Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.03) нэгдсэн хуралдаанаар “Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцүүллээ. Уг хэлэлцүүлэгтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв. УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: Хүчингийн гэмт хэргийн статистик мэдээлэл харамсалтай нь сүүлийн жилүүдэд бол нэмэгдэх хандлагатай байгаа. Хорих байгууллагад ял эдэлж байгаа залуучуудын нэлээд хувийг энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдсэн залуучууд. Нэн ялангуяа хөдөө орон нутаг алслагдмал газар амьдарч байсан залуучууд ийм хэрэгт холбогдох нь их байна. Ял шийтгэлийн бодлогын хувьд бол өнөөдөр насанд хүрээгүй этгээдийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн этгээд 10-аас дээш жилийн ялтай байгаа. Тэгээд ял шийтгэлийн бодлогын хувьд бол харьцангуй тогтвортой байгаа. Бид бол энийг цагдаагийн байгууллага юм уу, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас гадна. Хөдөө байгаа залуучуудынхаа нийгэм соёлын эрхийн асуудлыг яаж хангах юм бэ хүйсийн тэнцвэртэй байдлаа бид нар яаж хангах вэ? гэдэг энэ асуудалд анхаарал тавьж байгаа. Боловсролын сайдтай яриад 10 жилийн хүүхдүүдийн хичээлийн хөтөлбөрт нь энэ чиглэлийн агуулгыг тусгая гээд хамтарсан баг гараад гарын авлага гаргаад бас ингээд энэ чиглэлийн ажлууд хийгдэж байгаа. Гэм буруугүй хүнийг үндэслэлгүйгээр хорьсон тохиолдолд шүүхийн шийдвэр гаргаад. Үүн дээр бол гарцаагүй шүүхийн шийдвэр гарахаас өөр аргагүй байдаг.Үндэслэлгүйгээр энэ хүнийг ингэж хорьж байсан байна гээд шүүхийн шийдвэр гарах юм бол үүнийх нь дагуу нөхөн олговор олгох асуудал явагдаж байгаа. ХЗДХЯ-ан дээр энэ гэмт хэргийн хохирогчдод нөхөн олговор олгох сангаас гадна яг энэ төрийн буруутай үйл ажиллагаанаас бусдад учирсан гэм хорыг нөхөн төлүүлэх энэ үйл ажиллагаа явагддаг. 2025 оны төсөв дээр бас энэ чиглэлийн хүмүүсийн төлбөрийг барагдуулсан. Ийм үйл ажиллагаа явагдсан. Эрх зүйн туслалцаа дээр бол бид нар эрх зүйн туслалцааныхаа хүрээ хязгаарыг л аль болохоор өргөжүүлж байгаа.
Өнөөдрийн /2025.04.03/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” багц хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа. УИХ-ын гишүүн П.Батчимэг: Хүний эрхийг хангах бодлого, хууль, эрх зүйн орчныг олон улсын жишигт хүргэх, нийгмийн бүх харилцаанд хүний эрхийг бүрэн хангасан тогтолцоог төлөвшүүлэх зорилгын хүрээнд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг зарчмын хувьд дэмжиж байгаа ч хэдэн асуулт байна. МУ-ын Үндсэн хуульд иргэд “төрийн нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй”, “төрийн нууцыг хуулиар тогтооно” гэж заасан. Гэвч 2016 оноос хойш Төрийн болон албаны нууцын тухай хуулиар Засгийн газрын гишүүд, төрийн бүх байгууллагын дарга нар “нууц”-д хамаарах мэдээллээ өөрсдөө мэдэж тогтоох эрхтэй болсноор төрийн байгууллагуудын албаны нууцад хамаарах мэдээлэл нь өнөөдөр 1043 болсон байгаагаас үзэхэд Үндсэн хуулийн үзэл баримтлал яаж гажуудсаны нотолгоо гэж хэлж болно. Иймд энэ гажуудлыг засахгүйгээр иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрх хангагдах, төрийн байгууллагуудын ил тод, нээлттэй байдал сайжрах нөхцөл бүрдэхгүй. Мөн манай улсын стратегийн чухал салбаруудын нэг мэдээлэл, харилцаа холбооны салбарын Зохицуулах байгууллагын бие даасан, мэргэжлийн байх, хараат бус байдлыг бэхжүүлэхтэй холбоотой Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналтай байна.
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.04.04/-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ. УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: О.Алтангэрэл сайд хэрэгтэй хууль санаачилсанд нь талархаж байна.Өмнө нь үг хэлж, асуулт асуусан хүмүүстэй утга агуулга давхардуулахгүй тулд 3 гол санааг хэлмээр байна.Нэгдүгээрт, С.Эрдэнэболд гишүүний хэлсэнчлэн хүний эрхийн асуудлыг байдаг л асуудал гэж үл ойшоох явдал газар авч байна. Иргэд тухайн хүн албан тушаал ахих, эрх мэдэл авах тусмаа хүний эрхийг дээдлэх нөхцөл байдал буурч байна шүү гэдэг шүүмж явдаг. Төр, төрийн өмчит үйлдвэрийн газрууд бусад төрийн байгууллагууд, компаниуд гээд нийгэмд оролцоотой явж байгаа бүх байгууллагууд жил бүр улсынхаа хэмжээнд хүний эрхийг авч хэлэлцдэг, ярилцдаг тогтолцоо руу гэдгийг хэлмээр байна. Хоёрдугаарт, Хэлмэгдүүлэлтийн асуудлыг янз бүрийн цаг үед, янз бүрийн өнцгөөр оноож ярьдаг. Тэгэхээр өнгөрсөн үеийн сургамж юу байв? Хүний эрхийн талаар. Хэлмэгдүүлэлтийн нөхцөл байдал ямар байгаад өнөөдөр ямар байдалд хүрэв гэдэгт үнэлгээ, дүн шинжилгээ хийх ёстой юм болов уу гэдэг санал байна. Гуравдугаарт, Хүний эрхийг хэлэлцдэг цахим платформтой болмоор байна. Хүний эрх яагаад зөрчигддөг вэ гэхээр ил зүйлүүд ойлгомжтой, хүүхдийн дээрээс юм унаад, эсвэл тоглоомын талбайд нас барлаа гээд. Осол гэмтэлд өртөж байгаа хүний эрхийн асуудлыг нийгмээрээ хардаг, ярьдаг, шуугидаг, өнгөрдөг. Далд хэлбэртэй хүний эрх зөрчдөг үйл явдлууд маш их байдаг шүү. Тийм учраас би үнэлгээг чухалчлаад байгаа юм.