А.Ариунзаяа: Ажлын хэсгээс тооцсон 400 тэрбумын төсвийг ЭЗБХ 1.4 их наяд болголоо!
УИХ-ын чуулганы /2026,05,29/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа дараах байр суурийг илэрхийллээ.Баасан гарагт чиглэл аваад ажиллалаа. Ажлын хэсгийн дарга 7 хоног гадагшаа явж ирээд чуулганы уур амьсгалаа мэдрээгүй үедээ гишүүдтэй уулзаж тэрийгээ татчих, үүнийг оруулчихъя гэж баахан тохироо наймаа хийлээ. Багаасаа миний дүү ийм юм сурч болохгүй шүү гэж хэллээ. Тэгээд ажлын хэсэг дээрээ базсаар, зарим гишүүд хурлаа хаяж явцгаагаад, улмаар 12 санал базаж гаргасан. Хүний эрхийн асуудлаар, хүүхдийн эрх, хүүхдийн хоол, эрчим хүч гээд 400 тэрбум төгрөг, нийтлэг асуудлуудыг базаж 12 санал болгов. Эдийн засгийн байнгын хороон дээр ажлын хэсгийн саналаар бус нийт саналаараа санал хураалаа. Ингэхдээ нөгөө л зарчмаараа хүчтэй нь, бүлэглэлээрээ асуудлаа оруулав. Ажлын хэсэг дээр 400 тэрбум байх төсвийг Эдийн засгийн байнгын хороо 1,4 их наяд төгрөг болголоо. Санал нь ороогүй гишүүд гомдолтой байгаа шүү дээ! Орсон саналуудыг тоймловол ЧД- 3 Санал, СБД- 4 санал, Дорнод аймаг 4 санал, Сүхбаатар аймаг 3 санал, Сэлэнгэ 2, Дархан 3, Хөвсгөл 3, Төв 1, Өмнөговь 1, Увс аймгийн Малчин сум, Ховд, Завхан гээд асуудлуудыг оруулж ирсэн байна. Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүд нэг тойрог шүү дээ. Тэндээс 7 төсөл оруулж ирсэн. 2 Цэцэрлэг, Залуу техникчдийн ордон, эмнэлгийн тоног төхөөрөмж, ЖДҮ, Зээлийн эх үүсвэр, Эрчим хүчний зарим асуудал, эмнэлэг гээд. Цөөхөн хэдхэн гишүүд өөрсдийнхөө тойргийн асуудлыг оруулсан. Эдийн засгийн байнгын хорооны дарга тойргоос сонгогдсон залуу гишүүн тойргийнхоо сэтгэлгээнээсээ гарч чадаагүй нь аргагүй. Тойргоос сонгогдсон хүмүүс сайд хийж байна. Тойргоос сонгогдсон хүмүүс байнгын хорооны дарга хийнэ гэх юм бол бүхий л асуудлуудыг тойрог руугаа чирэх нь ойлгомжтой. Бид тойргийг хөгжүүлэх гээд байна уу, аль нэг сумыг хөгжүүлэх гээд байна уу, нийтлэг Монгол улсаа хөгжүүлэх гээд байна уу гэдгээ ч ялгаж чадахгүй байна. Ийм улсын хөгжлийн төлөвлөгөө байдаг юм уу? Төсөв орж ирэхэд Хөгжлийн төлөвлөгөөнд оруулаагүй асуудлыг төсөвт оруулахгүй гээд зарим сул гишүүдэд хаалт үүсдэг.