Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2020.08.27) хуралдаанаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Нийслэлийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах асуудлыг хөндлөө.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.25) хуралдаан гишүүдийн 58.8 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. УИХ-ын гишүүн Т.Аубакир: Хүн бүрт чанартай боловсрол тэгш эзэмшүүлэх нөхцөл бүрдүүлж, мэдлэг чадвартай хүний нөөц бэлтгэж төлөвшүүлнэ гэсэн байна. Зарим аймагт малчдын хүүхдүүдийг харах түр цэцэрлэг ажиллаж байсан байна. Энэ цаашдаа хэрхэн хэрэгжих вэ? Малчдыг хүүхдүүдэд энэ боловсролыг хэрхэн эзэмшүүлэх вэ? Нөхцөл бололцоо байна уу? Бас нэг асуудал бол хувийн болон төрийн дээд сургуулийн төлбөр заавал урьдчилж төл гэдэг. Энэ цар тахлын үед энэ нөхцөл хэвээр байх уу?
Төрийн ордонд өнөөдөр /2020-08-25/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан болсон. Хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ЫН ГИШҮҮН П.АНУЖИН "БШУ-ны яам гишүүдийн саналыг хамгийн сайн сонсож байгаа яам. Орж ирж байгаа асуудал нь хэлэлцүүлэг бүр дээр сайжирч, ярьсан зүйлс тусаж орж ирж байгаад талархаж байна. Хэлэх санал байна. "Төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд үндэсний онцлогийг шингээсэн агуулгаар баяжуулсан байна" гэжээ. Энэ их чухал зүйлийг тусгасан байгаа юм. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхдээ дараах зүйлийг анхаарч, тусгаарай. Төрийн дээл хувцасны тухай ер нь тодорхой заачихмаар санагддаг. Тухайлбал, Төрт ёс, төрийн ёслол өндөртэй Япон улсад төрийн хүний хувцас, хувцаст тусах хээ хүртэл тодорхой болчихсон байдаг. Бид үүнийг мэдэхгүйгээсээ хүн, хүн өөрт таалагдсан, эсвэл янз бүрийн агуулга шингээсэн, манжийн үеийн соёлыг агуулсан хээтэй хувцас өмсчихөөд гадаад айлчлал, төрийн ёслолд оролдог. Энэ нь нийгэмд ихээр шүүмжлэл дагуулдаг. Юун төлөө Соёлын яам байгуулсан билээ. Тиймээс энэ асуудлыг нэг мөр шийдээд яваарай. Ер нь энэ чиглэлийн судалгаа байна уу? гэдэгт хариулж өгөөрэй. "Монгол хэл бичгийг нийтийн болон албан хэргийн бичигт зөв хэрэглэж хэвшсэн байна" гэж тусгажээ. Энэ маш чухал, зөв. Гэхдээ 5 жилийн хугацаанд хэрэгжих боломжтой юу? асуумаар байна "Дэлхийн монгол" гэдэг зүйлд дотор "Монгол хүний давуу тал, үнэт зүйлийг тодорхойлно" гэсэн байна. Энэ маш чухал. Тэгэхээр энэ тал дээр үндсэн суурь судалгаа бий юу? Хүнийг хөгжил дээр дутуу зүйл байна. "Эрүүл чийрэг нийгмийн идэвхтэй хүн болгоно" гэх юм. үүнд чинь хүнлэг ёс, ёс зүйтэй хүн, Дэлхийд үнэлэгдэх Монгол хүн гэдэг ойлголт орж ирэхгүй юмуу? Боловсролын сайдад баярлалаа. "Боловсролын үндсэн үүргийг ХҮНИЙ НӨӨЦ" гэж оруулж ирсэн байна. 3,4 удаа хэлж байж, сайхан тодорхойлсон байна. "Хүмүүжил" гэдэг үгийг байнга оруулаад байх юм. Хүмүүжил гэж яг юуг хэлээд байна вэ? "ТӨЛӨВШИЛ" гэх зэрэг Монгол сайхан үгс байгаа шүү. Мөн Үндсэн чиглэлдээ ЭЭЖҮҮДИЙН БОЛОВСРОЛЫГ оруулж ирэх хэрэгтэй байна. Монгол ээж гэдэг чинь л үр хүүхдээ төлөвшүүлэх гол хүн шүү дээ.