ТБХ-ны өнөөдрийн \2021.10.19\ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Х.Нямбаатар сайдаас асуух асуулт байна. Шүүхийн сахилгын хороо хэзээ байгуулагдах вэ? Төсөв хэлэлцэж байгаа дээр асуух нь зүйтэй байх. Шүүхийн сахилгын хороо байр ч байхгүй, сандал ч байхгүй байгаа. Энэ асуудалтай холбогдуулан шийдсэн асуудал байна уу? Түүний асуултад УИх-ын гишүүн С.Бямбацогт хариулав.
ТБХ-ны өнөөдрийн \2021.10.19\ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн С.Чинзориг: 2021 оны улсын төсөвт боловсрол, соёл урлагийн чиглэлээр тусгагдсан хөрөнгө оруулалтын хэдэн хувийг худалдан авах ажиллагааны газар зохион байгуулсан бэ? Хэдэн хувийг орон нутагт зохион байгуулсан бэ? Хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг худалдан авах ажиллагааны газарт бүрэн өгөхөөр ачааллаа дийлэхгүй гэж бодож байна. Орон нутагт эрхийг нь өгвөл илүү үр дүнтэй гэж бодож байна. Өвөрхангай аймагт дутуу барилгатай холбоотой асуудал бага байдаг. Бид орон нутгийн засаг даргад эрхийг нь шилүүлээд явдаг. Тэндээ шуурхай зохион байгуулж, хянаад явдаг. Засгийн газар буруу шийд гаргаад байна. Л.Энх-Амгалан сайд аа. Тогтоол баталдаг хөрөнгө оруулалттай холбоотой. Зөвхөн төрийн худалдан авах ажиллагааны газрын зохион байгуулах тендерийн хөрөнгө оруулалтыг засгийн газар батлах ёстой байтал бүх орон нутгийн хөрөнгө оруулалтыг бүгдийг нь баталж хууль зөрчөөд байна. Түүнээс болж орон нутагт хийгдэх ажлыг 100 хувь худалдан авах ажиллагааны газар зохион байгуулах болоод байгаа. Тийм учраас орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалтыг орон нутагт нь эрхийг нь өгөөд явуулах хэрэгтэй. Түүний асуултад УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хариулав.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.01/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлж, асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Энэ асуудлыг дэмжихэд хүндрэлтэй байна. Нэгдүгээрт 2022 онд шаардлагатай хөрөнгийг зорилго, бүлэг бүрээр нь бүлэглээд нийлбэрийг гаргаж үзлээ. Ер нь шаардлагатай хөрөнгийн 85 орчим хувь буюу 8.5 их наяад төгрөгийг эдийн засгийн бодлогын бүлэгт энэ дундаа уул уурхай, газрын тос, нүүрс, химийн үйлдвэр, зэсийн баяжмал зэрэг чиглэлийн бүтээн байгуулалт руу зарцуулах юм байна. 18 гаруй хувь буюу 1.8 их наяад төгрөгийг эрчим хүчний найдвартай, тогтвортой байдлыг хангах зорилгоор зарцуулах юм байна. Үүнтэй харьцуулахаар хүний хөгжлийн бодлогод 290 гаруй тэрбум төгрөг. Ковид-19 цар тахалтай тэмцэхэд 3 хувь буюу 300 гаруй тэрбум төгрөгийг зарцуулахаар байна. Үүнийг хооронд нь харьцуулахаар газар тэнгэр шиг байна. Энэ ямар учиртай хөгжлийн төлөвлөгөө юм бэ? Хөгжил хүнээсээ л эхэлнэ. Хүнээ эрүүл саруул байлгах байдлаас эхэлнэ. Мөн ХАА салбарыг Сэлэнгэ аймагт байгуулна гээд МАН-ын мөрийн хөтөлбөрт суучихсан. Энэ жил ТЭЗҮ нь хийгдэж байгаа ажлыг оруулна гэж н.