Өнөөдөр /2017.12.07/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны төсвийн зарлагын хэсэгт тавьсан хоригийг хэлэлцлээ. Тэрээр 2018 оны төсвийг “хэт үрэлгэн” гэж үзээд зарлагын хэсэгт хориг тавьсан юм. “Эдийн засаг туйлдаж хүндэрсэн гэдэг шалтгаанаар ард иргэддээ ачааны хүндийг үүрүүлэх цөөнгүй шийдвэрийг гаргасан УИХ төсвийн зарлагаа бууруулж, алдагдлаа багасгах тал дээр дорвитой бодлого хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авахгүй байна” хэмээн үндэслэлдээ дурьджээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат асуулт асуулаа. Д.ЭРДЭНЭБАТ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ЦААШ ХЭРХЭН ВЭ? Хориг гэдэг нь угтаа бол Засгийн газар болон эх баригчдын хуульд гаргаж байгаа алдааг хэлдэг зүйл. Ерөнхийлөгч гурван удаа хориг тавьлаа гээд тооны тухай яриад байна. Би бол Засгийн газрын гурван алдааг хэлж байна гэж ойлгож байна. Засгийн газрын алдаа нэгдүгээрт, давхар дээлний асуудал. Засгийн газар 100 хувь дээлтэй, ашиг сонирхлын зөрчилтэй байгаа нь алдаа шүү гэж өгсөн. Хоёрдугаарт төвсийн тодотгол дээр Засгийн газар иргэдийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх тухай асуудлаар багш, эмч нарын цалинг хэдэн хувь нэмэхгүй байж ОУВС-гийн шаардлага нэрийн дор халамжаа нэмдэг чинь алдаа болж байна гэж хэлсэн. Хүлээж аваагүй. Одоо гурав дахь алдаа нь -2.4 их наядын зардал нь хэт өндөр байна, энэ алдааг засаач ээ л гэсэн. Он дуустал хүүхдийн мөнгө 100 хувь өгчихөөд 2018 онд 60 хувь болгодог нь алдаа биш юм уу? Дахиад баахан халамжийн мөнгө нэмж байснаас эмч, багш нарынхаа цалинг 10-15 хувь нэмээд иргэдийнхээ ажлын хөлсний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмсэн нь зөв байсан юм уу? Хэрэгтэй, хэрэггүй барилга байгууламжаар бид хоосроогүй. Хөрөнгө оруулалтаа хасаач ээ гэдгий л хэлээд байна. Ингэж хэлээд байхад л хоригийн тухай яриад хөдлөхгүй. Олонхи үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй. Алдааг хэлж өгч байна шүү гэдгийг эх баригч нар ойлгоосой гэж хүсч байна. Сангийн сайдаас асууя. Ипотекийн зээл хаана яваад байгаа юм бэ? Хэрвээ Монголбанкнаас бидний Засгийн газрын үед хэрэгжүүлж байсан 8 хувийн ипотекийн зээлийг төсөв рүү оруулж ирээд ипотекээр өгөх гэж байгаа бол төсөв зээл өгнө гэсэн үг юм уу? Төсөв зээл өгөх эрхзүйн үндэс байхгүй. Төсөв зээл өгөх гээд байгаа юм бол хэдэн хувьтай өгөх юм бэ? Үүнийг Ерөнхийлөгчийн хориг дээр Ерөнхийлөгчийн тамгын газар юу гэж харсан бэ? Ч.