УИХ-ын чуулганы 2025.06.20-ний өдрийн нэгдсэн хуралдаан боллоо. Хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Цаг хугацааны ач холбогдлын хувьд миний үг хэр байх юм бол? Улс төрийн гацаа нөхцөл байдал үүссэн үед үг хэлэх эрхээ авч байсан. Засгийн газрыншинэ бүтэц бүрэлдэхүүнд ажлуудаа цаг хугацаанд нь яаралтай шуурхай хийдэг байхыг даатгамаар байна. Монгол Улс олон улсын сэргээн босголт хөгжлийн банкны хоорондын эрчим хүч 3 төслийн зээлийн хэлэлцээрийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор 2025 оны нэгдүгээр сард оруулж хэлэлцсэн байгаа юм. Түүгээрээ хэлэлцээд зөвшөөрлөө өгөөд 2025 оны 2 сард Ерөнхий сайд гарын үсгээ зурж энэхүү хэлэлцээрийг байгуулсан. Хэлэлцээр хүчин төгөлдөр болох эцсийн хугацаа 180 хоног гэж байгаа юм. Гарын үсэг 2 сард зурсан, 8 сард эцсийн байдлаар хүчин төгөлдөр болох ёстой. Одоо амжихгүй бол зээлийн хэлэлцээр хүчингүй болно гэсэн үг. Тухайн үед бэлтгэгдэж байсан, Монгол Улсад өгч байгаа итгэл дээр нь суурилсан хүү хэмжээ, зээлийн хэмжээ, хүүгийн хэмжээ яг ийм хэмжээгээрээ байж чадах уу, үгүй юу гэдэгт эргэлзэж байгаа. Ийм учраас боломжоо ашиглаад шуурхай үүнийг соёрхон батлах ёстой. Тэгж байж, Монгол улсын эрх ашиг хангагдана. Улс төрийн гацаанаас болж,Казакстаны хэлэлцээрийг унагаасан. Энэ бол маш их эрсдэлийг дагуулж байгаа, үүнийг Т.Аубакир сайд шуурхай яаралтай оруулж ирэх ёстой. Энэ бол Казахстан улсад ажиллаж байгаа монгол иргэд тэнд тэтгэврээ тогтоолгох эрхийн тухай асуудал. Үүнийг хойшлуулах тусам өнөөдөр тэтгэвэртээ гарах байсан иргэний асуудлыг бид нар хохироож байгаа. Бид 2018 оноос хойш Монгол Улс Казахстанаас 17 удаагийн хэлэлцээр хийж энэхүү асуудлыг зөвшөөрч өгөөч гэдэг асуудлаар санал тавьж ажилласан. Тэгээд улс төрөөс болж энэхүү хэлэлцээрийг соёрхон батлахыг унагаасан. УИХ-ын гишүүд тэтгэврээ тогтоолгож чадахгүй байгаа тэр иргэдийн хохирлыг барагдуулах уу? Үгүй шүү дээ. Казахстан улс 1998 оноос хойш хуримтлалын тогтолцоонд шилжсэн. Энэ бол бодит мөнгөний асуудал ярьж байгаа. Бидэдгээр иргэний аж, амьдралтай холбоотой асуудал дээр улс төрөөс ангид байж, иргэнийхээ төлөө монгол төр ажиллах ёстой.