Батжаргал дарга өөрөө надтай утсаар яриад амласан төсөл нь энд байхгүй байна. Ингэж хүн хуурч болдог юм уу? Үнэнг хэлэх хэрэгтэй. Харин боловсролд зарцуулж байгаа хувь нь ердөө 2.9 хувь байна. Бусад юм руугаа ихэнх мөнгөө тавьсан байна. Ковид-19 тай тэмцэх нь гуравхан хувь. Тийм учраас би дэмжих боломжгүй гэж үзэж байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.01/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 2022 оны Хөгжлийн төлөвлөгөөг бид анх төлөвлөхдөө зөв хийгээд явбал цаашдын төсөв батлахад их хувь нэмэртэй байна гэж тухайн үед үзэж байсан. Одоо 30 жилийн хугацаанд хөгжсөн Монгол улс хөгжсөнгүй. Саяхан дэлхийн өрсөлдөх чадварын үзүүлэлт гаргадаг байгууллагаас гаргасан судалгаагаар 64 орноос 60 дугаарт байна. Нэг хүнд ноогдох ДНБ-ний хэмжээ 4000 хүрэхгүй шахуу тоо байна. Асар их баялаг Монголоос гарч байна. Монгол улсад, ард түмэнд хүртэх өгөөж нь ерөөсөө байхгүй. Тийм учраас баялагийн менежментийг зөв болгох шаардлагатай. Монгол улс өнгөрсөн хугацаанд өөрийн онцлогт тохирсон хурлын загвар гэж юм байхгүй. Баахан төлөвлөгөө гаргадаг тэр нь биелдэггүй. Сургаар бүх зүйлийг хувьчилчихаад сайн сайхан болчихдог. Төр нь татвар аваад ард түмнээ жаргаадаг гэсэн үл үзэгдэгч онолыг баримтлаад 30 жил явж байна. Энэ баримт бичгийн хувьд анх удаа орж ирж байгаа янз бүрийн алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас хөгжлийнхөө бодлого төлөвлөлтийн асуудлыг яаж шийдэх вэ? Монгол улсын өнгөрсөн жилүүдийн хөгжлийн загвар ямар байна вэ? Боловсон хүчний томилгоо буруу байна. Ганц хоёр шалгуураар боловсон хүчнийг томилж байгааг яах вэ? Төсвийн орлого тавхан тэрбум ам.доллар байна. Монгол улсын хөгжлийг томоор хармаар байна. Монголд асар их потенциал, асар их зүйл хийх боломж, асар их хэмжээний орлогыг төвлөрүүлэх боломж байна. Энэ алдааг яаж засах вэ? Алдаж ирсэн алдаан дээрээ ямар дүгнэлт хийж байна вэ? Цаашид яаж хөгжих вэ? Ийм байдлаар өлмөн, зөлмөн байдлаар амьдраад ард иргэдийн гурван хүний нэг нь ядуу амьдарч байна. 21-р зуунд ийм байж болохгүй. Тэгэхээр 2022 оны төсөв төлөвлөгөөнд юу оруулж ирж байна. Сангийн яам, хөгжлийн асуудал хариуцаж байгаа ямар холбогдох хүмүүс байна вэ? Эдгээр асуултад хариулж өгнө үү? Түүний асуултад Үндэсний Хөгжлийн Газрын дарга Х.Батжаргал хариуллаа. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Нийт хүн амын 3,1 хувь ядуу байна гэдэг анхаарал хандуулах асуудал.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.01/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Тоо баримттай тодорхой хариулаарай. Энд 3-2-16,17,18 дээр зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг Эрдэнэт үйлдвэрийг түшиглэж барина гэж байгаа. Энд сонгосон технологио хаана, хаана туршиж үйлдвэрлэлд нэвтэрсэн бэ? Үйлдвэрлэлийн туршилтын гэрээг байгуулсан гэсэн байгаа. Ц.Нямдорж сайдыг оруулж ирэхдээ энэ технологийн гэрээг би үзье, харья хэдэн төгрөг төлснийг нь харья гэсэн үүн дээр дэлгэрэнгүй мэдээлэл авъя. Хүхрийн хүчил 181 мянган тонн элементийн хүхэр жилдээ гарна,жилдээ 118 мянган тонн хүхрийн хүчил гарна. Агаарт 5-8 хувь цацагдаж, Эрдэнэт, Булганы нутаг дэвсгэр дээр 193 тонн хүхэр цацагдана. Үүн дээр хоргүй байх байгаль орчны тооцоо дүгнэлт гарсан уу? Хөрөнгө оруулалтын зардлыг хэдэн хувиар тооцсон бэ? Түүний асуултад салбарын мэргэжилтнүүд хариулт өглөө. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Та нар ерөнхий хариулаад байна. Тоо баримттай нь тодорхой хариулаарай.