ХҮРЭЛБААТАР: ЗАСГИЙН ГАЗРААС БҮХ МӨНГИЙГ НЬ ӨГЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ НӨӨЦ БОЛОЛЦОО БАЙХГҮЙ 2012-2016 оны эдийн засгийн бодлого зөв байсан тухай одоо ярьж эхэлж байна. Арай ч ингэж болохгүй. Монголчуудын өөрийнх нь бий болгосон валютын нөөц 2.4 тэрбум доллар байсан. Үүнийгээ бүгдийг нь дуусгаад одоо 1.3 тэрбум долларын валютын нөөцийг зээлээр бүрдүүлээд байж байсан. Жилд 4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийдэг байсан гадаадын хөрөнгө оруулагч нар бүгд дүрвээд алга болсон. Төсвийн алдагдал ДНБ-ийн 17 хувьд хүрсэн. Жил хүрэхгүй хугацааны өмнө Чингис бондынхоо авсан мөнгийг төлж чадахгүй улс орон даяараа хандив цуглуулах тухай яриа өрнөж байсан. Үүнийгээ яасан богинохон хугацаанд мартаж байна. 1300 байсан төгрөг 2000 гараад явсан. Цэвэр хөндлөнгийн байгууллага тогтоодог Монгол Улсын зээлжих зэрэглэл 3 шатлал унасан. Үүнээс болж хөрөнгө оруулагч нар алга болсон. 10 мянга гаруй ААН үүд хаалгаа хааж байсан цаг саяхан. Тухайн үед УИХ-ын дарга байсан хүн орж ирээд ийм үйл ярьж, буруу зөв мэдээллийг өгмөөргүй байна. Ипотекийн зээлийг Монголбанк мөнгө хэвлэж хийсэн. Энэ нь иргэдийг орон сууцжуулахад нөлөө үзүүлсэн хэдий ч нөгөө талдаа үнэ хөөрөгдөх, валютын ханш явах, эдийн засгийн төсвийн сахилга бат алдагдахад хүрсэн. Засгийн газраас бүх мөнгийг нь өгч хэрэгжүүлэх нөөц бололцоо байхгүй байна. Хөрөнгийн хоёрдогч эх үүсвэрийг хэрхэн татах, иргэндээ ээлтэй, эдийн засагтаа дарамтгүй арга механизмыг холбогдох байгууллагууд хамтарч ажиллаж байна. 7 хоногт 2-3 удаа хамтарч, саналаа боловсруулж ярьж байна. Яг ямар арга замаар хэрэгжүүлэх нь зөв бэ гэдэг талаар тайлбарлана. З.ЭНХБОЛД: БҮРЭНХ ЭРХИЙНХ НЬ 37 ХУВЬ ӨНГӨРСӨН БАЙХАД МАН ИПОТЕКИЙГ ХЭРХЭН ТАЛААР ОДОО ХҮРТЭЛ ЯРЬЖ БАЙНА Ипотекийн зээлийг улсын төсвөөс санхүүжүүлэх ямар ч боломжгүй гэдгийг сүүлийн 15 жил харсан. Тиймээс 2012 оноос эхлээд ипотекийн зээлийг дэлхийн жишгийн дагуу ипотекийн үнэт цаасыг Монголбанк худалдаж авдаг болсон. Бэлэн мөнгө хэвлэсэн, эдийн засаг хүндэрсэн гэж ярьсан ч 80 мянган айл орон сууцанд орсон. Энэ систем цаашид 20, 30 жилээр тогтвортой явах байсан. Энэ системээ устгасан. АН-ын Засгийн газрын үед хийсэн бүх юм буруу биш. Бид ОУВС-гийн үгээр явдаггүй байсан. Тийм учраас 7 татвар нэмээгүй. Харин МАН-ын Засгийн газар 7 татвар нэмсэн. Бид ард иргэддээ татварын ачаалал үүрүүлээгүй. Та нар үүрүүлсэн. Үүнийгээ төлөх арга чинь 5.5 тэрбум долларын зээл. Үүнийгээ 3 сая хүндээ хуваахаар 4.5 сая төгрөг нэг хүнд оногдож байна. 15 сая төгрөгийн өр төллөө гэж сонгуульд явсан хүмүүс ахиад 4.5-ын энэ 4 жилд авах гэж байгаа. Үүний оронд ипотекээ үргэлжлүүлж, улсын төсөвтэйгөө холихгүй байсан бол өнөөдөр 100 мянган барилган ажилтан ажилтай, 20 мянган айл орон сууцтай болох байлаа. 2016 оны сонгуулиас хойш та бүхний бүрэн эрхийн 4 жилийн 37 хувь нь өнгөрсөн байна. Иптекийг яах вэ гэж одоо хүртэл ярьж байна.
