• logo
  • search

З.Мэндсайхан:

Баруун бүс "Үйлдвэрлэлийн чөлөөт бүс" болон хөгжинө

2025.10.07
3 мин унших
Мэндсайхан Загджав

Миний бие нийслэл хотоос 1000-1500 км-ийн зайд оршдог, байнгын ажиллагаатай боомттойгоороо онцлог Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймаг буюу Баруун бүсийн ард иргэдээ төрд төлөөлөн ажиллаж буй гишүүн. 

Монгол Улс хөгжлийн дараагийн гарцыг БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ хэмээн тодорхойлж 2024 оноос бодлого, хөтөлбөрөө батлан хэрэгжүүлж эхэлсэн билээ. 

Баруун аймгуудад Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал дээр суурилсан хөгжлийг явуулахад гол тулгамдаж буй асуудал нь тээвэр ложистик. Учир нь ард иргэдийн 80-90 хувь нь төв суурин газраас хүнс, бараа бүтээгдэхүүнээ татаж авахын тулд 1-2 дахин нэмэгдсэн үнэ төлөх болдог. Энэ нь амьдрах чадварт шууд нөлөөлж байна. 

Тиймээс бүс нутгийн боомтууд дээр суурилсан гадаад худалдааны эдийн засгийг бий болгох чиглэлд бодлого төвлөрүүлэх шаардлагатай болсон юм.   Хамгийн зөв зохистой тээвэр ложистикийг, хамгийн зөв байрлал дээр тооцоолон гаргаж хувийн хэвшлүүдээ дэмжиж, бүс нутгийнхаа ард иргэдийн амьдралын чанарт анхаарахыг чухалчилж байна. 

ИНФО: 28000 га талбайд баригдах Эрдэнэбүрэнгийн 90 мегаваттын усан цахилгаан станц нь баруун бүс болон Алтай-Улиастай орчмыг ногоон эрчим хүчээр 100 хувь хангана.

Нөгөө талдаа баруун аймгуудыг эрчим хүчний хараат байдлаас гаргах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орохоор хөнгөн үйлдвэрлэл хөгжих боломж нээгдэнэ. Үүнийг түшиглэж Ховд аймагт Үйлдвэр технологийн паркийг төлөвлөн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна. Үүнийг үйлдвэрлэлийн чөлөөт бүс гэж нэрлэж болно. 

Учир нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардлаар үйлдвэрлэл явуулахад шаардлагатай дэд бүтэц буюу ус, цахилгаан, дулаан, цэвэрлэх байгууламжийг 200 га газарт төлөвлөж энэ жилийн эцэс гэхэд бүтээн байгуулалтын ажил бэлэн болно. Ингэснээр хувийн хэвшлүүд малын гаралтай түүхий эд, хүнсний үйлдвэрүүдээ байгуулахад дэд бүтцийн зардал гаргах шаардлагагүй болох юм.

 Уул уурхайг орлох гол экспортын бүтээгдэхүүн бол ноолуур

Нөгөөтэйгүүр тэд үйлдвэр байгуулах, салбараа нээх, үйл ажиллагаагаа өргөтгөхөд хөнгөлөлттэй зээлийн асуудал маш чухал. Энэ хүрээнд миний бие “Цагаан алт” хөтөлбөрийг санаачлан боловсруулж, 2024 оны зургаадугаар сард УИХ-аар батлуулж, улсын төсөвт 77 тэрбум төгрөгийг зээлийн хүүгийн татаас суулгуулсан юм.

Энэ нь сумандаа, бүс нутагтаа хөнгөн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл бий болгох, үйлдвэрээ шинэчлэхэд энэ хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкны 18 хувьтай зээлийн 12-ыг нь төрөөс дэмжлэг болгон хөнгөлнө

Ийнхүү ДЭД БҮТЭЦ болон САНХҮҮЖИЛТИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ нь шийдэж өгснөөр бүс нутгийнхаа эдийн засгийг тэлэх боломжийг цогцоор нь бүрдүүлж өгч байгаа юм. 

 Ажлын байрыг нэмэгдүүлэх хамгийн бодит салбар бол хөнгөн үйлдвэр

Монгол Улс жил тутам 9-10 мянган тонн түүхий ноолуур бэлтгэдэг. Энэ дэлхийн зах зээлийн 40 орчим хувь юм. Бид ноолуурын зах зээлийн маш том тоглогч болох боломжтой ч яг одоогийн байдлаар техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал үйлдвэрлэлийн өнөөгийн түвшинтэй харьцуулахад хангалтгүй байгаа учраас “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд угааж самнаад гаргадаг байдлаас утас ээрэх шугамаа өргөтгөх хүртэлх шинэчлэлийг хийхээр зорьж зээлийн бодлогоо хэрэгжүүлж байгааг тодотгох нь зүйтэй.

Бүсийн хөгжлийг дэмжих хууль эрх зүйн орчны томоохон өөрчлөлт бол үйлдвэрийн чөлөөт бүсэд татварын хөнгөлөлт үзүүлэх явдал. Үйлдвэрлэл технологийн паркийн болоод бусад холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. 

Үүний нэг тод жишээ Хувь хүний орлогын албан татварын тухай хууль. Улаанбаатар хот дотор болон Улаанбаатараас 1000 км-ийн дотор, 1000-аас дээш км-ийн зайд ажиллаж амьдарч буй иргэд гэсэн шатлалаар 10 хувь байсан татварын хэмжээг 1-5 хувь болгох өөрчлөлтийг хийхээр хуулийн төслөө боловсруулан удахгүй УИХ-д өргөн барихаар зэхэж байна. 

Өдгөөгөөс нэг жилийн өмнө залуусынхаа орон нутагт ажиллаж, амьдрах үйлдвэрлэл үйлчилгэ эрхлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллахаа амлаж байсан бол өнөөдөр ийнхүү тодорхой түвшинд үр дүнд хүрч, ажил урагшилж буй нь сайшаалтай. Бүс нутаг дахь боомтуудын хүчин чадлыг өргөтгөн, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэвтрэлтийг нэмэгдүүлснээр баруун бүсийн хөгжил, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх бололцоог бүрдүүлэх зорилгод ирэх жил илүүтэй төвлөрөн ажиллах болно.

 

сэтгүүлч

logo