УИХ-ын /2025.06.20/-ы өдрийн хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтаншагай үг хэлж, ажлын хэсгээс дараах асуултыг асуулаа. Нэгдүгээрт, Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк хооронд "Эрчим хүч-3" төсөлд томоохон зээл авах гэж байна. Энэ төсөл хэрэгжсэнээрээ Улаанбаатар хотод үр өгөөж нь ирэх үү? Хоёрдугаарт, гэр хорооллын нөхцөл байдал маш хүнд байна. Эрчим хүчний уналттай, өргөтгөл шинэчлэл бага хийсэн. Ялангуяа Улаанбаатар хот тойрсон, тэлсэн энэ суурьшлын бүсийн гэр хорооллын эрчим хүчний уналт маш их байгаа. 2000 он гараад Улаанбаатар хотод ирэхэд байсан нөхцөл байдал яг л хэвээрээ. 25 жилийн дараа өвөлдөө лааны гэрэл шиг байгаа. Гэр хорооллын гэрэл. Плиткэн дээрээ, халуун тогоон дээрээ хоол унд хийж болдоггүй. Учир нь түүхийрчихдэг. Өнөөдөр байгаа бодит нөхцөл байдал энэ. Шинээр суурьшлын бүсэд үүссэн гэр хорооллын иргэд цахилгаан эрчим хүчээ авахдаа айлын шон дээрээс айлын тогны утсан дээрээс залгаж авч байгаа. Яг аалзны тор шиг. Үүн дээр тодорхой шийдлүүд гаргаж, нэг талд нь шийдэхгүй бол маш их эрсдэл үүсдэг. Үүнийг дагаад хүүхдүүд тогонд цохиулах ил задгай утас ихтэй болчихсон. Хашаа хооронд, гудам хооронд татчихсан шугам нь машин явсаар байгаад шалбарчихсан. Ийм эрсдэлтэй байдал үүсчихсэн байдаг. Үүн дээр дорвитойхон шинэчлэлт хийж яг том зээл авч байгаа, эрчим хүчний энэ реформ хийгдэж байгаа энэ үед бодит үр нөлөөлөл үзэж, гэр хорооллын маань иргэд энэ өвлийн хүйтэнд, зарим нь хувийн орон сууцуудаа цахилгаанаар халаадаг болсон байгаа. Эрчим хүчний дутагдалтай гээд өвөл гэр хороололд маш хүндрэлтэй байдаг. Өнгөрсөн өвөл гэр хороололд хязгаарлалтуудыг хийлээ шүү дээ. Үүнээс ангижирч чадах уу гэдгийг асууя. Түүний асуултад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуллаа
УИХ-ын чуулганы 2025.06.20-ний өдрийн нэгдсэн хуралдаан боллоо. Хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Эрчим хүчний салбар дахь өнөөдрийн улс орны нөхцөл байдлыг хүн бүхэн мэдэж байгаа. Миний хувьд Зүүн бүстэй холбоотой эрчим хүчний найдвартай эх үүсвэр, аюулгүй байдалтай холбоотой 3 асуулт асуухаар төлөвлөж байна. Нэгдүгээрт, 10 аймагт хэрэгжих ДЦС-ын асуудлууд юу болж байгаа вэ? Солонгос компани нь дампуурсан гэсэн. Дампуурсан тэр хугацаанд Монгол Улс зээлийнхээ хүүг төлөөд явж байгаа гэдэг асуудлыг ярьсан. Зүүн бүс буюу Хэнтий, Сүхбаатар аймгуудад 2 станц баригдаж байгаа. Энэ ямар байдалтай байна. 2 сарын өмнө ярихад 5 сарын 12 гэхэда суудал нь шийдэгдээд, ажил цаашаа үргэлжилнэ гэсэн зүйлийг танилцуулж байсан. Хоёрдугаарт, өнөөдрийн энэ хэлэлцээр бол эрчим хүчний дамжуулах шугам баригдах тухай асуудал. Зүүн бүсэд бол Багануур, Чойбалсан чиглэлийн 220квт-ын шугамын ажил хийгдэхэд зураг төсөв, судалгаа, нь хийгдчихсэн байгаа. Тэгэхээр Зүүн бүсэд эрчим хүчний эх үүсвэрийн дутагдал огт байхгүй. Өнгөрсөн онд У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа хийсэн 50мвт станц нь Зүүн бүсийн эх үүсвэрийг ойрын хэдэн жилдээ сайн хангахаар байгаа. Харин бидний өмнө тулгамдаад байгаа асуудал нь шугамууд байгаа. Мөн дээрээс нь Багануураас Чойбалсан чиглэлийн 220квт-ын шугамын асуудал ямар түвшинд явж байна? Гуравдугаарт, Дорнодын цахилгаан станцаас бидэнд асуулт тавиад байна. Ялангуяа ирэх өвөл станцын хэвийн үйл ажиллагааг хангахад нүүрсний үнийн ойлголцлууд байна. Эрчим хүчний зохицуулах зөвлөл дээр үнийн асуудлыг яаж үзэж байгаа вэ? Уурхай станц 2-ын хооронд үнийн 2 ч санал дээр зөрүүтэй байдалтай байна. Үүн дээр Эрчим хүчний зохицуулах зөвлөл ямар байр суурь барьж байгаа вэ?
