УИХ-ын чуулганы /2023,05,03/-ны өдрийн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Төрийн албан хаагчдын цалин амжиргаанд нь хүрэхгүй байгаа. Хариуцлага ярих хэрэгтэй. Гэхдээ төрөөс шалтгаалсан зүйлүүд дээр юу хийж байгаа вэ гэдэг дээр бодох цаг болсон. ХЭҮК-ын илтгэл сайн болсон. Илтгэлийн хуудас 575-д нэг үг бий. 2021 онд Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 39-дүгээр зүйлийн жинхэнэ гэдэг үгийг хасчихсан. Төрийн жинхэнэ албан хаагчдын эрх ашгийг боомилсон. Жинхэнэ гэдэг үгийг хассанаараа бүх төрийн албан хаагч нарын эрх ашгаа хамгаалж, өөрсдийнхөө үзэл бодлоо илэрхийлэх, санаа бодлоо ярих, цалин хөлснийхөө талаар хэлэлцээрт орох эрхийг 100% хассан. Үүнээс болж төрийн үйлчилгээ, захиргаа, төрийн албан хаагчдын жагсаал цуглаанд орох цаашилбал эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, хамтын хэлэлцээрт орох эрхийг нь шууд хасчихаж байгаа юм. Энэ талаар УИХ-аас тодорхой шийдвэр гаргах ёстой гэж ХЭҮК-ын илтгэлд заасан байна. Уг асуудлаар санал оруулсан уу. Төрийн албаны тухай хуулийн 58.1.1-ийг ярьж байгаа шүү. Халах гэдэг хариуцлага ноогдуулах зүйл эрх зүйн орчинд байдаг уу. Халах гэдэг үг орчихсон байна. Шийтгэлийн хойшдын үр дагаварын талаар ямар хязгаарлалт үүсдэг вэ. Энэ үр дагаварын эрх зүйн үндсийг тайлбарлаж өгнө үү. Төрийн албан хаагчдын ёс зүйгээ зөрчсөнөөс сайн дураараа албан тушаалаасаа чөлөөлөгдөнө гэж заасан буй. Төслийн 16.3-д, 15.1-д төрийн албанаас халах хариуцлага, шийтгэлийг ноогдуулж болохоор байна гэж заасан. Үүний эрх зүйн үндсийг тайлбарлаж өгөөч. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын хаврын чуулганы өнөөдрийн /2023.04.13/ хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Энэ хуулийн төсөл дээр нэлээн ажилласан. Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хороог ахалж ажиллаж байхдаа улс орон даяар дорвитой хэлэлцүүлэг зохион байгуулсан. Олон улсын байгууллагуудтай хамтарч сургалт, семинар зохион байгуулсан. Орон нутагт очиж ажилласан. Төрийн яам, агентлаг, газруудад мөн ажилласан. НҮБ-аас гаргасан дөрвөн тогтоол, шийдвэрээс эхлүүлээд бусад улс орнуудын төрийн албаны, төрийн албан хаагчдын ёс зүйтэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалтыг чамбай үзэж судалсан. Манай УИХ-ын гишүүдийн зүгээс ч үүнд тусгайлан ажилласан. Тухайлбал Их Хурлын дарга Г.Занданшатар байна. Их Хурлын гишүүн, Засаг газрын хэрэг эрхлэх газрын дарга байхаасаа уг асуудалд ач холбогдол өгч ажиллаж байсан. Бидний нэр бүхий гишүүд төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл боловсруулаад, Их Хуралд өргөн бариад УИХ хэлэлцэх эсэхийг нь шийдээд, үүний дараа ажлын хэсэг гараад, өнөөдөр Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр энэ хуулийг ахлаад, энд сууж буй ажлын хэсгийн Нарангэрэл академич, Алтанзул доктор, төрийн албаны зөвлөл гээд холбогдох хүмүүс нэлээн сайн чамбай ажиллажээ гэж миний хувьд үзэж байна. Анх хуулийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлагадаа хүний хөгжил талаас онцгойлон анхаарал