УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.29/ хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Санхүүгийн зохицуулалттай холбоотой хэдэн том хуулиуд үйлчилж байгаа. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль гэх мэтчилэн. Тэгэхээр холбогдох хуулиуд гэдэг нь санхүүгийн зохицуулах хорооны хүрээнд хөрөнгө оруулалт хийх, үнэт цаас худалдан авахтай холбоотой гарахаас өөр аргагүй. Бараг бүх хууль журмаар зохицуулагдаж байгаа шүү дээ. Саяхан хэрэгжиж эхэлсэн хөдөлмөрийн тухай хуульд 30 гаруй журам, нийгмийн даатгалын багц хууль гэхэд бараг 60 гаруй журам гэх мэтчилэн нарийн зохицуулалтуудыг журмаар батална. Дээрээс нь нарийвчилсан журмыг ХЗДХ-ийн яаманд бүртгүүлээд явна гэсэн үг. Эхнээс нь бүгдийг нь бичнэ гэвэл маш урт хууль болох гээд байдаг. Санхүүгийн зах зээл 1-2 жилийн дараа хэрхэн яаж өөрчлөгдөхийг урьдчилан харж хуульчлахад хэцүү салбар. Тиймээс эрүүгийн хуулиас арай өөр байх утгаараа Үнэт цаасны тухай хуулийг Засгийн газраас өргөн барих гэж буй. Үүн дээр ч гэсэн холбогдох журмуудыг санхүүгийн зохицуулах хороо гаргаад хэрэгжүүлж явахаар оруулсан байгаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.29/ хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Уламжлалт харилцаагаараа л яриад байна. Нийгмийн даатгалын ерөнхий шимтгэлийнхээ асуудлыг нэмэлт тэтгэврийн тухай хуультайгаа хольж ойлгон асуудал үүсгээд байгаа нь сонин байна. Энэ бол шинэ хууль. Үүн дээр бодохоор зүйлс цөөнгүй бий. Ажлын хэсэг дотроо ч гэсэн ерөнхий ойлголтынхоо түвшинд тодорхой болж чадахгүй зөрүүтэй санал ганц нэг зүйл дээр байна. Монгол хүн ам цөөнтэй. Нэмэлт тэтгэврийн сан бүрдүүлэхэд эхний гараан дээр хэдий хэмжээний хүн хамрагдах уу гэдэг нь хязгаартай. Тийм учир тус сан дээр эхний удаад төвлөрөх хөрөнгийн хэмжээг баримжаалахад нэлээн төвөгтэй. Дан ганц тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрхэлнэ гээд заачихаар хөрөнгө нь хэрхэн босож, эргэлддэг бол гэхчлэн ерөнхий түвшиндээ нарийсгаж харахаар зүйлс олон бий. Анх сан босгоход аж ахуйн хувь хэмжээ яриад байгаа нь нарийндаа уг байгуулсан санг эрхэлж буй компани үүнийгээ эдийн засгийн үр өгөөжийг нь дээшлүүлэх гээд эргэлтэд оруулаад явчихгүй биз. Зайлшгүй хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх учир, тусгайлсан зохицуулалт хийх нь эхний гарааны үед илүүц юм гэдэг зарчим дээр явсан. Үүнийг тал бүрээсээ зөв ойлгох хэрэгтэй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.29/ хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Засгийн газраас санаачилсан болон Н.Учрал нарын гишүүдээс санаачилсан хуулийн төслийг нэгтгэж байгаа шүү дээ. Нэг хуулийн төсөл санаачлагч үг хэлчихлээ. Энэ бол хуулийн цаашдын хувь заяанд нөлөөлөх байх гэж бодож байна. Хуульд бусад гэсэн баахан шаардлага тавьчихсан байна. Үүнийгээ янзалж байгаа юу гэсэн бүгдийг нь засчихсан байгаа гээд танхимд хэлсэн. Би хуулийн өргөн барьсан төсөл, санал хураалгаж буй саналын томъёолол хоёрыг тулгаж хараад уншаад яваад байгаа юм. Одоо бидний санал хураах гэж байгаа 17-дугаар зүйлийн 17-д нэмж хасаж байгаа томъёоллыг уншсан. Хасагдаж байгаа дотор тэр бусад гэсэн чинь алга байна. Өөрөөр хэлбэл бусад гэдэг чинь үлдчихсэн байна. Жишээлбэл 17.1.7 хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг дараах баримт бичгийн хамт хороонд хүргүүлнэ. 