Өнөөдөр /2017.11.14/ УИХ-ын нэдсэн чуулганаар 2018 оны төсвийг баталсантай холбогдуулан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуулаа. О.БААСАНХҮҮ: 6 САРЫН ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ ЯМАР ХҮМҮҮСТЭЙ БАЙГУУЛАХ ЮМ БЭ? Тогтоолын төслийн 1 дээр “Сахилга, хариуцлагыг сайжруулахын тулд төрийн албан хаагчдаа 6 сараар гэрээ байгуулна” гэсэн байна. Монгол Улсын хөдөлмөрийн хуулинд байнгын ажлын байранд хугацаагүй гэж байдаг. 6 сарын хугацааны гэрээг ямар хүмүүстэй байгуулах юм бэ? Ямар хүмүүстэй нь жилээр байгуулах вэ? Үр дүнгийг гэрээ гэж зааж оруулсан байна. Энэ чинь хөдөлмөрийн хуулиа давсан тогтоол юм биш үү? 190 мянгын хэдэн хувьтай нь гэрээ байгуулж, хэдэн хувьтай нь нэг жилийн гэрээ байгуулах юм бэ? Богино хугацааны гэрээ байгуулснаар сахилга хариуцлагад яаж нөлөөлөх вэ? Хувийг нь тодорхой хэлж өгөөч. Аймгийн төсвийн 30-аас доошгүй хувийг сумын төсөвт тусгаж тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батал гэсэн байна. Жишээ нь 15 тэрбумыг Орхон аймаг авна. Жаргалант сум 4.5 тэрбумыг зарцуулна гэсэн үг үү? Аймгаас ихэвчлэн 10-15 тэрбумыг авдаг. Одоо төсөв батлахаар 30 хувийг нь сумдуудад хуваарилах болж байна. Олон сумтай газар бол яах вэ? Би Ерөнхий сайдад хэлж байсан. Манай тойргийн ИТХ-ын даргын талаар. Улсын төсвөөр тавих замыг шууд иргэдийн хурлын тогтоол гаргаж өөрийнхөө хаус руу татуулж 700 орчим сая төгрөгийг зарцуулсан байна. Ийм дураараа байж болох уу? Иргэдийн хурал УИХ-аас том юм уу? Газрын төлбөрийн тухай хуулиар нарийвчилна тогтооно гэсэн заалт байна. Газрын суурь үнэлгээ гэдэг шинэ ойлголт гараад ирлээ. Монгол Улсын Үндсэн хуулинд газрын доорх болон дээрх гэж байгаа. Суурь үнэлгээ гэдгийг юу гэж ойлгоод байгаа юм бэ? Тусдаа юм гараад ирэв үү? Д.ТОГТОХСҮРЭН: ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БОЛ ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БИШ Төсвийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулиар төсвийн шууд захирагч нар жил бүр албан хаагч нартайгаа үр дүнгийн гэрээ байгуулж байна. Энэ бол ажилд авдаг хөдөлмөрийн гэрээ биш. Төсвийн хуулийн дагуу ажилчидтай байгуулж буй үр дүнгийн гэрээгээ хагас, бүтэн жилээр дүгнээд, урамшууллыг нь олгоё гэдгээр зааж өгсөн. Энэ нь Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн хуултай холбогдолгүй зүйл. 2018 оны төсвийг Засгийн газар өргөн барихдаа орон нутгийн төсөв дээр суурь зарлагын хэмжээг нэмэгдүүлсэн. Энэ зарлагаа цаашаа сумддаа хувиаарилахдаа нийт суурь зарлагын 30-аас доошгүй хувийг нь сумандаа зарцуул гэдэг байдлаар аймгуудад чиглэл өгч байна. Ингэхгүй бол 100 хувь аймаг авах магадлалтай гэж үзэж байна. Суурь үнэлгээтэй холбоотой асуудлаар хуулийн төсөл шинээр боловсруулж оруулж ирэхээр Засгийн газар чиглэл өгч байгаа. З.