор импортоор барилгын материал их орж ирдэг. Тиймээс хоёр голлох боомт дээрээ барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори байгуулахаар зураг төслийн хэмжээнд энэ жил улсын төсвийн тухай хуульд тусгаад ажиллаж байна.
Ирэх жилүүдээс эдгээр хоёр боомт дээр томоохон лаборатори бий болно. Барилга барихад чанарт маш олон зүйлс нөлөөлдөг. Үүний хүрээнд барилгын материалын чанараас нэг хэсэг нь шалтгаалдаг учраас сорилт шинжилгээний лабораториор баталгаажсан, чанарын шаардлага хангасан материал оруулж ирэх тал дээр анхаарч энэхүү ажлыг хийж байна.
Төрийн үйлчилгээний цахим шилжилттэй холбоотойгоор Барилгын хөгжлийн төв ямар цахимжилтын ажил хийж байгаа вэ? Үр дүн болон ач холбогдлын талаар?
Төрийн үйлчилгээг цахимжуулах E-Mongolia хөтөлбөрийн хүрээнд барилгын салбарын нэгдсэн бүртгэл мэдээллийн системийг боловсронгуй болгох ажлыг хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэж байна. Ингэснээр иргэд, хуулийн этгээдүүд тус мэдээллийн систем дэх найман дэд системээр дамжуулан барилгын салбарын мэдээ, мэдээллийг цаг хугацаа, орон зай харгалзахгүй авах бүрэн боломжтой болсон.
Энэ ажлын хүрээнд хэрэгжиж эхлээд бүрэн ашиглалтад орсон нэг жишээг дурдъя. Барилгын тусгай зөвшөөрөл гэдэг асуудал хэл ам ихтэй, ашиг сонирхлын зөрчил ихтэй, цүнхний компаниуд тусгай зөвшөөрөл авах гэх мэт сөрөг үр дагавар дагуулсан ажлууд их байдаг байсан. Үүнийг бид бүрэн таслан зогсоож, барилгын материалын нэгдсэн бүртгэл системийнхээ хүрээнд Барилгын тусгай зөвшөөрлийг бүрэн цахимжуулж чадсан. Ингэхдээ төрийн байгууллагуудтай нягт уялдаа холбоотой цахимаар холбогдсоноороо E-Mongolia руу ороод барилгын тусгай зөвшөөрлийг цахимаар авдаг болгосон.
“Цахимжсанаараа хүндрэлгүй, авлигал хээл хахуулиас ангид төрийн үйлчилгээ түргэн шуурхай болсон.”
Дараагийн нэг асуудал нь МУ-д Барилгын салбарт мөрдөгдөж байгаа норм ба дүрэм, стандартуудыг бид бүрэн цахим хэлбэрт шилжүүлж, барилгын салбарын хэн ч байсан барилгын талбай дээрээс, хөдөө орон нутгаас гээд хаанаас ч www.enorm.gov.mn гэсэн манай нэгдсэн бүртгэл мэдээллийн систем рүү ороод Норм, норматив хэсгээс МУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норм, нормативын дүрмийг шууд үзээд явах бүрэн боломжтой болсон.
Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа
Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээнүүддээ МУ-ын хэмжээнд 330 сумдад баригдаж байгаа объектуудад камержуулалт хийгээд, үүнийгээ цахимжуулалттайгаа холбогдуулаад төрийн худалдан авах ажиллагаа, сангийн яам, захиалагч яамдууд, сумдуудад баригдаж байгаа сургуулийн явц, эмнэлэгийн барилгын зураг, Улаанбаатарт баригдаж буй объект зэргийг манай программ руу ороод л хөдөлгөөнт камераар шууд харж болохоор болгоно. Ингээд цахимжуулаад ирэхээр гүйцэтгэгчдийн болон төрөөс тавих хяналт сайжирч, төлөвлөгөөт хугацаандаа барилга ашиглалтад орох асуудлууд сайжраад явна. Ийнхүү үе шаттайгаар бид цахимжуулах ажлыг бүрэн хийж дуусгана гэсэн төлөвлөгөө тавиад ажиллаж байна.
Барилгын хөгжлийн төвийн цаашдын зорилго, урт хугацааны хөгжлийн бодлого юу вэ?