17.1.7 бусад баримт бичиг. Санал хурааж дэмжих гэж байгаа 17.1.15 хамгийн сүүлийн өгүүлбэрийг та бүхэн уншаарай. Хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд тавих нөхцөл шаардлага, тогтоосон журмыг хороо батална гэсэн. Энэ зөвшөөрлийн хуулийн концевцтой нийцэхгүй байна. Бид зөвшөөрлийн хуулиар ямар концевц гаргасан гэхээр тусгай зөвшөөрөл олгохдоо хүнээс шаардаж байгаа шаардлагууд, бичиг баримтууд зөвхөн зөвшөөрлийн хуульд бичнэ. Зөвшөөрлийн хуульд бичигдээгүй ямар нэг, хэн нэгэн даргын баталсан журмаар нэмэлт бичиг баримт шаарддаг, хэм хэмжээ тогтоодог, шаардлага тавьдаг бүх зүйлийг Зөвшөөрлийн хуулиар цуцалсан. Гэтэл энэ хуулийн концевцоор 17.1.15-ыг санал хураалтаар дэмжвэл энэ хуульд зааснаас нэмэлт шаардлагыг хороо батална гэдэг заалтыг бид нар батлах гэж байна. Хороо ямар нэмэлт шаардлага тавих вэ гэдгээ өөрөө мэдэх гэж буй. Хороо ямар нэмэлт шаардлага тавьж байгаад хүний юмыг цуцлах боломжийг бүрдүүлэх гэж байна вэ? Бид ийм хууль зүйн техниктэй 20 жил явсан учраас хуулиас гадуур тэр хороо, агентлагийн дарга, сайд гэсэн хүмүүс хуулийн дээр гарч авлигажсан юм. Хүнээс нэмэлт бичиг баримт шаардаж хүндрүүлдэг, удаадаг авлигажсан төртэй болсон юм. Бид дийлэхээ больсон учраас зөвхөн хуульд заасан үндэслэлээр иргэдээс бичиг баримт шаардъя. Хуульд заасан хугацаанд нь шийддэг байя гэсэн.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.29/ хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Н.Учрал: 2017 онд Азийн хөгжлийн банкны зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулаад тухайн үед Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан Н.Номтойбаяр энэ хуулийг өргөн барьсан. Дараа нь тэтгэврийн шинэчлэлийг хийх ажлын хэсэг байгуулаад тухайн үед Л.Мөнхбаатар гишүүн бидний хамт өргөн мэдүүлсэн хувийн нэмэлт тэтгэврийн хууль дээр Азийн хөгжлийн банкны саналуудыг тусгаад бидний 5 гишүүн өргөн барьсан. Ингээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн хувийн тэтгэврийн хууль гээд эдгээрийн хуулийн төслүүдийг нэгтгээд бид хэлэлцэж байна. Ажилтан, ажил олгогч хоёрын 17 хувиас нь 2 хувийг нь албан журмаар төлөх зохицуулалт өнөөдрийн хэлэлцэж буй хуульд байхгүй. Өнөөдрийн хууль бол сайн дураараа хувийн нэмэлт тэтгэврийн санд тодорхой хуримтлал үүсгэх бололцоог иргэдэдээ нээж өгч байгаа юм. 2020 оны улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт олон давхаргат тэтгэврийн тогтолцоотой болно гэдэг зорилтыг дэвшүүлсэн. Өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт олон давхаргат тэтгэврийн тогтолцоо руу шилжинэ гэдгийг дэвшүүлсэн. Одоо хувийн тэтгэврийн санг зохицуулсан ямар нэг эрх зүйн