НАРАНТУЯА: ГАЗРЫН ҮНЭЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ ТОГТООХ ХУГАЦААНЫ ТАЛААР ЗАСГИЙН ГАЗРЫН ЧИГЛЭЛД ТУСГААГҮЙ БАЙСАН Газрын төлбөрийн тухай хуулинд газрын суурь үнэлгээг инфляцын түвшин, газрын нөхцөл байдал гээд олон хүчин зүйлээс хамааруулан Засгийн газар тогтооно гэсэн. Үндсэн зарчим нь 5 дугаар зүйл дээр байгаа. Харин ямар хугацаанд энэ газрын үнэлгээг шинэчилж тогтоох, үүнийгээ ард түмэнд мэдээллийг тогтмол өгж байх үүрэг нь Засгийн газар байхгүй учраас оруулж ирж байна. Сая бид газар эзэмших эрхээ шилжүүлэх, борлуулах тохиолдолд татвар авдаг хуулийг хэрэгжүүлэхийн тулд татварын тайланг өгдөг систем рүү орж байгаа. Энэ хуулинд газрын үнэлгээ нь анхны дуудлага худалдааны үнээс төлөх татварын хэмжээ тодорхойлогдоно. Анхны дуудлага худалдааны үнэ суурь үнээсээ үндэслэгдэн тогтоогддог учир бодит байдалд нийцсэн үнээр тооцохгүй бол болохгүй. О.БААСАНХҮҮ: ТОГТООЛ ДЭЭРЭЭ ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ ГЭЖ БИЧСЭН БАЙНА Энэ тогтоол дээр “үйл ажиллагааны үр дүн болон хөдөлмөрийн гэрээг хагас, бүтэн жилээр үнэлж, дүгнэх, ажлын бүтээмж гүйцэтгэлийн үр дүнд үндэслэн, урамшуулах тогтолцоог бий болгох” гэсэн байна. Хөдөлмөрийн гэрээ гээд энэ дээр бичсэн байна. 190-өөд мянган хүмүүсийн хэдэн хувийг хагас жилээр, хэдэн хувийг бүтэн жилээр хийх юм бэ? Суурь зардал гэдэг нь 30 болон түүнээс дээш хувийг сумд руу тараа гэсэнтэй адил болоод байна. Гэтэл хуулиар аваад үзэхээр аймаг нь сумдуудаа өөрөө хянаад, зохицуулаад явж байгаа.
Өнөөдөр /2017.11.09/ УИХ-ын нэгдсэн чуулганаар 2018 оны төсөвтэй дагалдаж орж ирсэн хуулиудыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа үг хэллээ. Н.АМАРЗАЯА: ИТХ-ЫН 75 ХУВИАС ЗӨВШӨӨРӨЛ АВЧ БАЙЖ ДАРААГИЙН АЖЛАА ЭХЛЭХ ЁСТОЙ Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох шалгаруулалтын талбайг ялгахдаа эхлээд тухайн компани хүсэлтээ тухайн сум багийн иргэдийн нийтийн хурлын нийт ирцийнх нь 75 хувиас шийдвэрээ авч байж дараагийн ажил эхлэх ёстой. Гэтэл 45 хоногийн дотор шийдээгүй эсвэл иргэдийн хурлаас өөр зөвшөөрөл гарсан бол аймгийн Засаг дарга өөрийнхөө бичгээр хүсэлт гаргана гэсэн хоёр утгатай санал байна. Ер нь сумын, аймгийн ИТХ гэдэг байгууллагын чадамжийг сайжруулах, нөгөө талаар нутгийнх нь иргэдийн санал хүсэлтийг хүндэтгэж хүлээж авах шаардлага нөхцөл байгаа.
