-Улс төрийн бужигнаантай зэрэгцээд улсын төсөв хэлэлцэж байна. Багш нар ажил хаяхаа заралчихлаа.Ер нь бүхий л салбарт цалин нэмэх зайлшгүй шаардлага бий. Тухайлбал боловсролын салбарын багш, ажилчдын цалинг нэмэх боломж байна уу?
Гадаах жагсаал, цуглаан улс төртэй огт холбоогүй, олон жил бугшсан асуудлыг ил гаргаж буй нийгмийн захиалга. Нөхцөл байдал ийм байдалд хүрчихсэн байхад эрх баригч МАН-ынхан дотроо хуваагдаад хэрүүл маргаантай байгаа нь сайн зүйл биш. Ажлаа хийх хэрэгтэй. Төсвийн тэвчиж болох зардлыг үр ашигтай болгох нь зөв. Зам, гүүр, байшин барилгын зардлыг тэвчиж болно. 2021-2025 он хүртэл хүлээгдэж, царцсан барилгууд их байна. Үүнийг хойшлуулаад, эхний ээлжид багш, эмч нарынхаа нийгмийн асуудал, ахмадуудынхаа тэтгэврийг нэмчихье. Эрэмбэлэхээр энэ асуудал эхэнд нь орно.
-Таны хувьд 2017 оноос эхлэн багш нарын цалинг 1000$ болгоё хэмээн тэмцэж байсан, өнөөдөр ч энэ зарчмаасаа ухраагүй.Харамсалтай нь өнгөрсөн 10 жилд тодорхой үр гарсангүй?
Боловсролын ерөнхий хуульд улс орны тэргүүлэх салбар бол боловсролын салбар гэж ярьж, тунхагладаг. Солонгос улсын Инчон хотод 2015 онд дэлхийн 160 гаруй орны Боловсролын сайд нар хуралдаж, боловсролын салбартаа ДНБ-ийхээ 7%-ийг, төсвийн нийт зардлынхаа 20%-ийг зарцуулъя гэж гарын үсгээ зураад, засгийн газрууд нь үүрэг хүлээчихсэн. Үүнээс хойш 10 жил өнгөрөхөд ДНБ-ий дөнгөж 4 хувь дээр боловсролын салбар явж байна.
Тэгэхээр үүнийг ярихгүй байхын аргагүй асуудал. Дээрх гэрээг 30 онд дүгнэнэ. Бид дэлхийн өмнө юу яриад суух вэ. Өчнөөн л зээл тусламж гадаадаас авдаг, дандаа хэрэггүй юманд зарцуулдаг. Хэрвээ хүн рүүгээ чиглүүлсэн бодлогод энэ мөнгөө зарцуулсан бол өнөөдөр багш нарын цалин 3 мянган доллар биш юм гэхэд, 3 сая 500 мянгад хүрчихсэн байгаа. 2017 оноос хойш үе шаттай цалин тэтгэврээ нэмээд явсан бол өнөөдөр багш, эмч нар ажлаа хаяад, ахмадууд нь гадаа жагсчихсан ийм хүнд нөхцөлд орохгүй байсан.