зохицуулалт байхгүй хэдий ч арилжааны банкууд дэргэдээ төрийн бус байгууллагын нэр, статусаар тэтгэврийн сангийн үйл ажиллагааг явуулж байдаг. Өнөөдөр иргэд Голомт, Ардаас эхнээсээ тэтгэвэрт гараад эхэлчихсэн. Гэтэл бид хууль эрх зүйн зохицуулалтыг хийхгүй, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахгүйгээр яваад байна. Хэрвээ тэтгэврийн сан эрсдэлд орвол хэн хариуцлага хүлээх вэ гэхээр төрийн бус байгууллагын статусаар яваад байгаа. Д.Өнөрболор гишүүн албан журмаар гэж ойлгоод байна. Үүнийг ажлын хэсэг олон жил ажиллаад ярьсан учраас сүүлдээ ярианаасаа уйдах юм болж байна. Энэ удаагийн тэтгэврийн шинэчлэл алхам урагшилж байна. Ядаж хагас хуримтлал, олон давхаргат руу. Тэтгэврийг индексжүүлэх асуудал руу хөндөөд оруулаад ирж байгаа юм. Д.Өнөрболор гишүүн хуулиа эхнээсээ нь уншиж, судлах хэрэгтэй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.29/ хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Компанийн статустай, тусгай зөвшөөрөлтэй хөрөнгийн зах зээл дээр оролцогч сангийн хууль орж ирж байгаа. Энэ хуулийг хэзээнээс мөрдөж эхлэх вэ? Гараагаа зөв эхлэхгүй бол болохгүй. Одоогийн нийгмийн даатгалын сангийн явуулж ирсэн үйл ажиллагаа үндсэндээ төсөв, санхүүгийн алдагдалтай сөрөг нөлөөлөлтэй явж ирсэн. Төсөвт ирэх нэг жилийн ачаалал гэхэд 1 их наяд төгрөг. Хуримтлалын санг зөвхөн компанийн болон бусад хуулиар зохицуулахаас гадна удирдлага зохион байгуулалт, менежмент талаасаа яах вэ гэдгийг энэ хуулиар илүү тодорхой болгож оруулж ирэх ёстой. Нийгмийн даатгалын шимтгэлийг дөрвөн хувиар нэмж, хоёр хувийг ажил олгогч, хоёр хувийг ажилтан төлнө гэсэн зардлын тооцоолол хийсэн байна. Дагалдаж буй хуулиар ингэж хийчихээд хуулийн төсөлдөө ажил олгогчийн төлж байгаа шимтгэлийн 50 хувиас, ажилтны 20 хувиас хэтрэхгүй гэсэн заалт байна. Үүнийг яаж ойлгох вэ? Нийгмийн даатгалын шимтгэл хэдэн хувиар нэмэгдэж байгаа вэ? Энэ тооцооллыг санд төвлөрнө гэж ойлгох уу? Сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх асуудал маш чухал. Шударгаар хөдөлмөр эрхэлдэг ажил олгогч эсвэл шимтгэл төлөгчдийн нуруун дээр ачаалал ирэх нөхцөл байдал үүсэх нь бичиг баримтнаас харагдаад байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хувиар бүрдүүлнэ гэж үзэж байгаа бол төсөвт ирэх ачааллыг хэрхэн бууруулна гэж үзэж байгаа вэ? Дутагдаж буй эх үүсвэрийг яаж хангаж, бүрдүүлэх вэ? Нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэх, хуримтлалын санг бий болгохдоо байгалийн баялгийн менежмент, хуваарилалт, АМНАТ-ын хуваарилалтыг хийж энэ санг тогтворжуулах хэрэгтэй. Гэтэл уг хууль орж ирээгүй байгаа. Тиймээс орж ирсэн хуультай уялдуулж орж ирэх нь зүйтэй гэж үзэж байна. Сан амжилттай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд үүсэх эрсдлийг сайн тооцож бодох хэрэгтэй. Тухайлбал удирдах зөвлөлийн бүтэц, хяналт, гүйцэтгэх удирдлагын бүтэц, хуучин арилжааны банк, Хөгжлийн банктай холбоотой хэргүүд шиг адил жишиг тогтох вий гэдэг дээр үнэхээр санаа зовж байна.