126 гишүүнтэй парламентын 1 жилд УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл нь Чингэлтэй дүүргийн иргэдээ төлөөлөн УИХ-д ажиллах хугацаандаа Боловсрол, Эрүүл мэнд, орон нутгийн Бүсчилсэн хөгжлийн асуудлуудад онцгойлон анхаарч энэ чиглэлийн бодлогыг тодорхойлоход түүчээлэн ажилласны дээр хамгийн олон хууль санаачилсан гишүүдийн нэг болов. 2024 оны намар, 2025 оны намрын чуулганы ажлын тайлант сэтгүүлийн нийтлэлийг хүргэж байна.
Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл:
2024 оны УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт 19 нам эвслийн 90 нэр дэвшигчтэй өрсөлдөж 6 гишүүний нэгээр сонгогдож парламентад төлөөлөн суух болсон маань Чингэлтэй дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөөх сэтгэл, зүтгэл маань үнэлэгдэж итгэл хүлээлгэж болох хүн гэж үзсэний илрэл болов уу.
Боловсролын салбарын хөгжил нь улс орныг урагш алхах гол хүч учраас дүүргээсээ өөрчлөлтийг эхлүүлэх нь зүйтэй гэж үзэн “Ялгааг арилгая” төслийг санаачилсан нь өнөөдөр үр шимээ өгч Чингэлтэйн 38 цэцэрлэг олон улсын хөтөлбөрт шилжжээ. Ингэснээр монгол хүүхдүүд аль ч улсад шилжин суралцахад хөтөлбөрийн ялгаа, тоглоом хэрэгслийн дутагдалгүй болж байна.
Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед бид төсөв, мөнгө ярьсаар Боловсролын салбараа гээгдүүлсэнд санаа зовниж Хамтарсан Засгийн газрын шинээр томилогдсон Ерөнхий сайд Г.Занданшатарт “Хотын төвийн болоод захын сургууль хоорондын ялгааг арилгаарай” хэмээн үг дайв. Салбарын доройтол энэ жилийн ЭЕШ-ыг завхруулсан үйл явдлаар төгсгөл болох учиртай тул зарим гишүүдийн хамт Боловсролын сайд огцруулах шаардлагыг ч мөн хүргүүлээд байна. Салбарын хөрөнгө оруулалт буурч, нийслэл орон нутгийн хүүхдүүдийн байдал бий болсон нь хамгийн том асуудал болоод байгаа юм.
Нийгэм, улс төрийн үйл ажиллгаанд залуусын оролцоо бага, тэдний оролцоог хангах асуудал сул хэвээр байгааг НҮБ-ын Хүн амын сангийн судалгаанд онцолж энэ чиглэлд анхаарч ажиллахыг бидэнд зөвлөсөн. Залуу гишүүний хувьд улсынхаа ирээдүйн хөгжлийг авчрах хүн амынхаа хөгжлийг дэмжихэд манлайлж ажиллах шаарлагатай гэдэг нь мэдрэгдэж байна.
ТЭЦ-3 дулааны цахилгаан станц болон Дүнжингаравын замд гарсан дэлбэрэлтээс үүдсэн хохирол эд хөрөнгөнөөс гадна амь насны золиостой. Өнөөдөр хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Түлэгдсэн иргэд, алба хаагчдад даруй арьс нөхөн суулгах шаардлагатай байсан ч бидэнд тэр хэмжээний нөөц байгаагүй. Улс орон даяараа цусны хомсдолд орчихсон. Тийм ч учраас мэргэжлийн үйл явц талаасаа, шинжлэх ухаан талаасаа маш нарийн судалгааны үндсэн дээр Эрхтэн, эд эс шилжүүлэх суулгах, Цусны донорын тухай гэсэн тусдаа бие даасан хууль боловсруулан УИХ-аар хэлэлцүүлж байна. Оновчгүй бодлого, уялдаагүй бүтэцтэй байгаагийн үр дагавар. Түүнчлэн Онцгой байдлын алба хаагчдын тоног хэрэгсэл яг л хүүхдийн тоглоом шиг.
Эрчим хүч байхгүй газар бид хэрхэн үйлдвэрлэл эрхлэх билээ. Салбарын бүтцээ тодорхой болгохын тулд олон “толгойгоо” нэгтгэж эрчим хүчний зохицуулах хороог салбар яаманд өгөхийг шийдвэр гаргагчдад санал болгоод байгаа.
Эрчим хүч, цэвэр усны нөөц, дэд бүтцийн хангамж, газар зүйн тогтоц хүчин чадлын хувьд Улаанбаатар хот цэгтээ хүрч, үнэнд гүйцэгдчхээд байгаа тул хөдөө орон нутгаа хөгжүүлэх зайлгүй шаардлага үүссэн. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг анхнаасаа дэмжиж ирсэн хүний нэг нь би. 30, 40 км-ийн зайтай 500-600 хүн амтай сумдад бид сургууль, соёлын төв барьж өгч байна. Энэ хэр оновчтой вэ? Хөрөнгө оруулалтыг эрэмбэлэхийн тулд сумдыг цөөлөх, нөгөөтэйгүүр нэгтгэх томруулж бүтцийн шинэчлэл хийх хэрэгтэй. Энэ чиглэлээр Монгол Улсын Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлогыг боловсруулж бүсийн төвүүдэд Анхдугаар зөвлөгөөнүүдийг хийгээд байгаа.
Энэ том эхлэлийн чухал хэсэг нь Эртний нийслэл Хархорум хотоо сэргээн босгох Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг “амилуулах” ажил хийгдэж байна. Миний бие 21 гишүүний хамт “Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай” хуулийг боловсруулж нэгдүгээр сард батлуулснаар уг бүтээн байгуулалтыг хийх эрх зүйн орчин бүрдсэн юм.
Энэ нь ард түмнээ төлөөлөн суугаа 126 гишүүний үндсэн үүрэг. Та бүхэндээ дуулгах таатай мэдээ бий. Бид ард иргэдээ эд хөрөнгөөр, эрүүл мэнд, амь насаар хохироож буй олон асуудалд практикч болон шинжлэх ухаанч байдлаар хандаж Хүнсний тухай хуулийн өөрчлөлт, “Хуурамч шатахууны эсрэг”, “Суррон, скүүтерийн хэрэглээ”-г зохицуулах зэрэг хэд хэдэн хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна.
Ирэх жил кибер аюулгүй байдал, Үндэсний өв соёлыг хамгаалах, уламжлалыг дэмжих чиглэлд төвлөрч ажиллахаар төлөвлөж байна.
Мөн УИХ-аас баталж буй хууль бүр “Хүн төвтэй” үзэл санааг эрхэмлэсэн, хүний эрхийг зөрчих бус дээдэлсэн байхыг эрхэм зорилгоо болгон батлагдсан хуулиудыг шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна. Би үүний нэгэн эд эс болж буй.