Манай улс бодлоготой юм бол үүнийгээ хүн рүүгээ чиглүүлье. Бид нар байшин, барилга материаллаг зүйлд маш их мөнгө хаяж, ихнаяд, их наядаар нь зарцуулсан. Гэтэл улс орны ирээдүйг ирээдүйг бэлтгэж буй багш нар нь 400 доллароор цалинждаг, нийгмийн баталгаа нь хангагдаагүй өрнөөс, өрний хооронд амьдарч буй нь том эмгэнэл.УИХ-ын 126 гишүүн сандал, суудлын өрсөлдөөн хийх гэж орж ирсэн үү, эсвэл улс орноо өөдөн татах гэж орж ирсэн үү гэдгээ ухамсарлах ёстой. Монголын амин судас болсон боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй хүмүүсээ дэмжиж, хүний хөгжилд анхаарах цаг болсон.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа
Багш нарын нийгмийн асуудлыг шийдэж байж, боловсролын салбарт өрсөлдөөн бий болж, сайн цалин дээр чанартай хүүхдүүд орж ирнэ. Өнөөдөр Багшийн сургуулийг хүүхдүүд сонгохгүй байна. Сайн хүүхдүүд нь эдийн засаг, хууль эрх зүй, бизнесийн салбарыг сонгодог. Гэтэл 1990 оноос өмнө сурлага сайтай хүүхдүүд багшийн мэргэжлийг сонгодог байсан. Тухайн үед багшийн нийгмийн баталгаа боломжийн байлаа. Харин өнөөдөр 400 оноотой хүүхдүүд л багшийн сургуулийг сонгож байгаа нь эмгэнэл.
2026 оныг боловсролыг дэмжих жил гээд Монгол Улсын Засгийн газраас зарлачихсан. Гэтэл өнөөдөр боловсролын салбарын төсөв нь танагдчихсан, бараг нэг их наяд төгрөгийн алдагдалтай маш хүнд байгаа. Оны эцэст багш нарын цалин хөлс,нэмэгдлүүдийг өгч дийлэхээргүй хэмжээнд хүндэрчихсэн. Шийдэх асуудал шил шилээ дарж байхад эрх баригч нам сандал, ширээний асуудал яриад, хөлөө жийлцэж байгаа нь үнэхээр зохимжгүй байна.
-Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгох шаардлага тавьж, Ерөнхий сайдтай уулзаж тодорхой зөвшилцөлд хүрсэн. Үүнийг хэрхэн харж, дүгнэж байна вэ?
Манай Засгийн газар, МҮЭХ-той гурван талт болон салбарын хэлэлцээр хэлэлцээрүүдийг хийж ард иргэдийг ядууруулах бодлого барьж гутамшигтайгаар явж ирсэн нь нууц биш. Тэр гэрээний “хар гайг” өнөөдөр монголын ард түмэн, хөдөлмөрчид амсаад сууж байгаа. Хэрвээ ард иргэдийнхээ талд зогсоод, цалин хөлсийг нь тухайн үед бодитоор нэмүүлж чадсан бол өнөөдрийн хүнд нөхцөл үүсэхгүй. Жишээ нь Германы Засгийн газрын сайдаас гаднын хүн танай Засгийн газар ямар сайн ажилладаг юм бэ гэхэд, манай үйлдвэрчний эвлэл сайн ажиллаж, Засгийн газар зөв бодлого гаргаж, ард иргэд маань тайван амгалан, сайхан амьдардаг юм гэж хэлсэн түүхийг сонсож байлаа.
-Хаврын чуулганаар таны нэр бүхий 41 гишүүний хамт өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хууль чуулганаар хэзээ, хэлэлцэх гэж байна. Үүнийг багш нар нэлээн хүлээж байгаа байх ?
Боловсролын ерөнхий хууль 2023 оноос хэрэгжээд эхлээд хоёр жил гаран болсон ч багш нар энэ хууль дээр төдийлөн сэтгэл хангалуун биш байгаа. Яагаад гэхээр амьгүй заалтууд их байна, хөрсөн дээр буугаад бодит амьдралд хэрэгтэй заалтууд тун бага байгаа учраас үүнд анхаарахыг хүссэн юм. Миний хувьд энэ хуулийг өргөн баригдах процессоос эхлээд хянаад явж байсан хүний хувьд багш нарын хүсэн хүлээж буй бодит амьдралд хэрэгжихүйц хэд хэдэн заалтуудыг Боловсролын ерөнхий хуульд тусгаад өнгөрсөн хаврын чуулганаар өргөн барьсан.Намрын чуулганаар хэлэлцэхээр хүлээгдэж байгаа. Хуулиа батлуулахын төлөө тууштай ажиллана.