Өнөөдөр /2017.11.09/ УИХ-ын нэгдсэн чуулганаар 2018 оны төсөвтэй дагалдаж орж ирсэн хуулиудыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва үг хэллээ. Д.ТЭРБИШДАГВА: ЛИЦЕНЗИЙН НАЙМАА ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА Монголд хайгуулын тусгай талбайд зөвшөөрөл өгсөн геологийн судалгаа монголд 1:200, 1:500,000-ын зураглалын тайлан байна. Хулийн төслийн 17.7-д нэг тусгай зөвшөөрөл олгох хайгуулын талбайн хэмжээ 25-150 мянгаар тогтоосон. Дээрх хэмжээнд масштабын зураглалаас талбай сунгаад үнэлгээ хийхэд талбайн үнэлгээ бодитой гарах магадлал багатай байдаг талаар судлаачид ярьж байна. Тиймээс үүнийг онцгойлон анхаарах хэрэгтэй. Д.Сумъяабазар сайд лицензийг цэгцлэнэ гэсэн амлалтанд өгсөн. Би үүнийг зөв алхам гэж үзэж байгаа. Бусад улс орны туршлагыг харахад нэгэнтээ авсан лицензийг төр хамгаалдаг. Гэхдээ лиценз авахаасаа өмнө маш олон шалгуур давдаг бөгөөд цааш нь зарахгүй гэсэн амлалт өгч байж авдаг. Хэрвээ зарвал буцаад авдаг. Харин энэ хуулиар татвар авж байгаа нь сайн боловч цаашдаа шилжүүлэх үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Тиймээс энэ хуулинд өөрчлөлт орох ёстой. 2007 онд М.Энхболд дарга Ерөнхий сайд байхад Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан бид хоёрт үүрэг өгөөд 7400 лицензийг 50 хувь бууруулж болж байсан. Энэ хооронд ашигт малтмалын 900 орчим тусгай зөвшөөрлийн аж ахуйн нэгжүүд хоорондоо солилцсон. 900 тусгай зөвшөөрлийн ямар ч татваргүй наймаа хийсэн гэсэн үг. Цаашдаа наймаалцдаг байдлыг зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол лицензийн наймаа үргэлжилсээр байна.
Өнөөдөр /2017.11.09/ УИХ-ын нэгдсэн чуулганаар 2018 оны төсөвтэй дагалдаж орж ирсэн хуулиудыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар үг хэллээ. Я.СОДБААТАР: ОЙРЫН 20 ЖИЛД УУЛ УУРХАЙГААС ӨӨР ТЭРГҮҮЛЭХ САЛБАР ГАРЧ ИРЭХГҮЙ. ТИЙМЭЭС ХУУЛИНД НЬ БОЛГООМЖТОЙ ХАНДАХ ЁСТОЙ Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж буй асуудлыг төсөвтэй хамт оруулж ирж байгаад би дургуй байна. Ашигт малтмалын тухай хуулийг тусгайлан авч хэлэлцэхгүй бол яг энэ асуудлаар Монгол Улс хайгуулын хөрөнгө оруулалтаас татгалзах тал руугаа орж байна. Үндэсний компаниуд үүн дээр асуудал үүсгэнэ. Гадны хөрөнгө оруулагчид илүү их хөрөнгө гаргадаг. Манай улсын уул уурхайн салбар хөгжөөд 100 гаруй жил болж байна. Геологи, хайгуулын үндэсний компаниуд хөгжөөд 30-аад жил болж байна. Техник, чадал, технологи, олон зүйлээрээ сайн болсон. Ялангуяа 2008-2012 оны эдийн засгийн бумын үед манай компаниуд нилээд сайн дэвшиж чадсан. Гэхдээ гадны хөрөнгө оруулагчидтай бэлэн мөнгөөр өрсөлдвөл дийлэхгүй. Тиймээс хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг бүгдийг өргөдөлгүй болгож болохгүй. Тодорхой хэмжээгээр өргөдөл гаргаж авах зөвшөөрлүүдийг маш сайн ярьж, гаргах хэрэгтэй. Салбарынхны дуу хоолойг авмаар байна. Зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож байгаа үйл явцыг мөнгө олох хэрэгсэл гэж хармааргүй байна. Энэ бол нутаг орноо тань байгаа, танин мэдэхгүйн шинжлэх ухааны ажлууд байдаг. Тиймээс мөнгө олдог хэрэгсэл, төсөв бүрдүүлдэг хэрэгсэл мэтээр үзэж хуулийн өөрчлөлтийг шахуу хугацаанд ярьж байгаа нь буруу. Ирцийн хуримтлалгүй талбай дээр хэн мөнгө төлж орж ирэх вэ? Хэн ямар багцаатай доод үнийг авч үзэх вэ? Монгол Улсын эдийн засгийг сэргээхэд хамгийн ойр байгаа салбар бол уул уурхай. Хүссэн ч эс хүссэн ч ойрын 20 жилд уул уурхайгаас өөр тэргүүлэх салбар бидэнд одоохондоо гарч ирэхгүй.