УИХ-ын чуулганы /2022,5,20/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: УИХ-аас баталж байгаа хуулиуд үр өгөөж муу, хэрэгжиж чадахгүй бол ард түмэн бухимддаг, УИХ-ын нэр хүнд унадаг. Иймд энэ асуудал дээр анхаарах ёстой. Монгол Улсын хөгжлийн баримт бичиг бол маш чухал. Энэ бодлогын баримт бичгийг Засгийн газраас маш боловсруулж оруулж ирдэг, хэрвээ засах, сайжруулах зүйл байвал УИХ нь анхаарч ажилладаг байх хэрэгтэй.Төрийн бодлогоо зөв тодорхойлж, зөв хэрэгжүүлж, зөв үр дүн гардаг байх хэрэгтэй. Гэтэл энэ тал дээр үнэхээр сул ажиллаж байна. Байнгын хорооны зүгээс энэ асуудалд анхаарч ажиллах талаар санаа тавьдаг, харин УИХ-ын ТГ-ын хуулийн хугацаатай, ажлын хэсэг байгуулахгүй гэсэн байна. Ингэж болохгүй. Гишүүдээсээ өндөр цалин авч байгаа ТГ-ын ажилчид ажлаа сайн хийх хэрэгтэй байна.
УИХ-ын чуулганы /2022,05,19/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Энэ жижиг эдийн засагтай улсад тодорхой цөөхөн баримт бичиг байх ёстой. Хөрөнгө ч хязгаарлагдмал байдаг. Ялангуяа валютын ханш хүндэрч байгаа үед экспортоо нэмэгдүүлэх, импортоо бууруулах тал дээр юу хийх вэ гэсэн тодорхой зүйл дээр төвлөрч санхүүжүүлээд, үр дүнгээ тооцох хэрэгтэй. Сангийн сайд Засгийн газрын нэгж бүр хариуцлага тооцно гэж хэлж байна,яг цагтаа тулахаар худлаа.Олон зүйлд самгардаад хариуцлага тооцох зүйл алга байна. Хуучин социализмын үеийн төлөвлөгөө эцсийн үр дүнд нь хариуцлага тооцож, хэрэгжүүлдэг байсан. Гоё нэртэй баримт бичиг үйлдвэрлээд л байдаг хэрэгжиж байгаа юм алга. Хэрэв хэрэгжиж байвал ядуурлын түвшин буурах ёстой, валютын ханш тогтвортой, хараат байдал алга болох ёстой. 30 жил гоё юм ярлаа, Эдийн засгаа солонгоруулна гэж олон жил ярьсан, үр дүн алга. Монголын төр, УИХ үүн дээр хариуцлагатай байхгүй бол Засгийн газар 4 жилээр алсын хараагаа богино харж байна. Харин Их хурал урт хугацаатай бодлого гаргаж, хариуцлагын асуудлаа ч давхар авч явах ёстой. Бид эдийн засгийн хараат бус байхад юу хий вэ. Бид 2024 онд өвлийн цагаар эрчим хүчний хязгаарлалт хийнэ шүү.Иймд тодорхой зүйл дээр үр дүнтэй ажлаа хийгээрэй. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 2024 онд эрчим хүч ачааллаа даахаа болино
УИХ-ын чуулганы /2022,05,19/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Энэ жилий төлөвлөгөөг 2 дахь жилдээ батлах гэж байна, өнгөрсөн жилээс сайжирсан зүйл алга. УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад богино хугацаа үлдлээ. 2023 оны жилийн төлөвлөгөөнд Засгийн газрын төлөвлөгөө болон таван жилийн төлөвлөгөөний дутуу ажлаа хэрхэн хийх талаар оруулж ирмээр байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, таван жилийн үндсэн чиглэлийн төлөвлөгөө хэдэн хувьтай биелэлттэй байгаа вэ. Ядуурлын түвшин сайнгүй байна. Хөдөлмөрийн хөлс, өрхийн орлогыг яаж нэмэгдүүлж, ажлын байрыг яаж шийдэх гэж байна. Энэ асуудлыг шийдэх бодлого орж ирээгүй байна. Ирэх жил ДНБ яаж нэмэгдэх төлөвтэй байна. Цаашдаа мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ тогтвортой хөгжүүлэх ямар ажил хийх гэж байна вэ. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа. С.Чинзориг: Хөгжлийн бодлого төлөвлөлт урт хугацаанд тогтвортой байх ёстой
УИХ-ын чуулганы /2022.05.13/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл Засгийн газар 2022.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: Монгол Улсын хөгжлийн гол төв бол говь. Говийг тойрсон олон асуудлын нэг нь авто зам байна. Зам биш там болсон. Сүүлийн жилүүдэд эрдэс баялагаа гадагшаа зөөх замаа анхаарсан болохоос иргэдийн зорчих хөдөлгөөний замыг орхигдуулсан. Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хүртэл улсын төв зам бол хамгийн их эвдрэлтэй байдаг. Үүнийг засахад сүүлийн жилүүдэд дорвитой хийгдэхгүй байгаа. Өмнөговиос Улаанбаатар хүртэл зам мөн адил там болсон. Зам тээврийн яамныхан үүнтэй газар дээр нь очиж танилцдаг уу? УИХ-ын гишүүн С.Батболдтой хамтран хэвтээ чиглэлийн зам байгуулах ажлыг санаачилж, ТЭЗҮ-ийг 2 тэрбумаар хийлгэсэн. Энэ ажил одоо юу болж байна вэ? Түүний асуултад Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022,05,13/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Өнгөрсөн 30 жилийн хөгжлийн алдаа бол хүний хөгжлөө орхигдуулсан. Салбар бүрт ёс зүй алдагдсан, зан чанарын төлөвшил байхгүй учраас авлига болон ёс суртахуунгүй асуудал дэлгэрсэн. Манай улс хүнээ хөгжүүлэхгүйгээр эдийн засаг яриад явахгүй, энэ нийгмийг хүн л авч явна. Шинээр байгуулагдсан Эдийн засгийн хөгжлийн яамыг Эдийн засгийн болон хүний хөгжлийн яам гэсэн нэртэй байхаар санал оруулсан ч дэмжигдээгүй. Энэ ЭЗХЯ-нд хүний хөгжлийг нэгдсэн бодлогоор хангана гэсэн чиг үүрэг тусгагдсан. ЭЗХЯ үүн дээр юу хийх вэ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хүний хөгжлийн бодлогыг боловсруулна гэсэн зорилт дэвшүүлсэн, 2 жил ажил хэрэг болсонгүй, энэ тал дээр ХНХЯ юу хийж байна. Тосонцэнгэл, Улиастай чиглэлийн 67 км зам тавигдсан, нутгийн ард түмэн их талархаж байгаа. Засгийн газарт талархаж байна. Ковидын өмнө 6 тэрбум шийдэж өгч ажил хэрэг боллоо. Гэхдээ Л.Халтар сайдаа зам тавьж байгаа Хятад компанийнхны хэлж буйгаар одоо дахиад нэг хучилт явж байж энэ зам 50 жилийн насжилттай болох юм байна. Иймд 2023 онд энэ замыг урт настай болгохын тулд дахин хучилт хийх шаардлагатай . Хөдөө аж ахуйн салбарыг дэмжихийн тулд Хоршоодыг дэмжих ёстой, энэ тал дээр ямар ажил хийх вэ. Гэтэл хоршоодуудад тулгарч байгаа асуудал бол 3 жилийн тайлантай байх, мөн зээл авахад барьцаа хөрөнгийн асуудал яригдаж байна. Мөн фермийн газрын асуудал тодорхойгүй байна. Манай улс залуу малын махыг экспортлоход ямар бодлого барьж байна вэ. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022,05,13/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: 2023 оны хөгжлийн төлөвлөгөөг харахаар салбар салбарт хийх төлөвлөгөө байна. Гэхдээ иргэдээ дэмжсэн бодлого хэрэгтэй. Цэцэрлэгийн хүртээмж нэмэх асуудал яригдаж байгаа, иргэд талархалтай хүлээж авч байна. Харин бид 2023 оны хөгжлийн төлөвлөгөөнд залуучуудаа орон сууцжуулах ажлыг оруулах хэрэгтэй. Энэ бол хүний хөгжил, нийгмийн хөгжил. Монгол хүний амьдралд 2023 онд ямар хөгжил, өөрчлөлт ирэх вэ гэдэг нь чухал. Одоо орон сууц, өндөр цалинтай ажлын байр чухал байна. Иймд залуучууд төлөх боломжтой орон сууцны асуудлыг шийдэх хэрэгтэй. Өнөөдөр цалин, тэтгэвэр 10 хувиар нэмэх биш өрхийн орлогыг нэмэгдүүлэх санхүүжүүлэх боломжийн олгох хэрэгтэй. Бага цалинтай ажлын байртай болгоод залуучууд хэзээ ч орон сууцтай болохгүй.Өрх бүр үйлдвэрлэгч болж чадвал орон сууцтай болж чадна. Ийм боломж байна уу. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.