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.25/ хуралдаанаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ХҮН НИЙГМИЙН АМАР ТАЙВАН АЮУЛГҮЙ НИЙГЭМ гэдэг 7 дугаар зорилт дээр "Архидан согтуурахтай тэмцэх тэмцлийг хүчтэй болгож, архинаас хамааралтай иргэдийг эмчлэх үндэсний чадавхийг нэмэгдүүлнэ" гэж зааж өгмөөр байна. Мансуурах бодис, мал хулгайлах гэмт хэрэг зэргийг энд тавьчихаад байгаа юм. Яг үнэндээ өнөөдөр манайд архидал, түүнээс хамааралтай асуудлууд үндэсний хэмжээний асуудал болчихсон. Архитай холбоотой Үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа. Бүх түвшинд явж байгаа. Тэгээд мөрийн хөтөлбөр, Үндсэн чиглэл хоёр дээр болохоор энэ асуудал тусдаггүй. Сүүлийн хэдэн жил төрийн түвшинд энэ асуудал дээр дуугарахаа ч больсон. Сан гэж бий. Энэ хөрөнгө нь ч хэрхэн зарцуулагддаг юм бүү мэд. Гэтэл архидалын асуудал нь сайжирчихсан юмуу гэхээр тийм биш байгаа. Дараагийн санал Зорилт 9.3 дээр "Олон төрөлт ухаалаг нийтийн тээвэр хэрэглээнд нэвтэрсэн байна". Энд нэг өрөөсгөл байна. Нийтийн тээвэр бол цогц менежмент байдаг. Хэдэн автобус нэвтрүүлэх тухай асуудал биш. Зорчигчдын ая тухыг хангасан ариун цэвэр, аюулгүй хангасан нийтийн тээврийн буудалтай болох асуудал чухал тавигдаж байгаа юм. Тэгэхэээр "Олон төрөлт ухаалаг нийтийн тээвэр хэрэглээнд нэвтэрсэн байна" гэдгийг араас "Зорчигчлын Зорчигчдын ариун цэвэр, аюулгүй хангасан буудалтай байна" гэж томъёолох саналтай байна.
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2020.08.25/ хуралдаанаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар Төсөл дээр тусгах хэд хэдэн саналыг хэллээ. Тэрбээр "Үндсэн чиглэлийн ҮНЭТ БАЯЛАГ УС гэдэг хэсэг дээр нэг санал нэмж оруулмаар байна. Гүний усныг үйлдвэрлэлийн болон уул уурхайн чиглэлээр ашиглахыг хязгаарлах, бусад төслүүдийг дэмжих гэсэн заалт нэмэх саналтай байна. АЯЛАЛ ЖУУЧЛАЛ гэдэг хэсэг дээр тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Хөвсгөл, Хэнтий, Архангай, Баян-Өлгий, Увс, Ховд зэрэг аймагт хэрэгжүүлж гэдэг дээр ӨМНӨГОВЬ гэж оруулах саналыг оруулж байна. Мөн хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай байхгүй байгаа учраас энд ХИЛ ОРЧМЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИНЭ гэдэг санаа оруулах нь зүйтэй. Хэд хэдэн аймагт хил орчны аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байгаа. Тухайлбал, Өмнөговь аймаг. Эхний бэлтгэл ажлууд хийгдээд явж байгаа. Өнгөрсөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байсан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Говьгурван сайхан нисэх онгоцны буудлыг олон улсын зэрэглэлтэй болгох гэдгийг нэмж оруулах саналтай байна. Уул уурхайн яамныхан байгаа дээр хэдэн зүйл хэлмээр байна. Нүүрсний зам дээр уртын тээврийн зам хаагаад 7 хонож байна. Гол шалтгаан нь уурхайтай холбоотой ойлголцохгүй байгаа байдал, нүүрсний тарифтай холбоотой асуудал байгаа учраас үүнийг яаралтай яамнаас арга хэмжээ авах хэрэгтэй байна. Өнөө маргаашгүй шийдэх хэрэгтэй байна. Сайдын тушаалыг хэрэгжүүлэхгүй байгаа уурхайнуудтайгаа Засгийн газар арга хэмжээ авахгүй бол Өмнөговь аймагт тулгамдсан асуудал болоод байна.