тавьсан юм. Энэ чиглэлийн асуудал хэр зэрэг тусгагдсан бэ гэдгийг тодруулъя. Улсын хэмжээнд 1200 гаруй ёс зүйн зөвлөл байгуулж, ажлыг нь жигдрүүлсэн гэж дүгнэдэг. Төрийн албаны зөвлөлийн тайлан мэдээнд ч тодорхой дурдагдсан байдаг. Бусад байгууллагуудад яагаад ёс зүйн зөвлөл байгуулагдаж чадахгүй байна гэхээр 25-аас дээш албан хаагчтай байгууллага гээд заасан босго байдаг. Үүнийг яаж авч үзэж байна вэ? Мөн эл хуульд ёс зүйн хороо байгуулна. Ёс зүйн хороог төрийн албаны зөвлөлд нэмэгдэл орон тоо, төсөв шаардахгүйгээр байгуулъя. Гэхдээ ажиллах бололцоо нөөцийг нь хангая, итгэл даасан шударга зарчмаар ажиллуулна гэж заасан. Энэ зарчим хэвээрээ байна уу. Эсвэл нааш цааш болгосон уу? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын хаврын чуулганы өнөөдрийн /2023.04.13/ хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг дэмжиж байгаа. Энэ бол цаг үеэ олсон хууль. Хоёр зүйл тодруулъя. Төрийн албаны зөвлөл шүдгүй арслан шиг боллоо. Говь-Алтай аймагт 180 гаруй төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас нь халчихсан. Төрийн албаны зөвлөлөөс 120 хүнийг эргэж ажилд нь оруулах шийдвэр гарсан ч одоо болтол нэг хүн ч аваагүй. Зарим нь гурван шатны шүүхээр яваад шийдвэр нь гарчихсан. Атал шүүхийн шийдвэрээ биелүүлдэггүй. Ажилд нь авдаггүй ээ. Төсвийн хэмнэлтийн тухай хуулийнхаа дагуу хэмнэлт гаргаад орлогч, зөвлөхүүдээ чөлөөлье гэхэд чөлөөлдөггүй ээ. Төсвийн мөнгөөр цалинжуулаад яваад байдаг. Төсвийн мөнгөөр гараа угаадаг, төрийн болон орон нутгийн өмчийг үнэгүйдүүлж хувьчилж хувьдаа авдаг асуудал гаарлаа. Говь-Алтай аймагт. Үүнийг шийдэхгүй юм уу? Дүгнэлт гаргачихаад суугаад байх уу? Эсвэл цаашаа үргэлжлэхийг нь хүлээгээд байх уу. энэ асуудалд ямар арга хэмжээ авах юм. Тодорхой хариулт өгнө үү. Энэ бол төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой асуудал мөн биз. Ийм зүйл нэг бус удаа гарсан. Аудитын дүгнэлтээр 49 хуудас материал гарч ирсэн. Төрийн болон орон нутгийн өмчийг үнэгүйдүүлж хувьчилсан, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан алдаа дутагдлууд гарсан. ингээд байгаад байх уу. Хоёрдугаарт гадаад харилцаатай холбоотой асар том алдаатай бодлого гаргасан. Аймгийн Засаг дарга Монгол Улсын Засгийн газрын бодлогыг Говь-Алтай аймагт буюу орон нутагт хэрэгжүүлэх ёстой хүн шүү дээ. Гэтэл Халимгууд, Буриад, Туваан ахан дүүсээ манай аймагт амьдар гэсэн утгатай мэдээлэл хийсэн. Хөршийн харилцаанд стратегийн иж бүрэн түншлэлтэй хоёр улсын харилцаанд сэв суулгах мэдэгдэл, мэдээлэл гаргасан. Нэг ёсондоо гадны улсын дотоод хэрэгт оролцсон. Энэ хүн ажлаа хийгээд, зүгээр байгаад байх уу? Энэ асуудалд төрийн албаны зөвлөл шийдвэртэй арга хэмжээ авах уу. Авахгүй юу? Эсвэл өөхшүүлээд яваад байх юм уу. Үүнд тодорхой хариулт өгөөч. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын хаврын чуулганы өнөөдрийн /2023.04.13/ хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Монгол улсад 4232 төрийн байгууллага үүнээс 567 байгууллага нь дэргэдээ ёс зүйн зөвлөлтэй ажиллаж байгаа аж. Хэдхэн хоногийн өмнө хийсэн төрийн албаны зөвлөлийн даргын тайлангаас харахад 225 мянган албан хаагчдаас тайлант хугацаанд 415 алба хаагч ёс зүйн зөрчил гаргаж, хариуцлага хүлээсэн гэж сонссон. 