Өнөөдөр /2019.01.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Өнөөдрийг хүртэл Ерөнхий аудиторын эрх нь түдгэлзсэн байна. Энэ байгууллагын чиг үүрэг нь хуулиар тодорхой зохицуулагдсан. Гэхдээ өмнөх Ерөнхий аудитор энэ байгууллагыг “шүдгүй арслан” гэж байсан. Аудитын байгууллагын сүүлд шинээр томилогдсон удирдлагууд тодорхой хэмжээнд ажиллаж байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008 оноос хойшхи зарцуулсан төсөв дээр гүйцэтгэлийн аудитыг өнгөрсөн жил хийгээд намар УИХ-д холбогдох ажлын хэсэгт ирүүлсэн. Маш сайн аудит хийгдсэн байсан. Харамсалтай нь аудитын байгууллага нь ажлаа хийж байгаа ч хууль хяналтын байгууллага дээр очоод хэрэгсэхгүй болж байна. Үндэсний аудитын газар бол УИХ-ын дэргэдэх байгууллага. УИХ-ын дэргэдэх байгууллагын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хараат бус байдлыг нь баталгаажуулах, улсын хэмжээнд хяналтын хийдэл гаргахгүй байх бүх боломжийг нь УИХ хангаж өгөх ёстой. Тэгж байж энэ байгууллага холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нартай холбоотой санхүүгийн хяналт шалгалтыг хийхдээ хараат бусаар үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Төрийн аудитын талаар төрөөс баримтлан бодлогын баримт бичиг бол УИХ-аар батлагдах ёстой.
Өнөөдөр /2019.01.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Хууль хоорондын зөрчилтэй бодлогын баримт бичгийг УИХ-аас одоохондоо батлах нь буруу гэсэн байр суурьтай байна. Аудитын байгууллага харьцангуй жигдэрч, ажиллаж байна гэж боддог. Гэхдээ 2018 оны төсвийн гүйцэтгэл, орлого, зарлагын талаар дүгнэлт хийж танилцуулж байсан. Тэр нь худлаа байсан юм байна гэдэг нь төсвийн ерөнхийлөгчийн захирагч нарын ажил дээр гарч байгаа алдаа, оноогоос харж байна. Маш их зөрчлүүд гарсан. Төсвийн хөрөнгө оруулалт 2018 онд 30 хувьтай гарсан байна. Асуудалд бодитой бус дүгнэлт гаргадаг буруу жишиг явж байна гэж харж байна. Төсвийн хөрөнгө, мөнгийг үрэлгэн зарж байгаа, тендер нэрээр төсвийн хөрөнгийг иддэг, концесс нэрээр ямар их хэмжээний мөнгө үнэгүйдэж байгааг хараад маш их эмзэглэдэг. Энэ алдаанууд засагддаггүй. Тендерийн хуулийг зөрчсөн олон загвар жишээ байдаг. Гэтэл тэр аж ахуйн нэгж, байгууллагад хариуцлага тооцож чадахгүй, дараа дараагийн тендерт ордог, улсын төсвийн хөрөнгийг иддэг бий болсон. Өнөөдөр ч үүнийг таслан зогсоож чадахгүй байна. Хар жагсаалт гаргаж, олон нийтэд зарладаггүй, төсвийн мөнгийг иддэг байдалд хяналт тавих үүрэг аудитын байгууллагад байна. Сангийн яаманд сүүлд Санхүүгийн хяналтын алба байгуулагдсан. Төсвийн хяналт хийдэггүй хууль хяналтын байгууллага байхгүй болсон гэж харж байна. Тагнуулын ерөнхий газар төсвийн хяналт хийгээд сууж байна гэж харж байна. Ийм олон давхардсан бүтэцтэй байдлаар асуудалд хандаж байна.
Өнөөдөр /2019.01.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн М.Билэгт: Хөгжлийн банк, Монгол банк, Яамдуудын сангууд зориулалтын бусаар зарцуулагдаж байна. Төрийн сангуудад журмаа өөрчилж, зорилтот бүлэгт олго гэж хэлэх нь дүгнэлт нь аудитаар гарч ирмээр юм. Бүх яамд дээр хийж байсан аудитын дүгнэлтүүд эцсийн үр дүнгээ өгөөгүй гэж харагдаж байна. "Бидний гаргасан дүгнэлт хууль хяналтын байгууллага дээр очоод бүрэн нотлох баримт болж чаддаггүй" гэж байна. Иргэдэд очих ёстой төрийн үйлчилгээ зохих түвшилнд очихгүй байгаа нь аудитын дүгнэлтийн дагуу арга хэмжээ авахгүй байгаатай холбоотой. Цаашдаа яах вэ? Бодлогын бичиг баримт гэж оруулж ирж байхаар цаашдаа төрийн аудитаас гаргасан дүгнэлтийг хууль хяналтын байгууллагад нотлох баримт болж чаддаг хуулийг нь гаргах хэрэгтэй.
УИХ-ын чуулганаар “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Шинээ томилогдсон Аудитын байгууллага идэвхтэй сайн ажиллаж байна гэж үзэж байна. Нилээн олон асуудлыг гаргаж ирсэн. Үүнээс бид олон авилга, төрийн хөрөнгийг шамшигдуулсан хэргүүдийг мэдсэн. Авилгаас ангилд төрийн тогтолцоог бүрдүүлэх асуудал, олон улсын стандарт шаардлагыг хангасан, хараат буй аудитыг төлөвшүүлэх тухай ярьж байгаа нь зөв зүйтэй. Энэ бодлогын баримт бичиг боловсруулах хэрэгцээ шаардлага нь юу байна вэ? Аудитын байгууллагын үйл ажиллагаанд ямар ахиц дэвшил гарах вэ? Аудитын байгууллага аливаа асуудлыг болж өнгөрсөн хойно нь гаргаж ирэх биш урьдчилж эрсдэлийг тооцож болохгүй юу?