УИХ-ын чуулганы 2025/05/29 өдрийн нэгдсэн хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/-ийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа асуулт асууж, үг хэллээ. Энэхүү хэлэлцээрт 2025 оны 02сарын 05ны өдөр сангийн сайд гарын үсэг зурсан байна. Нэгдүгээрт, гэрээний ерөнхий нөхцөл хаана байна вэ? Зээлийн хэлэлцээрийн 1дүгээр зүйлийн 1.1т энэхүү хэлэлцээрийн хавсралтад тодорхойлсон ерөнхий нөхцөл нь энэ хэлэлцээрийн салшгүй нэг хэсэг байна гэж заасан.Тэгэхдээ ерөнхий нөхцлийн өөрчлөлт нь байгаад байдаг. Ерөнхий нөхцөл нь хавсралтаараа байхгүй байна. Хоёрдугаарт, зээлдэгч энэхүү хэлэлцээрийн дуусгавар болох огноо дээр гарын үсэг зурснаас хойш 20 жил. Тэгтэл үндсэн төлбөрийн эргэн төлөх хугацаа 2030 оноос хойш 25 жил. Санхүүжилт хаагдах хугацаа 2029 оны 12 сарын 31.Цаг хугацааны хувьд зөрүүтэй байгаа нь ямар учиртай юм бэ? Гуравдугаарт, төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулах юм байна. Эрчим хүчний яамны дэргэд байгуулах гэж байгаа юм байна. Эрчис Монгол гээд компани байгуулагдсан. Энэ нь эрчим хүчний бүх төслүүдийг хариуцаж байгаа компани гэж ойлгосон.Тусдаа нэгж байгуулагдаад явах уу? Эрчис Монголтой хэрхэн уялдах гэж байгаа вэ? Чойрын дэд станц гэж зээлдэгчийн Дундговь аймгийн Чойрт орших мөн нэртэй дэд станц байна гэсэн байна. Чойр ямар Дундговь аймгийн харьяанд оччихов. Түүний асуултад, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Сангийн яамны өрийн удирдлагын хэлтсийн дарга Л.Гантогтох нар хариуллаа.