415 алба хаагчдад ёс зүйн хариуцлага тооцсоноор, энэ тоо нэмэгдсэнээр иргэдийн бухимдал арилах уу. Хариуцлагын үр дүнд төрд итгэх итгэл нэмэгдэх үү? Жинхэнэ ажил хийж байгаа төрийн албан хаагчдыг нялзайлгаад төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хариуцлагын асуудлыг ярихаас илүүтэй яагаад төрийн нэр хүнд, ёс зүйн хэм хэмжээ, сахилга хариуцлага ингэтлээ доройтсон бэ гэдгийг үндсээр нь авч үзэх шаардлагатай. Олон нийтийн бухимдал, төрийн нэр хүнд, төрд итгэх итгэл буурч ирсэн үндсэн шалтгаан бол бодлого боловсруулагчид мэдээлэлд ойр шийдвэр гаргаж буй хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас шууд хамааралтай. Өнгөрсөн хугацаанд мэдээлэлд ойр өндөр албан тушаалтнууд боломжийг илүү их хүртэж ирсэн гэдэг нь нээлттэй сонсголоос тодорхой харагдсан. Хөгжлийн банк, ЖДҮ-г дэмжих хөгжлийн сан, нүүрсний хулгай гээд ард түмний өмч баялаг, өөдтэй өнгөтэй бүхнийг цөлмөсөн бүх асуудлуудтай улс төрд нөлөө бүхий этгээдүүд холбогдож байгаа нь ёс зүйгээс хальж гэмт хэрэг, дээрмийн шинжтэй хатуухан хэлэхэд улсаараа дүүрэн алдаа, завхрал, авлигалд идэгдсэн дүр зурагтай сууж байна. Төрийн албан хаагчдын ёс зүйн тусгал нь УИХ-ын гишүүд, сайд, дарга нар юм. Тэгэхээр бид өөрсдөөсөө үлгэрлэж, манлайлах ёстой гэж миний хувьд үзэж байна. Хуулийн үндсэн үзэл санаа ч ийм байх ёстой. Ингэж хуулийн төслийн зорилгод байгаа үр дүн, гарах итгэл үнэмшил бий болно. Хуулийн үзэл баримтлалыг баталж байгаа нэг судалгаа бол УИХ-аас ард иргэдийн дунд явуулсан зөвлөлдөх санал асуулгад оролцсон оролцогчдын 87.9% нь мэргэшсэн төрийн алба хаагчид, мэдлэг чадварт суурилсан улс төрөөс ангид байх асуудлыг хөндөж судалгаанд хамрагдсан. Үүнд дүгнэлт хийх шаардлагатай болсон. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын хаврын чуулганы өнөөдрийн /2023.04.13/ хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг дэмжиж байгаа. Энэхүү хууль цаг үеэ олсон, зайлшгүй гарах ёстой. Уг хуулиар ёс зүйн хэм хэмжээг тодорхой болгож өгсөн. Төрийн албан хаагчдын нэр хүнд цаашдаа нэмэгдэх болов уу гэж бодож байна. Хуулийн 7.1.1-д ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх гэсэн заалт байна. Чин сэтгэлээсээ гэдгийг хэрхэн хэмжиж тайлбарлах вэ. Чин сэтгэлээсээ үйлчилсэнгүй гээд гомдол гаргавал яаж шалгах юм. Ямар шалгуур үзүүлэлт байх ёстой вэ? Гэвч үүнийг шалган тогтоох боломж, бололцоо байхгүй. Тиймээс үүнийг шударга, мэргэжлийн түвшинд ажиллах гэх мэтээр тусгаж оруулах хэрэгтэй. Мөн 9.2-д ёс зүйн хороо ёс зүйн зөвлөлийн энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа хараат бус байна гэжээ. Энэ заалтыг тодорхой болгох хэрэгтэй. Ёс зүйн хороо алдаатай шийдвэр гаргавал хариуцлага хүлээх үү? Хөндлөнгийн нөлөөнд автвал яах вэ гэдгийг хуульд тодорхой болгож оруулах хэрэгтэй. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.