Барилгын хөгжлийн төв бол барилгын салбарын төрийн үйлчилгээг үзүүлдэг байгууллага. Бид дэлхий нийтийн чиг хандлагыг дагаад төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулах, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах дээр анхаарч ажиллана. Манай барилгын салбарын нэг онцлог нь гүйцэтгэл дээр 100% хувийн хэвшил ажилладаг. Төрөөс үзүүлж байгаа зөвлөх үйлчилгээний эрх, олон улсын гадны зээл тусламж, хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад бүтээн байгуулалтын ажлууд маш их хийгдэж байгаа, үүний хүрээнд олон улсын байгууллагууд хамтран ажилладаг учраас олон улсын стандартад заагдсан, олон улсын Петекийн гэрээний дагуу бэлтгэгдсэн инженерүүд техникийн ажилчдыг бэлтгэх, олон улсын гэрээ контрактад таарсан зөвлөх үйлчилгээг үзүүлдэг болох хэрэгтэй байна.
Барилгын материалын ханган нийлүүлэгч болон дотоодын үйлдвэрлэгч нарт тулгарч байгаа бэрхшээлтэй асуудлууд юу байна вэ? Төрийн байгууллагаас хэрхэн дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа вэ?
Барилгын хөгжлийн төв энэ асуудал дээр нэлээн сайн ажиллаж байгаа. Барилгын материалын дотоодын үйлдвэрлэгч нар болон гаднаас оруулж ирж буй импортлогч нартай байнгын уялдаа холбоотой ажиллаж, барилгын материалын гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийн мэдээлэлд долоо хоног бүр шинэчлэл хийж, БХБЯ мэдээллээр хангаж ажилладаг.
Хөшигийн Хөндийн төлөвлөлтийн ажил ямар түвшинд явж байгаа вэ?
Шинэ суурьшлын бүс “Хөшигийн Хөндий”, “Шинэ Зуунмод” хот, “Майдар” хот, “Аэро сити” хот гээд төлөвлөлтийн шатандаа бид судалгаанууд хийгээд явж байна. Хөшигийн Хөндийд Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрт багтаж байгаа хөгжлийн суурьшлын бүсийг бий болгож, Улаанбаатар хотын төвлөрөлийг сааруулах ажлын хүрээнд манай БХБЯ ажиллаж байгаа.
Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулбал?
Газрын тухай хууль, Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр БХБЯ ажиллаж байгаа. Бидний хувьд ажлын хэсэгт нь ороод ажиллаж байна.
Барилгын хөгжлийн төв нь 11 хэлтэстэй ажиллаж байна. Гол хэлтсүүдийн үйл ажиллагааг товчхон танилцуулбал?
Манай Барилгын хөгжлийн төв нь 11 хэлтэстэй үйл ажиллагаа явуулдаг. Нийтээр нь харвал төрийн өмчит үйлдвэрийн газар боловч эрдэм шинжилгээний ажил, норм норматив боловсруулах ажил, захиалагчийн хяналт гэдэг маань бас аж ахуйн ажил болчихож байгаа, сургалт судалгааны ажил, инженер техникийн ажилчдыг мэргэшүүлэх зэрэг дэв олгох ажлуудыг төрийн бус байгууллагатай хамтарч ажилладаг.
Түүнчлэн манайх МУ-ын хэмжээнд “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” гээд ХАНСХЕТ төслийг хэрэгжүүлдэг. Энэ нь төлөвлөлтийн шатанд маш чухал бодлогын бичиг баримт бөгөөд бүх салбарынхан энэхүү ХАНСХЕТ төслийн боловсруулсан төсөл хөтөлбөрөөс мэдээ, мэдээлэл, төлөвлөлтийг хийгээд явах бүрэн боломжтой.
Үүнийг УИХ-ын гишүүд өөрийн тойрогтоо амбицаараа төлөвлөж, ХАНСХЕТ-тэйгээ уялдаа холбоогүй байснаас болж шаардлагагүй газруудад сургууль баригдах асуудал үүсдэг. Гэтэл Улаанбаатар хотод, Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд гурван ээлжээр хичээл орж, хүүхдүүд шөнө хичээлдээ явдаг. Тиймээс зөв төлөвлөлтүүдийг Хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийн өрөнхий төсөлтэйгөө уялдаж хийх ёстой.