УИХ-ын чуулганы 2025/05/29 өдрийн хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/-ийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Батжаргал асуулт асуув. Эрчим хүч-3 төслийг хэрэгжүүлэх Олон улсын сэргээн босголт хөгжлийн банкнаас авах зээлийн гэрээг соёрхон батлах гэрээг дэмжиж байна. Эрчим хүчний салбар, үйлдвэрлэсэн эрчим хүчээ түгээх, дамжуулах үйл ажиллагаа хийж байж үндэсний аюулгүй байдлаа хангах бусад, салбаруудын хөгжлийг тэтгэх зэрэгт энэ асуудал руу онцгой анхаарч ажиллах ёстой. Энэ цаг үед эрчим хүчний салбарт ахиу бүтээн байгуулалт хийх цонх үе байж магадгүй гэж харж байгаа. Эрчим хүчний нүүрсний гадаад зах зээлийн үнэ өндөргүй байна. Бидэнд эрчим хүчний нүүрсний арвин нөөц байна. Үүнийг түшсэн станцууд байгуулах, дотоодын хэрэглээг бүрэн хангах, эрчим хүч экспортлогч орон болох зорилт руугаа нөөцөө ахиу хуваарилж зүтгэж ажиллах нь зүйтэй. Тиймээс үүнд ашиглах зээлийг дэмжиж байна. Мөн тодруулах хэдэн зүйл байна. Нэгдүгээрт, 5 жилийн хугацаанд 47сая долларыг авч ашиглана гэж харагдаад байгаа. Хуваарийн асуудал ямар байгаа вэ? Бид гаднаас авч байгаа зээлийн хөрөнгийн баталгаажсан ашиглаж чадаагүй байгаа үлдэгдэл дээр тодорхой хураамж төлөөд байгаа. Тиймээс үүнийг богино хугацаанд бүрэн ашиглаж дарамт ирэх асуудал нь ирэх ёстой. Энэ талаар тодорхой мэдээлэл авмаар байна. Хоёрдугаарт, энэ төслийг гүйцэтгэгч нь ямар байдлаар шалгарагдах вэ? Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк нь тодорхой бодлого, байр суурь илэрхийлээд гүйцэтгэгч дээр оролцох оролцоо гэж байгаа юу? Би яагаад үүнийг асууж байна гэхээр 10 аймгийн дулааны асуудлыг шийднэ гээд Солонгосын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийг Эксим банканд шийдсэн. Гэтэл түүнээс гүйцэтгэгч шалгаруулах ажил зохион байгуулагдсан 10 аймгийн дулааны цахилгаан станц дөнгөж эхлээд зогссон. Зарим аймаг дээр 40-өөд хувьтай гэж ярьдаг. Зарим дээрээ 20-30 хувьтай гэдэг. Бид авч ашигласандаа хүү төлдөг. Авч ашиглаад ашиглаагүй байгаадаа хураамж төлж байгаа. Энэ биднээс болоогүй. Солонгосын талаас болоод байгаа. Тийм учраас авч ашиглаагүй зээл, эсвэл дуусаагүй үйлдвэрлэлд аваад ашигласан зээлд хүү, хураамж төлдөг асуудлыг зогсоомоор байна. Энэ асуудлыг хаа хаанаа нэлээн нухацтай ярьж хариуцлагын асуудлыг зөв талд нь гаргаж шийдэхгүй бол хий төлөлтүүд үүсээд яваад байх магадлал үүсээд байна. Тийм учраас олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас авч ашиглаж байгаа зээлийн хөрөнгийг зээлжүүлэгч тал өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж байгаа бол хүү, хураамжийн асуудал нь зогсдог хэлэлцээрийг бодож хийхгүй бол болохгүй байна. Энэ тал дээр ямар байр суурь байна. Солонгосын тэр асуудал дээр ямар хэлэлцээрүүд яригдаж, ямар шийдэлд хүрч байна вэ? Энэ 10 аймаг дулааны цахилгаан станц ашиглалтад орох цаг хугацаатай тохируулаад орон сууцжуулах, үйлдвэрлэх үйл ажиллагаагаа төлөвлөөд хувийн хэвшлийнхээ хөрөнгө оруулалтуудыг татаад ажилд нь оруулсан байгаад байдаг. Зарим барилга байгууламж нь ашиглалтад ороод дулаангүй зогсох байдалд хүрэх гээд байна. Тиймээс үүнийг ашиглалтад орох хугацаанд тухайн аймагт бий болсон бүтээн байгуулалтуудыг ашиглах бололцоог нь хангаж, нэмэлт эх үүсвэр гаргаж, одоогийн байгаа станцуудыг түр хугацаанд нэмж тоноглож ажиллуулах бололцоог юу гэж харж байгаа вэ? Түүний асуултад, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуллаа.